2023 оны онцгой цугларалтууд
Хайр ба нэгэн хэсэг нь байх


6:26

Хайр ба нэгэн хэсэг нь байх

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2023 оны 11-р сарын 19, ням гараг

Ахлагч Квинтин Л.Күк: Хайр ба нэгэн хэсэг нь байх талаарх асуулт нь амьдрал, итгэлийн сорилттой тулгарахтай нягт холбоотой. Мэри, та энэ чухал асуултад хариулах уу?

Мэри Күк эгч: Бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд мөн бөгөөд Их Эзэний сэргээгдсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн нэгэн хэсэг юм. Бидний нөхцөл байдал өөр хоорондоо адилгүй ч бид бүгд үүний нэгэн хэсэг билээ.

Бурхан Өөрийн бүх сүнсэн хүүхдийг хайрладаг бөгөөд бүгд Бурханы хувьд адил ба Түүний нэгэн хэсэг гэдэг нь судруудад тодорхой байдаг.

2 Нифай 26:33-д “Тэрээр бүгд өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг; мөн тэрээр хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм, түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг; … мөн Бурханд бүгд адил” гэснийг уншиж болно.

Бид бүгд Бурханы сүнсэн хүүхдүүд учраас бидэнд сүнслэг байдлын хувьд ялгах шинж тэмдэг байдаг бөгөөд энэ талаар “Би Бурханы хүүхэд”1 дуун дээр дуулдаг.

Олон жилийн өмнө биднийг Калифорниагийн Бэй хэсэгт амьдарч байхад залуучууд болон өсвөр насны том хүүхдүүд хамтдаа Калифорниагийн Өүкландын ариун сүмийн “Мөнхүү улиран тохиох доор” сэдэвт тоглолтод дуулж оролцсон юм. Нэг дуу нь сүнслэг байдлын хувьд ялгах шинж тэмдгийн маань тухай байв. Тэр дуу “Би хэн бэ?” гэсэн нэртэй байлаа. Уг дуунд “Яагаад бид энд байгаа вэ? Бид хаашаа явж байгаа вэ?” хэмээх асуултуудыг тавьдаг бөгөөд

хүчирхэг хариултаар төгсдөг:

Миний үнэн төрх бол энэ.

Миний сүнс дэлхий үүсэн бий болохоос өмнө Эцэгтэйгээ хамт амьдарч байсан.

Миний эхний байдал дуусахад би явах замаа сонгосон.

Би Эцэгийн дүрээр бүтээгдсэн бие махбодыг авахаар дэлхий дээр ирсэн.

Бие, сүнс хоёрыг нэгтгэн тэнгэрлэг бодгальтай болохоор ирсэн.

Миний үнэн төрх бол энэ:

Би бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд.

Миний үнэн төрх бол энэ. …

Би Бурханы хүүхэд тул

Оролцсон хүн бүр үнэнийг дуулж байна гэсэн Сүнсний гэрчлэлийг хүлээн авсан.

Ахлагч Күк: Өнгөрсөн сар Мэри бид хоёр Туркийн Ефес хотод Европын ихэнх хэсгээс ирсэн номлолын ерөнхийлөгчидтэй уулзсан юм. Төлөөлөгч Паул тэнд амьдарч зааж байсан. Ефесчүүдэд бичсэн нэгэн захидалд нь “Тийм бол та нар цаашид харь хүмүүс болон гаднын хүмүүс биш, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм”2 хэмээх хүчирхэг тунхаг байдаг.

Бид бүгд үүний нэгэн хэсэг!

Күк эгч: Зохиогч А.А.Милн алтан шаргал өнгөтэй, зөгийн баланд дуртай Винни Пүү хэмээх баавгайн тухай ном бичсэн.

Найз Тооройхонтойгоо алхаж явтал, Тооройхон Пүүгээс “Хайр гэдэг үгийг яаж үсэглэдэг юм бэ?” гэж асуув. Пүү түүнд, “Үүнийг үсэглэдэггүй юм. Үүнийг мэдэрдэг юм” гэж хариулдаг.

Судар судлах Gospel Library аппликэйшн дээрх “Хайр” хэмээх үгийн тодорхойлолт нь “Хайр бол сэтгэлийнхээ угаас үнэнч байх, хайр халамж тавих, сэтгэлээ илэрхийлэхийг хэлнэ” гэжээ. Бурханы Өөрийн хүүхдүүдийг гэх хайрын хамгийн агуу жишээг Есүс Христийн хязгааргүй Цагаатгалаас олж харж болно. Бурханыг болон хүмүүсийг хайрлах хайр нь Есүс Христийн шавийн зан чанар юм.”3

Иохан 3:16-д “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” гэж бичсэнийг бид уншиж болно.

Есүс Христ энэ дэлхийд цагийн голчид ирэхдээ ийн заасан:

“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюунаараа хайрла.

Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн.

Удаах нь ‘Чи хөршөө өөрийн адил хайрла’ гэсэнтэй адил юм.”4

Бид Тэдний зарлигийг сахиснаар Бурхан Эцэг, Есүс Христ хоёрт хайраа харуулдаг. Энэ бол бидний ажил юм.

Бид Бурханы бүх хүүхдэд тохинуулж, сайн мэдээний дагуу идэвхтэй амьдарснаар мөн бусдыг хайрлаж, тэдэнтэй хуваалцаж, “Христэд ирэхэд” урьснаар тэдэнд хайраа харуулдаг. Бид ариун сүмд байгуулсан гэрээнүүдээ сахиж, өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ажлыг гүйцэтгэснээр гэр бүлдээ хайраа харуулдаг.

Тэгэхээр, өөрөө өөртөө үнэнч бай. Өөрөөсөө асуу: Миний үйлдлүүд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах хайрыг маань харуулдаг уу? Би эргэн тойрныхоо хүмүүст итгэхэд нь тусалж байна уу? Хэрвээ намайг Христэд итгэгч гэж яллавал, үүнийг нотлох хангалттай баримт надад байна уу?

Эдвин Маркамын “Ухаан заасан нь” хэмээх шүлэгт ийн бичсэн байдаг:

Тэрээр намайг гадуурхан тойрог зурж—

Буруу номтон, эсэргүү, элэг доог хийвэл зохих нэгэн гэсэн ч

Хайр бид хоёр ухаан зааж,

Түүнийг дотогш оруулан, тойрог зурсан юм!

Бүгдээрээ үнэнч шавь, амар тайвныг тогтоогчид байцгаая. Үйлдлээрээ Бурханыг болон Түүний Хайрт Хүү Есүс Христийг гэх хайраа харуулахдаа Христийн цэвэр хайраар зүрх сэтгэлээ дүүргэцгээе.

Ахлагч Күк: Би дараагийн хоёр асуултад Ахлагч Гилбэрт, Гилбэрт эгч хоёрыг хариулахыг хүссэн.

Нэгдүгээрт, бид хэрхэн амьдралаа илүү төлөвлөж, ажил, амьдралаа илүү тэнцвэртэй байлгах вэ? Хоёрдугаарт, бид хэрхэн энэхүү ээдрээтэй цаг үед үнэний төлөө зогсож чадах вэ?