2023 оны онцгой цугларалтууд
Үнэний төлөө зогсох нь


4:31

Үнэний төлөө зогсох нь

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2023 оны 11-р сарын 19, ням гараг

Кристийн Гилбэрт эгч: Бидэнд тавьсан дараагийн асуулт бол бид хэрхэн өнөөгийн ээдрээтэй цаг үед үнэний төлөө зогсож болох тухай асуулт юм.

Та нарын хэд нь найз нөхөдтэйгөө эсвэл гэр бүлийнхэнтэйгээ урт гэгчийн мессэжээр харилцдаг вэ? Бараг бүгдээрээ тээ? Миний мессэжээр харилцдаг хүмүүсийн дунд сайн мэдээг тууштай дагадаг нь байхад, Сүмтэй холбоотой асуудалтай хүмүүс ч бас байдаг. Энэ нь та нарын заримд танил сонсогдож байна уу? Та нарын хайрладаг нэгэн хүн үнэн гэдгийг нь мэддэг зүйлийг тань үгүйсгэвэл яах вэ?

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Сүмийн өнцөг буланд байх залуучуудаас бид үүнтэй ижил түүхүүдийн талаар сонссон. Та нар үүнийг мэдэрдэг гэдгийг бид мэддэг.

Энэ сэдвийн талаар ярилцахдаа эелдэг найрсаг зан болон итгэл үнэмшил аль алиных нь хувьд хэрхэн бат зогсохыг бидэнд үлгэрлэн харуулдаг хоёр төлөөлөгч бидэнтэй хамт индэр дээр өнөөдөр сууж байгааг би цохон тэмдэглэмээр байна.

Ахлагч Күк, Күк эгч хоёр ажил амьдралынхаа ихэнх хугацааг Сан Францискогийн Бэй Ареад өнгөрүүлсэн юм. Ахлагч Күк Стэнфордын Хуулийн Сургуульд суралцаж, Бэй Ареад хуулийн компани удирдаж, эрүүл мэндийн томоохон байгууллагыг хариуцан ажиллаж байсан. Күк ах, эгч хоёр өөрсдийнх нь үнэт зүйлийг тэр бүр хуваалцдаггүй олон хүнтэй хамтран ажиллаж байв. Гэсэн ч тэд сайн найз, хөрш байхын зэрэгцээ үнэний төлөө зогсох арга замуудыг олсон юм. Би Күк ах, эгчтэй улсдаа нэр хүндтэй сэтгүүлчид болон боловсролын салбарын удирдагчидтай хамт Вашингтон ДС ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцох үеэрээ үүнийг харсан. Би Күк ах, эгч хэрхэн ариун сүмийн гэрлэлт, ёс суртахууны цэвэр ариун байдал, гэрээнүүдээ сахихын ач холбогдол зэрэг сайн мэдээний үнэнүүдийг тодорхой тайлбарлахын зэрэгцээ хэрхэн ойлголтын гүүр тавьж байгааг хараад биширч билээ.

Надад хайр тээн үнэний төлөө хэрхэн зогсох талаар суралцах олон боломж тохиож байв. Өнгөрсөн жил ерөнхийлөгч Өүкс над руу залгаад, “Ахлагч Гилбэрт, удахгүй болох онцгой цугларалт дээр би үг хэлнэ. Би танаас надтай хамт үг хэлээсэй гэж хүсэж байна. Та надтай хамт индэр дээрээс өнөөгийн цаг үед тулгарч буй зарим бэрхшээлийг хөндөн ярих уу?” гэв. Бид ЛГБТК, нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхах талаарх асуудал болон бошиглолын туйлын үнэн байдлын талаар ярилцана гэж тэр хэлсэн. Тэгээд тэр “Бэлдсэн үг уншилгүй, харин харилцан ярилцах маягаар хийцгээе гэж санал болгосон юм.” Би тэр даруй “Таны хэлэх үгийн хувьд харилцан яриаг ашиглах боломжтой байж болох юм. Гэхдээ бид Сүмийн нийт гишүүдийг бодоод хэлэх зүйлээ бичих нь дээр байх” гэж хариулсан.

Ерөнхийлөгч Өүкс хэлсэн үгэндээ хайраар үнэний төлөө зогсох таван арга замыг онцолсон. 1

Эхнийх нь хэт зөрчилдөөнтэй нөхцөл байдлаас зайлсхийх тухай байв. Ахлагч Нийл Л.Андэрсэн “Амар тайвныг тогтоогчийн хувьд хариу барихаа тэвчиж, хүндэтгэлтэйгээр чимээгүй байх үе байдаг” хэмээн заасан.2

Хоёрдахь нь бусдыг хайрла, санал нийлэхгүй байсан ч нийтлэг зүйлийг олох байсан.

Гуравдахь нь бусдад хүрч ажиллахдаа ч үнэнийг баримтлах байсан. Заримдаа хайраа бусдад харуулах гэж хичээхдээ мэддэг зүйлээсээ холуур тойрч алхах уруу таталт ирдэг. Бид үнэн гэж мэддэг зүйлээ үгүйсгэх шаардлагагүй.

Дөрөв дэх нь бусдад гэрэл, найз үйлчлэгч нь байх байсан бол сүүлчийнх нь Есүс Христ дээр зангуугаа тавих байлаа.

Гилбэрт эгч: Сүүлийн ерөнхий чуулган дээр ахлагч Күк дэлхийн нөлөөнд авталгүй үнэний төлөө зогсоход тохиолддог бэрхшээлийн талаар ийн хэлсэн: “Христийн амгалан дөлгөөн дагалдагчид [үнэнээс ухарч эсвэл бусдыг хайрлахаас] татгалздаггүй. Бид амьдарч буй нийгмийнхээ идэвх зүтгэлтэй, эелдэг гишүүд билээ. Бид [мөн] Бурханы бүх хүүхдийг Христийн сургаалыг дагахад урьж, хайрлаж, тэдэнтэй хуваалцдаг.”3

Ерөнхийлөгч Нэлсон биднийг амар тайвныг тогтоогчид байхыг уриалахдаа үүнийг заасан гэж би бодож байна.4 Тэр үнэнээс холдон явахыг бус харин Аврагчийн хайраар ийн хийхийг биднээс хүссэн.