Хувийн илчлэл хүлээн авах
Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт
2023 оны 11 дүгээр сар 19, ням гараг
Ахлагч Гилбэрт болон Гилбэрт эгчид гайхалтай зөвлөгөө өгсөнд нь баярлалаа.
Сүүлчийн асуулт сургаалтай холбоотой бас гүн гүнзгий юм. Би хувийн илчлэлт болон бошиглолын удирдамжаар хэрхэн адислагдах вэ?
Мормоны Номын эхэнд гардаг агуу үзэгдэл нь амьдралын модны тухай Лихайн бошиглолын зүүд юм.1 Энэхүү үзэгдэл нь бидний цаг үед тулгарч буй итгэлийн сорилтуудыг болон Бурханыг хайрлан, шүтэн биширч, мөн Түүний өмнө хариуцлага хүлээдэг болон үл ойшоодог хүмүүсийн хоорондын асар том ялгааг тодорхой дүрсэлсэн байдаг. Лихай итгэлийг үгүй хийдэг зарим зан байдлыг тайлбарласан. Зарим нь бардам, хоосон сагсуу, мулгуу байдаг. Тэд зөвхөн “дэлхийн мэргэн ухаан”2 гэгддэг зүйлийг сонирхдог аж. Зарим нь Бурханыг ямар нэгэн байдлаар сонирхдог боловч дэлхийн харанхуй, гэм нүглийн манан дунд төөрдөг.3 Харин зарим нь Бурханы хайр, үгээс амссан ч өөрсдийг нь шоолох хүмүүсээс ичиж, хориглосон замаар будилан ордог.4
Аврагчийн зарим сургаалыг төдийлөн сонирхдоггүй, үнэнчээр дагадаггүй гишүүд байгааг бид хүлээн зөвшөөрч байна. Бид тэдгээр гишүүн итгэлдээ бүрэн сэрж, хувийн илчлэл хүлээн авахын тулд идэвхтэй болж, тууштай байж, хүчин чармайлтаа нэмэгдүүлээсэй хэмээн хүсдэг. Бурхан Өөрийн бүх хүүхдэд хайртай. Тэрээр тэднийг бүгдийг нь Өөртөө эргэж ирэхийг хүсдэг. Мөн хүн бүрийг итгэлийн ариун дуутай хөг нийлүүлэн алхахыг Тэрээр хүсдэг. Аврагчийн Цагаатгал бол хүн бүрд өгсөн бэлэг юм. Хувийн илчлэлийг хүн бүр хүлээн авах боломжтой.
Бидний Аврагч Есүс Христийн захиас, үйлчлэл, цагаатгал нь бидний хувьд хувийн илчлэл хүлээн авахад амин чухал үүрэг гүйцэтгэдэг сургалтын хөтөлбөр юм. 2 Нифай 25:26-аас өөр ямар ч судар итгэлийг эрж хайх аян замыг оновчтой тодорхойлдоггүй: “Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой.”
Мормоны Ном онцгой ач холбогдолтой.5 Энэ нь хувийн илчлэл хүлээн авахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Мэдээж, энэ ариун номын ач холбогдлыг дутуу үнэлдэг эсвэл бүр үл ойшоодог хүмүүс үргэлж байсаар байна. Зарим нь шоолон тохуурхсан байдаг. Намайг номлолд үйлчлэхээс өмнө их сургуулийн нэгэн профессор хэрвээ та Мормоны Номоос “мөнхүү улиран тохиох дор” гэдэг үгийг нь авах юм бол “дан ганц товхимол л үлдэх байсан”6 хэмээх Марк Твейний хэлсэн үгийг эш татаж билээ.
Хэдэн сарын дараа Английн Лондонд номлолд үйлчилж байхад Оксфордод боловсрол эзэмшсэн Лондоны Их Сургуулийн нэртэй профессор, семит хэлний египет судлаач мэргэжилтэн Мормоны Номыг уншаад, тухайн үеийн Сүмийн ерөнхийлөгч Дэвид О.Маккэйд захидал бичсэн бөгөөд номлогчидтой уулзсан юм. Тэрээр Мормоны Ном нь үнэхээр үүнд дүрсэлсэн иудейн мэдлэг, египет хэлний орчуулга гэдэгт итгэлтэй байгаагаа тэдэнд мэдээлэв.7 Түүний дурдсан олон жишээний нэг бол “мөнхүү улиран тохиох дор” гэх холбоос үг байсан бөгөөд эртний семит бичээснүүдэд ашиглагддаг хэлц үгийг орчуулах байсан яг тэр хэлбэр байсныг хэлсэн юм.8 Хэдийгээр өөрийнх нь мэргэжил дээр тулгуурласан шинжлэх ухааны арга барил нь түүнд тусалсан ч сүнслэг гэрчлэлтэй байх нь амин чухал хэвээр байсныг профессорт хэлжээ. Суралцаж, залбирснаар тэрээр сүнсний гэрчийг хүлээн авч, баптисм хүртсэн. Тиймээс нэгэн алдартай хошигногч доог тохуу хийж байсан тэрхүү үг хэллэгийг Сүнс түүнд баталснаар өөр нэгэн эрдэмтэн Мормоны Ном үнэн гэдгийн баттай нотолгоо хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.
Сонгох эрхийн үндсэн сургаалаар бол сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэл нь гаднын болон шинжлэх ухааны нотолгоонд биш харин итгэл дээр суурилсан байхыг шаарддаг. Эцсийн эцэст үүний хариулт бол Моронайн зөвлөснөөр уншиж, тунгаан бодсоныхоо дараа нь Сүнсний гэрчээр судрын үнэнийг батлахын тулд чин сэтгэлээсээ, үнэн хүсэлтэйгээр Бурханаас асуух явдал юм.9 Итгэлийн хөгжмийг зөв сонсдог болон буруу ташаа сонсдог, сонсгол муутай хүмүүсийг ялган салгаж буй шугам бол судруудыг идэвхтэй судлах, Их Эзэний бошиглогчийн зөвлөгөөг дагах явдал гэдэг нь тодорхой.
Хувийн илчлэл бол биднийг “Ариун Сүнсний хүлээн авалтаар ариусгагдаж,”10 баптисм хүртсэний дараа ирдэг гүн гүнзгий адислал юм. Ариун Сүнс бүх үнэний, ялангуяа Аврагчийн тухай илчлэгч бөгөөд гэрчлэгч юм. Учир нь бидний цаг үед илчлэлийн удирдамж амин чухал билээ. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлэх, удирдах, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно”11 хэмээн заасан.
Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, Түүний зарлигуудыг сахих нь мөнх бус амьдралын гол шалгуур мөн бөгөөд шалгуур нь байсаар байх болно гэдгийг ойлгоорой. Юуны түрүүнд итгэлийн хөгжмийг буруу ташаа сонсох үедээ хүмүүс Сүнсний долгионтой таардаггүй гэдгийг бидний хүн нэг бүр ухааран ойлговол зохино. Бошиглогч Нифайн зааснаар “Та нар түүний дуу хоолойг сонссон; тэрээр намуухан зөөлөн дуугаар та нарт ярьсан, гэвч та нар мэдрэхээс өнгөрсөн, иймээс та нар түүний үгсийг мэдэрч чада[хгүй]!”12 Ариун Сүнс олон арга замаар харилцдаг гэдгийг сударт тодорхой заасан байдаг. Заримдаа Тэр оюунд тань амар амгаланг ярьдаг.13 Заримдаа Тэр оюунд тань бодол эсвэл санаа төрүүлдэг.14 Заримдаа Тэр оюуныг тань гэгээрүүлдэг.15 Заримдаа Тэр зүрх сэтгэлийг тань баяраар дүүргэдэг.16
Хэрхэн илчлэлт хүлээн авах тухай миний олон нийтийн сүлжээний нийтлэлд хариулсан сэтгэгдлүүдэд би талархаж байна. Бид даруу байж, хүлээн авсан сүнслэг мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж нэг хүн бичсэн байсан. Тэгэхлээр бид дэлхийг сонсохын оронд мэдрэмжээ сонсох хэрэгтэй.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зааснаар: “Та юу үнэн болох талаар эргэлзэх шаардлагагүй. Та хэнд баталгаатай найдаж болох эсэхэд эргэлзэх шаардлагагүй. Та хувийн илчлэлээр дамжуулан Мормоны Ном бол Бурханы үг, Иосеф Смит бол бошиглогч, энэ бол Их Эзэний Сүм юм гэсэн өөрийн гэрчлэлийг хүлээн авч чадна.”17
Бидний сургаал тодорхой. Бид эерэг бодолтой, урамтай байх ёстой. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс болон Кристэн М.Өүкс эгч нар өнгөрсөн тавдугаар сард болж өнгөрсөн дэлхий даяарх онцгой цугларалтаар урамтай байх талаар онцлон ярьсан нь надад таалагдсан. Бид айдсаа биш итгэлээ үргэлж онцолдог. Их Эзэн бидний хажууд зогсож, удирдамж, заавар өгнө гэдэгт итгэлтэй байдагтаа бид баярладаг.18 Биднийг хайрладаг Тэнгэр дэх Эцэг бидэнд байдаг бөгөөд биднийг гэтэлгэх Түүний нигүүлсэнгүй төлөвлөгөө Есүс Христийн цагаатгагч золиослолын ачаар бүхий л талаар гүйцэлдэнэ гэдгийг Ариун Сүнс зүрх сэтгэлд маань гэрчилдэг.