2023 оны онцгой цугларалтууд
Бошиглолын удирдамж


3:37

Бошиглолын удирдамж

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2023 оны 11-р сарын 19, ням гараг

Бошиглолын удирдамж хүлээн авах тухай ярихын өмнө би ерөнхийлөгч Нэлсон бол өнөө цаг үед Сүмийг удирдахаар сонгогдсон Их Эзэний бошиглогч гэдгийг гэрчилж байна. Би түүнийг хүндэтгэн хайрлаж, түүнд талархдагаа олон удаа хэлж байсан.1

Бошиглолын удирдамжийн талаар Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимболл хэлэхдээ: “Бүх зүйлээс үзэхэд … бидний хамгийн их талархаж байх ёстой [зүйл] … бол тэнгэр үнэхээр нээлттэй бөгөөд Есүс Христийн сэргээгдсэн Сүм илчлэлтийн суурин дээр баригдсан байгаа явдал юм. Үргэлжлэн ирсээр байгаа илчлэлт бол үнэндээ амьд Их Эзэн, Аврагч Есүс Христийн сайн мэдээний амин чухал нэгэн хэсэг билээ”2 гэжээ.

Бошиглогч Енох бидний амьдарч буй энэ өдрүүдийг урьдаас харсан. Тэрээр асар их ёсон бус явдал давамгайлахыг харж, “агуу гай зовлон” тохиох болно гэдгийг бошиглон хэлсэн. Гэвч Их Эзэн: “гэвч өөрийн хүмүүсийг би хамгаалан үлдэх болно; Мөн зөв шударга ёсыг тэнгэрээс доош би илгээх болно; мөн миний Төрсөн Ганцын тухай гэрчлэхээр дэлхийгээс үнэнийг би илгээх болно”3 хэмээн амлажээ. Мормоны Ном гарч ирсэн нь Их Эзэний Еноход өгсөн амлалтын биелэл байсан юм.

Бошиглогч Иосеф Смит нэг илчлэлтийг ар араас нь хүлээн авдаг байсан. Эдгээрийн олон нь бидний төлөө Сургаал ба Гэрээнд хадгалагдан үлдсэн байдаг. Сүмийн бүх жишиг бүтээл энэхүү сүүлчийн эрин үе дэх биднийг гэсэн Их Эзэний оюун, тааллыг агуулдаг.4

Бид эдгээр агуу үндсэн судраас гадна амьд бошиглогчдод ирдэг зогсолтгүй өгөгдсөөр буй илчлэлтээр адислагдсан. Бошиглогчид “Их Эзэний төлөө ажиллахаар томилогдсон, Түүний өмнөөс ярих эрх мэдэлтэй төлөөлөгчид юм.”5

Миний өмнө нь олон удаа хэлсэнчлэн, зогсолтгүй ирсээр байгаа илчлэлтүүдийг Их Эзэний бий болгосон сувгуудаар дамжуулан хүлээн авч байгаа гэдгийг би албан ёсоор мэдэгдэж байна.

Би ерөнхийлөгч Гордон Б.Хинкли, Томас С.Монсон, мөн Рассэлл М.Нэлсон гэсэн гурван бошиглогчийн удирдлага доор төлөөлөгчөөр үйлчилсэн. Тэд бүгд бидний цаг үед зориулсан илчлэлтүүдийг авч байсныг би гэрчилж байна.

Их Эзэний усан үзмийн талбайд хөдөлмөрлөхөд бидний хүн нэг бүр илчлэлтийн удирдамжийг хүлээн авч чадна гэдгийг би та нарт батлан хэлж байна. Бидний удирдамжийн ихэнх нь Ариун Сүнснээс ирдэг. Заримдаа, зарим зорилгын улмаас энэ нь Их Эзэнээс шууд ирдэг. Би үүнийг үнэн гэсэн хувийн гэрчлэлээ үлдээж байна. Сүмийг бүхэлд нь удирдах удирдамж зөвхөн Сүмийн ерөнхийлөгч, бошиглогчид ирдэг.

Вилфорд Вудрафф бошиглогч Иосеф Смитийн талаар юу гэж хэлснийг би өөрийн үгээр өмнө нь хэлсэн. Энэ нь ерөнхийлөгч Нэлсоны тухайд ч мөн адил юм. Би “Бурханы Сүнс түүнтэй хамтран ажиллахыг, мөн Есүс Христээс түүнд олон илчлэлт ирж, тэдгээр нь биелэгдэхийг”6 харсан. Тэр бол Их Эзэний бошиглогч билээ.

Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд би Аврагчийн бурханлаг чанар болон Түүний Цагаатгалын бодит байдлыг баттай гэрчилж байна. Тэр бол бидний Аврагч мөн Гэтэлгэгч. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Квинтин Л.Күк, “Эцэгийнхээ хүүхдүүдийг гэх бидний агуу хайр”, 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулганыг үзнэ үү.

  2. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 243; мөн Maтай 16:13–19-ийг үзнэ үү.

  3. Moсe 7:61-62

  4. See Ezra Taft Benson, “The Gift of Modern Revelation,” Ensign, Nov. 1986, 78–80.

  5. Hugh B. Brown, “Joseph Smith among the Prophets” (Sixteenth Annual Joseph Smith Memorial Sermon, Logan Institute of Religion, Dec. 7, 1958), 7.

  6. Wilford Woodruff, in Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 283.