2023 оны онцгой цугларалтууд
Амьдралын болон итгэлийн сорилтуудтай нүүр тулах нь


7:18

Амьдралын болон итгэлийн сорилтуудтай нүүр тулах нь

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2023 оны 11 дүгээр сар 19-ний ням гараг

Ахлагч Квинтин Л.Күк: Мэри бид хоёр амьдралын болон итгэлийн сорилтуудтай нүүр тулах тухай асуултуудыг харж байхдаа үе үеийн хүмүүс бүгд итгэлийг нь сорьсон нөхцөл байдалтай нүүр тулдаг болохыг анзаарсан юм. Бид судруудаас судалж, Бурхан хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцаж байсан талаар уншихдаа хоёр сэдвийг онцлон хардаг.

Нэгдүгээрт, бүх зүйлд байх сөрөг тал ба биднийг Бурханд итгүүлэхийг хүсдэггүй дайсны улмаас аливаа үеийнхэн Бурханы талаарх мэдлэг, гэрчлэлийг олж авах шаардлагатай байдаг.

Хоёрдугаарт, бүх үеийнхэн өөрсдийгөө хэн болохыг мөн өөрсдийн мөнхийн мөн чанарыг ойлгох шаардлагатай байдаг. Дайсан та нарыг Бурхан Эцэг, Есүс Христийн тухай болон Тэдний та нарт зориулсан аз жаргалын төлөвлөгөө мөн та нар Тэдний хувьд хэн болох талаар тодорхой ойлголттой болгохыг хүсдэггүй учир энэ хоёр шинж чанарыг ялган танихад төвөгтэй байдаг.

1960-аад оны үед Мэри бид хоёрыг залуу байхад би Стэнфордын хууль зүйн сургуулийг төгсөөд, хуулийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Мэри Стэнфордод магистраар сурч байсан ба ээж болоод удаагүй байсан. Амьдралын болон итгэлийн сорилтууд ба нийгмийн тогтворгүй байдал одоогийнхоос өөр байсан ч өнөө үеийн залуучуудад тулгардагтай тун төстэй байсан юм.

Мэри, тухайн үед ямар сорилтууд байсан бэ?

Мэри Күк эгч: Хар тамхины хэрэглээ олон нийтийн дунд, ялангуяа бидний амьдардаг Сан Францискогийн Бэй хэсэгт дэлгэрч байсан. Нийгэмд тулгамдсан асуудлуудын улмаас томоохон үймээн самуун, жагсаал цуглаан болох нь хэвийн үзэгдэл байв. Америкийн Нэгдсэн Улс Вьетнамын дайнд оролцсоныг нийтээрээ эсэргүүцэж, оюутнуудын жагсаал цуглааны улмаас их сургуулиудын үйл ажиллагаа зогссон байв. Надад нөлөөлсөн томоохон өөрчлөлт нь тухайн үеийн хосууд бие бие рүүгээ харж бүжиглэдэг байсан уламжлалт уянгалаг хөгжим өөрчлөгдсөн явдал байсан. Хөгжим хүчтэй хэмнэл, чанга дуу чимээтэй болсон ба хүмүүс тусдаа бүжиглэдэг болов.

Дэлхий даяар эдгээр сорилтын заримыг мөн өөр олон сорилтыг ерөнхийдөө шашин руу, Бурханд итгэх итгэлийн эсрэг чиглэхэд ашиглаж байлаа.

Ахлагч Күк: 1966 оны 4-р сарын 8-ны өдөр тухайн үедээ их уншигчтай байсан Time сэтгүүл гол нийтлэлийнхээ гарчгийг “Бурхан үхсэн үү?” хэмээн өдөөн хатгасан, үл хүндэтгэсэн утгатай өгсөн байв.

Сэтгүүлийн уншигчдад зориулсан захидалд, Бурханы талаар шашин судлаачдын дунд дэлгэрээд буй асуудлууд болон 1960 оны үеийн шашнаас ангид үзэл баримтлалаас улбаалан гарчгаа ийн өгсөн талаар онцолсон байв.1Тухайн нийтлэлийн гол санаа нь үндсэндээ шашнаас ангид бичигдсэн бөгөөд шашин, итгэл үнэмшлийн талаар хангалттай тусгаагүй байсан юм.2

Мэдээж, итгэлийн талаарх асуултууд 1960 онд эсвэл өнөө үед шинээр гарч ирчихээгүй, үргэлж байсаар ирсэн. Төлөөлөгч Паул афинчуудад айлчилж байхдаа Есүс Христийн Амилалтыг заахаар хичээсэн юм. Түүний энэхүү хүчин чармайлтын талаар бид Үйлс номоос “Афинчууд цөмөөрөө болон тэнд зочлон буй гадаадынхан нэгэн шинэ зүйл сонсох эсвэл ярихад л цагаа зарцуулдаг байжээ” гэж уншдаг.3

Энэ нь өнөөгийн сошиал медиа ертөнц шиг сонсогдохгүй байна гэж үү?

Цугласан олон Паулын захиас болон түүний Есүс Христ талаарх гэрчлэл нь итгэл дээр суурилсан, шашны энгийн шинж чанартай болохыг нь мэдэнгүүтээ тэд үүнийг хүлээж аваагүй юм.

Бурханд итгэх итгэлээс гадна бидний үнэн мөн чанарын талаарх сэтгэл түгшилт тэмдэглэгдэн үлдсэн түүхийн турш оршсоор ирсэн байдаг. Бид өнөөгийн дэлхий дэх мөн чанарын тухай бүх асуудлыг хөндөхийг зорьдоггүй ч хариулт нь үргэлж хэвээрээ байсаар ирсэн. Бид бүгдээрээ хайраар дүүрэн нэг Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүд. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон уг сэдвээр хүчирхэг хариулт өгсөн. Тэрээр “Бурханы хүүхэд”, “гэрээний хүүхэд”, “Есүс Христийн шавь” хэмээх өөрчлөгдөшгүй гурван шинж чанарыг онцолсон.4

Мөн тэр өөрсдөдөө болон бусдад нэр хоч өгөхгүй байхыг урамшуулсан. Хэрэв бид өөрсдийгөө хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэдгийг ойлгох юм бол өөрсдөдөө тулгардаг олон асуудлыг шийдэж чадна.

Итгэлийг үгүй хийхийг хүсдэг хүмүүс итгэл хэрэгцээгүй болсон гэж зүтгэдэг. Тэд өнөөгийн нийгмийн асуудлуудад Бурханы өгсөн илчлэл, зарлигуудын оронд өөрсдийн хүсэл сонирхлоор хандахыг эндүүрэн хүсдэг. Тэд хүмүүс үй олноороо нийгмийн тухай нэг ижил үзэл бодолтой бөгөөд итгэлтэй гишүүд байхаа больсон гэж дотроо итгэн, бусдыг ятгадаг.

Өнгөрсөн үед байснаас илүүтэйгээр өсвөр үеийн хүүхэд, залуучууд идэвхгүй болж эсвэл Сүмийг олноороо орхиж байгаа гэж гадуур их яригдах болсон ч ийм биш гэдгийг би та нарт дуулгая. Үйлчлэхээр дуудагдсан номлогчдын тоо маш ихээр өссөн. Өсөж буй үеийнхний сүмд явах хувь тасралтгүй өсөх хандлагатай харагдаж байна.5 Цаашлаад, институтэд хамрагдаж буй залуучуудын тоо мөн өссөөр байна.

Эргэлзээ тээсэн хүмүүсийг би шүүмжлээгүй гэдгийг ойлгоорой. Харин би эргэлзээтэй хэрхэн нүүр тулах нь чухал гэдгийг ярьж байна. Энэ сорилт бэрхшээлийн хариулт нь Есүс Христийн сайн мэдээ юм. Би та нарт дараах амлалтыг өгч байна: Хэрэв та нар судруудыг итгэлтэйгээр уншиж, залбирч, шашны сургаалын дагуу амьдарвал цаг хугацааны явцад асуултууддаа хариулт олж, амьдралынхаа туршид гарч ирэх эргэлзээнүүдийг шийдвэрлэх болно.

Миний дуртай судрын түүхүүдийн нэг нь хүүгээ чөтгөрийн сүнснээс чөлөөлөхийг хүссэн эцэгийн тухай Маркийн сайн мэдээнд гардаг. Судрын энэ түүхэнд Аврагч тэр эцгээс хүүгээ эдгэнэ гэдэгт итгэж байгаа эсэхийг онцгойлон асуусан. Тэр эцэг нүдэндээ нулимстайгаар, “Эзэн минь, би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач”6 хэмээн хэлсэн. Энэ нь Их Эзэнд хангалттай байсан тул Эзэн сүнсийг хөөн зайлуулж, хүүг эдгээсэн.

Энэ сургамж нь өөрсдийн итгэлийг эргэлзээ, итгэлгүй байдлын өмнө сөхрүүлэхгүй байх тухай юм. Судруудыг хичээнгүйлэн судалж, чин сэтгэлээсээ залбирч, шашны сургаалыг дагахыг бодолтойгоор хичээж, Их Эзэний бошиглогчдын зөвлөгөөг дагах нь та нарт итгэлийн сорилтуудыг даван гарах боломжийг олгоно.

Эх сурвалж

  1. Жон Элсон, “Is God Dead?,” Time , Apr. 8, 1966, content.time.com.

  2. Сэтгүүлийн уг дугаарт согтууруулах ундаа сурталчилсан 11 хуудас, тамхины томоохон брэндүүдийг сурталчилсан хоёр хуудас орсон нь сонирхолтой байлаа.

  3. Үйлс 17:21

  4. Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” (Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15), Gospel Library.

  5. Сүмийн бүртгэлээс нэрээ хасуулж буй хүмүүсийн хувь 1990 оноос хойш арван жил тутамд буурч буй үзүүлэлттэй байна. Сүмийг орхиж буй хүмүүсийн хувь жил тутмын хөрвөлтийн өсөлтийн хажууд бага хувийг эзэлж байгаа бөгөөд бид хүн бүрийг үлдээсэй хэмээн хүсэж байна. (Жэфф Андэрсон ба институтийн мэдээ)

  6. Марк 9:24