Амьдралаа төлөвлөж, тэнцвэртэй авч явах нь
Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт
2023 оны 11 дүгээр сар 19-ний ням гараг
Ахлагч Кларк Г.Гилбэрт: Ахлагч Күк, Күк эгчид гайхалтай зөвлөгөө өгсөнд баярлалаа. Кристин бид хоёр амьдралаа төлөвлөж, тэнцвэртэй авч явах талаарх энэхүү эхний асуулт дээр ярилцах гэж байгаадаа баяртай байна.
Кристин Гилбэрт эгч: Манайх бол завгүй гэр бүл. Харвардын профессор, медиа компанийн ерөнхий захирал, их сургуулийн хоёр ч байгууллагын ерөнхийлөгч байсан нөхрийн маань хувьд ажлын зүгээс хүлээлт үргэлж өндөр байсаар ирсэн. Энэ бүхний хажуугаар бид хоёр Сүмийн дуудлагад цаг завгүй үйлчилдэг байлаа. Гэхдээ бид хоёрын хамгийн чухал үүрэг хариуцлага гэрлэлт, үр хүүхдүүдийн маань өмнө байв.
Ахлагч Гилбэрт: Deseret News-ийг удирдаж байхад надад энэ талаар санагдаж билээ. Бодит байдал дээр залуучууд та нарын хэд нь өдөр бүр хэвлэсэн сонин уншдаг вэ? Гараа өргөнө үү. Уншдаг хүн бараг байхгүй гэж би бодож байсан. Надад Deseret News-ийг уламжлалт хэвлэмэл хувилбараас дижитал ирээдүй рүү шилжүүлэхэд туслах үүрэг өгч билээ. Тэр үе үнэхээр их ачаалалтай байв. Тухайн үед найман хүүхдийн маань долоо нь төрсөн байсан бөгөөд би бишопоор үйлчилж байлаа.
Нэгэн өдөр гэнэт Ерөнхийлөгч Боид К.Пакэр залгаад, надаас “Гилбэрт ах аа, би гэр бүлийн тань талаар асуумаар байна. Чи эхнэртээ анхаарал халамж хангалттай тавьж байна уу?” гэж асуулаа. Би түр чимээгүй болоод, “Үгүй л болов уу?” гэж хариуллаа. Тэр дараа нь “Гилбэрт ах аа, та энэ медиа групыг хэсэг хугацаанд л удирдана. Харин нөхөр, эцэг хүний үүрэг тань мөнхөд үргэлжилнэ” гэв. Тэгээд тэр надад Кристийнтэй болзоонд долоо хоног бүр явах даалгавар өгөв.
Дараа нь тэр надаас хэдэн цагт орондоо ордог вэ гэж асуухад би өдөр бүр шөнийн 1-2 цагийн хооронд гэж хариулав. Түүний хариулт миний бодоогүй зүйл байв. Тэр “Чи бүх зүйл хичээл зүтгэлээс чинь шалгаална гэж боддог бололтой. Чи Их Эзэнд итгэдэггүй юм байна” гэж хариулсан юм. Дараа нь ерөнхийлөгч Пакэр надад тэр цагаас хойш түүнийг нь дагахыг хичээх болсон бошиглолын хөл хорих цагийг тогтоож өгсөн юм.
Гилбэрт эгч: Тэгэхээр хэрэв та хөл хорих цагтай мөн долоо хоног бүрийн оройн болзооны цаг товлосон бол өөр чухал үүрэгт ажлуудаа хэрхэн зохицуулах вэ?
Энэ нь төлөвлөхөөс эхэлдэг. Гэрлэсэн цагаасаа хойш нөхөр бид хоёр ням гаргийн орой бүр цаг гарган долоо хоногийн хуанли дээр ажил үүргээ бичдэг болсон. Бидний хувьд хэчнээн завгүй байсан ч энэ үүргээ хэзээ ч алгасаж байгаагүй.
Хоёрдугаарт, амьдралын үүрэг хариуцлагаа тэнцвэртэй авч явахад нэгдмэл нэг зорилготой байх шаардлагатай. Хоёр талд тусдаа байсан ч нэгдмэл зорилготой байхад бид нэгэн бие гэдгээ мэдэрдэг. Тиймээс нөхөр маань ажлаар явахдаа эсвэл би өглөөний семинарын хичээлээ заахдаа аль эсвэл тэр маань тойргийн үүрэгт ажлаа хийхээр гарахдаа хэрэв бид эдгээр үүрэгт даалгавраа хуанлидаа оруулж, зорилгодоо нийцүүлсэн бол тусдаа байхдаа ч бид хамтдаа байдаг байсан.
Ахлагч Гилбэрт: Гэхдээ зарим сонголтын хувьд тодорхой хил хязгаар тавих шаардлага гарах үе бий.
Бостоноос ирсэн хайрт найз Клэй Кристэнсэн маань нэг удаа ням гаргийн эсвэл бямба гаргийн уулзалтын аль нь түүнд илүү тохиромжтой болохыг нэгэн менежер нь асуусан тухай хуваалцсан юм. Клэй “Олон жилийн өмнө би бямба гаргийг эхнэртээ, ням гаргийг Бурханд зориулахаар шийдсэн бөгөөд хэрэв та тэр өдрүүдийн аль нэгийг нь авах бол тэднээс зөвшөөрөл авах хэрэг гарах нь” гэж хариулсан байна.
Та амьдралынхаа зарим тодорхой амлалт үүргийг тохиролцох ёсгүй. Манай гэр бүлийн хувьд ням гараг Сүмдээ явах, долоо хоног бүр гэр бүлийн үдшээ хийх, гэр бүлийн өглөө, оройн онцгой цугларалт, хосын хувьд долоо хоног бүр хамтдаа цагийг өнгөрүүлэх зэрэг үүнд багтдаг.