2024 оны онцгой цугларалтууд
Оршил


Оршил

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2024 оны 2 дугаар сар 18, ням гараг

Дэлхий даяарх хайрт залуучууд аа, СБС-ийн залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалтаар та бүхэнтэйгээ хамт байгаа маань бид бүгдийн хувьд агуу адислал, нэр төрийн хэрэг юм. Энэ орой Чад Вэбб ах эхнэр Криститэйгээ хамт бидэнтэй хамт оролцож байгаад бид баяртай байна. Вэбб ах, эгч хоёр Христийн итгэлт шавь нар төдийгүй амьдралынхаа бүхий л талбарт чин үнэнч байдал, хайр, хүндэтгэлийг үзүүлдэг үлгэр жишээ хүмүүс билээ.

Онцгой цугларалтад оролцож байгаа та нартаа бид маш их баярлаж байна. Та нарын оролцоо Бурхан, Есүс Христэд итгэх итгэл, Тэднийг хайрлаж, дагах хүсэл эрмэлзлийг чинь тод томруун харуулж байна. Та нар Тэднийг шүтэн биширч, дагах шийдвэрийг гаргаснаар Түүний шавийн хувьд өнөөгийн замналдаа тун их хэрэгтэй байгаа нэмэлт хүч чадал, сүнслэг гуйвшгүй байдлаар амьдралаа дүүргэх болно. Бид та бүгдэд хайртай!

Бид та бүхэндээ бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны болон Тэргүүн зөвлөл дэх түүний зөвлөхүүд, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын бүх гишүүний өөдрөг мэндчилгээ, хайрыг дамжуулж байна. Тэд та нарыг үнэхээр их хайрлаж, санаа тавьж, та нарын сайн сайхны төлөө ямагт залбирдаг. Та нарыг тэдний хайрыг, ялангуяа Бурханы болон Христийн хайрыг өнөөдрийн онцгой цугларалтын үеэр мэдэрнэ гэж би найдаж байна.

Дөнгөж сая тоглосон сүнслэг дуу надад үнэхээр их таалагдлаа. Сүнслэг нөлөө бүхий энэ дууны үгс үнэхээр бидний өнөөдрийн онцгой цугларалтын өнгө аясыг тодорхойлж, “Хаана амар тайван байна?” гэсэн зүрх сэтгэлийн хүсэлтэд маань хариулдаг.

“Мэдлэг минь дутах үед би хаачих вэ?

Хямран гуниглах үед тайвшруулагч хаана байна?

Хэн намайг ойлгох вэ?

Христ, цор ганц Тэр.”

“Хувиршгүй дөлгөөн Тэр,

Төгсгөлгүй хайр.”

Солт Лэйк Сити дэх Сүмийн оффисын барилгын үүдний танхимд Есүс Христ шавь нарынхаа дунд гараа дэлгэн зогсож байгааг дүрсэлсэн үзэсгэлэнт зураг байдаг. Аврагч дэлхий дээрх амьдралынхаа турш хүмүүсийг Өөртөө ирэхийг урьж, ирсэн бүгд нь “зүрх сэтгэлдээ амралтыг олох болно” гэдгийг гэрчилж байсан.

Есүс Христ бидний өдөр тутмын амьдралын үүдэнд мутраа дэлгэн зогсоод, бидэн рүү толгой дохин “Би чамайг хайрынхаа мутарт тэвэрнэ” гэж хэлдэг. Бид алдаж, онож болох ч Түүний дэлгэсэн мутарт тэврүүлэн, Түүний төгс хайрыг мэдэрч чадна. Түүний тэвэрт байхдаа бид Түүний хайраар дүүрэн, цагаатгагч золиослолоор дамжуулан бидэнд зориулсан ариун газарт байгаа гэдгээ ойлгож чадна. Сэтгэл түгшим энэ дэлхийд амар амгаланг олох ямар агуу арга зам бэ.

Аврагчаар дамжуулан амар амгаланг олох тухайд бид дэлхий даяарх институтийн бүх оюутнаа асуулт, санаа зовоосон зүйлсээ бидэнтэй хуваалцахыг урьж байна. Тэд асуултуудаа богино хэмжээний видеогоор бидэнд илгээсэн юм. Бид эдгээр видеог үзээд, та нарын чин сэтгэлийг мэдэрч, та нараар маш их бахархсан. Аврагчид илүү ойртож Түүний гуйвшгүй шавь болох та нарын чин хүсэл эрмэлзлийг бид мэдэрсэн.

Бид эдгээр видеог дараах сэдвүүдэд бүлэглэсэн: (1) Гэрчлэлээ хүчирхэгжүүлэх, (2) бэрхшээлийг даван туулах, (3) бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөг дагах, (4) ариун сүмд орж, шүтэхээр бэлтгэх, (5) амьдралаа Есүс Христэд төвлөрүүлэх.

Бид та нарын асуултуудтай видеоноос өнөө орой ярилцах зүйлсийнхээ сэдвийг танилцуулж, санаа өгөхөөр сонгож үзүүлэх болно. Вэбб ах, эгч хоёр эдгээр сэдвийн заримд нь бидэнтэй хамт хариулна мөн Есүс Христийн сайн мэдээний талаарх өөрсдийн гайхалтай гэрчлэл, мэргэн ухаанаас хуваалцах болно.

Та нарт маш их баярлалаа. Бид та нарт бүгдэд нь хайртай. Та нарын илгээсэн асуултууд та нар Аврагч Есүс Христийг хэр их хайрладгийг чинь надад харуулсан.

Хэвлэх