2024 оны онцгой цугларалтууд
Бэрхшээлийг даван туулах


Бэрхшээлийг даван туулах

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2024 оны 2 дугаар сар 18, ням гараг

Ахлагч Үлиссэс Соарэс: Сайн байна. Баярлалаа. Одоо “бэрхшээлийг давах туулах” тухай асуултуудыг харцгаая

ГАНА— 7 ДАХЬ АСУУЛТ

Ахлагч Соарэс, би хэцүү цаг үед итгэлтэй байх нь яагаад хэцүү байдаг тухай мэдэж авахыг хүсэж байна.

ЧИЛИ КОНСЭПСИОН— 8 ДАХЬ АСУУЛТ

Сайн байна уу, ахлагч Соарэс. Би дараах асуултыг асуумаар байна: Есүс Христийн сайн мэдээний адислалуудыг хэзээ ч хүлээж аваагүй юм шигээр мэдэрч, амьдралдаа ихэд зовж шаналсан хүнд та хэрхэн туслах вэ?

СПАНИ БИЛБАО— 2 ДАХЬ АСУУЛТ

Ахлагч Соарес, Сүмд бидэнд номлолд үйлчилсэн мөн Сүмд болон нийгэмд үйлчилсээр байгаа зохистой залуучууд бий. Гэхдээ тэдний үйлчлэлээс үл хамааран тэд амлагдсан адислалуудаа авч чадаагүй байдаг. Дэлхий дээрх аялал нь амлалтын дагуу адислагдаагүй байгаа энэ залуучуудад та юу хэлэх вэ?

Ахлагч Соарэс: Өвөрмөц сайхан асуултууд тавьсанд баярлалаа. Тэгэхээр, бид Их Эзэний хүслийг дагаж, зөв ​​шударга амьдралаар амьдрахын төлөө бүх хүч чадлаараа хичээвэл бидэнд ямар ч муу зүйл тохиолдохгүй гэсэн ташаа ойлголт бидний дунд түгээмэл байдаг. Мөнх бус амьдралынхаа өмнө бид Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөх үедээ мөнх бус амьдралын аяллын турш баяр баясгалангийн хажуугаар сорилт бэрхшээлийг туулах болно гэдгээ мэдэж байсан. Заримдаа тохиолдох эдгээр нөхцөл байдлыг туулах нь биднийг Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд эргэн очиход тэнцэхүйц болгох суралцах үйл явцын нэг хэсэг болдог. Тиймээс, бид хэр зөв шударга гэдгээсээ үл хамааран амьдралдаа зовлон бэрхшээлтэй учрах нь үнэн юм. Нөгөөтээгүүр, сайн үйлийн үр ирэх нь тодорхой боловч заримдаа тэр даруй ирдэггүй. Эдгээр адислал нь бидний цаг хугацаанд бус харин амьдралд бидэнд юу хэрэгтэйг, юу хамгийн зөв болохыг мэддэг Эцэгийн мэргэн хийгээд бүхнийг мэдэгч оюун, хүслийн дагуу ирдэг.

Тиймээс мөнх бус амьдралд зовлон бэрхшээлтэй тулгарсан үедээ бидний хийх хамгийн чухал зүйлсийн нэг бол зүрх сэтгэл, итгэл найдвараа Аврагч руу хандуулах явдал юм. Ингэснээр бид өөрсдийн эрэлхийлж буй тайтгарлыг олоод зогсохгүй Аврагч болон Түүний Цагаатгалын бодит байдлын талаарх итгэл, гэрчлэлээ нэмэгдүүлэх болно. Христ нигүүлслээр дүүрч, биднийг сул дорой байдлын маань дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд бүх төрлийн өвдөлт, зовлон зүдгүүр, уруу таталтыг туулсан. Аврагч мөнх бус байдлын хүнд хэцүү нөхцөл байдлын аливаа нөлөөг хэн бүхнээс илүү арилгаж чадна. Зарим нэг тохиолдолд бид бие махбодын хувьд өвдөлт эсвэл өвчнөөсөө тэр даруй эдгэхгүй байж болох ч өөрсдийн дээр ирсэн ачаа дарамтыг даван гарах хүч чадал, ойлголт, тэвчээрийг хүлээн авснаар сүнслэг байдлын хувьд эдгэрч чадна. Тийм учраас бид зүрх сэтгэлээ Аврагч руу хандуулах аваас Тэр бидний амьдралд гайхамшгуудыг тохиолгох болно.

Өөр нэг анхаарах зүйл бол бид бэрхшээл, сорилтуудад бууж өгөхийн оронд тэдгээрийг өсөж хөгжих боломж гэж харж чадах явдал юм. Ийн үйлдэх нь Их Эзэний тушаасан бүх зүйлийг хийж чадна мөн хийх болно гэдгээ Их Эзэнд болон өөрсдөдөө харуулж, түүнчлэн нөхцөл байдлаас үл хамааран мөнхийн үнэ цэнтэй зүйлс рүү улам ойртох боломжийг бидэнд олгох болно гэдгийг би та нарт батлан хэлж байна. Тэр биднийг хэцүү зүйлсийг хийж чадна гэдгийг мэддэг. Тэр бидэнд маш их хүчийг өгдөг.

Сэргээлтийн төлөөлөгчдийн нэг болох ахлагч Орсон Ф.Витнигийн заасанчлан: “Бидний туулах зовлон шаналал, сорилт бэрхшээл бүр утга учиртай. Энэ нь бидний мэдлэгийг тэлж, тэвчээр, итгэл, тэсвэр хатуужил, даруу зан зэрэг чанаруудыг хөгжүүлэх тохинуулал болж өгдөг, … [мөн] бид үүнийг тэвчээртэй даван туулах үед бидний зан чанар төлөвшиж, зүрх сэтгэл ариусаж, бодгаль тэлж, бид илүү эелдэг мөн энэрэнгүй болдог, … Бид уй гашуу, зовлон зүдгүүр, шаргуу хөдөлмөр, бэрхшээлээр дамжуулан олж авахаар ирсэн тэрхүү мэдлэгийг олж авдаг.”

Найзууд минь, тэвчээрийг өөртөө хөгжүүлэх нь амьдралыг мөнхийн өнцгөөс харахад бидэнд тусалдаг бөгөөд бидний бодгальд эдгээгч нөлөө үзүүлдэг. Өөрсдийн үзэж туулсан зүйлсээс суралцсанаар бид бусдыг ойлгож өрөвдөх сэтгэлийг олж авдаг бөгөөд хүнд хэцүү үед нь тэднийг өргөн дэмжиж чадна.

Хайрт минь, чи энэ чухал сэдэв дээр үг нэмж хэлмээр байна уу?

Росана Соарэс эгч: Тийм ээ, хайрт минь. Нэг ижил сорилт, байнгын зовлон зүдгүүрт өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг хүмүүс байдаг.

Тэдний зарим нь өөрсдийгөө Агуу Бүтээгч болох Бурханы мутраар цэвэршигдэж байна гэж боддог. Бусад нь Их Эзэн тэднийг мартсан гэж бодон, тухайн нөхцөл байдалд “Яагаад?” гэж үргэлж асуудаг. Бусад нь тэвчээртэй байж, Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэж, бодгалиа сүнслэг байдлаар эдгээхэд нь туслах Их Эзэний хүслийг ойлгож, хүлээн зөвшөөрч чаддаг. Бид энэ дэлхий дээр сурч, өсөж хөгжихийн тулд байгаа билээ. Бид бага багаар хичээл зүтгэлийнхээ үр жимсийг харах болно. Бид зөвхөн тэвчээртэй урагшилсаар байх хэрэгтэй. Энэ нь хэзээ ч амар байгаагүй. Тийм ч учраас бидэнд Аврагч Есүс Христ бий!

Ахлагч Соарэс: Баярлалаа, хайрт минь. Маш утга учиртай сэтгэгдэл байлаа.

Бидний сорилтуудын зарим нь мөнх бус нөхцөл байдлын үр дагавар бөгөөд дараагийн амьдралд үргэлжлэн тохиолдохгүй. Өнөөдөр бид сорилт бэрхшээлийнхээ шалтгаан эсвэл тэдгээрийн бидэнд олгосон өсөж хөгжих боломж бүрийг зохих байдлаар ойлгохгүй байж болно. Бид зөвт байдалд тэвчээртэйгээр үргэлжлүүлэх аваас Их Эзэн бидний амьдралын сорилт бэрхшээлүүд болон тэдгээрийн шалтгааны талаар илүү их ойлголтыг илчлэх болно.

Тайлбар

  1. Алма 7:11–12-ыг үзнэ үү.

  2. Спэнсэр В.Кимбаллын Faith Precedes the Miracleг (1972 ) номын 98-р хуудаснаас эш татав. Мөн Бригам Янг “Таны туулсан бүхий л зовлон зүдгүүр, үзэж туулсан зүйлс таны авралд тань чухал үүрэгтэй” (Teachings of the Presidents of the Church: Brigham Young[1997], 262-р хуудас) хэмээн заажээ.

Хэвлэх