2024 оны онцгой цугларалтууд
Ариун сүмд орж, шүтэн бишрэхэд бэлтгэх


Ариун сүмд орж, шүтэн бишрэхэд бэлтгэх

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2024 оны 2 дугаар сар 18, ням гараг

Ахлагч Үлиссэс Соарэс: Бид ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хамгийн дуртай сэдвүүдийн нэг болох “Ариун сүмд орж, шүтэн бишрэхэд бэлтгэх” гэсэн сэдэвтэй холбоотой маш олон сонирхолтой асуултууд хүлээн авсан.

Вэбб ах, эгч ээ, бидэнд ирсэн асуултуудыг сонссоныхоо дараа та хоёр энэ сэдвийн талаарх бодлоо мөн хуваалцаач?

КАНАД ЭДМОНТОН— 1 ДЭХ АСУУЛТ

Ахлагч Соарэс, миний асуулт бол би ариун сүмд анх удаа орж, хишиг хүртэхийн тулд хэрхэн бэлтгэх вэ?

КАНАД ЭДМОНТОН— 2 ДАХЬ АСУУЛТ

Ахлагч Соарэс, би хишиг хүртэхэд бэлэн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

ЧИЛИ КОНСЭПСИОН— 2 ДАХЬ АСУУЛТ

Сайн байна уу, Ахлагч Соарэс. Надад нэг асуулт байна. Би ариун сүмд орохыг хэрхэн амьдралынхаа чухал хэсэг болгох вэ?

Чад Х.Вэбб ах: Их чухал, гоё асуулт байна.

Хамгийн эхэнд санал болгох зүйл гэвэл сүнслэг байдлын хувьд бэлтгэх. Их Эзэний дуу хоолойг сонсож, өдөөлтийн дагуу үйлдэж сур. Ёс суртахууны хувьд цэвэр байхыг хичээж, амьдралд Сүнсний нөлөөг хязгаарлах зүйлсээс зайлсхий. Хэрэв алдаа гаргасан бол наманчилж, Их Эзэний өргөөнд орохуйц зохистой бол. Амьдралдаа юу хийснээс чинь үл хамааран та нарт Есүс Христийн Цагаатгал үйлчилдэг. Түүний ачаар та нар зохистой болж чадна. Тэр та нарт туслах болно.

Кристи Вэбб эгч: Юуны түрүүнд өөрийн итгэдэг гэр бүлийнхээ гишүүн, удирдагч, эсвэл найз нөхөдтэйгөө ариун сүмийн талаар ярилц гэж би зөвлөж байна. Ариун сүм ариун нандин газар ч гэсэн бүх зүйл нь нууцлалтай биш. Бид ариун сүмийн тухай ердийнхөөс илүү их ярилцаж болно. Ариун сүмд анх удаа орохын өмнө болон дараа аль алинд нь ариун сүмийн талаар ярилцдаг байх нь зүйтэй. Асуулт асуух нь тун зөв. Бид асууснаараа сурч мэдэж авдаг. Тиймээс та нар өөрсдийн итгэдэг, ариун сүмд хайртай, үүний ариун нандин байдлыг эрхэмлэдэг хүмүүсээс асуултаа асуугаарай. Хамгийн чухал нь Их Эзэнээс асуу. Асуулт асуух нь Их Эзэн бидэнд илчлэлтээр дамжуулан заах хамгийн үр дүнтэй арга зам болдог. Ариун сүмд илүү олон орох тусам Их Эзэн та нарт илүү ихийг заана.

Вэбб ах: Эцэст нь хэлэхэд, суралц. Ариун сүмийн талаарх бүх зүйлийг боломжоороо суралц. Хишиг, ариун сүмийн өмсгөл, тэр дундаа ариун сүмд хийх гэрээ бүрийн тухай илүү ихийг суралцаж болох нэг гайхалтай эх сурвалж бол ChurchofJesusChist.org/temples сайт юм. Энэхүү сайт та нарт ихээхэн тус болно.

Суралцах үедээ Ариун сүмийн бэлгэ тэмдгийн тухай өөрийн чадах чинээгээр мэдэж ав. Миний хувьд Хуучин Гэрээнд дүрсэлсэн эртний асрын тухай судлах нь ариун сүмийн талаар ойлгож авахад бэлтгэх хамгийн үр дүнтэй арга байсаар ирсэн. Өнөө үеийн ариун сүмийн бэлгэ тэмдгүүд нь эрт цагийнхаас өөр боловч зарчим, зорилго нь тун төстэй бөгөөд биднийг ариун сүм дотор хийх зүйлсэд бэлтгэж чадна.

Тэрхүү эртний асруудад орсон хүмүүс эхлээд Аврагчийн цагаатгагч золиостой төстэй золиос өргөх тахилын ширээнд хүрч очдог байсан. Тэд угаалгын савнаас угаал үйлдэж, тослуулан, ариун хувцас өмсдөг байсан. Бас тухайн асарт Бурханы гэрэл буюу Сүнстэй хамт амьдрахыг бэлгэдэн лааны суурь байрлуулсан Ариун газар гэж нэрлэдэг нэгэн майхан байдаг. Ариун ёслолын бэлгэ тэмдэгтэй төстэй тавиг талх, дарсны ширээ байх ба залбирлыг төлөөлсөн утлагын ширээ бас байдаг. Асрын хамгийн сүүлийн хэсэгт гэрээний авдар болон Эвлэрүүлгийн тагийг байрлуулсан ариунаас ариун газар байдаг. Зөвхөн дээд прист хөшгөөр нэвтрэн ариунаас ариун газарт хүрч болох ба энэ нь жилд нэг удаа буюу Цагаатгалын өдөр тохиодог байсан. Асрын гадна тал телестиел хаант улсыг төлөөлөх ба телестиел хаант улс нь ариун газар бол селестиел хаант улс нь ариунаас ариун газар юм. Асраар ийнхүү дамжин явах нь эртний израилчуудад Бурханы оршихуйд орох эцсийн зорилго бүхий мөнх бус амьдралын аяны тухай заадаг байсан.

Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу бэлгэ тэмдэг нь миний бодлоор Есүс цовдлуулах үед Цагаатгал гүйцэлдэж, бүх хүн селестиел хаант улс буюу Бурханы оршихуйд орох боломжтой болсны бэлгэдэл болж газар хөдлөн Херодын ариун сүмийн хөшиг хоёр хэсэг болон урагдсан явдал байдаг.

Асрын доторх хөх, нил ягаан, улаан, цагаан өнгөнүүд хүртэл бэлгэ тэмдгийн чанартай. Хөх өнгө нь тэнгэрийг, нил ягаан өнгө нь хаан язгуурыг төлөөлсөн эртний бэлгэдэл бол улаан өнгө нь Есүс Христийн цусыг бидэнд сануулдаг ба цагаан өнгө нь цэвэр ариун байдлын бэлгэ тэмдэг болдог. Санваартнуудын нөмрөг болон асрын хөшиг дээр эдгээрийг хамт дүрсэлсэн нь бидний оюун бодлыг тэнгэрийн хааны цусаар дамжин биднийг цэвэр ариун болсон гэсэн ойлголт руу чиглүүлдэг.

Тийм учраас бид ариун сүмд орж, Есүс Христийн Цагаатгагч золиослолын бүрэн дүүрэн хүчийг амьдралдаа хэрхэн хүлээн авах талаар суралцдаг. Бид үүнийг ариун сүмийн ёслол, гэрээнүүдээр дамжуулан сурч мэддэг бөгөөд Аврагчаар дамжуулан Бурханы оршихуйд цэвэр, ариунаар эргэн очиход бэлтгэж чадна. Ариун сүмд бид Адам, Ева хоёрын тухай болон тэд Бурханы оршихуйгаас хэрхэн хөөгдөн, Түүн рүү эргэн очихоор бэлтгэсэн тухай суралцдаг. Тэдний түүхээр дамжуулан бид тэрхүү гайхалтай өдөрт хэрхэн бэлтгэж болох тухай суралцдаг. Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй ариун сүм бол “мөнхийн оршихуй өөд алхам алхмаар ойртох газар юм. Хэрэв залуучууд маань үүнийг ойлгож авч чадвал энэ нь тэдний амьдралын хамгийн хүчирхэг сүнслэг хөдөлгөгч хүч болох юм” гэж хэлсэн.

Тиймээс та нар ариун сүмд орохдоо Есүс Христийг болон Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд орохоор бэлтгэх тухай суралцаж буй зүйлсээ эрж хайвал гайхалтай туршлагыг олж авах болно.

Вэбб эгч: “Би хишиг хүртэхэд бэлэн эсэхээ хэрхэн мэдэх вэ” гэсэн асуултад хариулъя.

Яагаад ч юм энэ асуулт намайг бошиглогч Абрахамын талаар бодоход хүргэсэн. Абрахамын амьдралд илүү их сүнслэг гэрэл, мэдлэгийг хүсэмжлэх сүнслэг нөлөөг мэдэрсэн үе байсан. Тэр Бурхантай илүү ойр харилцаатай байж, Түүнд үйлчлэх илүү их нөөц бололцоог хүссэн. Абрахам 1:2-т тэрээр, “Мөн агуу аз жаргал хийгээд амар амгалан мөн амралтыг тэнд өөртөө олсноор эцгүүдийн адислалуудыг … эрэлхийлсэн бөлгөө” гэж хэлсэн. Энэ шүлэгт Абрахам өөрийгөө “зөв шударга ёсыг дагагч …, тэрчлэн илүү агуу мэдлэгийг эзэмшигч нэгэн мөн зөв шударга ёсыг агуугаар дагагч байхыг хүсэж, мөн агуу их мэдлэг эзэмшихийн тулд … мөн зааврууд хүлээн авахыг хүсэж, мөн Бурханы зарлигуудыг сах[ьдаг]” гэж тодорхойлсон байдаг.

Би ариун сүмд орж, хишиг хүртэх тухай бодож эхлэх үедээ ийм зүйл мэдэрч байсан. Би аль хэдийн сайн мэдээний дагуу бүрэн дүүрэн амьдарч эхэлсэн байсан. Би судар судалснаар маш олон зүйлийг сурч мэдэж, өсөж хөгжин, тойрогтоо баяр хөөртэйгөөр үйлчилж байсан. Би Тэнгэрлэг Эцэг болон Түүний надад зориулсан төлөвлөгөөний талаар илүү ихийг суралцах гүн гүнзгий хүслийг мэдэрч байсан. Энэ нь зүгээр нэг сонирхол төдий зүйл биш байсан. Би Бурхантай хэрхэн илүү ойртох талаар суралцаж, Есүс Христийн илүү гуйвшгүй шавь болох гүнзгий хүсэлд автсан. Би үнэхээр амьдралдаа Бурханыг ялуулахыг илүү ихээр хүссэн. Миний дотны найзууд болон бишоп намайг ариун сүмийн гэрээнүүдийг байгуулахад бэлэн болсныг олж хараад, надад өөрийн хишгийг хүртэхэд бэлтгэхэд тусалсан.

Ахлагч Соарэс: Маш сайн. Вэбб ах, эгч хоёрынхоо гайхалтай захиасанд баярлалаа. Эрхэм хүндэт найзууд минь, ерөнхийлөгч Нэлсон “Их Эзэний өргөөнд орох зохистой байхын тулд хувь хүн сүнслэг байдлын хувьд сайтар бэлтгэгдсэн байх ёстой. … Хувь хүний зохистой байдал бол Их Эзэнтэй илүү адил болж, … илүү сайн үлгэр дуурайл үзүүлэн, илүү цэвэр ариун болохын тулд оюун ухаан, зүрх сэтгэлээрээ бүрэн хөрвөгдсөн байхыг шаарддаг” гэж заасан. Тиймээс, бид ариун сүмд ороход бэлтгэхдээ зөв шударга байдалд төвлөрвөл ариун сүм дэх туршлагаа өөрчлөх бөгөөд энэ нь ариун сүмээс гадуурх амьдралыг маань ч мөн өөрчлөх болно.

Эх сурвалж

  1. Гэтлэл 29:4-9-ийг үзнэ үү.

  2. Truman G. Madsen, “House of Glory” (Brigham Young University ten-stake fireside address, Mar, 5, 1972), 7.

  3. (Рассэлл М.Нэлсон, “Хаалтын үг,” Ensign эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 139)

Хэвлэх