2024 оны онцгой цугларалтууд
Гэрчлэлээ хүчирхэгжүүлэх нь


Гэрчлэлээ хүчирхэгжүүлэх нь

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2024 оны 2 дугаар сар 18, ням гараг

Ахлагч Үлиссэс Соарэс: “Гэрчлэлээ хүчирхэгжүүлэх” гэсэн эхний сэдвээс бүгдээрээ эхэлцгээе.

БОЛИВИЙН ЛА— 2 ДАХЬ АСУУЛТ

Ахлагч Соарэс, бид сүнслэг байдлын хувьд доройтож байгаагаа хэрхэн анзаарч, үүнээс зайлсхийх вэ?

6-Р АСУУЛТ— БОЛИВИЙН ЛА ПАЗ

Ахлагч Соарэс, сайн мэдээний дагуу амьдардаг мөн үүний үнэнийг оюундаа мэддэг ч зүрх сэтгэлдээ мэдрээгүй залуучуудад хандан та ямар зөвлөгөө өгөх вэ?

БОЛИВИЙН ЛА— 11 ДАХЬ АСУУЛТ

Сайн байна уу, Ахлагч Соарэс. Миний асуулт бол олон жилийн турш Сүмд идэвхгүй байсан хайртай хүмүүстээ сайн мэдээний зам дээр эргэн гарахад нь туслах хамгийн сайн арга юу вэ?

Ахлагч Соарэс: Хайрт найзууд минь, мөнхийн ач холбогдолтой зүйлс үнэн гэдгийг Ариун сүнс бодгальд маань гэрчилсэн тэрхүү хувийн гэрчлэл нь сайн мэдээний тухай жинхэнэ гэрчлэл юм. Ийм хувийн гэрчлэл нь зүрх сэтгэлээ итгэл, наманчлалтайгаар Аврагч руу эргүүлэх хүсэл эрмэлзлийг бидэнд төрүүлдэг. Улмаар бид зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрч, мөнх бус аяллынхаа турш Түүнийг үргэлжлүүлэн дагах аврал, гэрээний ёслолыг хүлээж авдаг. Энэ нь бидний амьдралд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний гэрлийг өгч, Тэнгэр дэх Эцэгтээ эргэн очих нэгэн зорилгын төлөө биднийг чиглүүлдэг. Хүчирхэг гэрчлэл нь энэ амьдралдаа илүү сайныг үйлдэх урам зориг, Сатаны няцашгүй довтолгооноос хамгаалах нэвтэршгүй хэрэм болдог.

Аврагч бидэнд гэрчлэлээ хүчирхэгжүүлэх мөн сүнслэг байдлыг сулруулдаг хайхрамжгүй байдлын урхинд орохоос зайлсхийх замыг бэлтгэсэн. Тэрээр “Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун; миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно” гэж хэлсэн. Энэ урилгыг хүлээж авбал Их Эзэн Өөрөө замыг маань чиглүүлнэ гэж бидэнд амласан.

Хэдэн жилийн өмнө бидний хайрт бошиглогч Рассэлл М. Нэлсон бидэнд сүнслэг инерцээ үүсгэх хэрэгцээний тухай заасан. Тэрээр “Хилэнцэт болон цаг үеийн илүү хар бараан тэмдгүүд гаарч буй энэ хурдыг сөрөн зогсохын тулд бидэнд сүнслэг эерэг инерцтэй байх явдал өнөөдөр хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болоод байна” гэж хэлсэн. Тэрээр бидэнд эерэг инерцээ хадгалж үлдэн, Есүс Христийн сайн мэдээний гэрчлэлд маань нөлөөлөхөд туслах таван тодорхой үйлдлийг санал болгосон. Тэдгээр таван үйлдэл нь: (1) Гэрээний зам дээр гарч, тэндээ үлдэх (2) өдөр бүр наманчлахад ирдэг баяр баясгаланг олж мэдэх, (3) Бурханы тухай мөн Тэрээр хэрхэн ажилладаг талаар олж мэдэх, (4) Гайхамшгийг эрэлхийлж, хүлээх, (5) өөрийн амьдрал дахь зөрчилдөөнийг эцэслэх юм. Хайрт найзууд минь, бошиглогчдын сургаалууд нь үргэлж амлалтуудыг дагуулдагтай адил тэрээр: “Эдгээр зорилгынхоо дагуу үйлдэх үед ямар ч саад бэрхшээлтэй тулгарсан бай та гэрээний замдаа инерцээрээ илүү урагш ахих чадвартай байна гэдгийг би амлаж байна. Мөн би та нарт уруу таталтыг эсэргүүцэх илүү их хүч чадал, сэтгэлийн амар амгалан, айдсаас ангид байх эрх чөлөөг олж авч, гэр бүл тань илүү их эв нэгдэлтэй байх болно гэж амлаж байна” гэж хэлсэн. Бошиглогч ингэж хэлсэн юм.

Найз нөхөд минь, итгэл үйлдлээс харагддаг харин үйлдэл нь бидний гэрчлэлийг нэмэгдүүлж, хүчирхэгжүүлдэг. Бид хайрт бошиглогчийнхоо заасан зүйлд итгэлтэйгээр үйлдвэл Аврагч болон Түүний сайн мэдээний талаарх бидний гэрчлэл хүчирхэгжиж, бидний дотор оршдог Христийг амьд байлган, амьдралаа “Түүнд [үндэслэн], байгуулж, итгэлдээ баталгаажин, талархлаар бялхан” амьдрах болно. Цаашлаад бид сайн мэдээгээр амьдрах илүү их урам зоригтой болж, амьдралдаа Ариун сүнсний нөлөөг илүү олон удаа мэдэрч, сүнслэг байдлын хувьд мохошгүй болж, гэрчлэлийг сулруулах, сүнслэг байдлыг доройтуулах зүйлсээс хамгаалагдах болно.

Хонгор минь, гэрчлэлээ алдсан хүмүүст гэрээний зам дээр эргэж гарахад нь туслах тал дээр чамд хэлэх зүйл байна уу?

Росана Соарэс эгч: Тийм ээ. Росана Соарэс эгч: Хайртай хүмүүсээ сайн мэдээний зам дээр эргэж гарахад туслах хамгийн сайн арга нь Бурхан болон тухайн хүнийг маш ихээр хайрлаж, хамгийн сайн үлгэр жишээ хүн нь байх хэрэгтэй гэдэгт би итгэдэг мөн үргэлж итгэсээр л ирсэн. Та тэднийг шударга бусаар шүүж, дорд үзэхээс илүүтэйгээр Бурханыг таньж мэдэн, Аврагчийн төгс хайрыг мэдрэхэд нь тэдэнд тусалж болно. Бид Бурханыг хэр их хайрлаж, Түүний зарлигуудад дуулгавартай байна төдий чинээ тухайн хүнийг хайрлах хайрыг мэдэрч, шавийн замын хаана нь ч тэд зогсож байсан хамаагүй сайн мэдээний адислалуудыг тэдэнд мэдрүүлэх хүсэлтэй болдог. Тэдний гаргасан шийдвэр гэрээний замаас нь холдуулсан ч тэд хайрлагдсан гэдгээ мэдрэх хэрэгтэй гэж би боддог.

Хэвлэх