2024 оны онцгой цугларалтууд
Амьдралаа Есүс Христ дээр төвлөрүүлэх нь


Амьдралаа Есүс Христ дээр төвлөрүүлэх нь

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2024 оны 2 дугаар сар 18, ням гараг

Ахлагч Үлиссэс Соарэс: Өнөө орой бидний ярилцсан бүх гайхалтай асуулт энэхүү онцгой цугларалт дээр та нарын ирүүлсэн “Амьдралаа Есүс Христ дээр төвлөрүүлэх” гэсэн хамгийн чухал сэдвийг оргил болгож байна.

Видео өгнө үү.

БОЛИВИЙН ЛА ПАЗ—3-Р АСУУЛТ

Ахлагч Соарэс, надад нэг асуулт байна. Ийм зовлонтой дэлхийд бид хэрхэн Аврагчид итгэх илүү агуу итгэлийг хөгжүүлж, энэ дэлхийд Есүс Христийн гэрлийг илүү сайн гэрэлтүүлж чадах вэ?

МЕХИКО ХОТ #1 – 4-Р АСУУЛТ

Ахлагч Соарэс, би хэрхэн Бурханы хүчинд ойртож, ингэснээр амьдралаа сайжруулж, бусдад туслах боломжтой болох вэ?

ФИЛИППИН СЭБҮ—9-Р АСУУЛТ

Ахлагч Соарэс, бид Христтэй адил төгс болох Түүний урилгыг төгс төгөлдөр байх үзлээс хэрхэн ялгадаг болох вэ? гэж асуумаар байна.

Ахлагч Соарэс: Та бүхнийг эдгээр асуултаар дамжуулан Аврагчийг дагах зөв шударга хүслээ илэрхийлсэнд маш их баярлалаа. Бидний Аврагч Есүс Христ нигүүлсэнгүй мутраа сунгаж, хайраараа биднийг хүрээлэх хүсэлтэй хийгээд боломжтой бөгөөд өнөө цагийн хаалган дээр зогсдог гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэрээр биднийг Өөртэй нь адил болж, Өөрийнх нь адил бодож, үйлдээсэй хэмээн хүсдэг. Учир нь энэ бол мөнхийн амар амгалан, аз жаргалд хүргэх цорын ганц арга зам гэдгийг Тэрээр мэддэг. Ийм учраас Аврагч үргэлж биднийг Өөрт нь ойртож, Түүнийг бүх зүрх сэтгэлээрээ дагахад урьсаар байдаг. Түүний урилгыг сударт цэдэглэгдсэнээр бодож үзнэ үү.

“Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.” Биднийг энэ урилгыг хүлээн авах үед Аврагч гэрэлд нь алхах, өөрсдийн амьдралд хувийн удирдамж хүлээн авах гэх зэргээр гайхалтай амлалтуудаа биелүүлж байдаг.

Амьдралаа Аврагчид төвлөрүүлэх нь оюун ухаан, хүсэл эрмэлзлээ Түүнийхтэй нийцүүлэхийг биднээс шаарддаг. Үүнийг гүйцэлдүүлэхийн тулд бид Түүний тухай илүү ихийг мэдэж авахыг хичээж, амьдралаа Түүний сайн мэдээнд байнга нийцүүлж, сайн болох бүх зүйлд төвлөрөхийг өдөр тутам хичээнгүйлэн чармайдаг байх хэрэгтэй.

Бид амьдралаа Аврагчтай нийцүүлэх гэж хичээж байхдаа Христээр төгс болох мөн төгс төгөлдөр байх үзэл хоёрыг андуурч болох юм. Хайрт минь, чи энэ талаар бодлоо хуваалцахгүй юу?

Росана Соарэс эгч: Тийм ээ. Энэ тухайд би Далын ахлагч Вэрн Станфиллын заасныг давтан хэлмээр байна. Төгс төгөлдөр байх үзэл, Христээр төгс байх хоёр өөр зүйл гэдгийг санаарай гэж тэр хэлсэн. Төгс төгөлдөр байх үзэл нь өөрсдийгөө бусадтай харьцуулан, өөрөө өөрийгөө хохироосон боломжгүй жишгийг шаарддаг. Энэ нь буруутай, түгшүүртэй мэдрэмжийг төрүүлж, биднийг бусдаас холдуулж, өөрсдийгөө тусгаарлахад хүргэдэг.

Христээр төгөлдөржих гэдэг нь өөр үйл явц юм. Энэ нь Ариун Сүнсээр хайранд хөтлөгдөн, Аврагчтай илүү адил болох үйл явц юм. Жишгүүдийг өрөвч нинжин сэтгэлтэй, бүхнийг мэдэгч Тэнгэрлэг Эцэг тогтоосон бөгөөд биднийг хүлээн авахад урьсан гэрээнүүдэд тодорхой тусгажээ. Аврагчийн Өөрт нь ирэх урилгыг хүлээн авах үедээ бид хамгийн сайнаараа байх нь хангалттайг мөн хайраар дүүрэн Аврагчийн маань ач ивээл бидний төсөөлөмгүй арга замуудаар тэрхүү дутууг нөхдөгийг удалгүй ухаардаг.

Ахлагч Соарэс: Ингэж өөрчлөгдөх загвар нь алгуурхан, насан туршийн үйл явц гэдэг нь эргэлзээгүй бөгөөд зүгээр нэг итгэл үнэмшлээс илүү зүйлийг шаарддаг. Гэхдээ бид үүнийг хүлээн авбал баяр баясгалан, амар амгалан, сүнслэг өсөлтийг мэдэрч, Аврагчийн зан чанар бидний зан чанарын нэг хэсэг болж, Түүний дүр төрх бидний царай төрхөд шингэх боломжтой.

Амьдралаа Аврагч дээр төвлөрүүлэх нь Түүний тусламж, эдгээх хүчгүйгээр тэвчих бараг боломжгүй амьдралын зовлон шаналал, бэрхшээл, сул дорой байдлыг даван туулах хүчийг авчирдаг болохыг би харж байсан. Миний нэг найз одоо хүнд өвчтэй, эдгэрэх магадлал нь тун бага байгаа. Найз маань нөхцөл байдалдаа санаа зовохоос илүүтэй амьдралынхаа турш Аврагч Есүс Христийн талаарх гэрчлэлдээ зоригтой, хүчтэй байсан эсэхээ л мэдэхийг хүсэж байгаа. Энэ найз минь амьдралаа Аврагч дээр төвлөрүүлж, ялангуяа энэ хэцүү цаг үед өөрийг нь хүрээлэхээр сунгасан Түүний мутрыг мэдэрсэн нь надад тодорхой байв.

Ерөнхийлөгч Нэлсон “Өдөр бүр амьдралаа [Аврагчийн] үгс, сургаал, үнэнээр дүүргэхийн тулд чин сэтгэлээсээ, байнга хичээл зүтгэл гаргах шаардлагатай” хэмээн заасан. Харцаа Есүс Христэд төвлөрүүлэхээс өөр юу ч Сүнсийг илүү урьдаггүй.

Хүндэт найзууд минь, бидний хамтдаа байсан энэхүү гайхамшигт цугларалт өндөрлөх гэж байна. Би үгээ төгсгөхөөсөө өмнө Вэбб ах, эгч хоёрыг дараа нь хайрт эхнэрээ гэрчлэлээ товчхон хуваалцахыг урьж байна. Тэгж чадах уу?” Баярлалаа.

Кристи Вэбб эгч: Ах эгч нар аа, бидний Аврагч, Есүс Христэд би хайртай. Тэр намайг төгс хайрладгийг мэддэг болсноор миний амьдрал өөрчлөгдсөн. Тэр намайг өөрчилсөн. Түүнийг амьд гэдгийг би гэрчилж байна. Тэр бидний хүн нэг бүрд хайртай гэдгийг би гэрчилж байна. Тэр биднийг гэтэлгэхийн тулд амиа өгсөн гэдгийг би гэрчилж байна. Түүний даруу, дуулгавартай байдал, хайрын үлгэр жишээ намайг өдөр бүр урамшуулдаг. Тэнгэрлэг Эцэгтээ хэрхэн итгэж, үйлчлэх ёстойг Тэр надад заадаг. Тэр миний гэрэл, хүч, итгэл найдвар билээ. Есүс Христийн нэрээр, амен.

Чаад Х Вэбб ах: Өнөө орой та нартай болон ахлагч Соарэс, Соарэс эгч нартай хамт байгаа минь үнэхээр онцгой боломж байна. Ахлагч Соарэс Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчөөр дуудагдсаныг би гэрчилж байна. Би мөн ерөнхийлөгч Нэлсоныг Их Эзэний өнөөгийн дэлхий дээрх бошиглогч гэдгийг мэднэ. Тэнгэрлэг Эцэг та нарт хайртай гэдгийг би нэмж гэрчилж байна. Түүнд Өөрийн хүүхдүүдийг аврах, өргөмжлөх аз жаргалын төгс төлөвлөгөө бий. Есүс Христ бол тэрхүү төгс төлөвлөгөөний нэг гол дүр нь бөгөөд дэлхийн Аврагч мөн Гэтэлгэгч юм. Тэр бидний төгс жишээ. Тэр бол амьд Христ. Тэр бол чөлөөлөлтийн Бурхан. Бид Түүнд бүх зүрх сэтгэлээрээ итгэж болно. Би Түүний Сүмийн гишүүн байгаадаа мөн Түүний сэргээгдсэн сайн мэдээгээр дамжуулан хүлээн авсан бүх адислалынхаа төлөө маш их талархаж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Соарэс эгч: Хайрт найзууд минь, Бурхан бидний амьдралын жижиг зүйлүүдэд ч оролцож, санаа тавьдагт би талархдаг. Тэр бидэнд юу хэрэгтэйг мэддэг бас бидний асуултуудын хариулт Түүнд байдаг. Бидний хийх зүйл нь ердөө л асуух юм. Бид чин сэтгэлийн залбирлаар дамжуулан тэвчээр, талархал, итгэлээ харуулбал Тэр бидэнд туслахаар үргэлж дэргэд байдаг юм шүү. Тэр хэзээ ч биднийг орхихгүй. Бид Түүний байгааг мэдрэхгүй байсан ч Тэр үргэлж байж л байдаг.

Дэлхий дээр ерөнхийлөгч Нэлсон болон бошиглогч, илчлэгч, үзмэрчдээрээ дамжуулан Өөрийн Сүмийг удирдаж байдаг Аврагч бидэнд байгаа гэдгийг мэдэх нь надад маш их найдварыг өгдөг. Бидний Аврагч Есүс Христийн нэрээр, амен.

Хэвлэх