2024 оны онцгой цугларалтууд
Сүүлийн гэрчлэл


Сүүлийн гэрчлэл

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2024 оны 2 дугаар сар 18, ням гараг

Амен. Баярлалаа, хайрт минь. Дэлхийн өнцөг буланд буй хайрт залуусаа, энэ амьдралын амар амгаланг зөвхөн Есүс Христ, Түүний цагаатгагч золиосоор дамжуулан олох боломжтой гэдгийг би та бүхэнд гэрчилж байна. Түүнд итгэх итгэл маань туулж буй нөхцөл байдлаас үл хамааран амьдрал өөд үргэлжлүүлэн тэмүүлэхэд биднийг хүчирхэгжүүлдэг гэдгийг би та бүхэнд гэрчилж байна. Түүнд ирэх нь баттай итгэл, найдварыг төрүүлэх шалтгааныг өгч, бодгалийн маань бат бөх суурь болж, үймээн самуунтай, байнга өөрчлөгдөж буй дэлхийд үүрдийн дотоод амар амгалан, хоргодох газрыг бидэнд өгдгийг үргэлж санаарай.

Хүн бүрд ялангуяа төөрөлдөж, хаягдаж, ганцаардсан хүмүүст Түүний мутар үргэлж нээлттэй байдаг мөн Тэр хайраараа биднийг өлгийдөхөд бэлэн байдаг гэдгийг би гэрчилж байна. Аврагчийн дэлгээтэй гарын хоорондох зай нь бидний хүн нэг бүрийн зүдэрсэн амьдрал, шархадсан бодгаль, туйлдсан оюун, харууссан зүрхний хэмжээтэй байдаг юм шүү. Есүс биднийг Өөрийн мөнхийн, хайрын тэврэлтээр угтан авахаар мутраа улам том дэлгэдэг. Тэр үргэлж бидэнтэй ойр байж, биднийг тэвчээртэйгээр хүлээж, ядарч шантран ачаагаа хөнгөлөхийг эрэлхийлэх үед маань бидэнтэй хамт алхахад ямагт бэлэн байдаг гэдгийг би гэрчилж байна. Би та бүхнийг Аврагчид ойртохыг хичээж, Түүнийг амьдралдаа олж, таныг гэх Түүний хүчирхэг хайрыг мэдрэхийг урьж байна. Ингэснээр та бүхэн амьдралаа Түүний гэрлээр дүүргэж, Түүнтэй хамт алхах болно.

Хэрэв та Аврагчийн хайраар дүүрэн, сунгасан мутраас зууран баривал зүрх сэтгэлийг тань эзэмдэх бүрэн дүүрэн байдлаар дүүргэгдэх болно гэдгийг би Аврагч Есүс Христийн нэрээр та бүхэнд амлаж байна. Та Аврагчийг чин сэтгэлээсээ эрэлхийлснээр Түүний эдгээх хүч бодгалийг тань амар амгалан, гэрэл, ухаарал, зориг, баяр баясал, хайраараа дүүргэх болно гэдгийг би та бүхэнд амлаж байна.

Есүс Христ амьд, Түүний төгс хайр Түүнд ирэх хүн бүрд нээлттэй гэдгийг би баттай тунхаглаж байна. Энэ бол Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхээр энэ сүүлчийн эрин үед дэлхий дээр сэргээгдсэн Түүний Сүм юм. Бурхан амьд, Тэр бидэнд хайртай, Тэрээр бидэнд итгэл найдвар, амар амгалан, үүрдийн баяр баяслыг олоход туслахаар Өөрийн хүүгээ илгээсэн гэдгийг би тунхаглаж байна. Би та нарыг хүндэлдэг. Бид та нарыг хүндэлж, хайрладаг юм шүү. Би энэ бүхнийг Аврагч, Гэтэлгэгч, Есүс Христийн ариун нэрээр хэлж байна, амен.

Хэвлэх