2024 оны онцгой цугларалтууд
Бидэнд зориулсан Бурханы Төлөвлөгөө


Бидэнд зориулсан Бурханы Төлөвлөгөө

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2024 оны 2 дугаар сар 18, ням гараг

Ахлагч Үлиссэс Соарэс: Манай дараагийн сэдэв бол “Бурханы надад зориулсан төлөвлөгөөг дагах нь” юм.

Та нарын асуултуудыг сонссоны дараа Вэбб ахыг энэ сэдвийн талаарх бодлоо хуваалцана уу гэж урьж байна. Болох уу?

ФИЛИППИН СЭБҮ—8 ДАХЬ АСУУЛТ

Ахлагч Соарэс, би нэг асуулт асууя. Бурхан таны амьдралын бүх зүйлд үнэхээр анхаардаг гэдгийг та хэзээ мэдэж авсан бэ?

БРАЗИЛ—3 ДАХЬ АСУУЛТ

Ахлагч Соарэс, би Тэнгэрлэг Эцэгийн надаас хүсэж байгаа зүйлийг хийж байгаа эсэхээ, бас миний хийж буй сонголтыг Тэр зөвшөөрч байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

Чад Х.Вэбб ах: Би патриархын адислалаа авах үедээ үүнийг хамгийн анх удаа мэдэрсэн. Их Эзэн намайг мэддэг, амьдралын маань бүхий л хэсэгт надад туслахыг хүсдэг гэдгийг мэдэхэд Сүнс тусалсан. Түүнээс хойш би үүнийг зөндөө олон удаа харж, мэдэрч байлаа. Номлогч байхдаа би Түүний мутрыг өөрийн болон Мексик дэх олон олон хүний амьдралд харж байсан. Би номлолоосоо өмнө их ичимхий, хүмүүстэй ярихаас санаа зовдог байсан. Номлолын минь туршид Их Эзэн гайхалтай арга замуудаар намайг адисалснаар миний амьдралыг үнэхээр өөрчилсөн.

Миний хамгийн дуртай жишээ гэвэл Тэр надад эхнэр Криститэйгээ танилцахад тусалсан. Биднийг танилцахаас өмнөхөн, би орохыг маш их хүсэж байсан нэг ажилд өргөдөл өгсөн юм. Тэгээд тэр ажилдаа орж чадаагүйдээ их урам хугарч, Их Эзэнд хандан үнэхээр шударга бус байна гэж нэлээд гомдонгуй, талархалгүй залбирснаа санаж байна. Би сайн мэдээний дагуу амьдрахыг хичээж байгаа учраас Тэр надад хүссэн зүйлийг маань өгөх ёстой гэж би эндүүрсэн байсан. Хэдэн долоо хоногийн дараа гайхамшиг тохиож, би өөр ажилд орж чадсан. Тэр ажлын ачаар би Криститэй учирсан юм. Энэ урт түүх л дээ, гэхдээ үнэндээ миний хүссэнээр би эхний ажилдаа орсон бол түүнтэйгээ хэзээ ч уулзахгүй байх байсан. Миний үл талархсан залбирлын үеэр Тэнгэрлэг Эцэг юу бодож байсныг би төсөөлж байна. Тэрээр “Чи тэвчээртэй байвал яасан юм бэ? Надад төлөвлөгөө байгаа. Чи надад итгэвэл би чамд илүү сайхан зүйлийг өгөх гээд байна” гэж бодсон байх. Амьдралыг маань би өөрөө биш Тэнгэрлэг Эцэг удирдаж байгаад би үнэхээр баярладаг. Тэр бидний амьдралын алхам бүрд тусалж, бидэнд Түүнгүйгээр хийж чадахаас илүү олон зүйлд суралцаж, амжилттай хийхэд маань удирдан чиглүүлдэг. Би амьдралаа Кристигүйгээр төсөөлж чадахгүй. Тэр надад юу хэрэгтэй байсныг надаас илүү мэдэж байсанд би үнэхээр их баярладаг. Үүнээс бид бүхий л зүрх сэтгэлээрээ Түүнд найдах хэрэгтэйг би сурч авсан.

Ахлагч Соарэс: Вэбб ах аа, гайхалтай зүйлийг заасанд баярлалаа. Хайрт найзууд аа, Бурханд бидэнд зориулсан төлөвлөгөө үнэхээр байдаг. Түүний төлөвлөгөө бол мѳнх амьдрал юм. Бид сонгох эрхээ хэрэгжүүлж, зөв шударга шийдвэр гаргахдаа Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөг хэр сайн дагаж байгаагаа харуулдаг гэдгийг би та нарт гэрчилж байна.

Хэвлэх