2021
Жэоффрой Күссэмоу
2021 оны 1-р сар


Газар бүрийн анхдагчид

Жэоффрой Күссэму

Бенины анхны номлогч

Жэоффрой хийх ёстой зүйлээ хийвэл Бурхан туслахад бэлэн гэдгийг мэдэж байлаа.

missionary in Benin

Жэоффрой найз Тэодортойгоо хамт ангиасаа гарлаа. Хөвгүүд 16 настай ба тэд Африкийн Бенинд амьдардаг байв. Тэд газар тариалангийн талаар суралцахаар шинэ сургуульд явж байлаа. Анх удаа тэд гэр бүлээсээ хол амьдарч байв. Тэд өдөр бүр олон цагаар сурч, ажиллаж байлаа.

Жэоффрой үүргэвчээ мөрөндөө үүрээд, “Би сургуулиа хаях байх. Хичээлүүд нь хүнд юм” гэв.

“Үгүй ээ!” гэж Тэодор дуу алдан, “Сургуулиа битгий хая. Чи Бурханд найдах хэрэгтэй. Хэрэв чи найдаж чадах юм бол амжилтад хүрнэ” гэлээ.

Тэодорын хэлсэн үг өдөржингөө Жэоффройн бодлоос салсангүй. Жэоффрой Христэд итгэгч болон өссөн ч хэзээ ч Бурханд найдаж байсангүй. Тэр шалан дээр өвдөглөн суусан ч залбирлаа эхлүүлж чадахгүй л байв. Тэр сандарч байлаа. Гэхдээ тэр хаа нэг газраас тусламж авахгүй бол шалгалтаа өгч чадахгүй байх байв. Жэоффрой аажуухан толгойгоо гудайлгалаа.

“Тэнгэр дэх Эцэг минь, Танд хэрхэн итгэж найдахыг надад харуулаач. Та надад шалгалтаа өгөхөд минь туслаач? Тэгвэл би амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл бүхий л чадлаараа Танд үйлчлэх болно гэдгээ амлаж байна” гэж тэр хэллээ.

Тэр үеэс хойш Жэоффрой илүү зоригтой, шийдэмгий болов. Хичээлүүд нь хэцүү хэвээр байсан ч өөрийн хийх ёстой зүйлийг хийх юм бол Бурхан туслахад бэлэн гэдгийг тэр мэдэж байлаа. Жэоффрой айдсаа хойш тавьж, шаргуу хөдөлмөрлөв.

Хичээлдээ ч сайжрав. 18 сарын дараа тэр төгсөхөд бэлэн болсон байлаа! Тэр чадсан байв!

Жэоффрой сургуулиа төгсөөд, шаргуу хөдөлмөрлөсөөр байв. Удалгүй тэр өөрийн гэсэн фермтэй болов.

Харин нэг өдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн найзтайгаа тэр уулзлаа. Найз нь түүнд Мормоны Ном өгөв. Жэоффрой Мормоны Номыг уншаад, уг номын талаар залбирав. Түүний сэтгэлд халуун дулаан, амар амгалан мэдрэмж төрсөн ба Сүм үнэн гэдгийг баттай мэдэж байлаа.

Тэр ингэсний дараа юу хийхээ хэдийн мэдэж байв. Тэр хөдөлмөрлөж, залбирч, Бурханд найджээ. Эхлээд тэр баптисм хүртсэн. Дараа нь эргэн тойрныхоо хүмүүстэй гэрчлэлээ хуваалцаж эхлэв. Зарим найз нь ч бас баптисм хүртсэн юм. Хэдхэн гишүүнтэй эхэлж байсан бол тэд удалгүй салбар болж өсөв. Тэр Бенинд Сүмийг хөгжүүлэхэд тусалж байлаа!

Жэоффрой номлолд явахыг хүсэж байв. Хангалттай мөнгө байгаагүй тул тэр фермээ заржээ. Тэр хэдэн сарын дараа Кот-Дивуар улсад номлолд дуудагдсан юм. Тэр Бенинээс номлолын дуудлагаа авсан анхны номлогч байлаа!

Үнэнч байсан нь олон жилийн туршид түүнд тусалсан юм. Түүний болон бусад гишүүний итгэлийн ачаар өөр олон хүн баптисм хүртжээ. Салбар тойрог болов. Одоо тэр тойрог Бенин дахь анхны гадсанд орсон!

Жэоффрой Күссэмоу шаргуу хөдөлмөрлөж, Бурханд найдсан хэвээр. Бурханы тусламжтайгаар агуу зүйлс тохиодог гэдгийг тэр мэднэ.

Friend Magazine, 2021/01-02 Jan/Feb

Зураг чимэглэлийг Изабэл Муноз