Жаэчаны анхны өдөр
Энэ зөв зам мөн үү? Жаэчаны толгой эргэлээ.
“Би Эзэнийг хайсан агаад Тэр надад хариул[сан]” (Дуулал 34:4). Энэ түүх Өмнөд Солонгосын Кёнги мужид болжээ.
Жаэчаныг ээжтэйгээ хамт сургуулийнхаа биеийн тамирын заалны суудлаас босоход хөгжилтэй дуу эгшиглэж байлаа. Бусад хүүхэд эцэг эхтэйгээ баяр хөөр болон ярьж байх хооронд тод өнгийн бөөн бөмбөлөг хана дагуу хөөрнө.
Маргааш хичээлийн эхний өдөр. Өмнөд Солонгост шинэ сурагчид хичээл эхэлснийг тэмдэглэхээр тусгай хөтөлбөрт заавал хамрагддаг. Жаэчан дууг болон үг хэлж буй хүмүүсийг сонсоод, сэтгэл нь хөдлөв. Тэр суралцаж эхлэхийг тэсэн ядан хүлээж байлаа!
Хөтөлбөрийн дараа Жаэчан ээжтэйгээ сургуулийн хонгилоор явав. Тэд ангид нь ирж, Жаэчан ч багштайгаа уулзлаа. Багш нь ааш сайтай бололтой байв.
Дараа нь Жаэчан ээжтэйгээ хамт хаврын дулаахан наранд гадагшаа гарлаа. Нар бас тэнгэр хүртэл хичээл эхэлж байгаад баярлаж байгаа бололтой.
Маргааш өглөө нь ээж нь Жаэчаныг сургуулийнх нь хашаа руу хүргэж өглөө. Тэр түүнийг чанга тэврээд, “Би чамд хайртай. Эхний өдрөө сайхан өнгөрүүлээрэй!” гэлээ.
“Тэгнэ ээ. Би ч бас танд хайртай” гэж Жаэчан хэлэв. Тэр баяртай хэмээн гараа далласаар, яг л дадлага хийсэн шигээ анги руугаа эргэн алхлаа.
Жаэчан сургуулийн хонгилоор явж байхдаа гэнэт сандрав. Энэ зөв зам мөн үү? Жаэчан зогсоод, эргэн тойрноо харлаа. Эргээд, өөр хонгилоор алхав. Удалгүй толгой нь эргэлээ.
Жаэчан гүнзгий амьсгал авав. Тэр яг энэ хонгилоор өчигдөр явснаа мэдэж байлаа. Тэр цааш явсаар зэрэгцсэн хэдэн том хаалгаар орлоо.
Гэвч Жаэчанд анги нь, найзууд нь, сайхан ааштай багш нь харагдахгүй байв. Түүнд биеийн тамирын заал харагдлаа. Харин тэнд хүмүүс ч, бөмбөлөг ч байсангүй. Зүгээр л нэг хоосон том заал байлаа.
Жаэчаны нүдэнд нулимс хурав. Тэр сандрахгүй байхыг хичээсэн ч айж байлаа. Ангиа яаж олохоо тэр мэдэхгүй л байв. Тэр өвдөг сөгдөн залбирлаа. “Тэнгэрлэг Эцэг минь, би төөрчихлөө. Ээжид минь ирж, намайг олоод, ангид маань хүргэж өгөхөд туслаач” гэв.
Жаэчан бослоо. Тэр хэдэн удаа гүн амьсгаа авав. Тэгээд хүлээлээ.
Хэдэн минутын дараа ээж нь булан тойрон гарч ирэв. “Жаэчан аа!” гээд ээж нь түүн рүү гүйж ирэн, тэвэрлээ. “Юу болсон юм бэ?”
гэхэд, Жаэчан уйлав. Тэр ээжийгээ харсандаа сэтгэл нь уужирчээ. “Би ангиа олохгүй байсан. Тэгээд би таныг ирж намайг олоосой гэж залбирсан” гэлээ.
Ээж нь хацар дээрх нулимсыг нь арчаад, “Залбирсан чинь сайн юм болж. Би гэртээ харьж явтал гэнэт эргэж очоод, ангиа олсон эсэхийг нь шалгах хэрэгтэй гэсэн бодол төрсөн. Ангидаа байхгүй байхыг чинь мэдээд хаа сайгүй хайлаа. Тэгээд чамайг оллоо!” гэв.
Жаэчан ээжийнхээ гараас барин, зөв хонгилоор алхална. Тэр уйлахаа больсон байлаа. Тэнгэрлэг Эцэг түүний залбиралд хариулсан бөгөөд бүх зүйл сайн сайхан болно гэдгийг тэр мэдэж байлаа. Ангидаа дөхөж ирээд, бусад хүүхдийн инээлдэн, хөгжилдөж байхыг тэр сонсов.
“Жаэчан аа! Чамайг харсандаа баяртай байна” гэж ангид орж ирэхэд нь багш нь хэллээ.
Жаэчан “Баярлалаа” гээд бага зэрэг бөхийн мэндлэв. Ээж нь түүнийг дахин нэг тэвэрлээ. Эцсийн эцэст энэ чинь түүний сургуулийн хамгийн эхний өдөр шүү дээ.