Найзаас найзад
Цахилгаан шатны наманчлал
Намайг 11 настай байхад манай гэр бүл Хонг Конгд 12 давхар байранд амьдардаг байсан юм. Өдөр бүр хичээлийн дараа би байр луугаа гүйн, гэр лүүгээ орохоор цахилгаан шатанд суудаг байлаа.
Нэг өдөр би цахилгаан шатандаа суугаад бүх товчлуурыг дарсан ба бүгд идэвхжин асав. Одоо цахилгаан шат бүх давхарт зогсохоор боллоо. Хаалга хаагдаж эхлэх үед нэг гар орж ирэн хаалга нээгдэв. Дээд давхрын манай хөршүүдийн нэг байлаа. Тэр товчлууруудын талаар юу ч хэлээгүй ч би сандарсан байв. Гэртээ мөд орохгүй мэт надад санагдаж байлаа.
Мэдээж, цахилгаан шат дараагийн давхарт зогсон хүлээгээд дээш явав. Манай давхарт хаалга нь нээгдэх үед би хурдхан буулаа. Би маш хурдан гүйсэн учир гэртээ орохдоо хөлөрсөн байв.
Гэртээ орж ирээд удаагүй байтал утас дуугарав. Энэ цахилгаан шатанд байсан хөрш байлаа. Би ээжийг утсаа тавьтал нэлээн сандран хүлээх нь тэр.
Ээж утсаа тавиад надаас “Чи цахилгаан шатны бүх товчлуурыг дарсан юм уу?” гэж асуулаа.
Би ээждээ худлаа хэлж чадаагүй юм. “Тийм ээ’’ гэж би хэлэв.
Ээж инээмсэглээд, “За тэгвэл дээшээ гарч хөрштэйгөө уулзъя” гэв.
Бид дээшээ хамт гарав. Бид хаалганых нь хонхыг дарахад хөрш маань гарч ирэв. Бүх товчлуурыг дарсанд уучлаарай гэж хэлэхдээ миний толгой гудайсан байв. Би дахиж хэзээ ч ингэхгүй гэж амлалт өгсөн.
Манай хөрш эелдгээр, “Чи дахиж ингэхгүй бол зүгээр дээ” гэж хэлэв.
Түүнд уучлаарай гэж хэлсний дараа надад сайхан мэдрэмж төрсөн. Би дахин хэзээ ч цахилгаан шатны бүх товчлуурыг дараагүй.
Энэ туршлага надад наманчлалын талаар заасан юм. Би ямар нэг буруу зүйл хийснээ мэдсэн. Би харамсаж, өршөөл хүссэн. Мөн би үүнийг дахиж хэзээ ч хийгээгүй. Тэгээд би аз жаргалтай болсон. Наманчлал чамд ч мөн аз жаргалыг өгч чадна.