Үйлчлэл ба Ариун Сүнс
Чи баптисм хүртэхээсээ өмнө ч Ариун Сүнсийг мэдэрч чадна.
Матэо, түүний аав хоёр гэр бүлийнхээ жимсний лангуу руу алхав. Матэогийн нохой Зевс тэднийг дагаж байлаа.
“Та бишопоос миний баптисмын талаар асуусан уу?” гэж Матэо асуув. Тэр аль хэдийн 8 нас хүрсэн ч гэлээ цар тахлын улмаас хараахан баптисм хүртээгүй байлаа.
“Тэр чамайг энэ сард баптисм хүртэж чадахгүй. Магадгүй дараа сард боломжтой байх гэсэн” гэж аав нь хэлэв.
“За” гээд, тэр хөмсгөө зангидлаа. Тэр баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахыг үнэхээр их хүсэж байсан юм. Гэвч энэ нь хэзээ ч тохиохгүй мэт санагдаж байв!
Аав нь лангуугаа нээлээ. Матэо жүрж, нимбэг, манго, гадилтай хайрцгууд гаргаж ирэхэд тусаллаа. Дараа нь тэр жимснүүдийг тавиур дээр тавихад туслав.
Матэо аавтайгаа ажиллаж байхдаа Ариун Сүнсний талаар бодсоор байлаа. “Ариун Сүнс яаж мэдрэгддэг вэ?” гэж тэр асуув.
“Ариун Сүнс намайг гуниглахад тайтгаруулдаг. Мөн намайг хэн нэгэнд туслах үед надад сайхан мэдрэмж төрүүлдэг” гэж аав нь хэлэв.
“Би ч гэсэн Ариун Сүнсийг мэдрэхийн тулд хурдан баптисм хүртмээр байна!”
“Чи баптисм хүртэж, гишүүнээр батлагдахаасаа өмнө ч Ариун Сүнсийг мэдэрч чадна” гэж аав нь хэлэв. “Залбирахдаа эсвэл хэн нэгэнд сайн зүйл хийж өгөх үед мэдэрдгийн адилаар чи Түүний тайтгарлыг одоо ч мэдэрч чадна. Чи гишүүнээр батлагдсаныхаа дараа Ариун Сүнсийг өөртэйгөө үргэлж хамт байлгаж чадна” гэж аав нь хэлэв.
Матэо энэ тухай бодов. Тэр өмнө нь Ариун Сүнсийг мэдэрч байсан болов уу?
Удалгүй тэд бүх хайрцгаа хоосолж дууслаа. “Чи Сосагийнханд туслахад бэлэн үү?” гэж аав нь асуув.
Матэо толгой дохилоо. Соса ах, эгч хоёр хоёулаа сайн алхаж чаддаггүй учир Матэо тэдний өмнөөс дэлгүүр лүү явдаг байв. Заримдаа тэр тэдэнд гэрийн ажлаа хийхэд нь мөн тусалдаг байв.
Матэо, Зевс хоёр Сосагийнхны гэр лүү алхлаа. Соса эгч үүдний саравчнаасаа даллав. “Өглөөний мэнд!
Өнөөдөр танд хүнсний ногоо хэрэгтэй юү?” гэж Матэог асуухад,
“Тийм ээ. Надад талх, төмс, үхрийн мах хэрэгтэй” гээд Соса эгч хэдэн зоос гаргаж тоолон, “Энэ хүрэх байх” гэв.
Матэо мөнгийг авлаа. Тэр хаалганы хажууд ууттай хог байхыг харав. “Би таны хогийг аваад гарах уу?” гэж тэр асуув.
“Тэгээч. Чамд баярлалаа!” гэж Соса эгч хэллээ.
Тэр хог гаргаж хаясныхаа дараа хүнс худалдаж авлаа. Өглөө хийсэн бүх зүйлийнхээ талаар тэр бодов. Аавдаа жимсний лангуун дээр тусалсан. Сосагийнханд хүнс худалдаж авахад нь тусалсан. Тэгээд тэр дотроо сайхан мэдрэмжтэй байв. Аавынхаа хэлсэнчлэн тэр Ариун Сүнсийг мэдэрч байлаа.
Матэо баптисм хүртэхийн тулд хэтэрхий удаан хүлээх шаардлагагүй байгаасай гэж найдаж байв. Тэр Ариун Сүнсийг өөртэйгөө үргэлж хамт байлгахыг хүсэж байв.