Газар бүрийн анхдагчид
Людовикийн төгөлдөр хуур
Людовик Тэнгэрлэг Эцэгт үйлчлэхдээ баяртай байлаа.
Людовик хэдэн эвхэгддэг сандал аван, гудамжны цаад тал хүртэл зөөв. Ням гараг байсан бөгөөд сүмийн цуглаан удахгүй эхлэх гэж байлаа. Того дахь тэдний сүм байрладаг газарт хангалттай сандал байдаггүй байв. Тиймээс Людовик өвөөгийнхөө гэрээс үргэлж сандал авчирдаг байлаа.
“Чи яагаад гоё сүмээ орхиод жижигхэн үзэмжгүй байшин руу явдаг юм бэ?” гэж хэн нэгэн түүний араас хашхирав. “Танай сүмд хангалттай сандал ч байхгүй шүү дээ!” гэж өөр нэгэн хэлээд, инээв.
Людовик сонсоогүй мэт дүр эсгэв. Би зүгээр л зөв зүйлийг үргэлжлүүлэн хийсээр байх хэрэгтэй гэж тэр бодлоо.
Людовик 10 настай байхдаа сүмийн талаар анх мэдэж авчээ. Одоо тэр 12 настай. Тэр гэр бүлийнхээ хамт баптисм хүртээд удаагүй байгаа юм. Тэр санваар атгадаг бөгөөд ариун ёслол түгээхэд тусалдаг байв. Тэр долоо хоног бүр ариун ёслолын талх худалдан авахад зориулж өдрийн хоолны мөнгөө хүртэл хадгалдаг байжээ. Людовик Тэнгэрлэг Эцэгт үйлчлэхдээ баяртай байлаа.
Сүмийн цуглаан эхлэх цаг болоход жижигхэн өрөө дүүрлээ. Зарим хүн Людовикийн авчирсан сандал дээр суусан харагдана. Бусад нь зогссон байв.
Цуглаан дуугаар эхэллээ. “Израил, Израил, Бурхан дуудаж байна” гэж Людовик дууллаа. Тэр сүм дээр дуулах дуртай байв.
Сүмийн дараа Людовик сандлуудыг хураангаа амандаа дуу аялав. Гэр лүүгээ алхахдаа ч дуу аялж байв. Түүнд нэгэн санаа төрөв! Тэр тоглоомон төгөлдөр хуураа гаргаж ирлээ. Магадгүй тэр “Израил, Израил, Бурхан дуудаж байна” дууллын аяыг хэрхэн тоглох учрыг олох байх!
Людовик нотыг нь аялан, зөв тоглох хүртлээ өөр өөр товчлуур дээр дарав. Удалгүй тэр дууг бүтнээр нь тоглохыг өөрөө сурсан юм.
Дараа нь тэр гэрт нь Сүмийн дууллуудын зарим бичлэг байгааг санав. Тэр тэдгээрийг сонсож, бусад дууг мөн тоглож сурав. Людовик давтсаар л байв.
“Чи биднийг сүм дээр дуулж байх үед яагаад тоглодоггүй юм бэ?” гэж нэг өдөр Людовикийн аав асуулаа.
Людовик сандрах нь тэр. “Би дэндүү ичимхий. Би алдчихвал яах юм бэ?” гэж тэр хэлэв.
“Тэгвэл үргэлжлүүлээд л тогло. Чи бодож байгаагаасаа ч илүү сайн төгөлдөр хуурч шүү дээ” гэж аав нь хэллээ.
Дараагийн ням гарагт Людовик зөвхөн сандал авчирсангүй. Тэр сүм дээр өөрийн тоглоомон төгөлдөр хуурыг мөн авчрав. Нээлтийн дуу дуулах цаг болоход, тэр хуруунуудаа төгөлдөр хууран дээр сандарсан байдалтай тавив. Тэгээд тэр тоглож эхэллээ. Бүгд дагаж дуулав. Ямар сайхан сонсогдож байсан гээч!
Үүний дараа тэр сүм дээр ням гараг бүр тоглодог болов. Тэр тоглохдоо заримдаа алдаж байлаа. Гэвч тэр болиогүй юм. Тоглоход дэндүү хэцүү дуу байвал хүмүүс төгөлдөр хуургүй дуулдаг байсан ба харин Людовик дууллыг удирддаг байв.
Людовик инээмсэглэв. Хэн нэгний гэрт сүмийн цуглаан явуулах нь түүнд саад болдоггүй байв. Хүмүүс шоолсон ч түүнд хамаагүй байв. Бурханд үйлчлэхээр өөрийн авьяасыг ашиглаж байгаа нь л түүнд хамаатай байсан юм.