2022
Самуэлын шинэ баг
2022 оны 5, 6-р сар


Самуэлын шинэ баг

Бусад хөвгүүн түүнд боломж олгох болов уу?

two boys in basketball uniforms; one boy has one hand

Бямба гарагийн өглөө болж байлаа. Самуэл гал тогооны ширээний ард суугаад аягатай өглөөний цай руугаа ширтэв. Түүнд юм идэх хүсэл байсангүй.

“Аав аа” гэж тэр аяархан дуудаад “Би бодлоо өөрчиллөө. Би өнөөдөр сагсан бөмбөгийн багийнхантайгаа уулзмааргүй байна” гэв.

“Шинэ тоглогч болоход хэцүү гэдгийг би мэдэж байна, гэхдээ чи найзуудтай болно шүү дээ” гэж аав нь хэлэв.

“Үгүй ээ, тийм биш … би зүгээр л тэд юу гэж бодох бол гэж санаа зовж байна.”

Аав нь түүний хажууд суугаад. “Ганц гартай шинэ тоглогчийн талаар танай баг ямар бодолтой байх бол гэж бодож байна гэсэн үг үү?” гэж асуув.

Самуэл төрөлхийн зүүн гаргүй аж. Түүний зүүн гар нь бугуйнаас доош байдаггүй байв.

Самуэл, “Тийм ээ, Тэд намайг мэдэхгүй болохоор нэг гартай хүүхэд сагсан бөмбөг тоглож чадахгүй гэж бодох байх” гэв.

“Тэд ингэж бодож магадгүй ч чи бол гайхалтай тоглогч. Тэгээд ч сургуулилт хийх нь чамайг илүү сайн тоглож сурахад туслах болно” гээд аав нь инээмсэглэв. “Алив. Цамц бас усны саваа аваарай. Явж танай багийнхантай уулзъя” гэхэд нь

Самуэл санаа алдаад “За!” гэв.

Тэднийг биеийн тамирын танхимд ормогц дасгалжуулагч хүрч ирэв.

“Сайн уу! Би бол дасгалжуулагч Монро. Чи манай шинэ тоглогч байх нь ээ.”

“Тийм ээ, Намайг Самуэл гэдэг!”

“Бид чамайг манай багт орж байгаад баяртай байна. Явж бусад хүүхэдтэй уулзацгаая” гэж дасгалжуулагч Монро хэлэв.

Аав нь сандал дээр суув. Самуэл бөмбөгөө аваад дасгалжуулагчийг дагалаа.

“Би та нарт манай шинэ тоглогч Самуэлыг танилцуулъя” гэж дасгалжуулагч Монро хэлэв. Цөөн хэдэн хөвгүүн түүн рүү хальт даллав. “Бид анхны тоглолтоороо түүнтэй хамт тоглох гэж байгаа нь азтай хэрэг. Бидний хувьд гайхалтай баг, гайхалтай тоглолт, гайхалтай улирал байх болно гэж би бодож байна!” гэж дасгалжуулагч нэмэв.

Түүнийг шүглээ үлээхэд багийнхан сургуулилтдаа орлоо. Самуэлыг ганцхан баруун гараараа бөмбөг шидэж байгааг багийнх нь хэдэн хүүхэд гайхан харж байгааг тэр мэдэрчээ. Тэр сатаарахгүй байхыг хичээж байлаа.

Усны завсарлагаанаар нэг хүү Самуэлын хажуугийн сандал дээр суув. “Сайн уу! Намайг Жэксон гэдэг. Чиний гар яасан юм бэ?” гэж асуув.

“Яагаа ч үгүй ээ. Би төрөхдөө л ийм байсан” гэж Самуэл хариулав.

“Би өмнө нь нэг гараараа сагс тоглож байгаа хүн харж байгаагүй. Чи үнэхээр сайн юм” гэж Жэксон нэмж дурдав.

Самуэл инээмсэглэж, “баярлалаа!” гэв.

Дасгалжуулагч Монро шүглээ дахин үлээв. “Сүүлийн 30 минутын турш бид бэлтгэлийн тоглолт хийх болно” гэж хэлээд тэр хөвгүүдийг хоёр багт хуваав. Жэксон багт нь байгаад Самуэл баяртай байв.

boys playing basketball together

Тоглолт дуусахад нэг минут дутуу байхад хоёр баг ижил оноотой байлаа. Самуэлын багийн нэг тоглогч бөмбөгийг авч, хэнд дамжуулахаа харж байв. Самуэл түүний ойролцоо, бөмбөг авахад бэлэн байв. Гэвч тэр хүү оронд нь Жэксонд дамжуулав.

Жэксон хэд алхсаны дараа Самуэлыг олж хараад бөмбөгийг түүнд дамжуулав. Самуэл бөмбөгийг барьж аван, эргэлдэн, шийд рүү шидэв.

Гоол! Дасгалжуулагч Монрог шүгэл үлээхтэй зэрэгцэн бөмбөг цагирагт оров. Самуэлын багийнхан уухайлав.

“Гайхалтай дамжуулалт байлаа” гэж сандал руу явах замдаа Самуэл Жэксонд хэллээ.

“Гайхалтай гоол байлаа! Сагсан бөмбөг тоглоход нэг гар хангалттай гэдгийг бусад хүүхэд ойлгосон байх” хэмээн Жэксон хариулав.

Самуэл инээмсэглэн Жэксонтой алгаа цохив. Дасгалжуулагч Монрогийн хэлсний дагуу гайхалтай баг, гайхалтай тоглолт, гайхалтай улирал байх болно гэдгийг тэр мэдэрч байлаа.

Page from the May/June 2022 Friend Magazine.

Зураг чимэглэлийг Сандра Эйди