2021
Христийн амилсны баярын гол утга учир: Амьд Есүс Христ
2021 оны 3-р сар


“Христийн амилсны баярын гол утга учир: Амьд Есүс Христ,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 3-р сар, 2-5.

Христийн амилсны баярын гол утга учир: Амьд Есүс Христ

Христийн амилсны баярыг тэмдэглэхдээ бид Есүс Христ амьд мөн Тэрээр бид бүгдийн төлөө байгаад баясдаг.

Зураг
Есүс Христ Иерусалимд илжиг унан ирсэн нь

Бид Христийн амилсны баяраар Есүс Христийн амилалтыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Бидний Аврагч “Миний дотор та нар амар амгалан байг. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” (Иoхан 16:33) гэж сануулсан билээ.

Христийн амилсны баярыг тэмдэглэхдээ бид Есүс Христ —зөвхөн эрт дээр үед биш, одоо; зөвхөн зарим хүний хувьд ч биш бүх хүний хувьд амьд гэдэгт баясдаг. Тэрээр шархалсан зүрхийг эдгээж, олзлогдогсдыг чөлөөлж, сохруудад хараа оруулж, дарамтад байсныг чөлөөлөх гэж ирсэн мөн эдүгээ ч ирдэг (Лук 4:18-ыг үзнэ үү.) Бидний хүн нэг бүр энэ бүхнийг мэдэрч байсан. Түүний гэтэлгэлийн амлалтууд бидний өнгөрсөн, одоогоос эсвэл ирээдүйн төлөөх сэтгэл зовнилоос маань үл хамааран үйлчилдэг.

Хосанна мөн Халлелуяа

Далдуу модны ням гарагт Есүс Христ дудран унан Иерусалим руу ороход олон “хүн далдуу модны мөчир барьж, Түүнийг угтахаар гарав” (Иохан12:12–13; түүнчлэн Матай 21:8–9; Марк 11:8–10-ыг үзнэ үү). Уламжлал ёсоор, далдуу мод нь өөрсдийн Их Эзэнд баясах баяслыг илэрхийлэх ариун бэлгэ тэмдэг болдог. Итгэгчид үүнийг бошиглолын биелэлт гэдгийг мэдээд, “Хамгийн Дээдэд Хосанна” (Матай 21:9) хэмээн хашхиралдав. Хосанна гэдэг нь “одоо авраач” гэсэн утгатай (Библийн толь бичгийг үзнэ үү, “Хосанна”).

Далдуу модны ням гаргийн дараагийн ням гараг бол Христийн амилсны баяр юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бид өөрсдөө төлж чадахааргүй тийм их өртэй байсан тул бидний Гэтэлгэгч, Их Эзэн Есүс Христ Өөрийн тавиагүй өрийг төлөхөөр ирсэн билээ” 1 гэж заасан. Үнэхээр Бурханы бүх хүүхэд Христийн Цагаатгалаар дамжуулан “сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар аврагдана”(Итгэлийн тунхаг 1:3). Христийн амилсны баяраар бид халлелуяа хэмээн дуулдаг. Халлелуяа гэдэг нь “Их Эзэн Иехова Таныг магтъя” гэсэн утгатай (Библийн толь бичгийг үзнэ үү, “Халлелуяа”).

Далдуу модны болон Христийн амилсны баяр гэсэн хоёр ням гаргийн хооронд болсон ариун нандин үйл явдлууд бол хосанна, халлелуяагийн түүх билээ. Хосанна бол Бурханаас аврал хүсэж буй бидний гуйлт, харин халлелуяа бол аврал, өргөмжлөлийг хүлээн авна хэмээн найдвар тээн, Их Эзэнд магтаалаа өргөж байгаа хэрэг юм. Бид хосанна, халлелуяа хэмээснээр Христийн амилалтын баярын гол утга учир бол амьд Есүс Христ юм гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Зураг
Есүс Христ

Сэргээлт ба Амилалт

Сэргээлтийн эхний жилүүдэд буюу 1836 оны 4-р сарын 3-ны Христийн амилсны баярын ням гарагт Көртландын ариун сүм онцгойлон адислагдсаны дараа амьд Есүс Христ үзэгджээ. Түүнийг харсан хүмүүс гал, ус гэсэн эсрэг тэсрэг хоёр үгээр зүйрлэн, ийн гэрчилсэн. “Түүний мэлмий галын дөл лугаа адил байв; тэргүүнийх нь үс цэвэрхэн цас мэт цав цагаан байв; түүний төрх байдал нарны гэрлээс ч илүү хурцаар гялалзаж байлаа; мөн дуу хоолой нь агуу их ус хуйлрах мэт байв, бүр Иеховагийн дуу хоолой” гэжээ (Сургаал ба Гэрээ 110:3; тодотгол нэмэгдсэн).

Тэр үед бидний Аврагч “Бибээр эхнийх мөн эцсийнх болой; Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан тэрбээр бөлгөө; бибээр Эцэгийн өмнө та нарын өмгөөлөгч билээ” хэмээн тунхагласан (Сургаал ба Гэрээ 110:4). Ахиад л эсрэг тэсрэгийн зүйрлэл буюу эхнийх мөн эцсийнх, амьдардаг ба алагдсан. Тэр бол Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл (Илчлэлт 1:8; 3 Нифай 9:18; Сургаал ба Гэрээ 19:1; 38:1; 45:7-ийг тус тус үзнэ үү), бидний итгэлийг эхлүүлэгч мөн дуусгагч (Еврей 12:2; Моронай 6:4-ийг үзнэ үү).

Есүс Христийг үзэгдсэний дараа Мосе, Елиас, Елиа нар мөн адил ирсэн. Хуучин цагийн эдгээр агуу бошиглогч тэнгэрлэг заавраар санваарын түлхүүрүүд болон эрх мэдлийг сэргээсэн. Ийнхүү Бурханы бүх хүүхдийг адислахын тулд Түүний сэргээгдсэн Сүм дотор “энэ эрин үеийн түлхүүрүүд даатгагдсан.”Сургаал ба Гэрээ 110:16

Хамгийн чухал нь, Христийн амилсны баярын гол утга учир нь “Христийн хүч ба амилалтын” (Алма 41:2) гэсэн хоёр сэргээлтэд оршиж байдаг гэдгийг Мормоны Номонд тайлбарласан байдаг.

Нэгдүгээрт, амилалтад “зохих мөн төгс хэлбэртээ” буюу “үе болон мөч болгон,” “бүр толгойноос нэг ч үс гээгдэхгүй” (Алма 40:23) сэргээгдэх бие махбодын сэргээлт ордог. Энэ амлалт нь гар хөлөө алдсан, харах, сонсох, алхах чадваргүй болсон эсвэл хүнд өвчин, сэтгэцийн эмгэгтэй, бусад чадвар, чадамжаа алдсанаас болж зовсон хүмүүст найдвар өгдөг. Тэр биднийг олдог. Тэр биднийг бүтэн болгодог.

Сүнслэг байдлын хувьд “бүх зүйл өөрсдийн зохист ёсоор сэргээгдэнэ” (Алма 41:4) гэсэн амлалт бол Христийн амилсны баярын болон Их Эзэний Цагаатгалын хоёр дахь амлалт юм. Энэхүү сүнслэг байдлын сэргээлт нь бидний үйл, хүслийг илэрхийлдэг. Энэ нь “сайныг,” “зөв шударгыг,” “шударгыг,” “нигүүлсэнгүйг” (Алма 41:13) сэргээдэг юм. “Шударгаар харьц, зөв шударгаар шүү, мөн үргэлж сайныг үйлд”Алма 41:14 гэж уриалахдаа бошиглогч Алма сэргээх гэдэг үгийг яагаад 22 удаа2 ашигласныг гайхах юун.

“Бурхан өөрөө дэлхийн нүглийн төлөө цагаатгалыг нөхөн төлдөг”42 учраас Их Эзэний Цагаатгал зөвхөн ямар байсныг биш, харин ямар байж болох тэр байдалд бүрэн бүтэн болгодог. Тэр бидний бүх төрлийн өвчин шаналал, зовлон зүдүүр, уруу таталтыг мэддэг учраас Алма 7:11 биднийг сул дорой байдлын маань дагуу нигүүлслээр халамжилж чадна.Алма 7:12 Бурхан “төгс, шударга Бурхан, мөн түүнчлэн нигүүлсэнгүй Бурхан” тул нигүүлслийн төлөвлөгөө “шударга ёсны шаардлагыг хангадаг” (Алма 42:15). Бид наманчилж, чадах бүхнээ хийдэг. Тэр биднийг “хайрын мутраараа” (2 Нифай 1:15) мөнхөд хүрээлдэг.

Үүрдийн баяр баяслын дууг дуулах нь

Би та бүхэнтэй хамт Христийн амилсны баярын энэ үеэр Бурхан, бидний Мөнхийн Эцэгийг болон Түүний хайрт Хүү, амьд Есүс Христийг гэрчилж байна. Мөнх бус олон хүн хэрцгийгээр цовдлогдож, дараа нь амилуулагдсан. Гэвч зөвхөн амьд Есүс Христ Өөрийн төгс амилсан биед буюу гар, хөл, хавирган дээрх цовдлуулсан шархтайгаа үлдсэн. Зөвхөн Тэр л “би та нарыг гарынхаа алган дээр сийлсэн” хэмээн хэлж чадна (Исаиа 49:16; 1 Нифай 21:16). Зөвхөн Тэр л “Бибээр дээш өргөгдсөн тэрбээр болой. Би бол цовдлогдсон Есүс болой. Би бол Бурханы Хүү” гэж хэлж чадна (Сургаал ба Гэрээ 45:52).

Бид Бурханыг эрэлхийлж, нэг нэгэндээ гараа сунган туслах үед Түүний хайр бидний дотор өсөн нэмэгдэж болохын тулд энэ цаг үед Бурханы сайн сайхан болоод өөрсдийн бурханлаг чадавхийнн талаар улам ихийг сурч мэдэж чадна. “Мөнхүү улиран тохиох дор бүх үндэстнүүдийн дундаас зөв шударгыг үйлдэгчид цуглуулагдах болно, мөн үүрдийн баяр баясгалангийн дууг дуулан Сионд ирэх болно” (Сургаал ба Гэрээ 45:71). Хосанна, халлелуяагаар дүүрэн энэ баярын өдрүүдэд халлелуяа хэмээн дуулцгаая. Учир нь Тэр үүрд мөн мөнхөд хаанчилна! Хосанна, Бурхан, Хурга хоёр хэмээн хашхирцгаа!

Хэвлэх