2021
Хэрхэн үргэлж Сүнстэй хамт байх вэ
2021 оны 3-р сар


“Хэрхэн үргэлж Сүнстэй хамт байх вэ,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 3-р сар, 26–29.

Ирээд, Намайг дага

Үргэлж Түүний Сүнстэй хамт байхад бэлтгэх нь

Долоо хоног бүр ариун ёслолоос зохистой хүртэхэд өөрсдийгөө бэлтгэх нь бидэнд Сүнсийг өөрсөдтэйгээ үргэлж хамт байлгахад тусалж чадна.

Зураг
Залуу эрэгтэйчүүд ариун ёслол түгээж мөн хүртэж байна

Би 12 настай байхдаа АНУ-ын Нью Йорк мужийн хойд хэсэгт байрлах сүмийн түүхийн дурсгалт газарт гэр бүлийн хамт зочилсон юм. Ариун ойн цоорхойд би Анхны үзэгдлийг болон Иосефын харсан бусад гайхамшигтай үзэгдлийн талаар тунгаан, дотроо “Хөөх! Хэрэв би Иосефын адил тэнгэрлэг хүмүүстэй уулзах гайхамшигтай сүнслэг тохиолтой учирвал миний амьдрал гайхалтайгаар өөрчлөгдөнө” гэж бодож байснаа санадаг.

Түүнээс хойш би амьдралд тохиолдох нэг томоохон сүнслэг учирлаас илүүтэй намайг гэрчлэлд минь хүчирхэг мөн гэртээ харих замд минь аюулгүй байлгах жижиг туршлагууд хэрэгтэй гэдгийг сурсан юм. Тэнгэрлэг Эцэг бидний амьдралд энгийн удирдамжууд хэрэгтэй гэдгийг мэдэж байсан ба бидэнд тэдгээрийг хүлээн авах арга замыг бэлтгэн өгсөн.

Түүний Хүүд хангалттай итгэн наманчилж, баптисм хүртэх тэдэнд Тэрээр Ариун Сүнсний бэлгийг өгдөг. Долоо хоног бүрийн ариун ёслолоор дамжуулж бид Түүнийг санаж, зарлигуудыг нь сахих юм бол “өөрсөдтэйгээ үргэлж Түүний Сүнсийг хамт байлгах” боломжийг Тэр бидэнд олгодог (Сургаал ба Гэрээ 20:77). Энэ нь бидynau сонгох эрхээ ашиглан Тэнгэрлэг Эцэг рүүгээ буцах зам дээр үлдэхэд маань туслах шийдвэрүүдийг гаргахдаа Сүнсний удирдамжийг өдөр тутам хүлээн авах боломжтой болгодог.

Ариун ёслол ба Сүнс

Зураг
ариун ёслол

Тэнгэрлэг Эцэг бидэнд нэг удаагийн том туршлага бус Сүнсний удирдамжийг хүлээн авах байнгын эрх хэрэгтэй гэдгийг мэддэг. Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан биднийг цэвэр болоход туслах усанд умбуулалтаар хийгдэх баптисмын ёслолыг сэргээсэн. Үүний дараа бид Сүнсний удирдамжийг өдөр тутам хүлээн авах боломжийг бидэнд олгодог гар тавилтаар өгөгддөг Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахад бэлэн болдог.

Нэг удаа нүглээс цэвэрших нь хангалттай биш бөгөөд өөрсөдтэйгээ үргэлж Сүнсийг хамт байлгахын тулд Аврагчийг санан дахин дахин нүглээсээ цэвэршиж байх шаардлагатайг Тэнгэрлэг Эцэг мэддэг. Энэ зорилгын учир Тэрээр ариун ёслолын ёслолуудыг сэргээсэн юм. Бид болгоомжтойгоор бэлтгэн, ариун ёслолоос тогтмол хүртэх аваас “өөрсөдтэйгээ үргэлж Түүний Сүнсийг хамт байлгах болно” хэмээх амлалт бидэнд өгөгдсөн (С ба Г 20:77; тодотгол нэмэгдсэн).

Гэсэн хэдий ч, Сүмд зүгээр ирээд л талхнаас идэн, уснаас уух нь Их Эзэний амлалтад хүрэх боломжийг бидэнд олгохгүй. Ёслолуудад зорилготойгоор бэлтгэснээр бид амьдралдаа Аврагчийн хүчийг хүлээн авах боломжтой болдог.

Тамирчид зөвхөн дүрэмт хувцсаа өмссөнөөрөө, заал руу алхаснаараа эсвэл талбай дээр гарч тоглосноороо чадварлаг болдоггүй. Тэд спортын төрөлдөө чадварлаг болохын тулд биеэ дасгалжуулж, шаардлагатай арга техникийг сурч, бэлтгэл хийх ёстой. Үүнтэй адилаар, бид Аврагчийн бидэнд өгч чадах хүч чадлыг хүлээж авахын тулд ариун ёслолоос зохистой бөгөөд хүндэтгэл бишрэлтэй хүртэхэд хэрхэн бэлтгэх талаар суралцах ёстой.

Өөрийн сүнс болон зүрх сэтгэлээ ариун ёслолоос хүртэхэд бэлтгэх нэг арга зам нь долоо хоног бүр өөртэйгөө богинохон ярилцлага хийх явдал юм. Би өөртэйгээ ярилцлага хийхдээ Сургаал ба Гэрээ 20:37 судрыг ашиглах дуртай. Энэ шүлэг нь Бурханы бошиглогч Иосефт илчилсэн баптисмын шаардлагуудыг багтаадаг. Энэ шүлэг нь баптисм хүртэх хүсэлтэй хүмүүсийн биелүүлэх ёстой шалгууруудыг багтаасан байдаг. Энэ нь ариун ёслолоор дамжуулан шинэчлэгдэх боломжтой амлалтуудыг хүлээн авахад өөрийгөө бэлдэхэд маань тусалдаг гэдгийг би мэддэг.

Зураг
Тунгаан бодож буй залуу эмэгтэй

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Энэ судрыг өөрийн чиглүүлэгч болгон ашиглаж, ариун ёслолоос хүртэхэд өөрийгөө бэлтгэгдсэн эсэхээ мэдэхээр би өөрөөсөө асуудаг асуултуудын заримыг энд дурдъя.

Би Бурханы өмнө өөрийгөө даруусгасан уу?

Өөрийгөө Бурханы өмнө даруусгах эхний шаардлага нь Сургаал ба Гэрээ 20:37-д бичигдсэн байдаг. Үүнийг бид сударт бичигдсэний дагуу Түүний үйлчлэгчдээр заагдсан эсвэл өдөөлтөөр ирсэн Түүний хүслийг хүлээн зөвшөөрч, дагахад бэлэн байснаар хийдэг.

Яг одоо аливаа нэг зүйл дээр Бурхантай тэрсэлдэж байгаа эсэхээ би өөрөөсөө асуудаг. Би Түүний чиглүүлгийг эсэргүүцэж байна уу? Би Түүний үйлчлэгчдийн сургаалд анхаарлаа хандуулж байна уу? Хэрэв үгүй бол ариун ёслолоос хүртэхээр бэлдэх явцдаа илүү сайн байхын тулд би сайжирч хариуцлагатай байх төлөвлөгөө гаргадаг. Бурхан бүхнийг мэддэг— Тэрээр миний амьдралыг өргөн цар хүрээтэйгээр хардаг гэдгийг ухаарах үед Түүний өмнө өөрийгөө даруусган, намайг хамгийн сайн руу чиглүүлнэ гэдэгт итгэхэд илүү хялбар болдог юм.

Надад гэмшсэн сэтгэл, харууссан зүрх байна уу?

Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй байх нь даруу байдалтай холбогддог. Энэ нь Бурханы хүсэлд захирагдахад бэлэн байна гэсэн үг юм. Даруу байх гэдэг нь хэцүү байсан ч эсвэл бид бусад хүний буруу гэж бодсон ч гэсэн намайг уучлаарай гэж хэлэх мөн бусдыг уучлахыг хэлдэг. “Би хүн бүрийг хайрладаг” гэж та хэлж чадах уу? Та өөрийн эргэн тойронд байх хэн нэгнийг гомдоож байсан эсвэл танд хэн нэгний талаар таагүй сэтгэгдэл бий юу? Та уучлал гуйх хэрэгтэй юу?

Надад харууссан зүрх, гэмшсэн сэтгэл байх үед Бурханы хувьд мөн өөрийн эргэн тойрон дахь хүмүүсийн хувьд зөв зүйлс хийх хичээл зүтгэл гаргахад би бэлэн байдаг. Би бусдын талаарх сөрөг бодол мэдрэмжээсээ салахыг хичээдэг. Бид сөргөлдөөний мэдрэмжтэй байх үед Сүнс бидэнтэй оршдоггүй учир энэ мэдрэмжээсээ салах нь ариун ёслолын амлалтуудыг хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэх чухал алхам юм.

Надад нүглээсээ дахин цэвэрших хүсэл байна уу? Мөн би бүх нүглээ наманчилсан гэж гэрчилж чадах уу?

Сургаал ба Гэрээ 20:37-д байх өөр нэг шаардлага нь “өөрсдийн бүх нүглээ үнэнчээр наманчлах” юм. Бид баптисм хүртэх үедээ өөрсдийн нүглээсээ угаагдсан. Бид Бурханы зарлигуудыг сахин, алдаа гаргах үедээ наманчлахыг хичээх болно хэмээн амлалт өгсөн.

“Би ёстой гэж бодож байгаа учраас ариун ёслолоос хүртэж байна уу эсвэл үнэхээр дахин цэвэр болохыг хүсэж байгаа учраас ариун ёслолоос хүртэж байна уу” гэж би өөрөөсөө асуудаг. Тухайн долоо хоногт хийсэн нүгэл, гаргасан алдаанууд руугаа эргэж хараад би үнэхээр өөрчлөгдөж, тэдгээрээс ангижрахыг хүсэж байгаа эсэхээ би өөрөөсөө асуудаг. Цэвэр болох хүсэл танд төрөх үед Сүнснээс та сайжруулах хэрэгтэй зүйлсээ мэдэж авах ба үргэлжлүүлэн таныг наманчилж, илүү сайн сонголт хийхэд Тэрээр өдөөх болно.

Их Эзэнд (мөн шаардлагатай бол өөрийн гомдоож, хохирол учруулсан хэн нэгэнд) нүглээ өчих нь бидний бэлтгэлийн нэг хэсэг юм.

“Хараахан амжаагүй өөрчлөх шаардлагатай зүйл надад бий юу? Наманчлах шаардлагатай зүйл надад одоог хүртэл байна уу?” гэж өөрөөсөө асуу. Чин сэтгэлийн наманчлалаар дамжуулж асуудлуудыг шийдвэрлэх нь биднийг ариун ёслолоос хүртэх шаардлагад нийцүүлдэг.

Би Есүс Христийн нэрийг ѳѳр дээрээ авахад бэлэн байна уу?

Бидний хийдэг гэрээ бүр Христийн нэрийг өөрсөд дээрээ илүү бүрэн дүүрэн авна гэсэн утгыг илтгэж байдаг. Бид баптисм хүртсэнээр Есүс Христийн нэрийг өөр дээрээ авч, Түүний зарлигуудыг нь сахихад бэлэн гэдгээ харуулдаг. Бид Ариун сүмд нэмэлт гэрээ байгуулах эсвэл дуудлага хүлээн авахдаа Христийн зорилго болон Түүний сургаалд өөрсдийгөө илүү ойртуулдаг. Долоо хоног бүр ариун ёслолын нэг хэсэг болох Түүний нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн гэдгээ харуулна гэдэг нь өмнө нь Түүнтэй хийсэн өөрсдийн бүхий л гэрээ болон амлалтуудаа шинэчилнэ гэсэн үг юм.

Ариун ёслолоос хүртэх өөрийн бэлтгэлээ дүгнэхдээ “Би Христ болон Түүний сургаалын үлгэр жишээ нэгэн байхад хамгийн сайнаа хийж байна уу? Би өөрийн гэрээнүүдэд холбогдох бүх амлалтаа биелүүлж байна уу? Би Христэд мөн Түүнтэй хийсэн гэрээнүүддээ анх хийсэн өдрийнхөө адилаар өнөөдөр үнэнч хэвээр байна уу?” гэх мэт асуултуудыг өөрөөсөө асуудаг.

Би Бурханд эцсээ хүртэл үйлчлэх шийдвэр тѳгс байна уу?

Бид баптисмын гэрээгээ байгуулах үедээ Түүний зарлигуудыг дагахаар бүхий л чадлаараа мэрийх болно хэмээн Их Эзэнд амлалт өгсөн. Хамгийн агуу хоёр тушаал бол Бурханаа хайрлах мөн хөршөө хайрлах юм (Матай 22:36–40-ийг үзнэ үү). Бид тэдэнд үйлчилснээр Бурхан болон өөрсдийн хөршид аль алинд нь хайраа харуулдаг.

“Би тэдэнд үйлчлэх цаг гаргадаг уу? Би тэдэнд үйлчлэхээс цааргалдаг уу эсвэл тэдэнд үйлчлэхдээ баяртай байдаг уу?” гэж би өөрөөсөө асуудаг. Би өөрийн дуудлагаа эрхэмлэн биелүүлдэг үү? Бусдад үйлчлэх нь ариун ёслолоос хүртэхэд бэлтгэх гайхалтай арга зам юм. Үнэндээ ихэнх тохиолдолд бусдад үйлчлэхэд Сүнсний удирдамж бидэнд хэрэгтэй.

Их Эзэний амлалтуудад итгэ

Бид зорилготойгоор долоо хоног бүр ариун ёслолоос зохистой хүртэхээр бэлтгэхдээ бидний амьдралд нөлөөлж, чиглүүлэх Сүнсийг үргэлж хамт байлгах шалгуурт тэнцэх болно. Энэ бол Их Эзэнээс ирсэн амлалт юм.

Хэвлэх