2010–2019
Өндөр зорилго тавихад нь хүүхдүүддээ тусал
Аравдугаар сар 2012


20:1

Өндөр зорилго тавихад нь хүүхдүүддээ тусал

Таны удирддаг хүмүүс таны удирдамж, чиглүүллээр Бурханы хаант улсад үйлчлэхийн тулд бүрэн хүч чадлаа дайчлан ажиллах боломжтойгоо ойлгож, үүндээ итгэн, үйлчлэх хүсэл нь нэмэгдэх болно.

Энэхүү санваартны чуулганд оролцож, ийм гайхалтай заавар, гэрчлэлүүдийг сонсох боломжтой байгаадаа би маш их талархалтай байна. Энэ нь миний амьдралын туршлагыг надад бодогдууллаа. Надад байсан, гэхдээ би өөрөө харж чадахгүй байсан зүйлсийг намайг мэддэг хүмүүс харсны учир санваартны хувьд гүйцэтгэх боломжтой зүйлс маань бараг бүгд гүйцэлдсэн юм.

Би залуу эцэг байхдаа хүүхдүүд маань Их Эзэний хаант улсад ямар хувь нэмэр оруулж чадахыг мэдэхийн тулд залбирдаг байлаа. Хөвгүүдийн хувьд тэд санваарын боломжуудыг ашиглаж болохыг би мэдсэн. Харин охидын хувьд тэд Их Эзэнийг төлөөлөн үйлчлэл үзүүлж болно гэдгийг мэдэж авсан. Хүүхдүүд бүгдээрээ Түүний ажлыг хийж чадна. Хүүхэд бүр тусдаа хувь хүн учраас Их Эзэн тус бүрд нь Түүнд үйлчлэхэд хэрэг болох өвөрмөц бэлэг өгсөн байгааг би мэдэж байлаа.

Эдүгээ би эцэг бүр, залуучуудын удирдагч болгон юу хийвэл зохихыг тодорхойгоор, нэгд нэгэнгүй хэлж чадахгүй. Гэвч та нар төрөлхийн заяасан сүнсний бэлгүүдээ танихад нь залуучуудад тусалснаар тэднийг адисалж чадна гэдгийг би та нарт амлаж байна. Хүн бүр өөр, мөн өөр өөр хувь нэмэр оруулж чадна. Бурханы хаант улсад хувь нэмрээ оруулж чадахгүй нэг ч хүн байхгүй. Санваараар удирддаг тэдгээр хүмүүст тань, ялангуяа залуучуудад Бурханы соёрхсон бэлгүүдийг олж харахын тулд та бүхэн илчлэлтийг эрэлхийлвээс тэдний хийж чадах үйлчлэлд залуучуудыг удирдахаар адислагдах болно. Таны удирддаг хүмүүс таны удирдамж, чиглүүллээр Бурханы хаант улсад үйлчлэхийн тулд бүрэн хүч чадлаа дайчлан ажиллах боломжтойгоо ойлгож, үүндээ итгэн, үйлчлэх хүсэл нь нэмэгдэх болно.

Би хүүхэд нэг бүрээ Бурханд үйлчлэх өвөрмөц боломжуудад бэлтгэхэд хэрхэн тусалж болохыг мэдэхийн тулд хүүхдүүдтэйгээ хамт залбирдаг байлаа. Тэгээд дараа нь ирээдүйгээ төсөөлөн, ирээдүйдээ итгэн найдаж, үүнийхээ төлөө зүтгэхэд нь тэдэнд туслахыг би хичээдэг байв. Би хөвгүүддээ зориулан тус бүрт нь түүний онцгой бэлгүүдийг дүрсэлсэн судрын эшлэл болон нэг бэлгийнх нь дүрс бүхий жижигхэн модон самбар зорж хийсэн. Зураг болон бичээсийн доод талд хөвгүүн бүрийнхээ баптисм хийлгэсэн болон санваарын албан тушаалууд томилогдсон он сар өдрийг эдгээр үйл явдлын үеэрх нурууны өндрийг тэмдэглэн сийлсэн юм.

Хөвгүүн бүрдээ зориулж сийлсэн самбар нь сүнсний бэлгүүдээ таньж, Их Эзэний ажилд ямар хувь нэмэр оруулж чадахаа харахад түүнд туслахын тулд сийлбэртэй самбар хийснээ би дүрслэн ярья. Та бүхэн өөрийн хайрладаг мөн удирддаг залуу хүн бүрийн онцгой бэлэг болон боломжуудыг танин мэдэхэд над шиг сүнслэгээр нөлөөлөгдөж болох юм.

Ууган хүү маань дикон, Ийгл Скаут болох үед түүний болон түүний ирээдүйн тухай бодоход бүргэдийн зураг миний санаанд орж билээ. Бид Айдаход Өмнөд Тетон уулын бэлд амьдарч байхдаа ууланд явган явж, бүргэдүүд тэнгэрт элин халин нисэхийг хардаг байлаа. Энэ зураг Исаиагийн дараах үгсийг надад санагдуулж билээ:

“Тэр ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг.

“Залуу хүн ч ядарч сульдан идэр хөвгүүд ч бүдэрдэг:

“Харин Эзэнд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ.Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Тэд гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцна.”1

Хүү минь ядарч цуцсанаас бид Өмнөд Тетон уулын оргилын доохно талд явган аяллаа өндөрлөсөн юм. Тэрээр зогсохыг хүссэн бөгөөд “Бид уулын оргил дээр гарч чадаагүйнхээ төлөө би үргэлж харамсах болж байна уу? Аав аа, та дээшээ яв. Би таны урмыг хугалахыг хүсэхгүй байна” гэж хэлэхэд нь,

“Би хэзээ ч урам хугарахгүй, чамд ч харамсах юм огт байхгүй. Бид уулын оргилд хамт гарснаа үргэлж дурсан санах болно” гэж би хариулж билээ. Тэгээд би хүүгийнхээ өндрийн хэмжээг заасан самбарын дээд талд бүргэд сийлж, “Бүргэдийн далавчин дээр” гэсэн бичээс үйлдэж билээ.

Хэдэн жилийн дараа, номлогчийн хувьд хүү минь миний хамгийн их найдаж, төсөөлж байснаас илүү өндөрт элин халин ниссэн юм. Номлолын талбарт тохиолдсон зарим сорилт бэрхшээлийг даван туулах нь түүнд ахадсан мэт санагдаж байсан. Таны тусалж дэмждэг залуу хүнд миний хүүд тохиолдсонтой адил зүйл тохиолдож болно. Миний бодлоор огт боломжгүй мэт санагдаж байсан хэцүү гадаад хэлээр сайн мэдээг номлоход Их Эзэн хүүг минь өндөрт өргөн дэмжсэн юм. Хэрэв та хэн нэгэн хөвгүүнд санваарын боломжуудыг нь мэдрүүлэхийг хичээх юм бол Их Эзэн хэрэгтэй зүйлийг чинь хэлж өгөх болно гэдгийг би танд амлаж байна. Их Эзэн танд илчилсэн зүйлээс тэр хөвгүүн илүү чадавхитай байж болно. Өндөр зорилго тавьж түүндээ хүрэхэд нь түүнд тусал.

Таны дэмжиж тусалдаг хөвгүүн бат бөх итгэлтэй санваартан үйлчлэгч болоход хэтэрхий бүрэг юм шиг санагдаж магадгүй. Манай хөвгүүдийн бас нэг нь бага байхдаа дэлгүүрт ороод худалдагчтай хэд гурван үг сольж чаддаггүй ичимхий бүрэг хүүхэд байсан. Тэр хэтэрхий аймхай, бүрэг байсан болохоор би түүний ирээдүйн санваартны амьдралынх нь талаар санаа зовж, залбирдаг байлаа. Түүнийг номлолын талбарт байгаагаар бодож үзэв, тийм ч найдвар төрөм санагдаагүй. “Хэн ч мөрдөж мөшгөөгүй байхад хар санаатан зугтдаг бол зөв шударга хүн арслан мэт зоригтой”2 гэсэн Сургаалт Үгс дэх судар руу би хөтлөгдсөн юм.

Би түүний самбар дээр архирч байгаа арслангийн толгойн дүрсний доод талд “Арслан мэт зоригтой” гэдэг үгийг сийлсэн юм. Тэр хүү минь номлолд үйлчилсэн үедээ бас дараагийн жилүүдэд нь энэхүү сийлбэрээр илэрхийлсэн миний найдварыг биелүүлсэн юм. Нэгэнтээ бүрэг ичимхий байсан миний хүү агуу итгэл үнэмшилтэйгээр сайн мэдээг зааж, аюул ослыг зоригоор даван туулсан юм. Их Эзэнийг төлөөлөх үүрэг хариуцлагаа тэр нэр төртэй биелүүлсэн билээ.

Таны удирддаг залуу эрэгтэйд ийм зүйл тохиолдож болно. Хэрэв та түүнд итгэлийг нь төлөвшүүлбэл одоо таны харж байгаа бүрэг хөвгүүнийг Их Эзэн зоригтой үйлчлэгч болгон өөрчлөх болно.

Их Эзэн Өөрийн үйлчлэгчдийг зоригжуулдгийг бид мэднэ. Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг ойн цоорхойд харсан залуу хөвгүүн Иосеф сүнслэг байдлын хувьд агуу нэгэн болон өөрчлөгдсөн шүү дээ. Бошиглогч Иосеф Смит шоронгийн бүдүүлэг харгалзагчдыг хэрхэн зэмлэн дуугүй болгосныг Парли П.Пратт харсан юм. Ахлагч Пратт ийн бичжээ:

“Тэр гэнэт босч ирээд, аянгын нүргэлээн мэт дуугаар эсвээс хүрхрэх арслан лугаа адил ойролцоогоор миний санаж байгаагаар дараах үгсийг хэлэв:

“‘ЧИМЭЭГҮЙ БАЙЦГАА, тамын шулмасууд аа. Би та нарыг Есүс Христийн нэрээр зэмлэн, дуугүй болохыг зарлиглаж байна; Та нарын заваан үг яриаг би дахиад ганц ч минут сонсож тэсэхгүй нь. Заваан яриагаа орхи, үгүй бол та нар эсвэл би НҮД ИРМЭХИЙН ЗУУР үхнэ шүү!’”

Ахлагч Пратт энэ явдлын тухай, “Хэний ч үл мэдэх Миссурийн нэгэн тосгон дахь гянданд шөнө дунд энэхүү сүрдэн биширмээр агуу үйл явдлыг зөвхөн би л харсан юм”3 хэмээн бичжээ.

Их Эзэн Өөрийнх нь зөв шударга үйлчлэгчид Түүний нэрээр ярьж, Түүний санваараар гэрчилсэн үед тэдэнд арслан мэт зоригтой байх боломжийг олгох болно.

Өөр нэгэн хүү маань бүр хөвгүүн байхдаа маш олон найзтай болсон байлаа. Найз нар нь түүнтэй хамт байхыг байнга хичээнэ. Тэр хүмүүстэй тун амархан найз нөхөд болдог байлаа. Тэр хүү минь Бурханы хаант улсад ямар хувь нэмэр оруулж чадахыг мэдэх гэж залбирч мөн хичээсний үр дүнд хүмүүсийг хайр, эв нэгдлээр холбон нэгтгэх чадвар түүнд байгааг би мэдэрсэн.

Энэ нь намайг Миссурид Сионыг байгуулах санваартнуудын хүч чармайлтыг дүрсэлсэн Сургаал ба Гэрээн дэх нэг түүх рүү хөтөлсөн бөгөөд уг түүхэнд тэдний хичээл зүтгэл, хувь нэмрийг тэнгэр элчүүд харж, магтсан тухай өгүүлдэг билээ. Энэ нь агуу золиослолыг шаардсан билээ. Сургаал ба Гэрээн дэх илчлэлтэд “Гэсэн хэдий ч, адислагдсан болой та нар, учир нь та нарын гэрчилсэн гэрчлэл тэнгэр элчүүд харж байхын тулд тэнгэрт цэдэглэгддэг болой, мөн тэд та нарт баясдаг бөлгөө, мөн нүглүүд тань өршөөгдсөн болой та нарт”4 хэмээн өгүүлсэн байдаг.

Хүүгийнхээ нурууны өндрийг тэмдэглэсэн самбар дээр “Тэнгэр элчүүд чамд баярлана” гэсэн үгсийг би сийлэв.

Энэ хүүгийн минь хүмүүсийг цуглуулж, тэдэнд нөлөөлөх чадвар нь сургуулиа төгссөний дараа үргэлжилсэн юм. Тэр санваартан нөхдийнхөө хамт өөрийн бүс дэх залуучуудад хүнд нөхцөл байдлыг тэвчээрээр даван туулж, ялалт байгуулах итгэлийг өгсөн гадасны үйл ажиллагаануудыг зохион байгуулсан билээ. Тэрээр эдгээр залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд итгэлийг төлөвшүүлснээрээ Америкийн алслагдсан хөдөө нутгуудад Сионыг байгуулахад тусалсан юм. Хүүгийнхээ самбар дахь сийлбэрт бүрээ үлээж байгаа тэнгэр элчүүдийг сийлсэн нь хэрэг дээрээ тэд бүрээгээ хэрхэн үлээдгийг яг дуурайлгаж чадаагүй байх, үнэндээ бүрээг сийлсэн нь үлээхээс амархан байсан.

Дэлхий даяарх санваартны удирдагчид өөрсдийн тойрог, гадас, номлолуудад Сионыг байгуулж байгааг тэнгэр элчүүд хараад баярлана. Мөн амьдарч байгаа газартаа, ямар ч нөхцөл байдлыг үл харгалзан Сионыг байгуулахад таны тусалж байгаа залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдэд тэнгэр элчүүд баярлах болно. Сион бол гэрээ ба хайраар холбогдсон хүмүүс юм. Сионд нэгдэхэд нь залуучууддаа туслахыг би та бүхнээс урьж байна.

Хөвгүүдийнхээ нэгэнд нь зориулж би самбарт нь огторгуй дахь нар болон бусдын төлөө хийсэн Аврагчийн залбирлаас авсан: “Энэ бол мөнх амьдрал” гэсэн үгсийг сийлсэн. Аврагч мөнх бус үйлчлэлийнх нь төгсгөл ойртсон үед Эцэгтээ хандаж ийн залбирсан билээ:

“Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.

“Хий гэж надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав.”5

Миний хүү санваарын үйлчлэлийг гурван тивд хийсэн ч хамгийн чухал нь гэртээ, гэр бүлийнхээ дотор хийсэн түүний үйлчлэл юм. Тэр амьдралаа гэрийнхнийхээ дунд өнгөрүүлдэг. Гэртээ ойрхон ажил хийдэг. Эхнэр хүүхдүүдтэйгээ хамт хооллохоор үдийн цайны цагаар гэртээ ирдэг. Хүү минь гэр бүлийнхээ хамт Айринг эгч бид хоёртой маш ойрхон амьдардаг. Тэд манай цэцэрлэгийг арчилдаг. Уг нь энэ цэцэрлэг тэднийх юм л даа. Манай энэ хүү зөвхөн мөнх амьдралд тэнцэхээр амьдардаг төдийгүй, өөрийг нь хүрээлэн буй гэр бүлийнхээ гишүүдийн хайр талархлаар мөнхөд хүрээлүүлсэн хүн юм.

Мөнх амьдрал бол гэр бүлтэйгээ, Эцэг, Хүү, Ариун Сүнс гуравтай үүрд нэгдэн нийлж амьдрах явдал мөн. Мөнх амьдрал нь Бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн Бурханы санваарын түлхүүрүүдийг ашигласнаар боломжтой болдог. Удирддаг залуусаа мөнх амьдралын зорилготой байж, уг зорилгоо биелүүлэхийн төлөө хичээн чармайдаг байхыг урамшуулан дэмжих нь тэдэнд таны өгч чадах нэг агуу бэлэг юм. Та гэр бүлдээ үзүүлдэг үлгэр жишээгээрээ энэхүү бэлгийг үндсэндээ өгч чадна. Таны удирддаг хүмүүс Сүмд гэр бүлгүй байж болно. Гэвч хөшигний хоёр талд гэр бүлийн хайрыг мэдрэхэд мөн тэр хайрыг хүсэх хүсэлтэй байхад нь тэдэнд туслах үүргийг би та нарт өгч байна.

Миний дүрсэлсэн өндрийн самбар нь залуучуудад Бурханы соёрхсон агуу чадавхийг болон тэдэнд болон тэдний ирээдүйд зориулан Түүний бэлтгэсэн үйлчлэлийн боломжуудыг олж харахад тэдэнд туслах арга замуудын зөвхөн нэг нь юм. Үүнийг хүүхдүүддээ болон таны удирддаг бусад залууст зориулж хэрхэн хийхийг мэдэхэд чинь Бурхан танд туслах болно. Гэвч та өөрөө залбирч энэхүү ирээдүйн тухай ойлголттой болж, үүнийгээ залуу хүн тус бүр дээр ганцаарчлан хэрэгжүүлбэл, Бурхан Өөрийн хүүхэд нэг бүрийг хайрлаж, тэдний хүн бүрээс агуу бэлгүүдийг олж хардгийг та мэдэх болно.

Би эцэг хүний хувьд хөвгүүдийн нэгэн адил охид маань ч Бурханы хаант улсад агуу ирээдүйтэй болохыг олж харахаар адислагдсан юм. Би удирдамж эрэлхийлж залбирснаар охид маань Бурханы хаант улсыг байгуулахад тусалж чадах үйлчлэгчдэд байх ёстой итгэл тэдэнд байгааг харж, Бурхан итгэх итгэлийг нь хүчтэй болгоход туслах арга замыг олж харсан билээ.

Би охидоо бага байхад олон үеийнхнээсээ нас барсан хүмүүсийг хайрлах хайрыг мэдрэхэд нь бид бусдад тусалж чадна гэдгийг ойлгосон. Энэхүү хайр нь үйлчлэлээс ирдэг бөгөөд мөнх амьдралын найдварт сүнслэгээр нөлөөлдгийг би мэдсэн юм.

Тиймээс бид талхны сав сийлж, гэртээ барьсан бүтэн талхыг савандаа хийж, бэлэвсэн эмэгтэй, эрэгтэйчүүд гэр бүлүүдэд өгөхөөр хамт гардаг байлаа. Талхны саван дээрээ, “Ж’эйме eт Ж’еспере” гэж бичсэн нь францаар “Би хайртай бас би итгэж найддаг” гэсэн утгатай юм. Охидын маань хосгүй өвөрмөц сүнсний бэлэг зөвхөн миний сийлбэрлэсэн талхны саваар илэрдэг байсан төдийгүй бид тусламж хэрэгтэй хүмүүс, зовж зүдрэгсдэд барьсан талхаа хүргэж өгдөг байсан нь Аврагчийн хайр болон Түүний Цагаатгал хүмүүст найдварын төгс гэрлийг бий болгодгийн нотолгоо болдог байлаа. Энэ бол миний охидын хувьд бас бид бүгдийн хувьд мөнх амьдрал юм.

Одоо та нар, “Айринг ах аа, та намайг модоор хэрхэн сийлбэр хийхийг сурах ёстой гэж байгаа юм уу?” гэж бодож байж магадгүй. Тэгвэл үгүй шүү. Би тэр үед эелдэг уриалгахан, авьяаслаг багш байсан Ахлагч Боид К.Пакерын тусламжтайгаар модоор сийлбэр хийж сурсан юм. Түүний сийлбэрчийн агуу бэлэг, багшийн тэвчээртэй, шаргуу чанартай харьцуулахад миний ур чадвар өчүүхэн юм. Зөвхөн тэнгэр л Ерөнхийлөгч Пакер шиг багшаар хангаж чадна. Гэвч хүүхдүүддээ зориулж модоор сийлбэр хийхгүйгээр тэдний зүрх сэтгэлд нөлөөлөх олон арга зам танд бий.

Жишээ нь, бие биенээсээ хэдэн зуун километрээр алслагдсан бидэнд холбоо мэдээллийн шинэ технологи итгэл найдварын захиасыг бага зардлаар эсвэл үнэгүйгээр байнга хуваалцах боломжийг олгож байна. Ийнхүү захиас хуваалцахад эхнэр минь надад тусалдаг. Бид утсаар ярихаас эхэлдэг бөгөөд холбогдох боломжтой байгаа ач, зээ нар эсвэл хүүхдүүдтэйгээ холбогдож, ажил, хичээл сургуульдаа ямар амжилт олж байгаа ямар үйлчлэл хийсэн талаар нь асууж ярилцдаг. Бас тэднээс тэдгээр үйл явдлуудын гэрэл зургийг бидэн рүү явуулахыг хүсдэг. Тэдгээр гэрэл зургуудад хэдэн догол мөр тайлбар хийж, Мормоны Номын нэг юмуу хоёр шүлэг нэмдэг. “Гэр бүлийн тэмдэглэл: Бага ялтсууд” хэмээн бидний нэрлэсэн тэмдэглэлийн сүнслэг чанар болон бидний хязгаарлагдмал хүч чармайлтад Нифай, Мормон хоёр тийм ч сэтгэл хангалуун байхгүй байж болох юм. Гэвч Айринг эгч бид хоёр энэхүү хүч чармайлтаараа адислагдсан юм. Бид сонгож авсан судрын хэсгүүд болон бичсэн товчхон гэрчлэлийн захиаснаасаа сүнслэг нөлөөг мэдэрдэг. Бид мөн тэднийхээ амьдралаас тэдний зүрх сэтгэл бидэн рүү болон Аврагч руу мөн дээш эргэж байгаагийн нотолгоог олж хардаг.

Бусдад нөлөөлөх өөр олон арга зам бий. Тэдгээрээс заримыг нь та нар аль хэдийнээс ашиглаж байгаа. Гэр бүлийн залбирал хийж, судар судалж хэвших нь ой тойнд хоногшин үлдэх дурсамжуудыг бий болгож, зүрх сэтгэлийн агуу өөрчлөлтөд хүргэх болно. Спортын уралдаан тэмцээн, кино үзэх зэрэг гадна талаас нь харахад дэлхийн шинжтэй үйл ажиллагаанууд ч гэсэн хүүхдийн зүрх сэтгэлд нөлөөлнө. Үйл ажиллагаа ямар байх нь чухал биш харин түүнээс ирдэг мэдрэмж чухал юм. Нэг залуугийн амьдралд агуу өөрчлөлт гаргаж чадах үйл ажиллагаануудыг тодорхойлох нэгэн сайн сорилгыг би нээж олсон юм. Хүний сонирхолд тулгуурласан үйл ажиллагааны үр дүн нь Бурханы бэлэг болж ирдэг хэмээн хүмүүс зөвлөдөг. Энэ нь үнэн байж болохыг би хувийн туршлагаасаа мэднэ.

Би 12-тойдоо дикон болохдоо Нью-Йорк хотоос 80 км хол орших Нью Жерсид амьдарч байв. Бейсболлын мундаг тоглогч болохыг мөрөөддөг байлаа. Аав маань Бронкс дахь түүхэт хуучин Яанкий Цэнгэлдэх Хүрээлэнд болдог тоглолтыг үзэхээр намайг дагуулж явлаа. Жөү ДиМаггио цохиураа далайн цохьтол бөмбөг аав бид хоёрын сууж байсан талбайн төвийг чиглэн талбайн гадна гарсан нь одоо ч миний нүдэнд харагдах шиг болдог. Аав бид хоёр Нэгдсэн Улсын топ лигийн бейсболлын тоглолтыг ердөө ганцхан удаа хамт үзсэн нь тэр байлаа.

Гэтэл дараа нь нэг өдөр би аавтай хамт өөрийн амьдралыг эгнэгт өөрчилсөн юм. Аав намайг НьюЖерсигээс Солт Лейк хот дахь нэгэн томилогдсон патриархын гэрт дагуулан очлоо. Би тэр хүнийг өмнө нь огт харж байгаагүй. Аав намайг үүдний довжоон дээр орхичихоод яваад өглөө. Патриарх намайг сандал дээр суулгаад, гараа толгой дээр минь тавьж, миний зүрх сэтгэл дэх агуу хүслийн илэрхийллийг багтаасан, Бурханаас ирсэн бэлэг болох адислалыг өгсөн юм.

“Энхийг тогтоогчид адислагдсан болой”6 хэмээх үгсийг хэлүүлдэг тэдгээр хүмүүсийн нэг нь би мөн гэдгийг патриарх хэлж билээ. Огт танихгүй хүн миний зүрх сэтгэлийг яаж мэддэг юм бол доо гэж би гайхаад нүдээ нээж, ийм гайхамшиг тохиосон өрөөг тойруулан харлаа. Надад тохиох боломжуудын тухай энэхүү адислал миний амьдрал, гэрлэлт, санваарын үйлчлэлд нөлөөлсөн юм.

Би энэ туршлагаасаа болон түүний дараа тохиолдсон зүйлсээс үндэслэн, “Учир нь хүн бүрд бэлэг бүхэн өгөгддөггүй; учир нь олон бэлэг байдаг, мөн хүн болгонд Бурханы Сүнсээр бэлэг өгөгддөгийг”7 гэрчилж чадна.

Их Эзэний надад илчилсэн бэлгээр би хайрлаж, үйлчилдэг хүмүүсээ адислах боломжуудыг эрж олон, бэлтгэж чадсан юм.

Бурхан бидний бэлгүүдийг мэддэг. Бидэнд өгөгдсөн бэлгүүдийг мэдэхийн тулд, эдгээр бэлгүүдийг хэрхэн хөгжүүлэхийг мэдэхийн тулд, Бурханаас бидэнд олгосон бусдад үйлчлэх боломжуудыг танин мэдэхийн тулд залбирч байхыг би на нарт болон өөртөө даалгаж байна. Гэвч юуны өмнө, Бурханы өгсөн үйлчлэх онцгой бэлгүүдээ танихад нь бусдад туслахын тулд та бүхэн сүнслэгээр нөлөөлөгддөг байхын төлөө би залбирч байна.

Хэрэв та нар залбирч гуйвал өөрийн удирддаг бөгөөд хайрладаг хүмүүсийг үйлчлэх бүрэн хүч чадалд нь хүртэл тусалж, өргөн дэмжих чадвараар адислагдах болно. Бурхан амьд, Есүс бол Христ, бид Бурханы санваарыг атгадаг бөгөөд бидний зүрхэн дэх найдвараас гадна Түүнд үйлчлэх онцгой бэлгүүдийг Бурхан бидэнд бэлтгэсэн байгаа гэдгийг би та бүхэнд гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.