Бусдыг ирээдүйд ямар хүмүүс болсон байхаар нь харж сур
Бид хүмүүсийг одоо ямар байгаагаар нь биш харин ямар хүн болж чадахаар харж сурах хэрэгтэй.
Хайрт ах нар аа, Чуулганы энэхүү үзэсгэлэнт төвд сүнслэг нөлөө бүхий захиасуудыг сонсохоор Бурханы санваартнууд жилд хоёр удаа цугладаг билээ. Сүмийн санваартнуудын ерөнхий хуралдаан үргэлж гайхалтай уур амьсгалд болж өнгөрдөг бөгөөд энэхүү сүнслэг мэдрэмж Чуулганы Төвөөс Бурханы хөвгүүд цугласан газар бүрд тархан хүрдэг билээ. Өнөө орой ч бидэнтэй ийм сүнс хамт байлаа.
Чуулганы энэхүү үзэсгэлэнт төв баригдахаас олон жилийн өмнө Солт Лейк хот дахь Ариун Сүмийн Талбайг үзсэн нэг зочин Табернеклд болсон ерөнхий чуулганы хуралдаанд оролцож, Ах нарын захиасыг сонсчээ. Тэр залбирлуудыг болон Табернеклын Найрал дууны гайхамшигтай дуу хөгжмийг их анхааралтай сонссон гэнэ. Тэр хүн бас Табернеклын гайхамшигт бадралт баг бишгүүр хөгжмийг бахархан биширсэн ажээ. Хуралдаан дууссаны дараа түүнийг “Хэрэв өнөөдрийн үг хэлэгчдийн ярьсан зүйл үнэн гэдгийг би мэдэх юм бол эзэмшиж байгаа бүхнээ өгөхөд бэлэн байна” гэж хэлэхийг нь өөр нэг хүн сонсжээ. Чухамдаа бол тэрээр “Би сайн мэдээний тухай гэрчлэлтэй болохыг хүсч байна” гэсэн ажээ.
Үнэний тухай гэрчлэлээс өөр юу ч энэ дэлхийд тайтгарал, аз жаргалыг бий болгож чадахгүй. Өнөө орой энд цуглаад байгаа хүн бүр хэдийгээр бат бөх байдлаараа өөр өөр ч гэсэн, гэрчлэлтэй байгаа гэдэгт би итгэж байна. Хэрэв өөрийн чинь хүсдэг шиг чинь тийм хүчтэй гэрчлэл өөрт чинь хараахан байхгүй гэж боддог бол, ийм гэрчлэлтэй болохын төлөө ажилла хэмээн би та нарт зөвлөж байна. Итгэл тань хүчтэй бат бөх бол үүнийгээ хадгалахын тулд ажиллагтун. Үнэний мэдлэг бидэнд байгаа болохоор бид агуу ихээр адислагдсан хүмүүс юм.
Ах нар аа, эдүгээ багаахан итгэлтэй эсвээс огт итгэлгүй үй түмэн хүмүүс байна. Хэрэв бид тэдэнтэй гэрчлэлээ хуваалцаж, өөрчлөгдөхөд нь тэдэнд туслах талаар хүч чармайлт гаргавал тэд бат бөх гэрчлэлтэй болж чадна гэдгийг би өнөө орой та нарт хандаж хэлэх гэсэн юм. Энэ бол миний захиас. Зарим тохиолдолд бид хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчлөхөд урам дэм өгч чадна. Би сайн мэдээнд бүрэн дүүрэн итгэлтэй болж хараахан амжаагүй байгаа гишүүдийн талаар эхлээд яръя.
Олон жилийн өмнө Финляндын Хельсинкэд болсон бүсийн чуулганы ээж нар болон охидуудын хуралдаан дээр би нэгэн гайхалтай, сэтгэлд хоногшин үлдсэн, сүнслэг үгийг сонсож билээ. Түүнээс хойш бараг 40 жил өнгөрсөн ч би тэр захиасыг огт мартдаггүй. Үг хэлэгч тэр эмэгтэй олон үнэний тухай ярьсан. Тэрээр бас бусад хүмүүс эмэгтэй хүнд хандаж өөрт нь тэр бол сайхан, нүдэнд дулаахан эмэгтэй, нийгэмд үнэ цэнэтэй хүн гэж хэлж байх хэрэгтэй гэж хэлж билээ.
Ах нар аа, эрчүүд энэ талаараа эмэгтэйчүүдтэй их адилхан гэдгийг би мэднэ. Эрэгтэйчүүд ч бас нийгэмд үнэ цэнэтэй, чадварлаг, чухал хүмүүс хэмээн хэлүүлэх хэрэгтэй байдаг. Эрэгтэйчүүд бидэнд үйлчлэх боломж олгох хэрэгтэй. Идэвхгүй болоод дахин идэвхтэй болох талаараа эргэлзэж байгаа гишүүдэд туслах арга замыг бид залбирч эрэлхийлэх ёстой. Боломжтой үйлчлэл хийхийг тэднээс хүсэх нь дахин идэвхтэй болоход нь тэдэнд хэрэгтэй хөшүүрэг байж болно. Гэвч энэ талаар тусалж чадах удирдагчид заримдаа ийнхүү туслахад дурамжхан байдаг. Хүмүүс өөрчлөгдөж чадна гэдгийг бид байнга санаж явах хэрэгтэй. Тэд гэм нүглээ наманчилж чадна. Тэд санваараа зохистойгоор авч явж, Их Эзэнд хичээнгүйлэн үйлчилж чадна. Би хэдэн жишээ дурдъя.
Би анх Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн болоод Ерөнхийлөгч Давид О,МкКейн зөвлөх, Ерөнхийлөгч Н. Элдон Таннерыг Канадын Альбертад болсон нэг гадасны чуулганд дагалдан явсан юм. Хуралдааны үеэр гадасны ерөнхийлөгч ахлагчаар томилогдох шаардлага хангасан дөрвөн ахын нэрийг уншлаа. Эдгээр эрчүүд Ерөнхийлөгч Таннерын таньдаг хүмүүс байв. Учир нь тэр энэ нутагт нэг хэсэг амьдарч байсан ажээ. Гэвч Ерөнхийлөгч Таннер тэднийг урьд нь ямар байсныг санаж байсан ч, харин тэдний амьдрал өөрчлөгдөж, ахлагч болох шаардлагыг бүрэн хангасан гэдгийг нь мэдээгүй байжээ.
Гадасны ерөнхийлөгч эхний хүний нэрийг хэлээд түүнийг босно уу гэв. Ерөнхийлөгч Таннер “Түүнийг хар л даа. Би түүнийг ингэж өөрчлөгдөнө гэж хэзээ ч бодоогүй” гэж надад шивнэн хэллээ. Гадасны ерөнхийлөгч хоёр дахь хүний нэрийг дуудахад тэр хүн бослоо. Ерөнхийлөгч Таннер намайг аяархан ёворч, мөн л гайхсанаа илэрхийлэв. Энэ нь дөрвөн ах дээр бүгд дээр давтагдлаа.
Хуралдааны дараа эдгээр дөрвөн ахад баяр хүргэх завшаан Ерөнхийлөгч Таннер бид хоёрт олдсон билээ. Хүмүүс өөрчлөгдөж чадна гэдгийг тэд үнэхээр харуулсан юм.
1940, 50-иад оны үед Америкийн шоронгийн харгалзагч Клинтон Даффи шоронгийнхоо хоригдлуудыг ердийн амьдралд дасгах хүч чармайлтаараа нэрд гарч байлаа. Түүний санаачлагыг шүүмжлэгч нэгэн, “Ирвэс толбоо арилгаж чаддаггүй гэдгийг та мэддэг байлгүй дээ” гэхэд
харгалзагч Даффи, “Би ирвэснүүдтэй ажилладаггүй. Би хүмүүстэй ажилладаг, хүмүүс өдөр бүр өөрчлөгддөг гэдгийг та мэдвэл зохино”1 гэж хариулсан гэдэг.
Олон жилийн тэртээ Канадын Номлолд үйлчлэх завшаан надад тохиосон юм. Тэнд бид цөөхөн санваартантай нэг салбар байлаа. Уг салбарыг үргэлж номлогч нар удирддаг байв. Тэр үед надад гишүүд салбарыг тэргүүлэх ёстой гэсэн хүчтэй сэтгэгдэл төрсөн юм.
Манай салбарт насанд хүрсэн Аароны санваарын дикон байсан бөгөөд тэр санваараар шат ахихад тэнцэхээр биш, өөрөөр хэлбэл сүмд идэвхтэй биш байлаа. Би түүнийг салбарын ерөнхийлөгчөөр дуудахаар сүнсээр өдөөгдөв. Би түүнтэй ярилцлага хийсэн өдрөө үргэлж санаж явах болно. Түүнийг салбарын ерөнхийлөгчөөр дууд гэж Их Эзэн надад сүнслэг удирдамж өглөө гэж би түүнд хэлэв. Тэр өөрөө их эсэргүүцсэн ч, эхнэр нь түүнийг ихэд урамшуулан дэмжсэн учир тэр салбарын ерөнхийлөгчөөр үйлчлэхээр болов. Би түүнийг пристээр томилов.
Тэр өдөр түүний хувьд шинэ амьдралынх нь эхлэл байлаа. Түүний амьдрал түргэн цэгцэрч, зарлигуудыг хэрхэн сахиж амьдрах ёстой тийм л байдлаар амьдрах болно хэмээн тэрээр надад ам өгөв. Тэр хэдхэн сарын дараа ахлагчаар томилогдсон. Тэр сүүлдээ эхнэр болон гэр бүлийнхээ хамт ариун сүмд явж, лацдан холбуулсан. Хожим нь тэдний хүүхдүүд номлолд үйлчилж, Их Эзэний өргөөнд гэрлэцгээсэн.
Зарим үед ах нарт тэд бол үнэ цэнэтэй, чухал хүмүүс гэдгийг ойлгуулах нь өөрийгөө өөрчилж, бүрэн идэвхтэй болоход нь тэдэнд тусалдаг. Энэ нь ямар ч насны санваартнуудын хувьд адил юм. Амьдралаа өнгөтэй өөдтэй авч явахад нь тэдэнд туслах нь бидний үүрэг юм. Бид дутагдлаа засахад нь тэдэнд тусалж чадна. Бид хүмүүсийг одоо ямар байгаагаар нь биш харин Христийн сайн мэдээний тухай гэрчлэлтэй болсны дараа ямар болсон байхаар нь харах чадварыг өөртөө хөгжүүлэх ёстой.
Нэг удаа би Колорадогийн Ледвиллд цуглаанд оролцож байлаа. Ледвилл бол далайн түвшнээс дээш 3,000 метрт оршдог газар. Би тэрхүү онцгой цуглааныг далайн түвшнээс дээш их өндөрт болсон учраас бус харин тэр орой болсон нэг зүйлийн улмаас санаж явдаг юм. Цуглаанд хэдхэн санваартан байлаа. Канадын Номлолын нөгөөх салбар шиг энэ салбарыг мөн л үргэлж номлогч нар удирддаг байжээ.
Тэр оройн цуглаан сайхан болсон ч биднийг хаалтын дуу дуулж байхад салбарыг орон нутгийн ерөнхийлөгч тэргүүлэх ёстой гэсэн сүнсний өдөөлт надад ирэв. Тэгээд би номлолын ерөнхийлөгчид хандаж, “Салбарыг тэргүүлж чадах нутгийн хүн байхгүй юү?” гэж асуулаа.
“Тийм хүнийг би мэдэхгүй” гэж тэр хариулав.
Хаалтын дуу дуулж байх үеэр эхний гурван эгнээнд сууж байсан эрэгтэйчүүдийг сайн ажиглахад миний анхаарал тэдгээр ах нарын нэгэн дээр нь тогтов. “Тэр хүн салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж чадах юм биш үү?”
“Би мэдэхгүй байна. Магадгүй л юм” гэж номлолын ерөнхийлөгч хариулав.
“Ерөнхийлөгч өө, би өөр өрөөнд орж түүнтэй ярилцья. Биднийг эргэж иртэл та ярьж бай” гэж би хэллээ.
Бид хоёрыг өрөөнд эргэж ирэхэд номлолын ерөнхийлөгч гэрчлэлээ хэлж дуусч байлаа. Би тэр ахын нэрийг салбарын шинэ ерөнхийлөгч хэмээн танилцууллаа. Тэр өдрөөс хойш Колорадогийн Ледвилл салбарыг нутгийн гишүүн тэргүүлэх болсон юм.
Ах нар аа, бид энэ зарчмыг хараахан гишүүн болоогүй хүмүүст ч хэрэглэж болно. Бид хүмүүсийг одоо ямар байгаагаар нь биш, харин тэднийг Сүмийн гишүүн болж, Христийн сайн мэдээний тухай гэрчлэлтэй болсны дараа тэдний амьдрал сайн мэдээний сургаалуудад нийцсэн байхаар нь харах чадварыг өөртөө хөгжүүлэх ёстой.
Тэртээ 1961 онд номлолын ерөнхийлөгч нарын дэлхий дахины чуулган болоход Сүмийн бүх номлолын ерөнхийлөгчдийг Солт Лейк хотод ирүүлсэн юм. Би Канадын Торонто дахь номлолоосоо Солт Лейк хотод ирэв.
Тэр үед Арванхоёрын Чуулгын туслахуудын нэг байсан Н.Элдон Таннер ах Их Британи болон баруун Европ дахь номлолуудыг тэргүүлж, туршлагатай болсныхоо дараа дөнгөж ирээд байсан юм. Тэрээр хамгийн шилдэг нэг номлогчийн тухай ярьсан юм. Тэр нөгөөх номлогчтой ярилцаж байгаад, “Баптисм хүртээж Сүмд авчирсан бүх хүмүүсийг танд гишүүд зааж өгсөн гэж би бодож байна” гэхэд,
залуу номлогч, “Үгүй, бид тэднийг бүгдийг нь Сүмийн материалууд тарааж айлуудаар явж байгаад олсон юм” хэмээн хариулсан гэдэг.
Бусад номлогчдын олж чадаагүй тийм гарамгай амжилтыг олсны шалтгаан юунд байв? гэдгийг мөн түүний арга барил бусдынхаас ямар ялгаатай болохыгТаннер ах түүнээс асуусан ажээ. Залуу номлогч өөрийнхөө танилцсан болгонд баптисм хүртээхийг хичээдэг гэж хэлжээ. Номлогч залуу хаалга тогшоод тамхи татаж байгаа, хуучин хувцастай, тэр тусмаа шүтлэг бишрэлийг сонирхдоггүй гэмээр хүнийг харах юм бол, тэр хүн өөр нөхцөл байдалд ямархуу байдалтай харагдах бол гэдгийг оюун санаандаа зураглан төсөөлөхийг хичээдэг хэмээн ярьжээ. Тэрээр нөгөөх хүнийг сахлаа хуссан, цэвэрхэн цагаан цамц, цагаан өмд өмссөнийг харин өөрөө түүнийг баптисмын ус руу дагуулан орж байгаагаар дотроо төсөөлөн бодог гэнэ. “Би хүнийг тийм байдлаар төсөөлөн харсан үедээ түүний зүрх сэтгэлд нөлөөлөх арга замаар гэрчлэлээ хуваалцах чадвартай болдог” гэж тэр номлогч ярьжээ.
Бид найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс, хөршүүдээ ийм байдлаар харах үүрэгтэй юм. Дахин хэлэхэд, бид хүмүүсийг одоо ямар байгаагаар нь биш, харин ямар болсон байхаар нь харах үүрэг хариуцлагатай юм. Бусдын тухай ийм байдлаар бодож байхыг би та нараас эрхэмлэн хүсч байна.
Ах нар аа, Их Эзэн та бидний эзэмшдэг санваар хэчнээн чухал болохыг бидэнд хандан удаа дараа ярьсан. Бид энэхүү санваарыг санваарын тангараг ба гэрээгээр хүлээн авдгийг Тэр бидэнд хэлсэн юм. Бид хүлээн авсан бүх зүйлдээ итгэлтэй байж, энэхүү гэрээгээ эцсийг хүртэл сахих үүрэгтэй гэдэг зааврыг Тэрбээр бидэнд өгсөн билээ. Тэгвэл Эцэгт байгаа бүхэн бидэнд өгөгдөх болно.2
Зориг--уруу таталтыг эсэргүүцэх зориг, уулзсан хүн бүхэн тань сайн мэдээний захиасыг сонсох боломжтой байх ёстой гэдгийг санан, бид тэдэнд гэрчлэлээ хэлэх зориг бол зүрхтэй байх ёстой. Бидний олонхид нь энэ тийм ч амар санагддаггүй. Гэвч бид Тимотод хэлсэн Паулын дараах үгсэд итгэж болно:
“Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.
“Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс бүү ич.”3
1974 оны 5-р сард би Жон Х.Гроберг ахтай хамт Тонгагийн арлууд руу очсон юм. Бид Тонгагийн хаантай уулзахаар цаг товлосон бөгөөд бидний уулзалт албан ёсны байдалд болж өнгөрсөн билээ. Бид харилцан найрсаг үг солилцсон. Гэвч биднийг уулзалтаас гарч явахын өмнө Жон Гроберг тогтсон журмаас гадуур нэг зүйл хэлж билээ. “Эрхэм Дээдэс Та болон таны харьяатууд жинхэнэ Мормончууд болох ёстой. Тэгвэл Таны асуудлууд бас танай харьяатуудын асуудлууд ихээхэн хэмжээгээр шийдвэрлэгдэх болно” хэмээн тэр хэлсэн юм.
Хаан яралзтал инээмсэглэн, “Жон Гроберг, таны зөв шүү” гэж хариулсан.
Агрийп хааны өмнө Төлөөлөгч Паул ямар байдалтай байсныг бас Агрийп Паулын гэрчлэлд: “Чи чинь намайг Христийнх болгох нээ”4 хэмээн хариулсныг би тэр үед санаж билээ. Гроберг ах, хаанд гэрчлэлээ хэлэх зоригтой байсан юм.
Өнөө орой Түүний бүрэн цагийн номлогчид болон Их Эзэнд үйлчилж байгаа олон мянган санваартнууд цуглараад байна. Тэд номлолын дуудлагынхаа дагуу гэр орон, гэр бүл, найз нөхөд, сургуулиа орхиод үйлчлэхээр явцгааж байна. Үүнийг ойлгодоггүй хүмүүс: “Тэд яагаад энэ ажилд өдий төдий золиослол хийж, тийм дуртай явдаг юм бэ?” хэмээн асууж магадгүй юм.
Манай номлогчид эрт үеийн гарамгай номлогч Паулын адил: “Учир нь хэрэв би сайн мэдээг тунхаглавал, үүнд сайрхах юм надад юу ч алга. Учир нь би шахалтанд байдаг. Хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол, энэ нь надад зовлон болдог!”5 хэмээн хариулах болно.
Амилсан Их Эзэн Галилд арваннэгэн Төлөөлөгч дээр хүрч ирэхдээ өгсөн хамгийн чухал сургаалууд, хамгийн чухал үүрэг хариуцлага, хамгийн шууд шулуун зарлигуудыг ариун судрууд агуулдаг билээ. Тэрбээр ингэж хэлсэн юм:
“Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн.
“Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж,
“Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, дэлхийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно.”6
Энэхүү бурханлаг зарлиг агуу амлалттай нэгдэн өнөө үе буюу цагийн голчид бидний үйл ажиллагааны удирдамж болж байна. Номлолын ажил бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ялгарах онцлог юм. Энэ нь үргэлж ийм байсан мөн үргэлж ийм байх болно. “Эцсийн эцэст бидний хамгийн агуу, хамгийн чухал үүрэг бол Сайн мэдээг номлох юм”7 хэмээн Бошиглогч Иосеф Смит тунхагласан билээ.
Бурханы энэхүү агуу армид эдүгээ үйлчилж байгаа бүрэн цагийн бүх номлогчид хоёрхон жилийн хугацаанд бүрэн цагийн хөдөлмөрөө дуусган, гэр орондоо, хайртай хүмүүстээ эргэж ирнэ. Тэдний халааг авах хүмүүс бол өнөө орой цугласан Сүмийн Аароны санваартнууд юм. Залуу эрэгтэйчүүд ээ, та нар номлолын дуудлагад хариулахад бэлэн байна уу? Та нар номлолын талбарт хөдөлмөрлөх хүсэлтэй байна уу? Та нар үйлчлэхэд бэлтгэгдсэн үү?
Ерөнхийлөгч Жон Тейлор номлолын ажилд тавигдах шаардлагуудыг дүгнэж хэлэхдээ: “Сайн мэдээний энэхүү захиасыг бусдад хүргэх хүмүүс Бурханд итгэх итгэлтэй, сүсэг бишрэлдээ чин үнэнч, санваартаа хүндэтгэлтэй ханддаг; … Ариун Сүнс болон Бурханы хүчээр дүүрэн[;] … шударга, зарчимч, ариун журамтай, цэвэр ариун ёс суртахуунтай байх ёстой”8 гэжээ.
Ах нар аа, Христийн сайн мэдээг хуваалцах зарлигийг бидэнд өгсөн билээ. Бидний амьдрал Бурханы жишигтэй нийцэж байгаа үед бидний нөлөөнд байгаа хүмүүс: “Ургац хураалт дуусч, зун өнгөрлөө, бид аврагдаагүй байна”9 хэмээн хэзээ ч гашуудахгүй.
Бодгалиудын төгс Хоньчин, бүх хүн төрөлхтнийг аварсан агуу номлогч Тэрбээр бидэнд дараах бурханлаг баталгааг өгсөн юм:
“Хэрэв та нар энэ хүмүүст наманчлалыг тунхаглахад өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр баясгалан хэчнээн агуу байх билээ!
Мөн эдүгээ, хэрэв миний Эцэгийн хаант улсад надад авчирсан нэг бодгальтай хамт та нар агуу баяр баясгалантай байх аваас, хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр баясгалан хэчнээн агуу байх билээ!”10
Эдгээр үгсийг хэлсэн хүн бол Бурханы Хүү, бидний Гэтэлгэгч, бидний Аврагч гэдэг хувийн гэрчлэлээ тунхаглаж байна.
Нөхөрлөлийн гараа бусдад шаргуу бөгөөд тэвчээртэйгээр дахин дахин сунгах зориг бидэнд байхын төлөө, сайн мэдээг хуваалцах зарлигийг биелүүлэхийн тулд бид Тэнгэрлэг Эцэгээс даруухнаар удирдамж хүсдэг байхын төлөө би залбирч байна. Ах нараа, энэ бол бидний үүрэг билээ. Есүс Христийн нэрээр, амен.