Христийн сургаалын хамгийн хүчирхэг, зохистой дадал
Би та нарыг Христийн сургаалаар ахин дахин, давтамжтайгаар, чин сэтгэлээсээ амьдарч, бусдад замынх нь турш туслаарай хэмээн урьж байна.
Олон жилийн өмнө би гэргий Рүт, охин Ашли нарынхаа хамт хэдэн жуулчинтай Америкийн Нэгдсэн Улсын Хавай мужид каяак завины аялалд гарсан юм. Каяак нь сэлүүрт завьтай төстэй намхан завь бөгөөд сэлүүрчин нь урагшаа харж суугаад хоёр талдаа ээлжлэн урагш хойш татах зориулалт бүхий хоёр иртэй сэлүүр ашигладаг. Бидний төлөвлөгөө Оахүгийн эргээс зайдуухан оршдог хоёр арал руу сэлүүрдэн очоод буцаж ирэх байв. Би залуу байхдаа уулсын дундах нууруудыг гатлан каяак сэлүүрдэж байсан тул өөртэй итгэлтэй байлаа. Гэхдээ бардамнал хэзээ ч сайны тэмдэг байдаггүй шүү дээ.
Хөтөч маань бидэнд зааварчилгаа өгч, бидний ашиглах далайн каяак завийг үзүүлэв. Тэдний үзүүлсэн завь миний өмнө нь сэлүүрдэж байснаас өөр байлаа. Би каяак завины дотор биш дээр нь суух ёстой байв. Тэр каяак дээр гарах үед миний суусан хэсгийн хүндийн төв дассанаас минь илүү өндөр байсан бөгөөд би усан дээр бага зэрэг тэнцвэр муутай болов.
Бид сэлүүрдэж эхлэх үед би Рүт, Ашли хоёроос илүү хурдан сэлүүрдэв. Хэсэг хугацааны дараа би тэднээс нэлээн түрүүлсэн байлаа. Өөрийн баатарлаг хурдаар бахархаж байсан хэдий ч би тэднийг гүйцэж ирэхийг хүлээн сэлүүрдэхээ болив. 13 сантиметр орчим өндөр том давлагаа миний каяакны хажуу талыг цохиж, намайг ус руу хөмөрч орхив. Каяакаа дээш харуулаад, дээр нь гарах гэж оролдох яг тэр үед Рүт, Ашли хоёр миний хажуугаар өнгөрөв. Харин би үргэлжлүүлэн сэлүүрдэх гэтэл хэт их амьсгаадсан байлаа. Намайг амьсгаагаа дарж амжаагүй байхад үнэхээр нүсэр, дор хаяж 20 сантиметр өндөр давлагаа каяакыг минь цохиж, намайг дахин хөмрүүлэв. Каяакаа арай хийн зөв харуулахад амьсгал минь давчидсан тул би дээр нь гарч чадах эсэхдээ эргэлзэж байлаа.
Миний нөхцөл байдлыг анзаарсан хөтөч сэлүүрдэж ирээд миний каяакыг надад авирахад хялбар болгон тогтвортой болгож өгөв. Тэр намайг өөрөө сэлүүрдэхэд хэтэрхий амьсгаа дээр байгааг хараад миний каяакыг чирэх олс татаж, намайг татан сэлүүрдэж эхэлсэн юм. Удалгүй миний амьсгаа дарагдан өөрөө давгүй сэлүүрдэж эхлэв. Хөтөч маань олсоо тавьж, би дахин тусламж авалгүй эхний аралдаа хүрлээ. Аралд ирмэгцээ би элсэн дээр элгээрээ хэвтэн, туйлдан унасан юм.
Хүмүүс амарсны дараа хөтөч надад хандан намуухнаар, “Ноён Рэнланд, миний бодлоор та инерцээ хадгалан сэлүүрдсээр байвал алзахгүй” гэж хэлэв. Хоёр дахь арал руугаа сэлүүрдэж, дараа нь эхэлсэн газартаа буцаж очих хүртлээ би түүний зөвлөгөөг дагасан. Хоёр ч удаа хөтөч маань миний хажуугаар сэлүүрдэн өнгөрөхдөө, “сайн байна!” гэж намайг урамшуулж байв. Илүү том давлагаанууд миний каяакыг хажуу талаас цохиж байсан ч намайг хөмөрч чадаагүй.
Каяакаа жигд тасралтгүй сэлүүрдсэнээр би инерцээ хадгалан урагш ахиж байсан нь хажуугаас минь цохиж буй давлагааны нөлөөг багасгаж байв. Үүнтэй ижил зарчим бидний сүнслэг амьдралд ч хэрэгждэг. Бид хурдаа сааруулж, ялангуяа зогсох үед эмзэг өртөмтгий болдог. Хэрэв бид Аврагчийг чиглэн тасралтгүй “сэлүүрдэх” замаар сүнслэг инерцээ хадгалбал, бид илүү аюулгүй болж, хамгаалагдах болно. Учир нь бидний мөнхийн амьдрал Түүнд итгэх итгэлээс маань хамаардаг.
Сүнслэг инерц нь “бид амьдралынхаа туршид, Христийн сургаалыг ахин дахин хүлээн зөвшөөрөхөд” бий болдог. Ийнхүү үйлдсэнээр “хамгийн хүчирхэг, зохистой дадал”-ыг бий болгодог хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон заасан. Үнэндээ, Христийн сургаалын бүрэлдэхүүн хэсгүүд болох Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисмаар дамжуулан Их Эзэнтэй гэрээний харилцаанд орох, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, эцсээ хүртэл тэвчих зэрэг нь нэг удаагийн, биелүүлсэн гэж чагтлаад орхих үйл хэргүүд биш юм. Ялангуяа, Христийн сургаалын “эцсээ хүртэл тэвчих” гэсэн нь эхний дөрвөн алхмаа гүйцээсний дараа нуугдаж, шүдээ хавиран, үхэхээ хүлээ гэсэн тусдаа алхам биш юм. Үгүй ээ, эцсээ хүртэл тэвчих нь Христийн сургаалын бусад бүрэлдэхүүн хэсгийг ахин дахин, давтамжтайгаар хэрэгжүүлэн, ерөнхийлөгч Нэлсоны тайлбарласан “хүчирхэг, зохистой дадал”-ыг бий болгох явдал юм.
Ахин дахин гэдэг нь бид Христийн сургаалын бүрэлдэхүүн хэсгүүдийг амьдралынхаа турш давтан туулах гэсэн утгатай. Давтамжтайгаар гэдэг нь бид давтах бүрдээ сайжирч, хүчирхэгжих гэсэн утгатай. Хэдий бид уг бүрэлдэхүүн хэсгүүдийг давтан хийдэг ч урагшлах замналгүй дадалд бид зүгээр л эргэлдээд байгаа хэрэг бус юм. Харин бид уг дадлаар дамжуулан тухай бүрдээ Есүс Христ рүү аажмаар ойртдог.
Инерц нь хурд ба чиглэл аль алинд нь хамаатай байдаг. Хэрэв би каяакаа буруу чиглэлд ихээхэн хүч гарган сэлүүрдсэн бол нэлээдгүй инерцийг бий болгож чадах байсан ч зорьсон газартаа хүрэхгүй байсан. Үүнтэй адил, бид амьдралдаа Аврагч руу очихын тулд Түүн рүү “чиглэн” сэлүүрдэх хэрэгтэй.
Өдөр бүр бид Есүс Христэд итгэх итгэлээ тордон тэтгэх шаардлагатай. Бид өдөр бүр залбирч, өдөр бүр судраас судалж, өдөр бүр Бурханы сайн сайхны тухай эргэцүүлэн бодож, өдөр бүр наманчилж, мөн өдөр бүр Ариун Сүнсний өдөөлтийг дагах үедээ итгэлээ тордон тэтгэдэг. Бүх хоолоо ням гараг хүртэл идэхээ хойшлуулж, ням гараг болоход долоо хоногийн шим тэжээлийн хэмжээгээ хэтрүүлэх нь эрүүл биш байдагтай адил гэрчлэлээр тэжээгддэг зан төлөвөө долоо хоногийн нэг өдрөөр хязгаарлах нь сүнслэг байдлын хувьд эрүүл бус юм.
Бид өөрсдийн гэрчлэлд хариуцлага хүлээх үедээ сүнслэг инерцийг үүсгэж, Есүс Христэд итгэх тулгуур итгэлийг аажмаар хөгжүүлдэг. Мөн Христийн сургаал амьдралын зорилгын гол цөм болдог. Бид Бурханы хуулиудыг дуулгавартай дагаж, наманчлахыг хичээх үед инерц мөн адил бий болдог. Наманчлал бол баяр баясгалантай зүйл бөгөөд бидэнд алдаанаасаа суралцах боломжийг олгодог. Ингэснээр бид мөнхөд өсөж хөгжинө. Бидний каяак хөмөрч, өөрсдийгөө гүн усанд байхыг анзаарах үе бидэнд тохиох нь гарцаагүй. Наманчлалаар дамжуулан бид хэдэн ч удаа унаснаас үл хамааран дээр нь гарч, үргэлжлүүлэх боломжтой. Бид бууж өгөхгүй байх нь л чухал хэсэг юм.
Христийн сургаалын дараагийн хэсэг бол баптисм бөгөөд үүнд усан баптисм мөн гишүүний баталгаагаар ирэх Ариун Сүнсний баптисм ордог. Баптисм нь нэг удаагийн үйл явдал хэдий ч бид ариун ёслолоос хүртэх үедээ баптисмын гэрээгээ ахин дахин шинэчилдэг. Ариун ёслол нь баптисмыг орлодоггүй боловч Христийн сургаалын анхдагч хэсгүүд болох итгэл, мөн наманчлалыг Ариун Сүнсийг хүлээн авахад холбож өгдөг. Бид ариун ёслолоос ухамсартайгаар хүртэх үед, амьдралдаа Ариун Сүнсийг урьдаг. Яг л баптисм хүртэж, гишүүнээр батлуулах үедээ бидний урьдаг шиг. Бид ариун ёслолын залбиралд дүрсэлсэн гэрээг сахих үед Ариун Сүнс бидний хамтрагч болдог.
Ариун Сүнс бидний амьдралд илүү их нөлөө үзүүлэхийн хэрээр бид Христийнхтэй адил зан чанарыг аажмаар, давтамжтайгаар хөгжүүлдэг. Бидний зүрх сэтгэл өөрчлөгддөг. Хилэнцийг үйлдэх бидний хүсэл буурдаг. Сайныг хийх бидний мэдрэмж бид зөвхөн “үргэлж сайныг хийх” хүсэлтэй болох хүртэл өсдөг. Мөн үүгээр бид эцсээ хүртэл тэвчихэд шаардлагатай тэнгэрлэг хүчийг олж авдаг. Бидний итгэл нэмэгдэн мөн бид хүчирхэг, зохистой дадлыг давтан хийхэд бэлэн болдог.
Урагшлах сүнслэг эрч хүч нь биднийг Их Эзэний өргөөнд Бурхантай нэмэлт гэрээ байгуулахад түлхэц өгдөг. Олон гэрээ биднийг Христэд ойртуулж, Түүнтэй илүү бат бөх холбодог. Эдгээр гэрээгээр дамжуулан бид Түүний хүч чадлаас илүү их хүртэх боломжтой болдог. Тодруулж хэлбэл, баптисмын болон ариун сүмийн гэрээ нь дангаараа хүч чадлын эх үүсвэр биш юм. Хүч чадлын эх сурвалж бол Эзэн Есүс Христ ба бидний Тэнгэрлэг Эцэг юм. Гэрээ байгуулж, сахих нь бидний амьдралд Тэдний хүчийг нэвтрүүлэх сувгийг бий болгодог. Бид эдгээр гэрээний дагуу амьдрах үед эцэстээ Тэнгэрлэг Эцэгт байгаа бүх зүйлийн өв залгамжлагчид болдог. Христийн сургаалын дагуу амьдарснаар бий болсон инерц бидний бурханлаг мөн чанарыг мөнхийн хувь тавилан болгон хувиргах хүчтэйгээс гадна биднийг бусдад зөв арга замаар туслахад өдөөдөг.
Намайг каяактайгаа хөмрөн унасны дараа аяллын хөтөч надад хэрхэн тусалсан талаар бодоод үзээрэй. Тэр “Ноён Рэнланд та усан дотор юу хийж байгаа юм бэ?” гэх мэт тусыг эс олох асуулт асуун холоос орилоогүй. Тэр сэлүүрдэн ирээд, “Ноён Рэнланд, хэрэв та бие махбодын хувьд илүү эрүүл чийрэг байсан бол ийм байдалд орохгүй байх байсан даа” гэж намайг зэмлэсэнгүй. Тэр намайг каяак дээрээ гарах гэж оролдож байх үед миний каяакыг чирч эхлээгүй. Тэр намайг хүмүүсийн өмнө засаж залруулсангүй. Харин тэр яг хэрэгтэй үед надад хэрэгтэй байсан тусламжийг өгсөн. Намайг хүлээн авах чадвартай үед тэр надад зөвлөгөө өгсөн. Мөн тэр хичээл зүтгэл гарган байж намайг урамшуулан дэмжсэн.
Бид бусдад тохинуулах үедээ тусыг эс олох асуултуудыг асуух юм уу тодорхой зүйлсийг дурдах шаардлагагүй. Ихэнх зовж шаналж буй хүн зовж байгаагаа мэддэг. Бид шүүмжлэлтэй хандах ёсгүй. Бидний шүүмж тус болохуйц эсвээс тааламжтай биш байдаг бөгөөд ихэнхдээ мэдээлэл дутмаг байдаг.
Өөрсдийгөө бусадтай харьцуулах нь, ялангуяа зовж шаналж буй хүмүүсээс илүү зөв шударга гэж өөрсдийгөө дүгнэх нь биднийг ноцтой алдаанууд гаргахад хүргэдэг. Ийн харьцуулах нь 3 метр гүн усанд ямар ч найдваргүй живж байхдаа 4 метр гүн усанд живж буй танилаа хараад түүнийг илүү нүгэлтэн гэж шүүж, өөрийнхөө тухай сайхан мэдрэмж авахтай адил юм. Эргээд харвал бид бүгд л өөр өөрийн арга замаар бүдчиж яваа. Бидний хэн нь ч авралыг өөрсдөө олж авахгүй. Хэзээ ч олж авах боломжгүй. Мормоны номд, Иаков “[Бид] Бурханд эвлэрүүлэгдсэнийхээ дараа, [бид] аврагдана, энэ нь зөвхөн Бурханы ач ивээлд мөн үүний дагуу байна гэдгийг санагтун” хэмээн заасан. Бид бүгдэд Аврагчийн хэмжээлшгүй цагаатгал хэрэгтэй. Зөвхөн аль нэг хэсэг нь бус.
Бид эргэн тойрныхоо хүмүүстэй харилцахдаа бүхий л нинжин сэтгэл, өрөвч байдал, хайраа харуулах хэрэгтэй. Зовж шаналж буй хүмүүс “[бидний] үг, үйлдлээс Есүс Христийн цэвэр хайрыг мэдрэх хэрэгтэй.” Бид тохинуулах үедээ бусдыг байнга урамшуулан дэмжиж, тусламж үзүүлдэг. Хэн нэгэн хүлээж авахгүй байсан ч тэднийг хүлээн авах хүртэл бид үргэлжлүүлэн тохинуулдаг. Аврагч “тийм нэгэнд та нар үргэлжлүүлэн тохинуулах болно; учир нь тэд эргэж ирээд мөн наманчилж, мөн зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр надад ирж мөн би тэднийг эдгээх ажгуу; мөн та нар тэдэнд авралыг авчрах хэрэгсэл байх эсэхийг та нар мэдэхгүй” хэмээн заасан. Эдгээх нь Аврагчийн үүрэг. Бидний үүрэг бол хайрлах, тэр дундаа бусдыг Христэд ойртох арга замаар хайрлаж, тэдэнд тохинуулах явдал юм. Энэ бол Христийн сургаалын хүчирхэг, зохистой дадлын үр шимийн нэг юм.
Би та нарыг Христийн сургаалаар ахин дахин, давтамжтайгаар, чин сэтгэлээсээ амьдарч, бусдад замынх нь турш туслаарай хэмээн урьж байна. Христийн сургаал бол Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний гол цөм мөн бөгөөд эцсийн эцэст энэ нь Түүний сургаал болохыг би гэрчилж байна. Бид Есүс Христэд болон Түүний цагаатгалд итгэх итгэлээ бодит болгох аваас гэрээний зам дээр урагшилж, бусдад Есүс Христийн итгэлтэй шавь болоход туслахад өдөөгдөнө. Бид Тэнгэрлэг Эцэгийн хаант улсын өв залгамжлагчид болж чадна. Энэ нь Христийн сургаалаар итгэлтэйгээр амьдарсны оргил цэг билээ. Есүс Христийн нэрээр, амен.