Эргэцүүлэл
Христийн мэндэлсний баярын гайхамшиг
Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Хойд Каролинад амьдардаг.
Түүний зүрх цохилсон хэвээр байв. Зүрхний шигдээсийн өмнөх үе шиг сайн биш ч цохилсоор байв.
Өнөө орой зүрх сэтгэлд минь дулаахан сайхан мэдрэмж төрж байна. Эмтэрч, шархалж, урагдсан ч гайхалтай дулаахан тийм л мэдрэмж. Би гүн гүнзгий, эргэн тойрон дахь зүйлүүддээ талархах талархлыг мэдэрсэн учраас зүрх сэтгэлдээ зайчлах шинэ орон зайг надад бий болгосон юм шиг л санагдаж байна. Мөн бүрэн дүүрэн бөгөөд нэн хувийн шинж чанартайн улмаас хацрыг минь даган урсах нулимсыг ч зогсоож чадахааргүй тийм их хүчтэй талархлыг би мэдэрч байна. Нөхөр минь амьсгалж байна. Би түүний гүнзгий бөгөөд зөөлөн амьсгалахыг сонсож байна.
Би хэдхэн цагийн өмнө хэвлий дэх үрээ ч умартан, нөхрийнхөө эмнэлгийн ор руу гүйж очин, цээжин хэсэгт нь байрлуулсан утаснуудыг зайчилж байгаад, цээжин дээр нь толгойгоо тавьсан юм. Түүний зүрхний цохилтыг сонссон минь миний хувьд хэзээ ч мартагдахааргүй тод томруун дурсамж болон үлдсэн билээ.
Түүний зүрх цохилсон хэвээр байв. Зүрхний шигдээсийн өмнөх үе шиг сайн биш ч цохилсоор байлаа.
Өрөөнд багцлан өлгөсөн Христийн мэндэлсний баярын дулаан гэрлүүд нь надад амар амгалан байхад хэд хэдэн арга замаар нөлөөлсөн юм. Энэхүү бүлээн дулаан гэрэл нь ая тухтай орчныг бүрдүүлсэн ч, Брайныг эрчимт эмчилгээний хэсгээс ирэхэд үнэнч найзууд нь түүний өрөөг чимэглэхээр Христийн мэндэлсний баярын өмнөх оройн төлөвлөгөөгөө өөрчлөхөд ч бэлэн байсан гэдгийг мэдэх нь л жинхэнэ амар амгалан байв. Цонхон дээр байрлах 3 фут (1 м) өндөр гацуур мод тэдний хайрын бэлэг тэмдэг болон харагдаж байна.
Би найзууддаа хэрхэн талархаж чадахсан билээ? Тэд надад ямар их хэрэгтэйгээ бас би тэдэнд хэчнээн их талархаж байгааг тэд мэдэж байгаа болов уу? Намайг нөхрөөсөө өөр зүйл бодож ч чадахгүй байгаа энэ үед тэд хүүхдүүдийг маань хайрлан халамжилж, гэрийг минь цэвэрлэн, хөргөгчийг минь хоолоор дүүргэж, угаалга хийн, Христийн мэндэлсний баярын бэлэг боож; тэврэлт, оройн хоол, бэлгийн карт, мөнгө, утасны дуудлага, текст, э-мэйл, мессежүүдээр мөн шанцай шиг үнэртэй хэдэн уут нарсны боргоцой, хайрцаг дүүрэн чимэглэлээр дамжуулан надад хайрыг авчирч байлаа. Тэд надтай хамт уйлж, залбирч, мацаг барьж байсан. Тэд энэ бүхнийг хийснээрээ надад өгч чадах хамгийн үнэ цэнэтэй бэлэг болох цаг заваа зориулсан юм. Би тэдэнд хэчнээн их хайртай гээч!
Тэднийг гэсэн төгсгөлгүй мэт санагдах талархлаар зүрх сэтгэл минь дүүргэгдсэн учраас би өнөө орой сайхан унтах байх даа гэж бодож байна.
Гэвч би нөхрөө амьд сэрүүн байж амьсгалж буйд, зүрх нь цусаа шахан ажиллаж буйн төлөө Их Эзэнд хамгийн их талархаж байна. Нөхөр минь амьд байгаа нь миний хувьд Христийн мэндэлсний баярын гайхамшиг юм.