Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичгүүд—Орчин үеийн Библийн цонх
1947 оны эхэн үеэр Таамира Бидоун үндэстний гурван хоньчин ижлээсээ төөрсөн нэгэн хонийг хайж байлаа. Тэдний нэг нь агуй руу чулуу шидэхдээ вааран бортого хагарахыг сонсжээ. Тэд агуй руу ороод тэнд хэд хэдэн том шавар ваар байхыг олж харав. Эдгээр ваарны заримд нь хуйлмал бичээсүүд хийсэн байв.* Үүний дараахан Бидоун болон археологчид Сөнөсөн тэнгисийн баруун хойд эрэг дээрх 11 агуйгаас олон зуун хуйлмал бичиг олсон байна.
Олон эрдэмтэн Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичгүүдийг 20-р зууны хамгийн агуу археологийн нээлт гэж үздэг. Уг хуйлмал бичгүүдийн ихэнх хэсэг нь Хуучин Гэрээний еврей хэлээр бичигдсэн, 900 гаруй хуудас бүхий гар бичмэлтэй эртний номын сан болдог. Хуйлмал бичгүүдээс ойролцоогоор 225 нь Дундад зууны үед хэрэглэгдэж байснаас 1000 гаруй жилийн түүхтэй Хуучин Гэрээний хуучин хувиудыг агуулдаг (Естер номоос бусад нь). Зарим эх бичмэл нь МЭӨ 3-р зууныг хүртэл байсан ч ихэнх хуйлмал бичиг нь МЭӨ 150-аас МЭ 68 оныг хамарсан байв.
Уламжлалт Библийн эх бичвэрүүдээс гадна Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичгүүд нь Ариун сүмийн хуйлмал бичиг (Иерусалимд баригдах ариун сүмийг болон үлгэр жишээ гэрээт нийгмийг тодорхойлсон), Дайны хуйлмал бичиг (төгсгөлийн зөрчилдөөнүүдийг тодорхойлсон) болон Библитэй төстэй гар бичмэлүүдийг (Енох, Ноа, Мелкизедикийн эдгээр ном болон Иаков, Иуда Левийн гэрээнүүд) түүнчлэн багтаадаг. Библи дээр Енохын талаар бага гардаг ч хуйлмал бичгүүд дээр Енох чухал дүр бөгөөд онцгой бэлгүүдтэй хүчирхэг бошиглогч байв.
Хуйлмал бичгүүдийн ихэнх нь олон зууны турш бараг устаж, үгүй болсон ч эрдэмтэд тэдгээрийн талаар их мэдээлэл олж авах боломжтой байв. Бичээч нар нэг үеэс дараагийн үед ариун бичгүүдийг хуулбарлан, шилжүүлэхэд тэдний чимхлүүр, нягт нямбай ажил нь мэргэжил, чадварын өндөр түвшинг харуулдаг. Ариун судруудыг хайрлаж, тэдний төлөө талархалтай байдаг бид бүгд бичээч нарын чимхлүүр нямбай ажлын төлөө тэдэнд асар их өртэй билээ.
Бид гар бичмэлүүдийг гараар дамжуулан шилжүүлэх эртний арга хэрэгслүүдийг бодож үзвэл Библи нь энэ эрин үе хүртэл хадгалагдаж ирэхийн тулд гайхалтай үйл явцыг даван туулсныг ойлгох болно. Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичгүүд нь Хуучин Гэрээг олон зууны турш нэлээд нарийн няхуур байдлаар дамжиж ирснийг гэрчилдэг. Үүний төлөө бид бошиглогч, бичээч, хувилагч болон Библийг үеэс үед дамжуулахад үүрэг хүлээж байсан хүн бүрд талархах ёстой.