2014
Би одоо л түүнд үйлчлэх хэрэгтэй
2014 оны арванхоёрдугаар сар


Би одоо л түүнд үйлчлэх хэрэгтэй

Жийн Хэдэнгрэн Молтри, АНУ, Вашингтон

Би оёдлын машин дээрээ сууж, ноосон даавуунуудыг давхарлан оёж байв. Зөөлөн өнгөтэй, хүүхдүүдэд зориулсан загварууд нь дээд хэсгийг чимж, хослуулах өнгөнүүд нь хүүхдүүдэд өгөхөөр миний оёж байгаа хөнжлүүдийн арын хэсгийг хэлбэртэй болгож байв.

Манай тойргийн Халамжийн Нийгэмлэг нь ядуу болон гамшиг тохиолдсон бүс нутгуудад зориулан нярай хүүхдийн иж бүрдэл цуглуулдаг. Би сонирхогчийн түвшний оёдолчин хэдий ч оролцоно гээд амлачихсан байв. Ноосон даавуугаа сонгож, хөнжлийн хэмжээтэй дөрвөлжлөн хайчлах нь надад сайхан санагдаж байлаа.

Би ноосон даавуунуудыг зөв талаар нь тавиад, ирмэгээр нь оёж, хөнжлийн зөв талыг гадагш эргүүлэхийн тулд онгорхой хэсэг үлдээдэг. Дараа нь би ирмэг дагуу хэрж, булангууд гарган, өнгөн хэсгийг нь ил гаргахын тулд хөнжлийг эргүүлж, онгорхой хэсгийг оёдог.

Оёдлоо бэхлэхийн тулд би ирмэгний дээд хэсгийн дагуу оёдог. Мөн би ноосон даавуугаа оёдлын машин дээрээ болгоомжтой байрлуулсныхаа дараа хурдхан оёж эхэлдэг юм. Гэрийнхээ ажлыг үргэлжлүүлэн хийхийн тулд үйлээ дуусгахаар яаравчлах үед “Хэрэв би энэ хөнжлийг Есүс хүүд зориулан оёж байсан бол яах байсан бэ?” гэсэн бодол надад орж ирдэг юм.

Ингэж бодсоноор би удааширч, шулуун оёхын тулд илүү анхаардаг. Анхааралтай оёсон ч оёдол нь шулуун явдаггүй байв.

Дараа нь би ард, урд хэсгийг холбохын тулд голд нь 10 инч (25 см) талбайг оёдог. Би зузаан цаасаар хэв хийж, үүнийгээ хөнжил дээрээ голлуулж, тойруулаад хөнгөн зурж, тэмдэглэдэг. Би ноосон даавуугаа машиндаа болгоомжтой байрлуулаад, зүүгээ доошлуулан, анхааралтай оёж эхэлдэг.

Би хийж дуусгаад, утаснуудаа хайчилж, дууссан хөнжлөө гаргаж ирдэг. Энэ нь дөрвөлжин хэлбэртэй биш трапец болон параллелграммын хэлбэртэй төстэй болсон байдаг.

Би хөнжлөө хойш нь тавьж, шинэ даавуу гаргаж ирээд, Бурхан Тэргүүтэнд энэхүү бэлэг нь зохистой байхын төлөө илүү их хүч чармайлт гарган дахин эхэлдэг. Илүү их хүч чармайлт гаргасан хэдий ч үр дүн нь яльгүй байх нь ч байдаг. Миний оёсон хөнжил бүр төгс биш байдаг.

Би ядаж энэ жилдээ аль ч хөнжлөө цуглуулгын газар руу явуулахгүй дээ гэж бодов. Би үргэлжлүүлэн дадлагажиж байгаад, хэзээ нэгэн өдөр хувь нэмрээ оруулна.

Гэтэл “Хэрэв чи төгс оёдог болтлоо хүлээвэл бяцхан хүү Христ Египетэд байх болно” гэсэн өөр нэгэн бодол оюун бодолд минь орж ирэв.

Би ойлголоо. Үйлчлэх боломж өнгөрөн одно. Аврагч биднийг чадах бүхнээ хийхээр хичээх үед өргөлүүд маань нь төгс биш байсан ч тэдгээрийг хүлээн авна. Би зөөлөн, цэвэр хөнжилд өлгийдүүлсэн шинэ төрсөн хүүхэд булангууд нь төгс биш гээд унтахаас татгалзахгүй гэдгийг мэднэ.

Миний хичээл зүтгэл дэлхий даяарх хэрэгцээнд нэмэр болж чадах талаар тунгаан бодох үедээ би “Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” гэсэн Христийн зөвлөгөөг санадаг (Матай 25:40).

Тиймээс би хөнжлөө оёж, аль болох гоё болгохын тулд үргэлжлүүлэн ажиллаж байна. Энэ нь тэдгээрийг төгс оёж чаддаг болох ирээдүйн тодорхой бус цаг хугацаанд биш, харин одоо л хэрэгцээтэй байгаа гэдгийг би мэднэ.