2014
Ямар ч тэнгэр элч хэрэггүй байв
2014 оны арванхоёрдугаар сар


Номлолын талбараас

Ямар ч тэнгэр элч хэрэггүй байв

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Христийн мэндэлсний баярын тэр өглөө Гватемалын нэгэн эмнэлэгт бид дуулахын тулд тэнгэр элчүүдийг дуудаж чадаагүй. Харин бид өөрсдийгөө дуудаж чадсан.

A sister missionary visiting with a woman who is lying in a hospital bed.

Зураг чимэглэлийг Крэйг Стэпли

Салют болон цацардаг хуар пуужин, Христийн төрөлтийн эргэн тойрны үйл явдлуудын дүрслэл болон чихмэл тамайлтай баярын ширээ зэрэг нь Гватемал дахь Христийн мэндэлсний баяр байв. Бүрэн цагийн номлогчийн хувьд би Нэгдсэн Улс дахь манай уламжлалуудаас шал өөр уламжлалуудыг олж харсан юм. Би гэрээ санаж байсан бөгөөд Христийн мэндэлсний баяр уйтгартай болох байх гэж бодож байлаа.

Манай хамтрагч Анаяа, бид бусдад үйлчилснээр Христийн мэндэлсний баяраар баяр баясгаланг олох болно гэж хэлэв. Тэр өглөөг эмнэлэг дээр очиж, дуулж өнгөрөөхийг тэрээр бидэнд санал болгоод, дараа нь бусад номлогчийг бидэнтэй нэгдэхэд урив.

Бид орох хаалган дээр дөхөж очоод, хайртай хүмүүсээ харахаар нэг эгнээнд зогсон, хүлээж буй тэр хүмүүсийг олж харав. Тэдний нүүр нь гунигтай, углааштай хөл нь тоостой, хувцас нь гандсан байлаа. Бид тэдэнтэй хамт хүлээв. Сүүлд биднийг байшин руу орохыг зөвшөөрөхөд бид ховхорсон ногоон будагтай, цементэн шалтай нарийн өрөөгөөр алхсан. Эм тариа болон өвчний үнэр намайг цочроов.

Агааржуулалт болон тусгаарлалт муутай нэгэн том өрөөнд орнууд дээр буй өвчтөнүүдийг би бүдэгхэн гэрэлд олж харав. Тэнд зарим нь боолттой, зарим нь дусал залгуулсан, зарим нь амьсгалын аппараттай хэвтэж байлаа. Зарим нь чимээгүй ёолж байв. Бусад нь унтаж байлаа. Бид яагаад энд ирсэн нь надад сонин санагдав. Бидний хэсэг номлогчид ихэнх нь юу хийхээ мэдэхгүй хаалган дээр зогсож байлаа.

Гэвч систер Анаяа тэгсэнгүй. Тэр өвчтэй байсан хүмүүстэй мэндлэн, тэдний бие ямар байгааг асуун, Христийн мэндэлсний баярын мэнд хүргэж, ор болгон дээр очиж байв. Түүний зориг бидэнд яагаад ирснийг маань сануулсан бөгөөд бид Христийн мэндэлсний баярын дууллуудыг дуулахдаа зөөлхөн эхэлсэн ч яваандаа илүү итгэлтэй дуулж байв. Зарим өвчтөн инээж, зарим нь тэндээ зүгээр л анзаараагүй юм шиг хэвтэж, харин зарим нь амандаа аялж байв.

Гартаа дууллын ном бариад дуулж байсан систер Анаяа боолттой байсан нэгэн эмэгтэй рүү дөхөж очив. Эмэгтэй чимээгүйхэн уйлж эхэлсэн ба хамтрагч маань түүний үсийг зөөлхөн илж байв. Нүдэндээ нулимстайгаар тэрээр “Та нар тэнгэр элчүүд,” “Та нар тэнгэр элчүүд” хэмээн хэлж байлаа.

Би систер Анаяагийн хариултыг хэзээ ч мартахгүй. “Үгүй ээ, та тэнгэр элчүүдийг сонсоогүй, та хожмын үеийн гэгээнтнүүдийг сонсож байна” гэж тэр хариулсан юм.

Есүс Христийг мэндлэх үед, тэнгэр элч Түүний төрөлтийг зарлаж, олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэн, Бурханыг магтаж байв (Лук 2:8–14). Би Христийн мэндэлсний баяраар эдгээр тэнгэр элчийн талаар боддог.

Би бас систер Анаяагийн талаар боддог. Биднийг эмнэлэг дээр дуулахад тэр биднийг урамшуулан дэмжиж байсныг, мөн баяр хөөрийг түгээснээр бид хэрхэн баяр баясгалантай болж байсныг би санадаг юм. Би түүний өвчтэй эмэгтэйн үсийг илж байсныг бас санадаг. Мөн бусдад үйлчлэхийн тулд тэнгэр элч байх шаардлагагүй байсныг би санаж байна. Би тэдэнд хожмын үеийн гэгээнтний хувьд үйлчилж чадна.