2014
Христийн мэндэлсний баярын хамгийн агуу бэлэг
2014 оны арванхоёрдугаар сар


Христийн мэндэлсний баярын хамгийн агуу бэлэг

Адриана Нава Наварро, Боливи

illustration of family sitting together

Христийн мэндэлсний баярын өмнөх орой манай гэрийнхэн уламжлал ёсоор цуглараад байв. Та нарт үзүүлэх зүйл байна гэж аав биднийг дуудах үед бараг шөнө дунд болох гэж байв.

Христийн мэндэлсний баярын уур амьсгалд дарагдаад, эгч нар, ээж, бид хэд баярт зориулан аав юу бэлтгэснийг анзаараагүй байв. Биднийг бүгдээрээ цугларсны дараа тэр бидэнд хэдэн слайд үзүүлж эхлэв.

Аврагчийн зураг, Христийн мэндэлсний баярын үйл явдлууд болон сайтар бэлтгэсэн үгстэй слайдуудаараа дамжуулан аав бидэнд хайраа илэрхийлсэн юм. Мөн түүний танилцуулга нь Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учир болон Аврагчийн төрөлтөөр мэдэрвэл зохих аз жаргал болон талархлыг бидэнд сануулж өгсөн юм. Өнгөлөг зул сарын гацуур модны зурагтай нэг слайд дээр “Энэ Христийн мэндэлсний баяраар Есүс Христийн хайр надад шинэ амьдрал өгөх болно” гэсэн байв.

Бидэнд мэдээгээ хэлэхийн тулд аавын ашигласан танилцуулгын хамгийн онцгой хэсэг нь Аврагчийн зурагтай слайд дээр гарч ирэв. Энэ нь зүгээр нэг мэдээ биш байв. Аврагчийн дээр “Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртэхээр шийдлээ” гэсэн үгс байв.

Аав маань эцэстээ Сүмд нэгдэхээр шийджээ! Ийм шийдвэр нь зарим хүний хувьд амархан байж болох ч аавын маань хувьд хэцүү байсан юм. Тэр 25 жилийн турш сайн мэдээг судалж, Сүмийн талаар суралцсан. Бид чадахынхаа хэрээр хичээж мөн тэрээр олон номлогчтой ярилцаж байсан ч баптисм хүртэхгүй хэвээрээ л байв. Бид хэзээ ч яагаад гэдгийг нь ойлгодоггүй байсан ч түүнийг бэлэн биш байсныг мэдэж байлаа.

Аавыгаа хэзээ ч баптисм хүртэхгүй байх гэж боддог байснаа би хүлээн зөвшөөрч байна. Гэсэн ч сэтгэл дотроо би найдвараа хэзээ ч алдаагүй бөгөөд бид бүгд түүний төлөө үргэлжлүүлэн залбирдаг байв. Христийн мэндэлсний баярын өмнөх орой Их Эзэн бидний залбиралд хариулсан юм.

Аавыг энэ талаар хэлэхэд бид баярласандаа уйлав. Бидэнд баяр хөөр, гайхширал болон хамгийн чухал нь үгээр илэрхийлэх аргагүй асар их аз жаргал зэрэг олон мэдрэмж зэрэг зэрэг мэдрэгдэж байв.

Аавын зарлал Христийн мэндэлсний баярын өмнөх оройг төдийгүй бүхэл бүтэн гэр бүлийн амьдралыг өөрчилсөн билээ. Бид хувь хүн болон гэр бүлээрээ өсөж хөгжих шаардлагатай хэвээр байгаа ч Сүмд хамтдаа байгаа болохоор урагшлахад илүү сайн байна гэдгийг би мэднэ.

Энэ адислалын төлөө би Их Эзэнд үнэхээр их талархаж байна. Хэдхэн сарын дараа бид ариун сүмд гэр бүлээрээ лацдан холбогдох болно. Аавын зарлал яах аргагүй Христийн мэндэлсний баярын хамгийн агуу бэлэг байсан юм.

Бидэнд мэдээгээ хэлэхийн тулд аавын ашигласан танилцуулгын хамгийн онцгой хэсэг нь Аврагчийн зурагтай слайд дээр гарч ирэв.