Христийн мэндэлсний баяраар өгөх миний бэлэг
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Энэ жил би Аврагчид юу өгөх вэ?
9 дүгээр ангийн семинарын үеэр миний ихэнх цагаа өнгөрөөдөг байсан газар бол найз нартайгаа дэмий ярин, зугаацаж болох арын эгнээ байлаа. Энэ семинарын ангийг сонгосон шалтгаан нь хуваарь дээр минь хоосон зай байсан учраас тэр юм. Амьдарч байсан газарт маань семинар хичээлийн үеэр явагддаг байсан бөгөөд намайг хожмын үеийн гэгээнтэн учраас сургуулийн зөвлөх энэ ангийг санал болгоод байсан юм. Би багшийнхаа нэрийг мэддэг байсан ч тэр анги дээр юу сурсан минь илүү чухал байлаа.
Нэг удаа найз минь хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болоход би хэнтэй ч зугаацаж чадахгүй болов. Цагийг яаж өнгөрөөнө өө? Би юу хийхээ мэдэхгүй тулгамдахад, надад нөгөө нэг ганц сонсох л боломж үлдсэн байв. Ингэж би анх удаа багшийнхаа зааж буй зүйлд анхаарлаа хандууллаа.
Эргээд бодоход, тэр өдөр түүний хэлснээс нэг ч үг тогтоогоогүй ч, ямар нэгэн зүйл намайг соронзон мэт татаж байсныг л би тодхон санаж байна. Маргааш найз маань эргэж ирсэн ч би түүнтэй зугаацахын оронд хичээлээ сонссоор л, ямар нэг зүйл намайг чангаасаар л байв.
Яваандаа би ангийнхаа арын эгнээнээс илүү анхаарал тавьж болох урд эгнээнд шилжин суулаа. Миний онцгой анхаарлыг татаагүй нэг ч хичээл эсвэл анхаарлыг минь татахааргүй гэрчлэлээ хуваалцсан нэг ч суралцагч байгаагүй юм.
Семинар надад үнэхээр сайхан санагдсан бөгөөд дараа жил нь би суралцахаар бүртгүүлсэн билээ. Би наймтайдаа баптисм хүртсэн ч үнэндээ сүмд явдаггүй байсан. Гэтэл 12-р сарын тэр нэгэн өдөр Христийн мэндэлсний баярын өмнөхөн энэ байдал өөрчлөгдөж билээ.
Би ч дотроо “Хэн ч үүнийг хийхгүй дээ” гэж бодож байтал суралцагчид бүгд л нэг нэгээрээ ангийн өмнө гарч ирэв. Тэдний зарим нь нулимс дуслуулж байхад, зарим нь өмнөө тавьсан зорилгынхоо талаар хуваалцан, бусад нь түүх ярьж байлаа. Би энэ бүх зүйлд итгэж ч чадахгүй байв.
Цаг чаг чаг дуугарч байв. Би л ганцаараа үлдсэн байлаа. Нэг мэдэхэд би суудлаасаа боссон байв. Юу хэлэх гэж байгаагаа огт мэдэхгүй байсан ч “Би энэ жил Христийн төрсөн өдрөөр сүмдээ явж эхлэх гэж байгаа” гэж би чичирхийлсэн хоолойгоор хэлсэн юм.
Тэр өдрөөс хойш Аврагчид өгөх бэлэг болгож би сүмдээ явж эхэлсэн билээ. Чухамдаа бэлэг хүлээн авсан хүн нь би шүү дээ. Сүмдээ явдаг болсон нь миний амьдралыг өөрчилсөн бөгөөд энэ бүх зүйл дэмий ярихаа болин, сонсдог болсноор мөн миний зүрх сэтгэлд хүрэх боломжийг Сүнсэнд олгосноор эхэлсэн юм.
Сүнс одоо ч гэсэн надтай ярьсаар л байна. Миний хийх зүйл гэвэл ердөө л сонсох тэгээд дагах явдал юм.