Бүх хэцүү асуултын хариулт
Хэцүү асуултуудтай тулгарсан үед, зөвхөн нэг л асуулт хамгийн чухал байдаг.
Амьдралын турш бидэнд тохиолддог асуултуудад хариулахад тэр бүр амархан байдаггүй. Бидэнд тохиолддог хувийн зарим сорилт бэрхшээл хүүхдийн үхэл, жишээ нь найзын урвалт, эсвэл санхүүгийн азгүй өөрчлөлтийг ойлгоход үргэлж амархан байдаггүй бөгөөд бидэнд эргэн тойрны хүмүүсийн маань нигүүлсэнгүй тусламж дэмжлэг хэрэгтэй байдаг. Заримдаа ийм үед соригдох шалтгаантай байсан ч, шалтгаанаа одоохондоо ойлгож чадахгүй байсан ч, Тэнгэрлэг Эцэг маань бидэнд хайртай бөгөөд биднийг шийтгээгүй гэдгийг ойлгох нь хамгийн хэцүү байдаг.
Бидний итгэдэг зүйлүүд нь соёлын чиг хандлагаар юм уу шинэ мэдээллээр, заримдаа биднийг эсэргүүцдэг Сүмийг шүүмжлэгчдийн ташаа мэдээллээр солигдож, соригдох үед хамгийн хэцүү зарим асуулт гарч ирдэг. Ийм үед бидний сургаалын эсвэл түүхийн үндэс суурь нь бидний бодсон шиг бат бөх биш мэт санагдаж болно. Бид зөв гэдгийг нь баталсан үнэнүүддээ болон бидний итгэлийг бий болгосон сүнслэг туршлагууддаа эргэлзэн, уруу татагдаж ч магадгүй.
Зүрх сэтгэлд маань эргэлзээ бий болох үед бид юу хийдэг вэ? Эдгээр хэцүү асуултад хариултууд үнэхээр байдаг гэж үү?
Тийм ээ, байдаг. Үнэндээ бүх хариулт, бүх зөв хариулт нь: Би хэн нэгнээс илүү, Бурханд итгэдэг үү? гэсэн нэгхэн асуултын хариултаас шалтгаалдаг юм.
Энгийн боловч амархан биш
Энэ хандлага нь хэтэрхий энгийн үү? бас амархан уу?
Тийм ч байж магадгүй. Ялангуяа анхаарал татахуйц арга замаар гарч ирсэн хувилбаруудтай тэмцэх ёстой болсон үед үнэн үргэлж тодорхой байдаггүй. Суралцах ёстой бүхэл үнэн байхад бид үнэний зөвхөн хэсэгхэнийг л ойлгодог. Сурах явцдаа бид төгс бус байдлаа ялан гарах тавгүй зүйлүүдтэй ч, бас тайвшруулагч ойлголтуудтай ч тулгардаг. Бурханд бүх хариулт байгаа. Тэр биднийг хайрладаг бөгөөд Тэр бидний бүх асуултад Өөрийн арга зам, цаг хугацаандаа хариулах болно гэдэгт итгэх нь бидний эрлийг хялбарчлах болно. Энэ нь үргэлж амар хялбар байдаггүй ч Бурханы зөвлөгөөнд энгийнээр итгэх нь бидэнд эргэлзээний мананг аюулгүй даван гарахад туслах болно.
2013 оны 10-р сарын Сүмийн Ерөнхий чуулганы үеэр Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Дийтр Ф.Угдорф энэхүү гярхай ажиглалтыг хийжээ:
“Асуулттай байна гэдэг нь хэвийн зүйл юм. Чин сэтгэлийн асуултын жижиг үр ихэнхдээ соёолж, ойлголтын агуу том мод болон ургадаг. Ноцтой эсвэл эмзэг асуултуудын талаар хэзээ нэгэн цагт эргэлзэж байгаагүй сүмийн гишүүд цөөхөн байдаг. Сүмийн зорилгуудын нэг бол зарим үед итгэлийн үрийг бүр эргэлзээ бүхий болон итгэлгүй байдлын элсэрхэг хөрсөнд тарьж, арчилж ургуулах явдал ч байдаг. Итгэл бол үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах нь юм.
“Тиймийн тул, хайрт ах эгч найз нөхөд минь итгэлдээ эргэлзэхээсээ өмнө эргэлзээндээ эргэлз. Эргэлзээ биднийг олзлон, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр дамжин ирдэг хайр, амар амгалан, бэлэгнүүдээс маань холдуулахыг бид хэзээ ч зөвшөөрч болохгүй.”1
Тус болох зарим зарчим
Тиймээс бид эргэлзээндээ чин сэтгэлээсээ эргэлзэхийн тулд юу хийдэг вэ? Бид хэрхэн өөрсдийнхөө итгэлийг хувирч өөрчлөгддөг хүмүүний ойлголтын элсэрхэг суурин дээр биш, харин итгэлийн бат бөх суурин дээр барьж байгуулж чадах вэ? Энэ нь биднийг дараах зарчмуудыг санахад тусалж болох юм.
Нэгдүгээр зарчим: Бурхан бидний мэддэгээс хязгааргүй ихийг мэддэг. Бид асуултуудтай тулгарах үед хувийн, нийгмийн эсвэл сургаалын аль нь ч бай, дэлхий ертөнцийн Бүтээгч биднээс хамаагүй ихийг мэддэг гэсэн бодит байдалд найдаж болно. Хэрэв Тэр ямар нэг зүйлийг онцлон хэлсэн бол (эсвэл хэлээгүй байсан ч) Түүний ойлголтууд биднийхээс илүү тодорхой гэдэгт бид итгэж болно.
“Учир нь миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр” гэж Эзэн айлдаж байна.
“Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ” (Исаиа 55:8–9).
Хоёрдугаар зарчим: Бурхан мэдлэгийнхээ зарим хэсгийг хуваалцдаг. Нэгдүгээр зарчмын үр дүн бол биднийг хүлээн авахад бэлэн байгаа үед, мөн Бурхан Өөрөө өгөхөд бэлэн байгаа үедээ Тэрээр мэддэгийнхээ хэрээр бидэнтэй хуваалцдаг явдал юм. Бид зөвхөн үүнийг хүлээж авч мөн эрэлхийлэхэд өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй. Судрууд нь олон асуултад хариулдаг. Энэ амьдралын агуу зүйлүүдийн нэг нь биднийг хичээнгүйлэн судлах үед Тэрээр хариулахдаа судруудыг ашиглан “шат шатаар, дүрэм дүрмээр энд бяцханыг тэнд бяцханыг” (2 Нифай 28:30) илчилж, Ариун Сүнсээр заадаг явдал юм.
Зарим асуулт, ялангуяа түүхэн үйл явдлуудын талаарх асуултууд нь үндэслэлтэй тайлбаруудтай байдаг ба илүү их мэдээлэл судлахын хэрээр бидний ойлголтууд илүү тодорхой болдог.
Бид тэнгэрийн удирдамж дор бидэнд заах амьд бошиглогч, төлөөлөгчидтэй байхаар адислагдсан билээ. Бид сургаалын салхи бүрд “нааш, цааш шидэгдэн, туугдах шаардлагагүй” юм. Тэдний хамтын удирдамж нь “бид бүгд итгэл хийгээд Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл” бидэнд туслах болно гэдэгт бид итгэж болно” (Ефес 4:11–15.)
Гуравдугаар зарчим: Бид Бурханы хайранд итгэж болно. Бурхан биднийг бидний төсөөлж чадахаас ч илүү хайрладаг. Бид Түүний хүүхдүүд бөгөөд Тэр биднийг нас биенд хүрэн, Түүнтэй адил болох чадавхтай болж, алдар суунд Түүний өмнө эргэн ирээсэй хэмээн хүсдэг (Мосе 1:39-ийг үзнэ үү). Түүний бидэнд өгдөг бүхий л зөвлөгөө нь биднийг мөнхөд адислахын тулд чин сэтгэлийн хайраар өгөгддөг билээ. Бид тэрхүү хайранд бүрэн дүүрэн итгэж болно.
“Бурхан аа! Таны энэрэл хайр хичнээн үнэтэй вэ! Хүмүүн таны жигүүрийн сүүдэр дор хоргоддог” (Дуулал 36:7).
Дөрөвдүгээр зарчим: Бид сүнслэг баталгаануудыг эрэлхийлэх шаардлагагүй. Хэрэв дэлхийн мэргэн ухааны ийм их хэсэг нь Бурханы мэргэн ухааны эсрэг байвал бид гайхах хэрэггүй. Тэнгэрлэг арга замаар илчлэгдсэн төлөвлөгөөний дагуу бид Бурханы дэргэдээс болон оюун ухаанаас тусгаарлагдсан, унасан дэлхийд амьдарч байна. Ийм нөхцөл байдал нь Бурханы зүйлүүдийг ойлгох ойлголтыг хэцүү болгодог, “учир нь хүний дотор буй сүнснээс нь өөр хүний бодол санааг хэн мэддэг билээ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэддэггүй. …
“Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг” (1 Коринт 2:11, 14).
Хэрэв бид Бурханы зүйлүүдийг ойлгох гэж байгаа бол хариултуудыг авахдаа дан ганц хүмүүний мэргэн ухаанд найдаж болохгүй. “… Сүнсээр сургадаг; сүнслэг зүйлсийг сүнслэгээр тайлбарладаг Бурхан бидэнд үнэгүй өгсөн юмсыг мэдэхийн тулд” бид Бурханы Сүнстэй байх хэрэгтэй (1 Коринт 2:12–13).
Бид баптисм хүртэж, Христийн сүмийн гишүүнээр батлагдах үед бидэнд Ариун Сүнсний бэлэг өгөгддөг. Энэхүү бэлгээр дамжуулан бид Сүнснээс суралцаж, Түүний үнэний талаарх тайвшруулах баталгааг хүлээн авах болно. Ийм сүнслэг баталгаануудыг хүлээн авах нь хамгийн үндэслэлтэй логикоос илүү, эргэлзээнүүдийг үгүй болгодог бөгөөд энэ нь чин сэтгэлээсээ залбирч, хичээнгүйлэн судалж, Их Эзэний тушаалуудад дуулгавартай байснаар үнэнийг эрэлхийлдэг тэдгээр бүх хүнд боломжтой юм.
“Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ (Матай 7:7).
Тавдугаар зарчим: Бид Их Эзэнд найдан хүлээх хэрэгтэй байж болох юм. Өөрсдөдөө тохиолдсон зовлон бэрхшээл, асуултуудыг ойлгохоор хичээх үедээ бид заримдаа амжилттай байдаггүй. Хамгийн сайнаараа хичээсэн ч бид ойлгох боломжгүй байдаг. Тэнгэр хаалттай юм шиг санагддаг. Ийм үед Бурханд итгэх итгэл маань биднийг Түүнд найдан хүлээх тэвчээртэй болгодог. Бүх асуулт тэр дороо эсвэл энэ амьдралд ч хариулагдахгүй байж болно. Биднийг үхэхээс өмнө бүх сорилт бэрхшээл авагдахгүй. Гэвч бид бүх зүйлээс илүүгээр Бурханыг хайрлаж, биднийг гэсэн Түүний хайранд итгэх юм бол хөшиг өргөгдөж, бүх зүйл тодорхой болох тэр өдөр ирэх хүртэл бид итгэлтэйгээр тэвчих боломжтой байх болно.
“Өөрийн замыг Эзэнд даатга; мөн Түүнд итгэж найд; Тэгвэл Тэр биелүүлж өгнө.
“Тэр чиний зөв шударгыг гэрэл мэт, чиний шударга хэргийг үд дундын гэрэл мэт илэрхий болгоно.
“Эзэн дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ” (Дуулал 37:5–7).
Зарчимдаа үнэнч байх зориг
“Хэн нэгэн олон нийтийн үзэл бодол, сайшаалын хувирч өөрчлөгддөг элсэн дээр үндсээ суулгах үед дээшээ цэх зогсох боломжгүй байдаг. Бид бүгд айдас, доог тохуу, эсэргүүцэлтэй тулгарах болно. Бүгдээрээ нийтээр зөвшөөрөгдсөн зүйлийг сөрж, зөв зарчмын төлөө зогсох зоригтой байцгаая.”
Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Хүчтэй бөгөөд зоригтой бай,” Лиахона, 2014 оны 5-р сар, 86.