Яанси
“Мөн эдүгээ би та нарыг даруухан, мөн хүлцэнгүй бас эелдэг байгаасай хэмээнэ” (Алма 7:23).
Ах, эгч, бид хэд морьтой болохыг үргэлж хүсдэг байлаа. Намайг ес юм уу арав орчим настай байхад аав маань маш гоё хар гүү худалдаж авсан юм. Бид түүнд Яанси гэдэг нэр өгөв. Бид морьтой болсондоо маш их сэтгэл догдлон баярлаж билээ. Гэтэл түүнийг унаж сургаагүй байжээ. Бид морь сургах хэцүү ажлыг хийж мэдэхгүй тун жаахан байсан учраас аав маань морь сайн мэддэг нэг найзаасаа Яансиг сургаж өгөөч гэж хүсэв.
Бид Яансиг харахаар байн байн талбай руу очдог байв. Морио унах өдрийг бид тэсч ядан хүлээж байлаа. Гэтэл Яансиг сургах гэж хэчнээн их чармайж оролдоод, хэн ч чадсангүй. Тэр гүү тун зөрүүд ажээ. Бидэнд түүнийг унах боломж огт гарсангүй.
Нэг өдөр аавын найз түүнийг баярын жагсаалд унаж үзүүлэх гэж оролдов. Тэрээр Яансиг унаад, замаар явах гэж байтал Яанси аавын найзыг булгиж унагачихаад, хотоор давхиж гарав. Яанси галзуу юм шиг давхиж байгаад гал түймрийн үеэр хэрэглэдэг усны цоргонд хөлөө гэмтээчихэж. Би гүүнийхээ араас нэхэн хөөсөөр очтол тэр өвдөж шаналан, гудамжинд хэвтэж байв.
Надад тун гунигтай байлаа. Бид Яансид их хайртай байв. Хэрэв тэр сургагчдаа дуулгавартай байсан бол сайхан амьдралтай, жаргалтай гүү байх байлаа. Гэтэл тэр сургагчийгаа сонсохгүй, түүнийг дагахгүй байсан юм. Харин одоо тэр бэртчихсэн, гудамжинд хэвтэж байна.
Яансид тохиолдсон явдал бидний Багш, Аврагч Есүс Христийг дагах үед ирдэг адислалуудын тухай надад ойлгуулсан билээ.