Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг
Дэлхийг Христийн хайраар дүүргэ
Бид Христийн мэндэлсний баярын талаар бодохдоо ихэвчлэн бэлэг өгч, авах тухай боддог. Бэлэгнүүд нь эрхэм нандин уламжлалын нэг хэсэг байж болох ч, тэдгээр нь энэхүү баярын энгийн хүндэтгэлтэй байдлыг бууруулж, Аврагчийн төрөлтийг утга учиртай тэмдэглэхээс бидний анхаарлыг сарниулдаг.
Христийн мэндэлсний хамгийн даруухан баяр хамгийн дурсгалтай байж чаддагийг би хувийн туршлагаасаа мэднэ. Хүүхэд байхдаа авсан бэлэгнүүдээ өнөөгийн жишигтэй харьцуулахад мэдээж даруухан байсан. Би заримдаа нөхсөн цамц, бээлий эсвэл оймс бэлгэнд авдаг байлаа. Ах маань өөрийнхөө сийлсэн модон хутгыг надад бэлэглэсэн Христийн мэндэлсний нэгэн онцгой баярыг би сайн санадаг.
Христийн мэндэлсний баярыг утга учиртай болгоход үнэтэй бэлэг шаардлагагүй. 1987–1992 онд Далын гишүүнээр үйлчилж байсан ахлагч Глэн Л.Раддын ярьсан нэгэн түүхийг би санаж байна. Олон жилийн өмнө, Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр тэрээр бишопуудын агуулахдаа зохицуулалт хийж байхдаа хотод саяхан нүүж ирсэн, тусламж хэрэгтэй байгаа нэгэн гэр бүлийн талаар шашны нэг удирдагчаас олж мэджээ. Тэрээр тэдний жижигхэн сууцанд зочилж очоод, арав хүртэлх насны дөрвөн хүүхэдтэй ганц бие залуухан эхийг олж харжээ.
Гэр бүлийнх нь хэрэгцээ маш их байсан учраас Христийн мэндэлсний баяраар эх нь хүүхдүүддээ амттан, бэлэг тэр байтугай гацуур ч худалдан авч чадаагүй байв. Радд ах тэдний гэр бүлтэй ярилцаад, 3 бяцхан охин нь хүүхэлдэйнд эсвэл чихмэл амьтанд дуртайг олж мэджээ. Тэрээр мөн 6 настай хүүгээс юу хүсэж байгааг нь асуухад өлссөн бяцхан хүү “Би нэг аяга овъёосны будаа идмээр байна” гэж хариулсан аж.
Радд ах бяцхан хүүд овъёос бас чадвал өөр ямар нэгэн зүйл авчирна гэж амласан байна. Дараа нь тэр бишопуудын агуулах руу явж, тэр гэр бүлийн яаралтай хэрэгцээг хангахын тулд хоол хүнс, бусад хэрэгцээт зүйлийг цуглуулав.
Яг тэр өглөө нэгэн өгөөмөр хожмын үеийн гэгээнтэн “тусламж хэрэгтэй хэн нэгэнд” өгөөрэй гэж түүнд 50 доллар өгчээ. Радд ах хандивын мөнгийг авч, тусламж хэрэгтэй хүүхдүүдэд тоглоом сонгож авахаар 3 хүүхдээ хувцаслаад, Христийн мэндэлсний баярын дэлгүүр рүү явав.
Раддын гэр бүлийнхэн машин дээрээ хоол хүнс, хувцас, бэлэг, Христийн мэндэлсний баярын гацуур болон чимэглэлүүд ачсаныхаа дараа нөгөө гэр бүл дээр очихоор явав. Тэнд очоод тэд эх, хүүхдүүдэд модоо байрлуулахад нь тусалжээ. Дараа нь тэд Христийн мэндэлсний баярын гацуур доор бэлэгнүүдээ байрлуулж, бяцхан хүүд том уутанд савласан овъёосны будаа бэлэглэв.
Эх нь уйлж, хүүхдүүд нь баярлалдаж, тэд бүгдээрээ Христийн мэндэлсний баярын дуу дуулжээ. Тэр орой Раддын гэр бүлийнхэн оройн хоолоо идэхээр цуглахдаа өөр нэгэн гэр бүлд Христийн мэндэлсний баярын хэсэгхэн ч болов баяр баяслыг авчирч, бяцхан хүүд нэг аяга овъёосны будаатай болоход нь тусалж чадсандаа талархсан байна.1
Христ ба өгөхийн Сүнс
Хүүгийнхээ төрөлтийг хүндэтгэхийн тулд Тэнгэрлэг Эцэгийн сонгосон энгийн атлаа хүндэтгэлтэй арга замын талаар тунгаан бодно уу. Тэрхүү ариун шөнө тэнгэр элчүүд баячуудад биш, харин хоньчдод үзэгдсэн юм. Христ хүү харшид биш, харин малын тэвшинд мэндэлсэн. Түүнийг торгонд биш, харин даавуунд өлгийдсөн юм.
Христийн мэндэлсний анхны тэрхүү баярын энгийн байдал нь Аврагчийн амьдрал ямар байхыг угтан хэлсэн билээ. Тэр дэлхийг бүтээж; сүр жавхлан, алдар суугийн дунд алхаж; Эцэгийн баруун гар талд заларч байсан ч сул дорой хүүхэд болон дэлхийд ирсэн юм. Түүний амьдрал даруухан язгууртны үлгэр жишээ байсан бөгөөд Тэрээр ядуу зүдүү, өвчин эмгэгтэй, сэтгэл санаагаар унасан, хүнд дарамт үүрсэн хүмүүсийн дунд амьдарч байв.
Тэрээр хаан байсан боловч хүмүүсээс магтаал, эд баялгийг эрэлхийлээгүй юм. Түүний амьдрал, үг болон өдөр тутмын үйл хэрэг нь энгийн атлаа төгс сүр жавхлангийн гайхалтай үлгэр жишээ болдог байв.
Хэрхэн өгөхийг төгс мэддэг байсан, өгөх загварыг бидэнд бий болгож өгсөн Есүс бол Христ. Тэрээр зүрх сэтгэлдээ ганцаардаж, гашуудан, хүнд дарамт үүрсэн хүмүүст энэрэл, тайтгарлыг авчирдаг. Тэрээр бие махбод, оюун санаагаараа өвдөж, шаналж буй хүмүүст хайр болон эдгэрлийг авчирдаг. Мөн Тэрээр сэтгэл нь гэм нүгэлдээ шаналж буй хүмүүст найдвар, өршөөл, гэтэлгэлийг санал болгодог билээ.
Аврагч өнөөдөр бидний дунд байсансан бол бид Түүний хүлцэнгүй, санаагаар унасан, дарууссан, сэтгэлийн дарамтад орсон, сүнсээр ядуу хүмүүст үргэлж үйлчилж байгааг нь олж харах байсан. Бид Христийн мэндэлсний энэ удаагийн баяраар мөн байнга бусдыг Түүнтэй адил хайрлаж, Түүнд бэлэг барих болтугай. Бид Түүний төрөлт, бэлэгнүүдийн болон амьдралын даруухан сүр жавхланг санах болтугай. Мөн бид нинжин сэтгэл, энэрэл, өрөвч энэрэнгүй байдлын энгийн үйлдлүүдээр дамжуулан Түүний хайрын гэрэл ба эдгээгч хүчээр дэлхийг дүүргэх болтугай.