Биднийг дахин уулзтал
Тэр амьдыг би мэднэ
Би ямар байгаа, ямар байхаар найдаж байгаа, юу мэдэрснээ мэдэхийг хүсэж байгаа зэрэг өөртөө байгаа бүхнийг өгөх болно.
Тэнгэр дэх Эцэг маань Хайрт Хүүгээ бидэнд бэлэг болгон өгөхдөө хийсэн золиослолыг болон дэлхийг гэтэлгэж, биднийг аврахын төлөө; биднийг энэ амьдралынхаа замаар алхаж байхад биднийг сүнслэг байдлын хувьд тэтгэхийн тулд; бид явж очин, мөнхийн дэлхийнүүдэд Түүнтэй хамт оршиж болохын төлөө Өөрийн амийг өгч, биднийг хайрласан, бидний Эцэгийн тэрхүү зохист Хүүгийн тухай би бясалган бодох дуртай. …
Би [Аврагчийн] үхэл, Түүний цовдлолт мөн амилалт үнэн бодитойг өөрийн бодгальд гэрчилсэн туршлагаа … эргэн санаж, үүнийг хэзээ ч мартахгүй. …
… Би нэг шөнө зүүдэндээ өөрийгөө тэрхүү ариун барилга болох ариун сүмд байна гэж харав. Намайг залбирч, зүрх сэтгэлдээ баяр баяслыг мэдэрсний дараа эдгээр өрөөний нэгэнд орох завшаан олдож байна гэж надад хэлэв. Сүр жавхлант нэгэнтэй уулзахын тулд хаалгаар ороход өндөрсгөсөн тавцан дээр суусан, миний нүдээрээ болгоож байсан буюу төсөөлж байснаас ч илүү, хамгийн сүр жавхлантай нэгнийг мөнхийн дэлхийнүүд дээр оршиж байхыг харсан билээ.
Намайг өөрийгөө танилцуулахаар дөхөж очтол Тэр босч, гараа дэлгээд, над руу чиглэн ирэв. Тэр инээмсэглэн, миний нэрийг аяархан хэлэв. Би сая жил насалсан ч тэр инээмсэглэлийг хэзээ ч мартахгүй. Тэрээр намайг гартаа өргөн үнсээд, цээжиндээ чанга тэврэн адислахад бүх биеэр минь халуу оргин төөнөх шиг боллоо! Түүнийг ийнхүү дуусгахад би хөлд нь унан, хөлийг нь нулимсаараа угааж, дахин дахин үнсэх үедээ дэлхийн Гэтэлгэгчийн хөлөн дэх хадаасны сорвийг харлаа. Бүх зүйлийг мутартаа атгадаг Түүний дэргэд байж, Түүний хайр энэрэл, анхаарал халамж, адислалыг хүлээж авахын тулд би өмнө нь өөртөө байсан бүхнийг, одоо байгаа бүхнээ, ямар хүн байхаар найддаг тэр бүхнээ, энд мэдэрсэн зүйлээ үргэлж мэдэрч байхын төлөө бүгдийг нь өгөхсөн!
… Би Есүсийг тэр үед загалмай дээр байхгүй байгааг харсан. Түүний духыг өргөс хатгасныг эсвэл Түүний гарыг хадаас цоо хатгасныг би хараагүй ч Түүний гараа алдлан инээмсэглэж, “Над уруу ир!” хэмээн бид бүгдэд хэлж байхыг харсан.