2014
Ариун ойн цоорхойгоос олж авсан сургамж
2014 оны арванхоёрдугаар сар


Ариун ойн цоорхой–оос олж авсан сургамж

2012 оны 5-р сарын 6-нд АНУ-ын Калифорнид болсон СБС–ийн онцгой цугларалт дээр хэлсэн үгээс хэсэгчлэн авав. Бүрэн эхээр үзэх бол cesdevotionals.lds.org хаягаар орно уу.

Би та бүхнийг оюун ухаан, зүрх сэтгэлээрээ үргэлж Ариун ойн цоорхойд зогсож, Бурханы тэнд илчилж эхэлсэн үнэнүүдэд үнэнчээр амьдрахад уриалж байна.

1993 онд Далд дуудагдсанаасаа хойш 4 жилийн дараа би гэр бүлийнхэнтэйгээ хамт Нью-Йоркийн Рочэстэр номлолд дуудагдсан юм. Энэ номлол нь Палмира тосгоныг (1920-иод оны ихэнх жилүүдэд Иосеф Смит болон түүний гэр бүл энд амьдарч байсан) болон Фейеттийг (1830 оны 4-р сард Сүм зохион байгуулагдсан газар) хамардаг.

Энэ газрыг дүрсэлбэл, модоор бүрхэгдсэн толгод; тунгалаг нуурууд болон горхиудтай, сайхан сэтгэлтэй, сонирхол татам хүмүүс бүхий үзэсгэлэнтэй нутаг билээ. Энэ нь бас тэнд болсон үйл явдлаар ариун болсон газар юм.

Палмирагийн ойролцоо Иосеф Смит, Люси Мак Смит нарын гэрээс баруун тийш барагцааагаар милийг дөрөв хуваасны нэгтэй тэнцэх зайд байрладаг өндөр сүрлэг эвэр модод, царс, агч болон бусад олон модтой нэгэн ойн цоорхойд 14 настай Иосеф Смит үзэгдэлд Бурхан, Эцэг болон Түүний Хүү Есүс Христийг харсан билээ. Шашны талаарх үнэнийг мэдэх гэсэн Иосефийн залбирлын хариуд ирсэн энэхүү тэнгэрлэг илэрхийлэлт нь сүүлчийн энэхүү эрин үед сайн мэдээний сэргээлтийг эхлүүлсэн билээ. Мөн энэ нь тэрхүү ойн цоорхойг Ариун ойн цоорхой нэрээр, бидний хүндэтгэлтэй ханддаг газар Сүмийн түүхэн дэх хүндлэл бишрэлийн газар болгосон юм.

Би гэр бүлийнхэнтэйгээ энэ ойн цоорхойг хайрлаж, ариун нандин байдлыг нь мэдэрч эхэлсэн юм. Бид үе үе тэнд очдог байв. Бид сар бүр шинээр ирж буй болон номлолоо дуусгаад буцаж байгаа номлогчдыг аваад тэнд очдог байлаа.

Би Ариун ойн цоорхойд хүндэтгэл бишрэлтэй алхахдаа эсвэл тэнд байрлуулсан сандал дээр суугаад бодох зуур мод, мөчир, үндэс, үр, жимс, ой модыг багтаасан судрын уран төсөөлөл их байдаг талаар үе үе тунгаан боддог байлаа. Гярхай хэн нэгэн тэндхийн үзэсгэлэнт байгалаас зарим чухал сургамжийг ч олж авч чадна. Би та бүхэнтэй эдгээр сургамжаас дөрөвхнийг товчхон хуваалцъя.1

1. Мод үргэлж гэрэл дагаж ургадаг

photo of trees in the sacred grove

Гэрэл зургуудыг Роис Бэйр

Ариун ойн цоорхойд модод ойн захаар болон доторх жимийн олныг нь даган ургаж буй моддын сүүдэрлэх навчсаас зугтаж гадагшаа ургадаг бөгөөд дараа нь нарны гэрлийг өөртөө хамгийн ихээр хүлээн авахын тулд дээш тэмүүлдэг. Модны тахиралдсан их бие нь бараг өөгүй шулуун ургасан ойролцоох модныхоос маш өөр байдаг. Бүх амьд организмтай адил тэсэж үлдэн, өсч хөгжихийн тулд модонд гэрэл хэрэгтэй. Тэд гэрлийн эрчим хүчийг химийн эрчим хүч болгон хувиргадаг фотосинтезэд орохоор аль болох их нарны гэрэл шимэн авахын тулд чадах бүхнээ хийдэг.

Гэрэл нь байгал дахь байдлаасаа илүүгээр сүнслэг байдлын хувьд бүр илүү чухал нөлөөлөгч болдог. Учир нь гэрэл бол Бурханы охид, хөвгүүдийн хувьд өөрсдийн сүнслэг байдлын өсөлт ба бүрэн чадавхыг ойлгоход чухал юм.

Харанхуй нь гэрлийн эсрэг тал бөгөөд биднийг Бурханаас тусгаарлаж, бидэнд зориулсан Түүний тэнгэрлэг төлөвлөгөөг зогсоохыг эрэлхийлэгч дэлхий дээрх хүчнүүдийг төлөөлдөг. Хилэнцэт хүчнүүд нь хамгийн муу нөлөөгөө харанхуй болсны дараа эсвэл харанхуй газруудад үзүүлдэг. Ариун явдлын хууль ба мэргэн ухааны үгийг зөрчих, хулгай хийх болон Тэнгэрлэг Эцэгийн хориглосон бусад зүйл нь ихэвчлэн харанхуйд болдог. Бид гэгээн цагаан өдрөөр буруу зүйл хийхээр сонгосон ч харанхуйн мэдрэмжүүдийг мэдрэхгүй байж чаддаггүй.

Аз болоход, Христийн Сүнс нь “дэлхийд ирдэг хүн болгонд гэрлийг өгдөг; мөн Сүнс нь дэлхий даяар Сүнсний дуу хоолойг анхаардаг хүн болгоныг гэгээрүүлдэг бөлгөө.

“Мөн Сүнсний дуу хоолойг анхаардаг хүн болгон Бурханд, бүр Эцэгт ирдэг болой” (С ба Г 84:46–47).

Судрын энэ хэсэг нь хэрэв бид үүнийг боож хясахгүй л бол гэрэлд алхах, ингэснээр Бурхан болон Түүний Хүү дээр очоод, Тэдэнтэй илүү адил болох мөн Бурханы хүүхдүүдэд дээш хүрэх боломж ба Бурханаас заяагдсан сүнслэг зөн совин бүгдэд байгааг тун гайхамшигтай дүрслэн хэлсэн байна. Христ Өөрийнхөө талаар “Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно” (Иохан 8:12) гэж хэлжээ.

Би та нарыг бүх хэлбэрийн хорон муу дотор байдаг нүглийн харанхуйгаас зайлсхийж, амьдралаа Аврагч, Есүс Христийн Сүнсээр, үнэн болон гэрлээр дүүргэхэд уриалж байна. Та нар зөв шударга найз нөхдийг эрэлхийлж, сүнслэг дуу хөгжим сонсон, сүнслэг уран зураг үзсэнээр; мэргэн ухааны үгсийг шилдэг номнуудаас эрэлхийлж (ялангуяа судруудаас), чин сэтгэлээсээ залбиран, байгалийн нам гүм газар байснаар; ашиг тустай үйл ажиллагаа, ярилцлагуудыг хийж, Христ дээр болон хайр, үйлчлэлийн талаар Түүний заасан сургаалууд дээр амьдралаа төвлөрүүлснээр үүнийг хийж чадна.

2. Бүтээлтийн зорилгоо биелүүлэхийн тулд модонд эсрэг тал шаардлагатай байдаг

photo of a row of stones in the sacred grove

Хүмүүс Ариун ойн цоорхойг арчлан хамгаалахдаа олон жилийн турш ой модны менежментийн талаарх олон янзын онолыг ашигласаар иржээ. Нэг удаа олны мэддэг сийрүүлэх туршилт хийхээр хэсэг газар сонгон авав. Ойн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, туршилтын хэсэг дэх хамгийн том, хамгийн эрүүл моддыг хамгийн тохиромжтой гэж үзжээ. Дараа нь тэд үр жимс муутай, нам дор байгаа моддыг тайрч, авч хаяв. Тэдний таамагласнаар ус, нарны гэрэл, хөрсний тэжээл зэргийг хуваалцаж байсан ихэнх хэсгийг чөлөөлснөөр сонгогдсон модод илүү онцгой, ер бусын арга замаар ургаж, өсөх байв.

Хэдэн жилийн дараа энэ зүйл эсрэгээрээ болж байгаа нь тодорхой болов. Өрсөлдөөнгүй шахам болсон учраас сонгогдсон модод залхуу, сул дорой болжээ. Модод гэрэл өөд тэмүүлэн дээш ургахын оронд өндрөөшөө өсөх нь удаашран навчсаар хучигдсаар эцэстээ ямар ч хэрэгцээгүй болдог доод мөчрүүд нь их ургаж, илүү бүдүүрч байв. Ургаж, үр жимсээ өгөхийн тулд тэмцэж, ялсан моддыг хэмжээ эсвэл хүч чадлаар нь туршилтын хэсэгт байсан эдгээр модны алинтай ч харьцуулах аргагүй байв.

“Бүх зүйлд сөрөг тал байх нь зайлшгүй” (2 Нифай 2:11) гэдэг нь Мормоны Номын гол зарчмуудын нэг юм. Сөрөг талууд бүхий дэлхий нь сонгох эрх зохих ёсоор хэрэгжиж болохын тулд сайн, муу хоёрын хооронд сонголт хийх боломжийг олгодог. Гэсэн хэдий ч, сүнслэг өсөлтийг тохиолгон авчрахын тулд сөрөг тал байх ёстой нь үүнтэй адил чухал ач холбогдолтой зарчим юм. Энэ зарчмыг ойлгож, хүлээн авах нь амьдралдаа аз жаргалтай байх шийдвэрлэгч хүчин зүйл билээ. Мөн энэ нь шаардлагатай хувийн өсөлт хөгжлийг олж авахад чухал байдаг.

Эрт орой хэзээ нэгэн цагт бид бүгд сөрөг тал ба саад бэрхшээлтэй тулгарах болно. Эдгээрийн зарим нь унасан дэлхийд мөнх бус амьдарч байгаагийн үр дүнд жам ёсоор ирдэг. Үүнд байгалийн гамшиг, өвчин зовлон, уруу таталт, ганцаардал эсвэл бие махбодын юм уу оюун санааны согог орж болно. Заримдаа сөрөг тал болон сорилт бэрхшээл нь бидний буруу сонголтуудын улмаас ирдэг. Эвдэрсэн бүхнийг Цагаатгалаар эвлэрэх арга замаар хангасан Аврагчдаа бид хэчнээн их талархах ёстой билээ?

Либертийн шоронд Иосеф Смитийг дарамт шахалтыг тэсвэрлэх аргагүй болох тэр үед түүнд хандсан: “Эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг чи мэдэгтүн, хүү минь” (С ба Г 122:7) гэсэн Их Эзэний үгсээс би агуу их тайвшралыг олж авдаг.

Ариун ойн цоорхой дахь зарим мод сөрөг тал нь бидний ашиг тусын төлөө өгөгддөг бөгөөд туйлын хүнд нөхцөл байдалд ч олж авах зүйл бидэнд их байдгийг харуулж байна. Эдгээр мод нь тэнхэрч, сэргэхийн тулд олон хэлбэрийн сөрөг байдал эсвэл саад бэрхшээл аянга цахилгаан, гэнэтийн хүчтэй салхи, хунгарласан цас юм уу мөс, хайхрамжгүй хүмүүсийн халдлага ба буруу үйлдэл тэрчлэн заримдаа зэргэлдээх модны түрэмгийлэл зэргийг даван туулах шаардлагатай байлаа. Эдгээр тааламжгүй нөхцөл байдлын нөлөөгөөр ойн цоорхойн хамгийн бат бөх бөгөөд харахад хүртэл сонирхол татам модод ургадаг байна.

3. Мод тусдаа байхдаа биш, харин ойд байхдаа л хамгийн сайн ургадаг

photo of tree trunks in the sacred grove

Байгал дээр цор ганцаар ургаж буй модыг харах нь ер бусын зүйл юм. Мод ихэвчлэн төгөл хэлбэрээр ургаж, цаг хугацаа өнгөрөн одох тусам төгөл нь ой мод ч болж болно. Гэсэн ч Ариун ойн цоорхой нь хэсэгхэн модноос ч хамаагүй том зүйл. Энэ нь олон зүйлийн ургамал, амьтнаас бүрдсэн маш нарийн зохицолдсон экологийн систем юм.

Тэндхийн бүх төрлийн зэрлэг цэцэгс, бут, сөөг, мод, мөөг, хөвд, шувууд, мэрэгч, туулай, буга болон бусад бүтээлийн хооронд нэгэн тодорхой уялдаа холбоо байдаг. Эдгээр төрөл зүйл нь хоол хүнс, оромж, амьдралаа бүтээн байгуулах арга ухаан, амьдралынхаа замналыг туулах нийгмийн орчин зэрэгт бие биедээ харилцан үйлчилж, түшиглэж байдаг.

Бидний амьдралын төлөөх Бурханы төлөвлөгөө нь бидэнд зориулсан ижил төстэй уялдаа холбоог агуулдаг. Бид авралынхаа төлөө тус тусдаа биш, харин хамтдаа ажиллах ёстой. Сүм даяанчийн байр биш, харин цуглааны байрууд барьдаг.

Сэргээлтийн эхнээс, баптисмын гэрээнүүдээ хүндэтгэн, эв нэгдэлтэй амьдарч, харилцан бие биенээ дэмжиж сурах хороонд цугларах зарлигийг бидэнд өгсөн билээ (Мозая 18:8–10-ыг үзнэ үү). Бурханы хүүхдүүдийн хувьд, бид ганцаар ургадаг мод шиг тус тусдаа өсөж хөгжиж чадахгүй. Эрүүл модонд экологийн систем хэрэгтэй байдаг шиг эрүүл хүнд хүмүүс хэрэгтэй.

Аз болоход, бид бүгдэд бусадтай харилцах, нөхөрлөх, үнэнч шударга найз нөхөдтэй байх хүсэл байдаг. Бурханы мөнхийн гэр бүлийн гишүүдийн хувьд бид бүгд ойр дотно, удаан үргэлжлэх харилцааг өгч чадах сэтгэл хангалуун бөгөөд аюулгүй байдлыг хүсэн хүлээдэг. Олон нийтийн сүлжээ сайтууд нь биднийг хоорондоо харилцах нэг арга замаар хангадаг нь эргэлзээгүй боловч тэдгээр нь жинхэнээсээ, удаан үргэлжлэх харилцаа тогтоохын тулд зайлшгүй байх ёстой үнэнч шударга, илэн далангүй, нүүр нүүрээ харсан харилцан яриаг орлож чадахгүй.

Бусадтай сайн харилцаж сурах анхны бөгөөд шилдэг газар бол гэр орон гэдэг нь тодорхой. Бид бусадтай удаан хугацаанд үргэлжлэн харилцахад чухал болох үйлчлэл, аминч бус үзэл, уучлал ба тэвчээрийн талаарх хичээлүүдийг гэр орондоо суралцдаг.

Аз болоход илчлэлтээр өгөгдсөн Сүмийн зохион байгуулалт нь биднийг нийгэмшин хөгжих орчноор хангадаг. Сүмийн дуудлага, хурал цуглаан, анги, чуулга, зөвлөлийн хурал, үйл ажиллагаанууд болон бусад уялдаа холбоо бүхий олон төрлийн боломжоор дамжуулан тэнгэрт орших нийгмийн дэг журамд өөрсдийгөө бэлтгэхэд бидэнд туслах зан чанар, нийгмийн чадваруудаа бид хөгжүүлдэг.

Энэхүү дээд дэг журмын талаар ярьж байхдаа бошиглогч Иосеф Смит “Энд бидний дунд байгаа тэрхүү харилцаа тэнд бидний дунд байх болно, гагцхүү энэ нь эдүгээ бидний эдэлдэггүй тийм алдар суу болох мөнхийн алдар суугаар хоёр дахин ихсэх болно” (С ба Г 130:2) хэмээн хэлжээ.

4. Мод нь өмнөх үеийн моддын бий болгосон шим тэжээлээс хүч чадал олж авдаг

photo of a tree with fungus at the base of tree

Ариун ойн цоорхойг харж хандах үүрэг хүлээсэн хүмүүс нь ойн цоорхойг сайтар арчлан тордох хэрэгтэй гэсэн шийдвэр гаргаж байсан тийм үе байлаа. Тэгээд унасан мод, мөчир; явган бут сөөг, хожуул; хатсан навчсаас ойн цоорхойг цэвэрлэх төслүүдийг зохион байгуулжээ. Үүнийг хийсний дараа удалгүй ойн цоорхойн амьдрах эрч хүч нь буурч эхлэв. Модны өсөлт удаашран, цөөхөн шинэ мод нахиалж, зэрлэг цэцэгс болон ургамлуудын зарим зүйл нь харагдахаа больж, шувууд болон бусад зэрлэг амьтны тоо толгой багасав.

Хожим нь ойн цоорхойг аль болох байгалийнх нь байдалд үлдээх хэрэгтэй гэсэн зөвлөмж гарсны дагуу хөрсийг ялзруулж, баяжуулахын тулд унасан мод, мөчрүүдийг газарт нь үлдээжээ. Навчсыг бас байсан газруудад нь үлдээв. Ойн цоорхойг аль болох бага эвдэж, хөрсийг нягтруулахгүйн тулд тэмдэглэсэн явган замуудаар л явахыг зочдоос хүссэн юм. Хэдхэн жилийн дотор уг ойн цоорхой сэргэж, гайхамшигтай арга замаар өөрийгөө шинэчилж эхэлсэн байна. Өнөөдөр энэ цоорхой нь өтгөн сахлаг өвс ургамал, зэрлэг амьтдаар дүүрч, бараг өө сэвгүй цэцэглэн хөгжиж байна.

Энэ туршлагаас сурч болох сургамж нь миний хувьд үнэ цэнэтэй билээ. Надад долоон жилийн турш Сүмийн түүхч болон бичээчээр үйлчлэх онцгой боломж тохиосон юм. Бүртгэл хөтөлж, цуглуулж, хадгалан, түүхээ хуваалцах нь Есүс Христийн Сүмд яагаад ийм чухал байдаг вэ? Түүхийнхээ талаар мэдлэгтэй байж, өнгөрсөн үеийнхнээсээ хүч чадал олж авах нь бидэнд яагаад чухал байдаг вэ? (С ба Г 21:1; 69:3, 8-ыг үзнэ үү.)

Би өнгөрсөн үеийн үндэс суурьгүйгээр одоо үедээ бүрэн амьдарч, ирээдүйн хувь заяагаа төлөвлөх боломжгүй гэдгийг та нарт хэлмээр байна. Одоо болон ирээдүйтэй холбоотой өнгөрсөн үеийн хамаарлыг ойлгох нь Их Эзэнээс Иосеф Смитэд илчилсэн үнэний талаарх тодорхойлолтод илүү бүрэн дүүрэн талархалтай байхад бидэнд тусалдаг: “Үнэн бол байгаа юмсын, байсан зүйлүүдийн, мөн ирэх зүйлүүдийн тухай мэдлэг юм” (С ба Г 93:24).

Хадгалагдан ирсэн бичээсүүдийн ачаар өнгөрсний талаар болон судрууд ба амьд бошиглогчдын сургаалуудын ачаар ирээдүйн талаар мэдлэгтэй байх нь бидэнд сонгох эрхээ ухаалаг ашиглах боломжийг олгодог билээ.

Бид Сүмийн түүхтэй, ялангуяа үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй танилцах нь чухал юм. Эдгээр түүх нь Иосеф Смитийн Анхны үзэгдэл, Мормоны Номын ирэлт, Иохан Баптист, Петр, Иаков, Иохан, Елиа болон Елиасын тэнгэр элчийн айлчлалтууд, Cэргээлтийн бусад үндэс суурь болсон суурь үнэнүүдийг багтаасан байдаг.

Харамсалтай нь, мэдээллээр бялхсан, техник технологийн энэхүү эрин үед зарим мэдээлэл нь Сүмийн түүхэн дэх үйл явдлуудад болон хүмүүст шүүмжлэлтэй хандаж байгаагаас зарим хожмын үеийн гэгээнтний итгэл нь гуйвж, удаан хугацаанд итгэж байсан зүйлдээ эргэлзэж эхэлдэг. Эргэлзэж байгаа эдгээр хүнд хэлэхэд, хэрэв тэд сайн мэдээний зарчмуудыг дагаж, Сүмийн түүхийг залбирч судалснаар хэсэгхэн эсвэл бүрэн бус мэдлэгээс илүүтэй бүх талын мэдлэг олж авахаар хангалттай судлах юм бол Ариун Сүнс тэдний оюунд амар амгаланг ярьж, Сүмийн түүхэн дэх чухал үйл явдлуудад итгэх итгэлийг нь батлах болно хэмээх хайр, ойлголт, баталгааг би тэдэнд өгч байна. Ийм арга замаар тэд сэргээгдсэн Сүмийн түүхийн талаарх итгэл үнэмшлээрээ баттай болж чадна.

Дүгнэлт

Би Палмирагийн ойролцоо номлолд үйлчилж байхдаа заримдаа ганцаараа Ариун ойн цоорхойд очиж, Анхны үзэгдэл болох үед ойн цоорхойд ургаж байсан гурван амьд модны нэг өөрийнхөө дуртай “гэрчлэгч модны” дэргэд бишрэл хүндэтгэлтэй зогсдог байв. Хэрэв энэ мод ярьж чаддаг байсансан бол 1820 оны хаврын тэр өдөр юу харснаа надад хэлэх байсан байх даа гэж төсөөлөн боддог байлаа. Гэвч аль хэдийн мэддэг болсон зүйлээ модноос сонсох нь надад тийм ч шаардлагатай зүйл байсангүй.

Өсвөр насанд минь эхэлж, одоо хүртэл үргэлжилж байгаа сүнслэг туршлага болон, мэдрэмжүүдийнхээ ачаар би Бурхан, бидний Эцэг амьд гэдгийг мэддэг болсон. Би бас Түүний Хүү, Есүс Христ бол бүх хүн төрөлхтний Аврагч, Цагаатгагч гэдгийг мэднэ. Эдгээр алдар суут хоёр хүн Иосеф Смит дээр хүрч ирснийг би мэднэ.

Энэхүү алдар суут үнэнүүд нь Ариун ойн цоорхойд эхэлсэн юм. Би та бүхнийг оюун ухаан, зүрх сэтгэлээрээ үргэлж Ариун ойн цоорхойд зогсож, Бурханы тэнд илчилж эхэлсэн үнэнүүдэд үнэнчээр амьдрахад уриалж байна.

Эшлэл

  1. Ойн цоорхойн талаар хуваалцсан санаануудаас минь заримыг надтай хуваалцсан, Палмирад амьдардаг, Сүмийн ойн мэргэжилтэн, байгаль судлаач Робэрт Парроттод би талархал илэрхийлж байна.