Айлчлагч багшийн захиас бичиг
Есүс Христийн тэнгэрлэг зорилго: Энх амгалангийн Ханхүү
Энэ материалыг залбирч судлан, юу хуваалцахаа мэдэхээр эрэлхийл. Аврагчийн амьдрал ба зорилгыг ойлгох нь Түүнд итгэх итгэлийг тань хэрхэн өсгөж, айлчлагч багшийн ажлаар дамжуулан өөрийн тань харж хандан, анхаарал тавьдаг хүмүүсийн амьдралыг хэрхэн адислах вэ? Дэлгэрэнгүй мэдээллийг www.reliefsociety.lds.org вэбсайтаас үзнэ үү.
“Аврагч бол жинхэнэ энх амгалангийн эх сурвалж юм” хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк хэлжээ. “Амьдралд сорилт бэрхшээлүүд тохиолдож болох ч Аврагчийн Цагаатгал болон Түүний ач ивээлийн ачаар зөв шударга амьдарч байгаа хүмүүс хувийн амар амгалангаар шагнагдах болно.”1 Есүс Христ бол Энх амгалангийн Ханхүү гэдгийг ойлгох нь дотоод амар амгаланг олж, Түүнд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд бидэнд тусалж чадна.
“Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” (Иoхан 16:33) гэж Есүс Христ хэлжээ. Энэ үнэний талаар гэрчилж байхдаа Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн 2-р зөвлөх Линда С.Рийвс “Их Эзэн надад нигүүлсэнгүй хандсаар ирсэн бөгөөд ачаануудыг минь хөнгөн болгож тусалсан. Тэр надад агуу их амар амгаланг мэдрэхэд тусалсан”2 гэжээ.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт: “Амар амгалан байж чадах хамгийн тохиромжтой газар бол. … Их Эзэн Есүс Христийг гол цөмөө болгохын тулд бидний чадах бүхнээ хийсэн гэр орон маань юм”3 хэмээн заажээ.
Нэмэлт судрууд
Исаиа 9:6; Лук 2:14; Иохан 14:27; 1 Нифай 13:37; Сургаал ба Гэрээ 59:23
Судруудаас
Исаиа Энх амгалангийн Ханхүү, Есүс Христийн төрөлтийн талаар бошиглосон (Исаиа 9:6-г үзнэ үү). Америк тивд лемен үндэстэн Самуел таван жилийн дараа тохиох Христийн төрөлтийн тэмдгүүдийг хэлсэн юм (Хиламан 14:3, 5-ыг үзнэ үү). Бошиглосон өдөр ойртох үед үл итгэгчид эдгээр тэмдэг өгөгдөхгүй бол Христэд итгэдэг бүх итгэгчийг алахаар заналхийлж байв. Бошиглогч Нифай “тэрхүү өдрийн туршид Их Эзэнд хүчтэйгээр залбиран гуйв; мөн болгоогтун, Их Эзэний дуу хоолой түүнд ирж, хэлсэн нь: … маргааш бибээр дэлхийд ирэх болно” (3 Нифай 1:12–13) гэжээ. Тэмдгүүд үзэгдэж, Христийн төрөлтөөр “уг нутагт хүмүүс дахин тийн амар амгалан байх болов” (23-р шүлэг).
Бетлехэмд Мариа “ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож Түүнийг тэжээлийн тэвшин дотор тавив” (Лук 2:7).