2014
Алдагдсан 500 жил: Малахигаас Иохан баптистыг хүртэл
2014 оны арванхоёрдугаар сар


Алдагдсан 500 ЖИЛ:Малахигаас Иохан баптистыг хүртэл

Хуучин Гэрээнээс Шинэ Гэрээ хүртэлх 500 жил нь Есүс Христийн ирэлтээс өмнөх эртний Палестин дахь нөхцөл байдлын талаар бидэнд зааж, Аврагчийг дагах амлалтаа шинэчлэхэд бидэнд тусалдаг.

Бошиглогч Малахиг МЭӨ 450 оны үед нас барахад жинхэнэ бошиглогчийн дуу хоолой 500–гаад жилийн турш дахин сонсогдсонгүй. Бид энэ эрин үеийг гэрээнүүд хоорондын үе Хуучин ба Шинэ Гэрээнүүдийн хоорондох завсар үе гэдгээр нь мэддэг. Бошиглогчгүйгээр тэр нутаг дахь хүмүүс судруудыг орчуулж, хүмүүсийг удирдах эрхийг өөрсдөдөө олгосон хэсэг, бүлгүүдэд хуваагдаж эхлэв. Иеховагийн талаарх үнэн бодит ойлголт эдгээр бүлгийн дунд багасчээ. Бурхан шинэ бошиглогч Иохан Баптистыг шинэ эрин үеийг эхлүүлэхээр илгээхэд эргэлзээ дагуулсан урт удаан цаг хугацаа төгсгөл болов. Гэвч Иохан Баптист байсан ч, Аврагч хүмүүст сургаалаа зааж байсан ч олон хүн гэрээнүүдийн хоорондох үед хөгжиж, эрчимжсэн уламжлал, итгэл үнэмшлээ ялан дийлж чадахгүй байв. Бид энэхүү 500 жилийг болон үүнээс болж үүссэн эргэлзээ төөрөгдлийг ойлгосноор Аврагчийн тохинууллын талаар илүү ихийг ойлгож, Түүнийг дагах амлалтуудаа шинэчилж чадна.

Дүрвэлт ба боолчлол: Дуулгаваргүй байдлын төлөөс

Исаиа, Иеремиа зэрэг бошиглогчид Иерусалимын иргэдэд, хэрэв тэд Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдээ зөрчсөөр байвал хот болон ариун сүмүүд нь устгагдах болно хэмээн сэрэмжлүүлжээ. МЭӨ 600 оны үед Вавилон Иудейн тосгон, суурин, хотуудыг болон шашныг нь устгаж, эзлэн түрэмгийлж эхлэхэд энэ бошиглол биелэгдсэн билээ.

Эцэст нь Иерусалим МЭӨ 587 онд унасан бөгөөд дүрвэсэн иудейчүүд устгагдсан эх орноосоо хөөгдөн гарав (Дуулал 137:1-ийг үзнэ үү). Иерусалимд болон үүний ойролцоо үлдсэн самаричуудаас бүрдсэн цөөн хүн сүүлд нь өөр үндэстний хүмүүстэй гэрлэв (Иеремиа 40:7, 11–12-ыг үзнэ үү). Дараа нь дүрвэгчид Палестинд эргэн ирж эхэлсэн ба гэр орон болон шашнаа дахин барьж төвхнүүлсэн юм (Езра 3-ыг үзнэ үү). Иерусалимд ариун сүм сүүлд буюу МЭӨ 515 онд дахин баригдаж, дахиад иудейчүүдийн хүндэтгэл бишрэлийн төв болов.

Иудейчүүд ариун сүмээ дахин барихад нь туслах гэсэн самаричуудын саналаас татгалзсан учраас самаричууд дөрөвдүгээр зууны сүүлээр Иерусалимын хойд хэсэгт, ойролцоогоор 64 км-ийн зайд орших Геризим уулан дээр өөр нэгэн ариун сүм барьжээ. Ийнхүү Геризим уулан дээрх шинэ ариун сүм ба Иерусалимын ариун сүм хоёр нь санваарынхаа эрх мэдлээр өрсөлдөж байсны улмаас Иеховаг хүндлэх хүндэтгэл болон итгэл үнэмшил нь хуваагдан задарсан юм (Иохан 4:20-ыг үзнэ үү).

Гэтэл шашны энэхүү сэргэлт хөдөлгөөн удаан үргэлжилсэнгүй. Бошиглогч Амосын бошиглосноор, Малахийн дараа Их Эзэн “талхаар өлсөх, усаар цангах бус харин Эзэний үгийг сонсохын төлөө өлсгөлөн” (Амос 8:11) илгээв. Хүмүүс бошиглогчийн эрх мэдэл бүхий сургаал, тайлбаргүйгээр хуулийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээснээр энэхүү чухал өөрчлөлт нь томоохон үр дүнг бий болгосон билээ.

Урвалтын нөхцөлүүд

Энэхүү урвалтын үр дүнд хүмүүс улс төр, шашин, нийгмийн олон төрлийн хүсэл сонирхлоороо хуваагдав. Тэд Мессиагийн талаарх өөрсдийн итгэл үнэмшил, соёл ёс заншлаараа ялгарч байв. Шашны бүлгүүд нь Мосегийн хуулийг ойлгосон үедээ үүний дагуу амьдрахаар хичээж байсан ч бүлэг бүр судруудыг өөр өөр өнцгөөс орчуулан, тайлбарлаж байсан учир иудейчүүдийн нийгэм илүү олон хэсэг болон хуваагдаж байлаа. Үүний үр дүнд Аврагчийн талаарх жинхэнэ ойлголт эргэлзээтэй болж эхлэв.

Бошиглогчдын дуу хоолой намжсан учраас тахилчид болон ариун сүмийн ажилтнууд нь левичүүд ба иудейчүүдийн дунд чухал байр суурь эзэлж, өөрсдөдөө судар хөрвүүлэх эрх мэдэл олгож байжээ. Гэсэн ч, тэр үед ахлах тахилчийн албыг худалдаж, худалдан авдаг болтол авилгач шинжтэй болсон байлаа.

Иудейчүүд тахилчдыг болон левичүүдийг хуулийг зөв заах үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байна гэж үзэж байв (Дэд хууль 33:10-ыг үзнэ үү), тиймээс хуулийг заах зорилгоор нэгэн шинэ бүлэг байгуулагдсан байна. Суралцаж мөн хуулийг дуулгавартай дагахад хүмүүсээ яаравчлуулсан Езрагийн жишээг тэд даган дуурайв хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байна (Езра 7:25; Нехемиа 8:1–8-ыг үзнэ үү).

Их Александр хаан энэ бүс нутгийг МЭӨ 332 онд эзлэн авчээ. Түүнийг нас барахад жанжнууд нь хаант улсыг нь хуваан авчээ. Энэ үед грекээр ярьдаг, Селүсидчүүдийн эзэн хаад Палестиныг эрхшээлдээ оруулжээ. МЭӨ 167 онд Селүсидчүүдийн удирдагчид хөвч хөндөхийг хориглож, тахилын ширээн дээр гахай өргөн, мөн ариун сүмийг гутаан доромжилж, иудейчүүдийн шашныг хориглов. Маккабийн эсвэл Хасмонийнс нэрээрээ танигдсан нэгэн гэр бүлээр удирдуулсан олон иудей хүн эсэргүүцэл үзүүлж байжээ. Маккабийн дайн хэмээн нэрлэгдсэн энэхүү бослого нь эцэстээ иудейчүүдэд эрх чөлөөг авчирч, Иерусалимын уналтаас хойш анх удаа Иудей хэмээн нэгэн үндэстэнг бий болгосон байна. Энэ үед “сүсэгтнүүд” хэмээх нэртэй өөр нэгэн шашны бүлэг байгуулагджээ. Тэд Мосегийн хуулиас ойлгосон хэсгүүдээ нэг бүрчлэн дагаж, Бурханд үнэнчээ харуулдаг байв.

Гэрээнүүд хоорондын үед ч бас судруудыг орчуулах онцгой эрхийг өөрсдөдөө олгосон өөр өөр шашны бүлэг шинээр гарч ирж байв. Фарисайчууд бол Маккабийн дайны дараахан удалгүй гарч ирсэн бие даасан нэгэн шашны бүлэг байжээ. Тэд судруудад биш, харин аман уламжлалд үндэслэн бий болсон хоолны хуулинд болон зан үйлийн цэвэр ариун бөгөөд онцгой байдалд чанд анхаарал хандуулж, танилцуулснаар иудейчүүдийн нийгэмд маш нэр нөлөөтэй болсон байна. Тэд гэр орондоо ариун сүмд амьдарч байгаа мэт байхыг хичээдэг байв.

Нөгөө талаас, гарал үүсэл нь мэдэгдэхгүй үлдсэн садукайчууд бусад бошиглогчийн бичээсүүдийг үл тоомсорлон, аман уламжлалуудыг эсэргүүцэж, Мосегийн таван номыг ягштал баримталдаг байв. Энэ бүлэглэл нь Иерусалимын нийгмийн нөлөө бүхий хүмүүсээс бүрддэг байжээ. Есүсийг төрөх үеэр тэд ариун сүмийг хяналтандаа авч байгаа тухай зарлаж, хүчээ авсан юм.

Шашны эдгээр бүх бүлэглэл нь сүсэг бишрэлтэй амьдралд чухал гэж итгэдэг байсан ёс заншил, сургаалуудаа хадгалж үлдсэн байна. Гэвч тэдэнд жинхэнэ бошиглогчийн удирдамж дутагдсан учраас тэд өөр өөрсдийнхөө ойлголттой үлджээ.

Шинэ эрин үеийг хүлээсэн нь

Шашны итгэл үнэмшлээс үл хамааран зөв шударга эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэрээнүүд хоорондын үед ч Мессиагийн ирэлтийг тэсэн ядан хүлээсээр байв. Яруу найрагчид дуулал дуулж, олон нийт Өөрийн хүмүүсийг аврахаар ирэх Давидын хаан Түүний ирэлтийн талаар залбирч, ярилцаж, мөрөөдөж байв.

Мессиаг хүлээж байсан өөр нэгэн бүлэглэл бол Маккабийн зөрчилдөөний үед байгуулагдсан Эссэнэс бүлэглэл байв. Эссэнэс бүлэглэл нь Иерусалим дахь ариун сүмийн тахилчид авилгад идэгдсэн бөгөөд ариун сүмийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байв. Тэдний бодлоор Мессиагийн ирэлт ойрхон байлаа. Тэд Есүсийг төрөхөөс өмнөх 60-аад жилийн турш Палестиныг эзлэн түрэмгийлсэн Ромын харгис буулгыг авч хаяхад Есүс тэдэнтэй нэгдэнэ гэдэгт итгэдэг байв.

Сэргээлтийн өмнөх шинэчлэлтэй адил, гэрээ хоорондын эрин үе нь бас Есүс Христийн ирэлтэд дэлхийг бэлтгэсэн үйл явдлуудыг гэрчилдэг. Энэ үед еврей Библийн грек хэл дээрх орчуулга, Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичиг, Апокриф зэрэг бүтээлийн эхлэлийг оролцуулаад шашны уран зохиолын гайхалтай бүтээлүүд төрөн гарсан юм. Энэ үеэр тэнгэр элч, амилалт, тэнгэр болон тамын талаарх ойлголтууд хөгжиж, сайжирсан байна.

Гэсэн хэдий ч тэднийг удирдах бошиглогч байгаагүй учраас иудейчүүд судруудын утга учрын талаар болон Мессиа хэн байх талаар мэтгэлцдэг байжээ. Ихэнх хүн Давидын Мессиаг (Давид хааны удам) хүлээж байхад бусад нь Аароны хүү байсан Мессиа тахилчийг хүлээж байв. Харин зарим нь ямар ч Мессиаг хүлээгээгүй байв.

Гэрээнүүд хоорондын эрин үед өөр өөр бүлэглэлүүдийн олон таамаглал байсан учир бүлэглэлүүд жинхэнэ Мессиаг ирэх үед Түүнийг хэрхэн танихаа мэдэхгүй байв. Бүлэглэлүүд хуулийн багш нар, фарисайчууд, эссэнэсчүүд эсвэл садукайчуудын аль нь ч Иохан Баптистыг бошиглогч гэж, Есүсийг Мессиа хэмээн хүлээж аваагүй юм. Эдгээр бүлэглэлийн зарим гишүүн Иохан, Есүс нарыг номлолоо хийж байх үеэр гол дайснууд нь болсон билээ (Матай 21:23–46-г үзнэ үү).

Бүлэглэлүүдийн дунд Мессиагийн талаарх маргаан, мэтгэлцээн үргэлжилсээр байв. Шинэ эрин үеийн анхны бошиглогч Иохан Баптист жинхэнэ Мессиагийн ирэлтийг зарлаж, Түүний боломжтой болгох авралын мөн чанарыг тодорхой болгосон. Есүс Христийг тодорхойлж, Иохан: “Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун” (Иохан 1:29) хэмээн хэлсэн юм. Иоханыг Христийн ирэлтэд хүмүүсийг бэлтгэж байхад олон иудей хүн түүнийг хүлээн авчээ.

Есүс тохинууллаа эхлэх үедээ “хуулийн багш нар шиг нь бус, эрх мэдэлтэй нэгэн шиг хүмүүст” зааж байв (Матай 7:29). Тэрээр гэрлэлтийн сургаалууд, амилалт, Бурхан Тэргүүтэн болон Аврагчийн хувьд Өөрийнхөө үүргийг тодруулан, шашны удирдагчидтай олонтоо ярилцдаг байв. Шашны олон удирдагч Есүсийг эсэргүүцэж байсан учраас (Матай 26:4-ийг үзнэ үү) Тэрээр тэдэнд хандан: “Та нар Намайг ч, Эцгийг минь ч танихгүй: хэрэв та нар намайг таньсан бол Миний Эцэгийг ч мөн таних байсан” хэмээн хариулсан юм. Тэр цааш нь “Хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол, та нар Намайг хайрлах байсан” (Иохан 8:19, 42) гэжээ.

Учир нь тэд Мессиаг Есүсээс маш өөрөөр төсөөлж байсан болохоор тэд Түүнийг эсэргүүцсэн юм. Аз болоход, бид сайн мэдээний үнэнүүд нь бошиглогч болон төлөөлөгчдийн үндэс суурь болсон сургаалууд дээр тулгуурлагдсан эрин үед амьдарч байна (Ефес 2:20-ийг үзнэ үү). Бид бошиглогч, төлөөлөгчдийн удирдамж байхгүй үед бий болдог хоорондоо зөрчилтэй сүнсний нөлөөнүүдээс сонгох ёсгүй. Бид хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийг дагаж байгаа үед бошиглогч Иосеф Смитэд илчлэгдсэн Аврагч Есүс Христийн үнэн сургаалыг ойлгох болно:

“Учир нь бид түүнийг бүр Бурханы баруун гар талд харсан билээ; түүнчлэн тэрээр Эцэгийн Төрсөн Ганц болой хэмээн гэрчлэх дуу хоолойг бид сонссон билээ.

Түүгээр, мөнхүү түүгээр дамжин, мөн түүнээс дэлхийнүүд бүтээгдсэн, бас бүтээгддэг ажгуу, мөн тэдгээрийн оршин суугчид нь Бурханы төрсөн хөвгүүд, охид бөлгөө (С ба Г 76:23–24).

МЭӨ 700 он

МЭӨ 600 он

МЭӨ 500 он

МЭӨ 400 он

МЭӨ 300 он

МЭӨ 200 он

МЭӨ 150 он

МЭӨ 100 он

МЭӨ 50 он

МЭӨ 4 он

Иудей дэх урвалт

Вавилончууд МЭӨ597 он

Персийн эзэнт гүрэн МЭӨ539 он

Грекчүүд МЭӨ332 он

Селүсидчүүд МЭӨ198 он

Бослого МЭӨ 164 он

Тусгаар тогтносон Иудей үндэстэн МЭӨ142 он

Ромчууд МЭӨ63 он

Херод хаан

Цезарь Август

Понти Пилат

МЭӨ 1 он

Бошиглогч Исаиа, Иеремиа нар иудейчүүдэд тэднийг харийнхан захирах болно гэдгийг сэрэмжлүүлж байв. Тэр бүс нутаг олон өөр үндэстний олон хаанаар эзлэн түрэмгийлэгдэх үед тэдний бошиглолууд биеллээ олсон билээ. Эдгээр нь Вавилоны хаан Небухаднезар, Персийн их Кореш, Персийн хаан Дари, Грекийн их Александр байв. Александрыг нас барахад түүний газар нутгийг жанжнууд нь хувааж авчээ. Птолемай I Палестиныг хяналтандаа авав.

Селүсид эзэн хаадын нэг Антиокус IV Эпифанис Палестиныг захирав. Антиокус заримдаа иудейчүүдийг олноор нь хөнөөж, иудейчүүдийн шашны зан үйлийг хориглон, ариун сүмийг гутаан доромжилж, иудейчүүдийн нийгмийг Грекийн ёс заншил руу хүчээр уусган өөрчилж байв. Грекчүүдийг эсэргүүцэгч иудейчүүдийн удирдагч Иуда Маккабиүс бослогыг удирдаж, ариун сүмийг дахин онцгойлон адисалсан байна. Хүмүүс Хануккаг анх удаа тэмдэглэв.

Иерусалим хотыг хэсэгхэн хугацаанд тусгаар тогтносны дараа Помпей хаан түүнийг эзлэн авснаар хот Ромын ноёрхолд оржээ. Ромчууд Есавын удмын хүн болох Херодыг иудейчүүдийн хаан болгов. Тэрээр Иерусалимыг дахин босгож, ариун сүмийн хэсгийг өргөжүүлсэн юм. Цезарь Август Ром дахь бүгд найрамдахчуудын ноёрхлыг зогсоон, Юлий Цезарийн дараа Ромын хоёрдугаар эзэн хаан болсон байна.

Цезарь Август болон Херод хааныг захирч байх үеэр Аврагч Есүс Христ Бетлехемд мэндэлсэн. Тэрээр хаадын Хаан, эздийн Эзэн болон мэндэлсэн юм (Исаиа 44:6-г үзнэ үү).

БОШИГЛОГЧ ИСАИА ХРИСТИЙН ТӨРӨЛТИЙГ ЗӨГНӨН ХЭЛСЭН НЬ, ХАРРИ АНДЭРСОН; ДҮРВЭЖ БУЙ ИУДЕЙЧҮҮД—НЕБУХАДНЕЗАРЫН ОРДОН, ВАВИЛОН ©BALAGE BALOUGH/ARTRESOURCE/NY; ГАЛЫН ЗУРАГ WAVEBREAKMEDIA LTD./THINKSTOCK; АГУУ САЙРУС ХААН ЗУРАГ DORLING KINDERSLEY ; НЭГДҮГЭЭР ДАРИЙН ЗУРАГ, АПАДАНА ДАХЬ ТОВОЙЛГОСОН ДҮРС, ПЕРСЕПОЛИС, BY GLANNIA DAGLI ORTI/УРАН ЗУРГИЙН НӨӨЦ САН ДАХЬ УРАН ЗУРГИЙН АРХИВ, NY; ГРЕК БАГАНЫН ЗУРАГ OLMARMAR/SHUTTERSTOCK.COM; ЗООСНЫ ЗУРГИЙГ НЭГДҮГЭЭР СОТЭР ПРОЛЭМАИОСЫН ХӨРГИЙН ХАМТ BPK, BERLIN/MUENZKABINETT, STAATLICHE MUSEEN, BERLIN/REINHARD SACZEWSKI/ART RESOURCE, NY -ын зөвшөөрлөөр нийтлэв.

ЗҮҮН ТАЛД: BPK, BERLIN/ALTES, MUSEEN OF STAATLICHE/INGRID GESKE/ART RESOURCE, NY МУЗЕЙГЭЭС АВСАН IV АНТИОКУСЫН ЦЭЭЖ ХӨШӨӨНИЙ ЗУРАГ; БАРУУН ТАЛД: АГУУ ПОМПИ ХААНЫ ЦЭЭЖ ХӨШӨӨНИЙ ЗУРАГ ALINARI/ART RESOURCE, NY; МИНОРАГИЙН ЗУРАГ PUMBA1/ISTOCK/THINKSTOCK; ХЕРОДЫН АРИУН СҮМИЙН ЗАГВАРЫН ЗУРГИЙГ ТИМОТИ Л.ТАГГАРТ © IRI

ҮҮЛНИЙ ГЭРЭЛ ЗУРГИЙГ IGDRZH/ISTOCK/THINKSTOCK; КУМРАН АГУЙ 4-ИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙГ RICHO-FAN/ISTOCK/THINKSTOCK