Аврагч ба ариун ёслол
Та нар ариун ёслолоос хүртсэнээрээ Аврагчийг үргэлж дурсан санах гэрээгээ шинэчилдэг.
Та нар ариун ёслолын талхнаас идэж, уснаас уухдаа эсвэл ариун ёслолыг бэлдэж, адисалж эсвэл түгээж байхдаа юуны талаар боддог вэ? Бидний ихэнх нь гэрээнүүдээ болон хэрхэн амьдарч байгаагаа тунгаан боддог. Бид нүглүүдийнхээ талаар бодож, өршөөл хүсэн залбирч, илүү сайн байх арга замуудыг гаргадаг.
Эдгээр нь ариун ёслолын чухал хүчин зүйлүүд болдог юм. Үүнээс гадна тунгаан бодох гүн гүнзгий, тодорхой зүйл байдаг учир энэ нь ариун ёслолын залбирлуудын нэг хэсэг болдог. Энэ бол Бурханы Хүү, дэлхийн Аврагч, Есүс Христийг санах явдал юм. Талхыг идэж буй тэдгээр нь “Хүүгийн биеийг төлөөлөн дурсаж, мөн үүнийг идэж” мөн “үргэлж түүнийг санах” болно хэмээн амладаг (С ба Г 20:77). Үүнтэй адил, уснаас ууж буй тэдгээр нь “Хүүгийн цусыг төлөөлөн дурсаж, тэд үүнийг үйлдэж болохын тулд” мөн “тэд үргэлж түүнийг санана” (С ба Г 20:79) хэмээн амладаг.
Аврагч болон Түүний Цагаатгал, золиослолыг дурсан санах сонголт нь ариун ёслолын үндсэн хэсэг юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Ариун ёслолын залбирлуудын энгийн хийгээд гайхамшигтай хэллэгэнд бидний сонсдог чухал үг нь санах юм шиг санагддаг. … Хоёр залбиралд аль алинд нь онцлон хэлсэн зүйл нь Христийг дурсан санаснаар бүгд хийгддэг. Ингэж оролцсоноор бид түүний Сүнс бидэнтэй үргэлж хамт байж болохын тулд Түүнийг үргэлж санах болно гэдгээ гэрчилдэг” гэж заажээ.1
Аврагч мөнх бус тохинууллынхоо сүүлийн орой загалмай дээр дахин зовохоосоо өмнө Гетсеманий цэцэрлэгт бидний төлөө зовж шаналсан тэр шөнө, Иерусалимд болсон Дээгүүр өнгөрөх баярын үеэр төлөөлөгчдөдөө ариун ёслолыг танилцуулж байхдаа эдгээр төстэй санааг онцлон тэмдэглэсэн юм. Жишээ нь, Тэрээр тэдэнд талх идүүлэхээр өгснийхөө дараа “Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн: Намайг дурсаж үүнийг үйлд” (Лук 22:19–20; мөн Матай 26:26–28) гэжээ.
Аврагч Америк дахь нифайчуудын дунд айлчлан ирсэн эхний өдрөө ариун ёслолын талаар тэдэнд бас заасан юм. Тэрээр Түүний биеийг болон цусыг төлөөлөн дурсаж хүртэхийг тэдэнд дахин зааварлаж, үүнийг хийснээр “энэ нь Эцэгт та нар намайг үргэлж дурсан санаж байгаагийн гэрчлэл байх болно” (3 Нифай 18:7) гэж хэлсэн. Тэрээр дараа нь тэдэнд “Хэрэв та нар намайг үргэлж санах аваас миний Сүнс та нартай хамт байх болно” (3 Нифай 18:7, 11) гэж амлажээ.
Ямар гайхамшигтай адислал вэ! Биднийг замаас маань төөрүүлж, будлиулахаар байнгын арга замаар хичээж буй сорилт бэрхшээл, үймээн самуун, уруу таталтуудаар дүүрэн дэлхий дээр бидэнд үүнээс илүү чухал бэлэг байж чадна гэж үү? Бид Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаснаар “бүх зүйлийн үнэнийг мэдэж” (Моронай 10:5) чадна. Энэ нь Их Эзэний хүссэн арга замаар амьдрах, зөв сонголтууд хийх, итгэлтэй үйлчлэх, Түүнтэй адилхан болоход бидэнд хүч чадал, мэргэн ухааныг өгөх болно.
Та долоо хоног бүр ариун ёслолд оролцохдоо үүнийг санахын тулд юу хийж болох вэ? Та долоо хоногийн турш, мөн амьдралынхаа турш Түүнийг үргэлж санаж байхын тулд юу хийж болох вэ?
Би эдгээр асуултыг тунгаан бодож, Аврагчийг үргэлж дурсан санах амлалт авахад та нарыг урьж байна. Энэ нь амьдралыг тань өөрчлөхийг хараад, та нар гайхах болно.