Лиахона
Итгэлийн үрийг дахин суулгах нь
2024 оны 3-р сар


“Итгэлийн үрийг дахин суулгах нь,” Лиахона, 2024 оны 3-р сар

Итгэлийн үрийг дахин суулгах нь

Эргэн итгэлтэй болсон хүмүүсээс суралцах нь.

Зураг
модны их бие ба навчис

Энэ дэлхий хүмүүсийг итгэлгүйдээ доройтох үед шуугин хэлэлцдэг атлаа, эргэн итгэлтэй болсон даруухан түүхүүдийг заримдаа анзааралгүй өнгөрөөдөг. Гэвч дахин хөрвөсөн түүхүүд нь сайн мэдээг хүлээн авсан ах, эгч нар Сүмийг орхисныхоо дараа хэрхэн эргэлзээгээ даван туулсан талаар өгүүлдэг. Тэдний түүх итгэлийн үрийг суулгах талаар Алмагийн заасан зүйлсийг өгүүлдэг. Алма итгэлийн үйл явцыг итгэлээ нэмэгдүүлэхийг хичээж буй хүмүүсийг хүчирхэгжүүлээд зогсохгүй асуулт, санаа зовоосон асуудалтай тулгарсан хүмүүст мөн тусалдаг гэж тайлбарласан.

  • Эхлээд бид “итгэл бол юмсын тухай төгс мэдлэгтэй байх нь бус юм” (Алма 32:21) гэдгийг ойлгох хэрэгтэй.

  • Дараа нь бид “итгэлийн жижиг хэсгийг бодит болгох” эсвэл наанадаж “итгэхийг хүсдэг” (27-р шүлэг).

  • Бид Бурханы үг болох үрийг зүрх сэтгэлдээ суулгадаг (28-р шүлгийг үзнэ үү).

  • Ингэх явцдаа бид сүнслэг үндсээ тэвчээрээр усалж, “үүрдийн амьдралд хүргэх” (41-р шүлэг) Христэд суулгагдсан мод ургуулахын тулд сайн мэдээний найзуудаасаа тусламж авдаг.

“Итгэл бол юмсын тухай төгс мэдлэгтэй байх нь бус юм; тиймийн тул хэрэв та нар итгэлтэй аваас та нар үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах болно” (Алма 32:21).

Зураг
Алба Фонсэка

Алба Лүсиа Фонсэка бол АНУ-д амьдардаг Сүмийн гишүүн бөгөөд шашны итгэл үнэмшлийнхээ талаар зовниход хүргэсэн зүйлийг интернэтээс олж хараад, итгэлээ даруй алдаж эхэлжээ. Эхлээд тэр эргэлзсэний улмаас итгэлийн үрээ гарган хаяж, дараа нь халамжаар дүүрэн, мэдлэгтэй гишүүнтэй ярилцаж эхэлсэн ба итгэлгүй байдал нь асуух зүйлс гарахад хүргэж байгааг ойлгосон аж.

“Сайн мэдээний мөн Сүмийн түүхийн талаарх миний ойлголт бодож байсан шиг минь бүрэн дүүрэн байгаагүй юм. Энэ нь намайг даруусгаж, надад сурах маш их зүйл байсаар байгааг мөн итгэл бүх асуултад хариулснаар ирдэггүйг ухаарахад тусалсан” гэж тэр тайлбарласан. “Гэр бүл, боловсрол, ажил зэрэг амьдралын үнэ цэнтэй зүйлс нь эрсдэл, золиослол, тодорхойгүй байдал, насан туршийн хичээл зүтгэлийг дагуулдаг” гэдгийг Алба ухаарчээ. “Би Сүмд эргэж ирсэн бөгөөд итгэлийг тордох нь энэ хичээл зүтгэлийн нэг хэсэг мөн гэдгийг батлан хэлж чадна” гэж тэр хуваалцав.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Их Эзэн биднээс Түүний төгс хүчинд хүрэхийн тулд төгс итгэлтэй байхыг шаарддаггүй” гэж заасан. Тэрээр мөн итгэлээ зогсолтгүй хөгжүүлэхэд байнгын хичээл зүтгэл шаардагддаг гэдгийг онцолсон.1 Солт Лэйк ариун сүмийн суурь тавигдаад зуу гаруй жил өнгөрсөн тул одоо томоохон засвар шинэчлэлийн ажил шаардлагатай болсон талаар ерөнхийлөгч Нэлсон тайлбарласан юм. Бид ч мөн “ирэх аюул, ачаа дарамтыг тэсэж гарахын тулд”2 үе үе сүнслэг сууриа бэхжүүлж байх ёстой. Бид заримдаа Албагийн адил амаргүй нөхцөл байдалтай тулгарч болох ба тодорхой байдлыг хүсэх хүсэл маань биднийг итгэлтэй байдлаас итгэлгүй байдал руу хөтөлж, сүнслэг сууриа бэхжүүлж, хүчирхэгжүүлэх нэн шаардлагатай хичээл зүтгэлээ орхигдуулахад хүргэж болно.

Буцаж итгэлтэй болсон тухай түүхүүдээс суралцдаг хүмүүс итгэлийг насан туршийн, олон алхамт аялал гэж харах нь тустай болохыг ойлгосон байдаг.3 Бид хүүхдийнх шиг энгийн итгэлээр эхэлж болох ч ийм итгэл заримдаа асуулт, асуудалтай тулгардаг. Соригдож үзээгүй бидний итгэл сүнслэг суурийн үүргийг сайн гүйцэтгэж байж болох ч бид ирээдүйд тулгарах сорилт бэрхшээлийг сөрөн зогсох итгэлийг хөгжүүлэхийн тулд одоо энгийн итгэлээс нарийн төвөгтэй байдал дундуур явах ёстой.4 Итгэлээ орхих нь илүү хялбар, бараг л чөлөөлөгдөж байгаа мэт санагдаж болох ч Бурхан руу эргэж, итгэлийн үрээ үргэлжлүүлэн тордож буй хүмүүсийн аяллыг баялаг адислалууд дагалддаг.

Гэр бүлийнх нь гишүүд асуулт тавьж эхлэх үед Шведэд амьдардаг Самуел Хогландын итгэл соригдож эхэлжээ. Тэр “нэг асуултад хариулснаар өөр нэг асуулттай тулгарах” гэсэн үе шатаар явж байлаа. “Би энэ үйл явц болон миний тодорхой байдлыг хүсэх хэрэгцээ тогтвортой биш байгааг ойлгох хүртлээ итгэх, итгэхгүйн хооронд эргэлдэж байлаа” гэж тэр тайлбарласан юм. Харьцангуй ач холбогдол багатай асуултуудад хариу олохын оронд Самуел Есүс Христийн бат бөх суурьтай холбогдох чухал асуултуудыг судлахаар шийдсэн байна. Залбирч, судраас судалснаар Самуелын эрэл хайгуул Албагийнхтай адил түүнд сурах их зүйл байсаар байгааг заасан ба түүний итгэл илүү төлөвшжээ. Тэрээр: “Энэ туршлага миний итгэлийг тун их хүчирхэгжүүлсэн бөгөөд юуг хичээнгүйлэн эрэлхийлнэ, түүнийгээ олдог гэдгийг надад заасан юм” хэмээн хэлэв.

“Хэрэв та нар бүр миний үгсийг туршин, сэрж мөн чадвараа сэргээх аваас, мөн итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн бодит болговол, тийм ээ, бүр та нарт итгэх хүслээс илүү нь та нарт байхгүй ч гэсэн, энэ хүслийг өөрсдөдөө хөгжихийг зөвшөөр” (Алма 32:27).

Ерөнхийлөгч Нэлсон “Итгэлээ ашиглах нь хэцүү санагдаж болно” гэдгийг хүлээн зөвшөөрсөн. “Заримдаа бид үнэхээр их хэрэгтэй байгаа адислалаа авах хэмжээний итгэлийг үзүүлж чадах эсэхэд өөрсдөдөө эргэлзэж байж болно.”5 Гэсэн ч “итгэлийн жижиг хэсгээс” эхэлсэн итгэлийн өчүүхэн алхам “та нарт хөгжиж,” сүнсээр дахин төрөх үйл явцыг эхлүүлж чадна.

АНУ-д амьдардаг Аманда Фрийбэрн коллежийн жилүүддээ сайн мэдээнээс хол хөндий байсны эцэст залбирлын жижиг алхмыг хийж, улмаар орон нутгийнхаа ариун сүмийн талбайд зочлох өдөөлтийг дагахад чиглүүлэгджээ. Тэр: “тэнд Сүнсийг мэдэрсэн нь миний итгэлийн галыг дахин асаасан” гэсэн юм. Сүмд эргэж ирэн, Хүүхдийн хэсэгт заах дуудлага хүлээн авсан нь түүний итгэлийг гүнзгийрүүлсэн бөгөөд сайн мэдээг бүрэн дүүрэн хүлээн авах алхмуудыг тэр үргэлжлүүлэн хийсээр байв. Энэ явцдаа Аманда “Өөрт нь гарцаагүй хэрэгтэй байсан асуултуудынхаа хариултыг олсон” гэдгээ ухаарсан юм.

Зураг
Дан Эллсвөрт

Мөн адил Америкийн Нэгдсэн Улсад амьдардаг Дан Эллсвөрт үйлдэх итгэлийн жижиг хэсэг өөрт нь үлдсэн эсэхэд итгэлтэй биш байлаа. Хуучин Гэрээг судлах түүний анхны эрдэм шинжилгээний болон түүхийн ажил нь Библид итгэх түүний итгэлийг сулруулж, бүх сударт итгэх итгэлд нь нөлөөлжээ. Гэсэн ч Дан сүм рүү явсан хэвээр байсан бөгөөд залбирах, мацаг барих, сүмд үйлчлэх зургаан сарын төлөвлөгөө гаргаж, туршилт явуулахаар шийдсэн байна. Зарим үед тэр өөрийн охидоос итгэлийнх нь төлөө залбирахыг хүсэж байлаа.

Хэсэг хугацааны дараа Данд сүнслэг зүйлс тохиолдож, өөрийг нь хамгийн ихээр тавгүйтүүлж байсан зарим асуултынхаа хариултыг авч эхэлжээ. Нэг өдөр түүнд номын санд байхад нь номын эгнээний зах руу очиж, нэг ном авах өдөөлт ирэв. Тухайн номоос тэр Библид итгэх итгэлийг нь анх ганхуулсан номд хариулт өгөх гүн ойлголт бүхий хариу тайлбарыг олсон аж. Энэ туршлага бүх асуултын хариултыг өгөөгүй ч гэсэн Данд зарим чухал хичээлийг заасан юм. “Нэгдүгээрт, би өөрөө хэр их зүйлийг мэдэж чадах тухайд даруу байх хэрэгтэй байсан. Хоёрдугаарт, үнэнийг олох арга зам нь шалтгааныхаа хамт оршдог. Тухайлбал: Сүнслэг мэдрэмж, Сүнсний үр жимснээс ирэх эерэг үр дүн, оюуны санааны нээлтүүдийг дэмждэг санаанууд бүгд өмнө нь надад байснаас илүү хүчирхэг итгэл үнэмшил рүү намайг хөтөлсөн юм.

Зураг
Зак Маршалл гэр бүлийн хамт

Англид амьдардаг Зак Маршаллын хувьд Мормоны Номын талаар боловсрол олгох видео үзсэн энгийн алхам нь энэ ном үнэн байх магадлалтай гэсэн бодлыг төрүүлсэн аж. “Өмнө нь би энэ номыг гэр бүлээрээ эсвэл ганцаараа судлах үедээ чин сэтгэлээсээ уншдаггүй байлаа. Би өсвөр насны хүүхэд байхдаа Сүмд идэвхтэй байхаа больсон ба тэр видеоноос миний харсан нотолгоо намайг Мормоны Номыг анх удаа чин сэтгэлээсээ уншихад хүргэсэн” гэж Зак хуваалцсан юм. Зак Бурханы үгийг туршиж үзсэнийхээ дараа эргэлзээгээ итгэлээр сольж эхэлжээ. Тэрээр: “Сүмийг би хязгаарлагч гэж хардаг байсан бол одоо Есүсийн ‘Үнэн та нарыг чөлөөлнө’ [Иохан 8:32] гэж хэлсний адилаар чөлөөлөгч гэж хардаг болсон” гэж хуваалцсан.

“Хэрэв та нар уг модонд хайнга хандаж, мөн үүний арчилгааны талаар эс бодвоос, болгоогтун энэ нь үндэслэхгүй байх болно” (Алма 32:38).

Итгэлээ тордох жижиг алхмуудыг хийхийн зэрэгцээ бид итгэлийг маань хязгаарлаж, саад болдог өөрсдийн бодлыг анзаарч байх хэрэгтэй. Олон улс оронд байгаа Сүмийн гишүүдийн буцаж итгэлтэй болж ирсэн түүхүүдээс суралцаж байх үедээ Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуулийн профессорууд болох Эрик, Сара Д.Эвэгний нар: “бидний хэрхэн бодох нь юу бодохтой адил чухал байж болох” талаар онцолжээ. Жишээ нь: Шашинд өөрийгөө зориулах нь таагүй байдал, амьдралд тохиолдох зүрх шимшрүүлэм сорилт бэрхшээлүүдээс биднийг холдуулдаг гэдэг нь худал бөгөөд хийсвэр таамаглал юм. Есүс Христ биднийг хэзээ ч орхихгүй гэж амласан ч “Ертөнцөд та нар зовлонтой байна” (Иохан 16:33) хэмээн анхааруулсан байдаг. Гэсэн ч Сарагийн хэлсэнчлэн, амьдралын сорилт бэрхшээлүүд “биднийг сайн мэдээг сөргөөр харахад хүргэдэг. Заримдаа бидэнд төгс бус зүйлтэй учраад, төгс зүйлээ орхих тохиолдол гардаг.”

Америкийн Нэгдсэн Улсын зохиолч, бие даасан түүхч Дон Брэдли: “Намайг зүгээр л аз жаргалгүй, итгэлгүй” байх үед Сүмийн түүхийн талаар асуултууд гарч ирсэн. Хэн нэгний талаар эргэлзэх нь харилцаанд сөргөөр нөлөөлдөг ба Бурханд итгэх итгэл болон Түүнтэй харилцах харилцаа маань үгүй болсон” гэж тэр тайлбарлав. Олон жилийн дараа, Дон хувийн амьдралдаа итгэл найдвар тээх, талархалтай байх тал дээр ажиллаж эхэлсэн аж.

Мөн тэр зохион байгуулалттай шашнаас ирэх оюун санаа, бие махбодын эрүүл мэндийн ашиг тусын талаар судалгаануудыг судалж эхлэв. “Би тэдгээр судалгааг үгүйсгэж чадаагүй. Яваандаа, би эргэлзээгээ шүүмжлэгч сэтгэлгээгээр орлуулж байснаа ойлгосон бөгөөд амьдралдаа илүү их итгэл найдвар тээснээр би Бурхан, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа дахин олж авсан” гэж тэр дурсав. Дон итгэлийг нь сорьсон түүхийн мэдээллийг дахин сөхөж үзсэн ба харин тухайн материал нь Иосеф Смит бол Бурханы бошиглогч байсан гэсэн итгэл үнэмшил рүү түүнийг хөтөлсөн аж.

“Хэрэв та нар үгийг арчилбал, тийм ээ, үүнийг ургаж эхлэхэд модыг арчилж, … гаргасан итгэлийнхээ, мөн шаргуу байдлынхаа, мөн тэвчээрийнхээ, мөн тэсвэрийнхээ шагналыг та нар хадаж авах болно (Алма 32:41, 43).

Бурханы үгийг турших мөн итгэл найдвар тээх сэтгэлгээг бий болгох хүсэлтэй байсан ч буцаж итгэлтэй болох, сүмийн цуглаанд оролцох зэрэг нь хэцүү, бараг л давж гарах боломжгүй үйл явц мэт санагдаж болно. Энэ хичээл зүтгэл зөвхөн тэвчээр, зориг, даруу байдлыг бус; найз нөхөд, гэр бүлийн гишүүдийн хайрыг шаарддаг. Үнэнч найз нөхдийн тусламжийг хүлээн авах нь үрийг тордохын сацуу үрд гандах бус харин үндэслэх боломжийг олгоно.

Зураг
Лио Вайнэгар

Америкийн Нэгдсэн Улсад амьдардаг Лио Вайнэгар Сүмийн түүхийн тухай асуулттай анх тулгарах үедээ энэрэнгүй найз нөхдийн чухлыг ойлгосон юм. Тэр “залбирахаар бүдчин явах үеийн ганцаардал, харанхуйн цөхрөл” дундуур явах үедээ “миний гэрчлэл гандсан байсан” хэмээн хэлсэн юм. Нэгэн өдөр Лиод нэгэн Сүмийн түүхийн профессортой холбоо барих мэдрэмж төржээ. Тэр профессор Лиог эргэлзээнийхээ талаар дахин бодож үзэхийг урамшуулаад зогсохгүй түүний дотнын найз болсон аж. Лиогийн гэрчлэл зөвлөгчийнх нь дэмжлэг болон олон жил итгэл найдвар тээж суралцсаны үр дүнд аажмаар сэргэсэн юм. Тэр хэрэгтэй үедээ олон асуултын хариуг олсон. “Би өөрийн Аврагч Есүс Христэд намайг буцаж ирэхэд удирдсаных нь төлөө мөн Түүнийг төлөөлж миний хажууд байсан найз нөхдийнхөө төлөө мөнхөд талархдаг” гэж тэр хэлэв.

“Найз нөхөд, гэр бүлийн гишүүд чинь … Сүмээс холдсон ч тэднийг үргэлжлүүлэн хайрла. Та итгэлтэй үлдсэнээрээ бусдын сонголтыг шүүх эрхтэй гэсэн үг биш юм”6 гэж ерөнхийлөгч Нэлсон зөвлөсөн.

Зураг
Лэтишиа Рул

Иймэрхүү шүүмжлэлээс айх айдас Англид амьдардаг нэгэн гишүүн болох Лэтишиа Рулыг сайн мэдээнээс 20 жил холдуулжээ. Тэр ихэнхдээ буцаж ирэхийг хүсдэг байсан боловч “Сүмийн хаалгаар ороод, зөв амьдраагүй гэж шүүмжлүүлэхээс айдаг байв.” Амь нас нь аюулд орсон гэсэн эмнэлгийн онош түүнд энэ хэцүү алхмыг хийх зоригийг өгсөн байна. Гишүүд сайн мэдээгээр дахин амьдрах хүсэлтэй болоход нь туслахын тулд хайраар дүүрэн халуун сэтгэлээр түүнтэй уулзжээ.

“Та нар энэ үгийг зүрх сэтгэлдээ тариасай, мөн энэ нь ургаж эхлэхэд та нар итгэлээрээ арчлаасай. Мөн болгоогтун, энэ нь танд үүрдийн амьдралд нахиалах нэгэн мод болно” (Алма 33:23).

Алма номлолоо төгсгөхдөө үрийг тордох хичээл зүтгэл нь нэн чухал хэдий ч үр өөрөө өөрийгөө тарьдаггүй гэдгийг тодорхой тайлбарласан. Харин бид “Бурханы Хүүд, тэрээр өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно гэдэгт, мөн тэрээр тэдний нүглүүдийг цагаатгахаар зовж мөн егүүтгэгдэх болно гэдэгт итгэж эхлэх” (Алма 33:22) үедээ жинхэнэ үрийг тарьдаг.

Германд амьдардаг Майкл Орас өсвөр насандаа төөрөлдөж явсны ачаар сайн мэдээний нэн чухлыг ойлгож авчээ. “Маш олон сайхан зүйл, харилцаа сайн мэдээнд байдаг ч зөвхөн Есүс Христэд итгэх итгэл л бидний гэрчлэлийг хадгалж чадна. Аав, бид хоёрын итгэл хэд хэдэн асуудлын улмаас богино хугацаанд суларсан ч итгэлээ бүхнээс дээгүүр Есүс Христэд тавих үед энэ нь эргэн ирсэн” гэж тэр ярив.

Ерөнхийлөгч Нэлсон: “Таныг уул руу эгцлэн харах буюу итгэлээр өөдөө мацах үед Аврагч танд хамгийн ойр байдаг” гэж бидэнд гэрчилсэн.7 Есүс Өөрөө: “үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж байх болно” хэмээн амласан (Maтай 28:20). Тэр бидэнтэй хамт алхаж, биднийг “үүрдийн хайраар” (Иеремиа 31:3) хайрладаг бөгөөд бидэнд илүү бялхам амьдрал өгдөг (Иохан 10:10-ыг үзнэ үү). Энэ үрийг суулгах хүсэлтэй хүмүүс өөрсдийнх нь жижиг итгэл хүртэл Аврагчаар дамжуулан “үүрдийн амьдралд нахиалах нэгэн мод” (Алма 33:23) болон ургахыг мэднэ.

Зохиогч нь АНУ-ын Юта мужид амьдардаг.

Хэвлэх