Лиахона
Ээжийг минь амьдруулж өгөөч
2024 оны 3-р сар


“Ээжийг минь амьдруулж өгөөч,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Ээжийг минь амьдруулж өгөөч

Ээж минь зүрхний нээлттэй хагалгаа хийлгэх шаардлагатай болох үед би айж байсан ч Хүүхдийн хэсгийн нэгэн халамжит багш надад залбирахыг заасан юм.

Зураг
Охиноо хооллож буй ээж

Кристи Гөрлак ээжийнхээ хамт

Гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв.

Намайг 10-тай байхад ээж маань зүрхний хурц шигдээс болсон юм. Тэр эмнэлэгт олон долоо хоногийн турш амьдрахын төлөө тэмцэв.

Энэ үед манай Хүүхдийн хэсгийн багш Эллэн Жонсон эгч долоо хоногт нэг удаа надтай уулзахаар манайд ирдэг байлаа. Би Хүүхдийн хэсэгт дөнгөж явж эхэлж байсан ба сайн мэдээний талаар хязгаарлагдмал ойлголттой байв. Долоо хоног бүр Жонсон эгч надтай гэрчлэлээ хуваалцан, залбирлын талаар ярьдаг байлаа. Тэр надад хэрэв залбирах юм бол Тэнгэрлэг Эцэг хариулна гэж заав.

Хэдэн долоо хоногийн дараа ээжийн бие илүү муудав. Түүний зүрхний гэмтсэн ховдлыг засах шаардлагатай байлаа. Эмч түүнийг зүрхний хагалгаанд яаралтай орохгүй бол үхнэ гэж хэлэв. Гэсэн хэдий ч түүний эдгэрэх магадлал 50/50 хувьтай байлаа.

1960 оны эхэн үед зүрхний нээлттэй хагалгаа шинэ бөгөөд эрсдэлтэйд тооцогддог байв. Мэс засалчид ээжийн цээжийг нээж, цээжний хэнхэрцгийг нь хуваах байдлаар зүрхэнд нь хүрэх төлөвлөгөө гаргав. Олон өвчтөн энэ хагалгааг тэсэж чаддаггүй байв. Би сэтгэлээр унан, ээжийгээ үхэх вий гэдгээс айж байлаа.

Аав ихэнхдээ ажилтай эсвэл эмнэлэг дээр ээжийн хажууд байж, харин миний эгч Пам эрэгтэй дүү, бид хоёрыг халамжилдаг байв. Шөнө болоход би ганцаардан, айдаг байсан ч Жонсон эгчийн надад заасан залбирлын талаар боддог байлаа. Би ихэнхдээ орныхоо хажууд өвдөг сөгдөн уйлж, Тэнгэрлэг Эцэгээс ээжийг минь амьдруулж өгөөч гэж гуйдаг байв.

Нэг удаа ийн залбирч, уйлах үедээ би амар амгаланг гайхалтай ихээр мэдэрч, уйлахаа болив. Надад бүх зүйл САЙХАН болно гэсэн мэдрэмж төрөв. Надад ээж минь намайг өсөж томрохыг харах болно, би санаа зовох шаардлагагүй гэсэн баттай мэдрэмж төрсөн юм. Би дуу хоолой сонсож, үзэгдэл үзээгүй ч намуун тайван, амар амгалан мэдрэмж надад төрсөн. Би тэдгээр мэдрэмжид эргэлзээгүй. Тэнгэрлэг Эцэг миний залбиралд хариулсан гэдгийг би мэдсэн юм.

Зураг
Зүүлтийн хажуу дахь алга хавсарсан гар

Зургийг Алэкс Набаум

Ээж хагалгааг даван гарсан. Тэр амьдралынхаа ихэнх үед бие нь сул, амархан өвддөг болсон ч Тэнгэрлэг Эцэг миний залбиралд хариулж, түүнийг амьдруулсан юм. Тэр намайг өсөж томрон, гэр бүл, үр хүүхэдтэй болохыг харсан билээ.

Олон жилийн дараа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг төлөөлөгч болоход ээж түүнийг амийг нь аварсан зүрхний мэс засалч байсныг хэлсэн юм. Би түүнд талархлын захидал бичсэн. Тэр надад хариу бичиж, захиа илгээсэнд минь талархаад, өөрийнх нь ажил дахь Бурханы тусламжийг онцолсон юм.

Хэвлэх