Лиахона
Технологи ба мэдээллийн хэрэгслийг ашиглахад зориулсан гурван удирдах зарчим
2024 оны 3-р сар


“Технологи ба мэдээллийн хэрэгслийг ашиглахад зориулсан гурван удирдах зарчим,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Технологи ба мэдээллийн хэрэгслийг ашиглахад зориулсан гурван удирдах зарчим

Технологи хөгжихийн хэрээр мэдээллийн хэрэгслийн эдгээр хэлбэр нь биднийг мэргэн ухаанаар урагшлахад туслах болно.

Зураг
Дэлгэц дээр нь хэлхээний самбарын зураг харагдах ухаалаг утас барьсан хүний гар

Технологи зогсолтгүй хувьсан өөрчлөгдөж байна. Технологийн дэвшил бүр нь мэдээллийн хэрэгслийг ашиглах шинэ арга замыг авчирсан. Хэвлэх машин нь гараар бичих ажилд томоохон өөрчлөлт оруулсан. Радио, зурагт нь мэдээ мэдээлэл, шоу нэвтрүүлэг дамжуулан үзүүлэх бидний арга барилыг эрс өөрчилсөн. Интернэт нь бид хэр их контент үзэж, хэн тэдгээрийг бүтээж болох зэрэгт өөрчлөлт авчирсан. Сошиал медиа нь хүмүүсийг хайх, харилцаа үүсгэх, холбоо тогтоох бидний арга замыг өөрчилсөн. Хиймэл оюун ухаан гарч ирснээр бид шинэ асуултуудтай тулгарсан.

Шинэ технологи нь бүгд туйлын сайн эсвэл бүгд муу биш юм. Харин ихэнх тохиолдолд энэ нь шинэ боломж, шинэ бэрхшээлийг илүү томруулж харуулах томруулдаг шилтэй адил аж. Бид Христтэй илүү адил байхаар хичээж буйгийн хувьд бидэнд шинэ технологитой хэрхэн харьцах, мэдээллийн хэрэгсэл амьдралд маань юу авчирч болохыг анхаарах нь чухал юм.

Зарчимд тулгуурласан арга

Мэдээж, технологи болон мэдээллийн хэрэгслийн талаар бидний гаргах шийдвэр бүрд удирдамж болох дүрмийн жагсаалт гэж байхгүй. Харин бид сонголт хийх үедээ бидэнд удирдамж өгөхөд туслах зарчмуудыг суралцах боломжтой. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф: “Зарчмууд нь мөнхийн бөгөөд бүгдэд ижил хамаатай. Зарим дүрэм журмыг эсвэл тэдгээр зарчмыг зарим газарт хэрэглэхэд амжилттай тохирдог ч заримд нь тохирдоггүй. Цаг хугацаа, соёлоос хамааран зарим хэрэглээ өөр өөр байдаг ч Есүс Христ, мөн Түүний заасан мөнхийн үнэнүүд биднийг нэгтгэдэг” гэж заасан.1

Сайн мэдээний үнэнүүд дээр суурилсан зарчмуудыг дагах нь бидэнд гэрээнийхээ зам дээр үлдэхэд туслах болно. Бид тэдгээр зарчим дээр суурилсан сонголтуудыг хийхээр чармайх үед Сүнс биднийг чиглүүлэх болно. Тэгэхээр ямар зарчмууд бидэнд технологи болон мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой сонголт хийхэд удирдамж өгч чадах вэ?

1. Би технологийг удирдах сонголтыг хийхийн тулд ёс суртахууны сонгох эрхээ ашиглаж чадна. Технологи намайг удирддаггүй.

Заримдаа технологи таны амьдралыг удирдаж байгаа мэт санагддаг байх. Та технологийг удирдах сонголтыг хийж чадна гэдгээ санаж байх нь чухал юм. Технологи таныг удирддаггүй. Та “ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай” (Итгэлийн тунхаг 1:13) зүйлсийг эрэлхийлж, сайныг гүйцэлдүүлэхийн тулд технологи, мэдээллийн хэрэгслийг ашиглах сонголтоо зорилготойгоор хийж чадна.

“Чамаар хийлгэх ажил Их Эзэн надад буй” (Сургаал ба Гэрээ 112:6) гэж Их Эзэн хэлсэн. Энэхүү агуу ажлыг гүйцэлдүүлэхийн тулд технологийг хэрхэн ашиглаж мөн “сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулахаа” (Сургаал ба Гэрээ 58:27) бодож үз. Та ажилдаа технологи ашиглах хэрэгтэй байж болно. Та үүнийг зугаатай үзвэр үйлчилгээ хайхад ашигладаг байж болно. Энэ нь танд бусадтай холбогдоход тусалж болно. Мөн танд суралцаж, өсөж хөгжин, Их Эзэний ажлыг гүйцэлдүүлэхэд тусалж болно. Гэсэн хэдий ч бусад байдлаар ашиглах нь төөрөгдөл, зохисгүй хэрэглээ, аюул руу хөтөлж болох юм. Технологид удирдуулах бус, харин өөрөө технологийг удирдах сонголт хийхийн тулд Сүнсний удирдамж болон мэргэн ухааныг ашигла.

2: Би ёс суртахууны сонгох эрхээ ашиглан урьдчилан төлөвлөснөөр надад илүү таатай мэдрэмж төрж, би илүү сайн сонголт хийдэг.

Магадгүй та технологийн тухайд зөв санагдаагүй сонголт хийсэн байж болох юм. Энэ нь таны үзсэн мэдээ мэдээлэл эсвэл тодорхой нэг үйл ажиллагаанд зарцуулсан цаг хугацааг хамарсан байж болно. Гаргасан алдаанууддаа түүртэхийн оронд тасралтгүй өсөж хөгжихөд анхаарах нь илүү дээр. Хэрэв та урьдаас төлөвлөвөл тухайн мөчид хийсэн бүх сонголтоосоо илүү дээр сонголтыг хийх болно. Таныг сайн сонголт хийхэд туслах сайн мэдээний жишгүүдэд нийцэх хувийн удирдамжийг та гаргаж болно.

Хэрэв та өөрийгөө мэдээллийн хэрэгслийг буруу эсвэл хэтрүүлэн ашиглаж байгааг анзаарвал өөрчлөлтийн төлөө хичээх зоригтой бай. Жишээ нь: Мэдээллийн хэрэгслийн зарим нэг хэлбэр сүнслэг эсвэл эерэг мэдрэмж төрүүлэхгүй байвал зуршлаа өөрчил. Хэрэв та зөвхөн зөв биш гэдгийг нь мэдэж байгаа мэдээлэл авч, аливаа зүйлд оролцохын тулд технологийг ашиглаж байгаа бол өөрчлөлт гаргах зоригтой байж, хичээх үедээ өөртөө тэвчээртэй ханд. Өөрчлөлт хийхдээ хэрэгжүүлж болох зарим туршигдсан аргын талаар бодож үз. Жишээ нь: Өдрийн аль нэг тодорхой үеүдэд сайн сонголт хийхэд илүү хэцүү санагддаг бол та технологи ашиглах мөн ашиглахгүй байх цагуудаа төлөвлөж болох юм.

Үүний адилаар, хэрэв та технологийг өөрийгөө хүчирхэгжүүлэх, бусадтай холбогдох, Их Эзэний ажлыг гүйцэлдүүлэх, Сүнсийг мэдрэхэд ашиглаж байгаа бол үргэлжлүүлэн ашиглаж болно. Та үнэнч шударга сонголт хийхийн хэрээр Их Эзэнд итгэх итгэл тань таныг илүү таатай, илүү сайн сонголтуудыг үргэлжлүүлэн хийхэд чиглүүлэх арга замаар сонгох эрхээ ашиглахад тусална.

3. Би ёс суртахууны сонгох эрхээ ашиглан түр больж эсвэл завсарлага авч чадна.

Технологи, мэдээллийн хэрэгслийн тухай асуултууд үргэлж байсаар байдаг гэж та бодож болох юм. Дэндүү их гэдэг нь ямар хэмжээ вэ? Би технологи, мэдээллийн хэрэгслийн хэрэглээгээ багасгах шаардлагатай юу? Би цаг хугацаагаа ухаалаг зарцуулж байна уу? Энэ мэт бодол санаа таныг зовоохыг зөвшөөрөхгүй байхыг хичээ. Мэдээллийн хэрэгслийг түр больж, завсарлага авах нь ЗҮГЭЭР гэдгийг сана. Завсарлага гэдэг нь цөөн хэдэн цагийн турш дэлгэц ширтэхээс өөр зүйл хийх эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зэрэг аль нэг тодорхой технологийг удаан хугацаагаар хэрэглэхгүй байхыг хэлж болно.

Технологи нь бидэнд бусадтай холбоотой байхад тусалж, биднийг гайхалтайгаар адисалдаг ч хэзээ ч холбогдож болно гэдэг нь бид бүхий л үед холбогдож байх ёстой гэсэн үг биш юм. Их Эзэн бидэнд, “Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн” (Сургаал ба Гэрээ 101:16) хэмээн хэлсэн. Түүнтэй холбоо тогтоох цаг гаргахад анхаар.

Ухаалаг бай

Технологи хөгжихийн хэрээр бид бүгд олон шийдвэртэй тулгарна. Сүмийн тодорхой дүрэм, жагсаалтыг харахын оронд бид сонголтыг маань удирдах зарчмуудын төлөө Тэнгэрлэг Эцэг, Аврагч, судрууд, өнөө цагийн бошиглогчдын үгсэд хандах боломжтой. Сүнс бидэнд сонголт маань зөв гэдгийг мэдэхэд туслах болно. Иаковын дараах үгс тухайн цаг үедээ үнэ цэнтэй байсны адил өнөөдөр ч мөн тийм байна: “Ай мэргэн байгтун; би өөр юу хэлж чадах сан билээ” (Иаков 6:12).

Хэвлэх