Лиахона
Савангийн дуурьд донтсон нь: Би Бурханыг хэрхэн ялуулсан тухай
2024 оны 3-р сар


“Савангийн дуурьд донтсон нь: Би Бурханыг хэрхэн ялуулсан тухай,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Савангийн дуурьд донтсон нь: Би Бурханыг хэрхэн ялуулсан тухай

Намайг савангийн дуурь үзэхээ болих үед Ариун Сүнсний нөлөө миний амьдралд илүү их орж ирснийг би гайхалтайгаар мэдэрсэн.

Зураг
Зурагт үзэж буй эмэгтэй рүү нэгэн дүр зурагтан дотроос гарч ирэн, гараа сунган мөрөнд нь хүрч байгаа нь

Зургийг Бэнэдэтта Виалли / Солзмэн интэрнэшнл

Есүс Христийг сонгох нь агуу хүч чадлыг авчирдаг. “Ай, ирэх өдрүүдэд Түүний хүч бидэнд ямар их хэрэгтэй гээч.”1 Бидний дэлхий агуу их үймээнд байна. Дайсан Бурханы олон хүүхдийн дээр илүү хүчтэй нөлөө үзүүлж байна. Ариун бус зүйлс алдаршиж, уруу таталтууд биднийг сатааруулж, Их Эзэнд чиглүүлэх зүйлсээс холдуулж байна.

Үүнийг даван туулахын тулд бид амьдралдаа Есүс Христийг идэвхийлэн сонгож, Сүнсийг гомдоох зүйлсийг орхих ёстой. Моронай бидэнд “Сорилтынхоо өдрүүдэд ухаалаг бай; бүх цэвэр бусыг өөрсдөөсөө зайлуул” (Мормон 9:28) гэж зөвлөсөн ба “Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, мөн бүх бурханлиг бусаас өөрсдөө татгалзагтун; … мөн Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрла” (Моронай 10:32) хэмээн урьсан.

Бид Христэд ирэх илүү их хүсэлтэйгээр хэрхэн дэлхийн зүйлсийг орхиж чадах вэ? Бидний хүн нэг бүр өсөлт хөгжлийн ялгаатай үе шатуудад байдаг. Бид бүгд Ариун Сүнсний нөлөөг бүрэн дүүрэн мэдрэхэд биднийг хойш татаж буй аливаа зүйлийг орхиж чадна. Үүнийг хийхэд бидэнд Аврагчийн Цагаатгалын хүч хэрэгтэй бөгөөд энэ нь Түүнийг сонгох бидний сонгох эрх чөлөөнөөс эхэлдэг.

Хүлээн зөвшөөрөгдөх хүсэл

Би ахлах сургуульд байхдаа дээд лигийн хөгжөөн дэмжигчдийн багт байлаа. Өдөр бүрийн дадлага дээр манай хөгжөөн дэмжих багийн охид зурагтаар өдрийн цагаар гардаг нэгэн савангийн дуурийн талаар ярьдаг байв. Би тэр киног үзэж байгаагүй ч ёс суртахууны хувьд доогуур кино гэдгийг мэдэж байлаа. Гэсэн хэдий ч сургуулилт дээр охидыг уг киноны талаар ярилцах үед надад гадуурхагдсан мэт мэдрэмж өдөр бүр төрдөг байв. Сүнс надад тэр киног бүү үз гэж шивнэж байсан ч би тэдний ярианд оролцохыг туйлын их хүсэж байсан тул үзэж эхлэв.

Надад тийм ч муу санагдсангүй. Энэ надад муугаар нөлөөлөхгүй гэж би өөрийгөө зөвтгөлөө. Би киноны дүрүүдийн хийж байсан муу зүйлсийг хийхгүй гэдгээ мэдэж байсан. Би уг кинонд татагдаж, өдөр бүр үзэх болов. Би Бригам Янгийн Их Сургуульд сурч байхдаа тэр киног өдөр бүр үзэж байхаар хичээлийнхээ хуваарийг хүртэл зохицуулсан байлаа. Би нэг ч ангийг алгасалгүй үздэг байсан.

Би гэрлэж, анхны хүүхдээ өлгийдөн авав. Киногоо үзэхийн тулд киноны үеэр би хүүхдээ унтуулдаг байв.

Он жилүүд өнгөрөх тусам Сүнс надад тэр киног үзэхээ болихыг олон удаа шивнэсэн. Гэвч би татгалзсан. Би дүрүүдэд нь татагдаж, тэдний амьдралд орсон байв. Тэр кино миний тайтгарах арга зам байсан учир би үргэлжлүүлэн үзсээр байлаа. Ингэх нь надад хор хөнөөлгүй гэдэгт би өөрийгөө итгүүлсэн байв.

Зураг
Киноны дүр зурагтаас гарч ирэн, гараас нь чангаах үед холдож буй эмэгтэй

Урилга

Ахлах сургуулиасаа хойш 19 жилийн дараа ч би ийм киног үзсээр байлаа. Ерөнхий чуулган дээр тухайн үеийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөх асан Шэри Л.Дюү эгч дэлхийгээс болон ариун бус зүйлсээс холдон явах талаар үг хэлж байж билээ. Тэгээд тэр: “Би та нарын хүн нэг бүрийг энэ дэлхийгээс холдож, Христэд илүү ойртохын тулд хийж болох дор хаяж нэг зүйлийг олж хараасай гэж урьж байна”2 гэсэн юм.

Түүнийг энэ урилгыг өгөхөд Сүнс над дээр асар ихээр юүлэгдэхийг би мэдэрсэн ба оюундаа “Чи энэ киног үзэхээ одоо болих ёстой” гэсэн үгсийг сонсов. Энэ нь яг л миний нүүрэн дундуур буулгаад авсан мэт хүчтэй мэдрэмж төрүүлсэн юм. Тэрхэн агшинд би энэ өдөөлтийг цаашид тоохгүй байж болохгүй гэдгийг ойлгосон. Би тэр киног дахин хэзээ ч үзэх ёсгүй гэсэн хойшлуулшгүй мэдрэмжийг авсан. Би киноны аль ч дүр ариун журам, хүндлэлийг төрүүлэх юу ч хийдэггүй байсныг ухаарав. Би хэрэггүй зүйлсийг амьдралдаа өдөр бүр оруулж байж. Би тэр мөчид энэ киног дахин хэзээ ч үзэхгүй гэсэн амлалтыг Их Эзэнд шууд өгсөн юм.

Энэ нь амаргүй байлаа. 19 жилийн зуршил, донтолтыг хаяхад хэцүү байсан. Даваа гараг тохиож, кино гарах цаг боллоо. Би зурагтынхаа удирдлага руу алхлаа. Би зурагтаа асаахыг маш их хүсэв. Би тэр киног дахин хэзээ ч үзэхгүй гэсэн Их Эзэнд өгсөн амлалтаа санав. Би холдлоо.

Тэгтэл дуртай дүрийнхээ тухай, түүнд юу тохиолдох бол гэж бодогдон, удирдлага руугаа би буцаж алхав. Надад Бурханы тусламж хэрэгтэй байсныг би мэдэж байсан учир өвдөг сөгдөж, тэр киног үзэхгүй байх хүч чадлыг гуйн залбирав. Би Тэнгэрлэг Эцэгт өгсөн амлалтаа бодож, тэр өрөөнөөс гарлаа. Би Ариун Сүнснээс хүлээн авсан өдөөлтийг дагаж, амлалтаа хүндэтгэхийг сонгосон юм.

Энэ байдал тэр долоо хоногт, мөн дараагийн долоо хоногт гэх зэргээр өдөр бүр давтагдаж байлаа. Өдөр бүр би өвдөг сөгдөн, үзэхгүй байх хүч чадлын төлөө залбиран гуйж байсан ба Есүс Христийг сонгож, ёс суртахуунгүй тэр киноноос холддог байлаа. Би Аврагчийн Цагаатгалаараа дамжуулан санал болгодог хүчнээс ялан дийлэх хүч чадлыг хүлээн авсан.

Энэ байдлаар хэсэг хугацаа өнгөрөхөд гайхамшиг тохиов. 19 жил өдөр бүр үзсэний эцэст тэр киног үзэх миний хүсэл оргүй алга болсон байв. Энэ нь үнэхээр гайхалтай байсан! Мөн би үздэг байсан эргэлзээ төрүүлэхүйц бүх нэвтрүүлгээ үзэхээ бүрмөсөн больсон юм.

Хийх ёстой, ёсгүй зүйлсийн талаарх миний мэдрэмж улам хурц болж, би муу зүйлсийг таньж мэддэг болов. Би муу зүйлээс зайгаа барихыг үнэхээр хүссэн (1 Тесалоник 5:22-ыг үзнэ үү). Би мууд татагдахаа больсон.

Зураг
Зурагт унтраахаар удирдлага барьж буй хүн

Хамгийн гайхамшигт адислал

Надад тохиолдсон хамгийн гайхалтай зүйл бол би Ариун Сүнсийг амьдралдаа урьд өмнө мэдэрч байсан юунаас ч илүү хүчтэй мэдэрсэн явдал байв. Би сүнслэг байдлын хувьд гайхалтай хурдацтай өссөн юм! Эдгээр олон жилийн турш би Ариун Сүнсийг мэдэрч байна гэж бодож байсан боловч зөвхөн надад ирж болох өнгөц хэсгийг нь л мэдэрч байжээ. Бүхий л цаг үед тэр киног үзэж байсан нь надад нөлөөлснийг би ухаарсан юм. Би Бурхантай илүү гүнзгий харилцаатай байж болох байсан он жилүүдээ алдсан байлаа. Намайг ариун бус, дэлхийн зүйлсийг орхихоор сонгох эрх чөлөөгөө ашиглах үед Сүнс надад илүү их нөлөөг үзүүлэхэд бэлэн байсан төдийгүй намайг хүчирхэгжүүлж, тайтгаруулж, чиглүүлэхийн тулд миний амьдралд ямар гайхамшигтай өөрчлөлтийг бий болгосон гэж санана.

Бид ямар ч үнэ цэнгүй зүйлсээс, Бурханы бидний амьдралд авчрахыг хүсдэг адислалуудын хаалгыг хаадаг зүйлсээс зууран барьдаг. Яагаад бид хүчирхэг, боломж олгогч Сүнсний нөлөөг зугаа цэнгэл эсвэл бусдын дурладаг зүйлсээр сольдог вэ? Зурагтын нэвтрүүлэг үзэх нь том асуудал, ноцтой нүгэл биш байж магадгүй. Гэвч энэ нь намайг амьдралдаа Ариун Сүнсийг бялхам байлгах боломжоос холдуулж, миний сүнслэг өсөлтийг удаашруулсан юм.

Их Эзэн намайг орхилгүй, ариун бус зүйлсийг орхих урилгыг тэвчээртэйгээр үргэлжлүүлэн өгч, амьдралыг минь Өөрийн нөлөөгөөр дүүргэсэнд би ихэд талархдаг.

Зохиогч нь АНУ-ын Юта мужид амьдардаг.

Хэвлэх