Хоёрдугаар сар
Дэлхий Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн төлөө бүтээгдсэн
“Дээр нь тэд оршин сууж болох дэлхийг бид хийх болно; мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно” (Абрахам 3:24–25).
Энд дурдсан санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.
Нэгдэх долоо хоног: Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн удирдлаган дор дэлхийг бүтээсэн.
Сургаалыг таньж мэд (зурагнуудыг хар): Дэлхийн зургийг харуулж, хүүхдүүдээс хэн дэлхийг бүтээснийг асуу. Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн удирдлаган дор дэлхийг бүтээсэн гэдгийг тайлбарла. Тэгээд Есүс Христийн зургийг үзүүлж, “Есүс Христ дэлхийг бүтээсэн” гэж хэлэхийг хүүхдээс хүс.
Ойлголтыг урамшуулан дэмж (зураг зурах): Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний нэг хэсэг нь бид бие махбодыг хүлээн авч, суралцаж, өсч хөгжихийн тулд дэлхийг бүтээх явдал байсан гэж хүүхдүүдэд хэл. Самбар дээр дугаарласан зургаан дугуй дүрсийг зур. Хүүхдүүдийг зургаан бүлэгт хувааж, бүлэг бүрээс Бүтээлтийн зургаан өдрийн талаарх дараах судруудаас нэгийг уншихыг хүс: Эхлэл 1:1–5 (нэгдэх өдөр); Эхлэл 1:6–8 (хоёрдахь өдөр); Эхлэл 1:9–13 (гуравдахь өдөр); Эхлэл 1:14–19 (дөрөвдэх өдөр); Эхлэл 1:20–23 (тавдахь өдөр); Эхлэл 1:24–31 (зургаадахь өдөр). Бүлэг бүрээс самбарын өмнө гарч ирээд, бусад хүүхдүүдэд уншсан судар дээр нь тухайн өдөр юу болсныг хэлэхийг хүсч, холбогдох дугуй дүрсэн дотор тухайн өдрийг төлөөлөх зургийг зур. Эхлэл 2:1–3-г хамтдаа унш. Бүтээлтийн өдөр бүр юу болсон тухай хүүхдүүдтэй хамт дүгнэлт хий.
Хоёрдахь долоо хоног: Уналт нь Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг байсан.
Сургаалыг таньж мэд (зураг харах): Адам, Ева хоёрын зургийг үзүүл. Адам, Ева хоёр дэлхийд ирж, бие махбодыг хүлээн авсан анхны хүмүүс бөгөөд Еден гэдэг нэртэй цэцэрлэгт амьдарч байсан гэдгийг хүүхдүүдэд хэл. Тэд цэцэрлэгийг орхисны дараа бид дэлхийд ирэх боломжтой болсон гэдгийг тайлбарла; тэд цэцэрлэгийг орхисон үйл явцыг Уналт гэж нэрлэдэг. “Уналт нь Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг байсан” гэж самбар дээр бичээд үүнийг хүүхдүүдтэй хамт унш.
Ойлголтыг урамшуулан дэмж (сургаалыг ярилц): Самбар дээр хоёр дугуй зураад, нэгийг нь сүнсний дэлхий, нөгөөг нь дэлхий гэж тэмдэглэ. Адам, Ева хоёр Едений цэцэрлэгт байх үед бид сүнсний дэлхийд байсан гэдгийг тайлбарла. Зарим хүүхдүүдийн зургийг үзүүлж, самбар дээрх “сүнсний дэлхий” тойрогт байрлуул. Адам, Ева хоёр цэцэрлэгийг орхисны дараа бид дэлхийд ирэх боломжтой болсон гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийн зургийг “дэлхий” тойрог руу шилжүүлж тавихыг нэг хүүхдээс хүс. Хэрэв хүүхдүүд Уналтыг сайн зүйл гэж бодож байгаа бол эрхий хуруугаа дээш өргөхийг хүс. Мөн нэг хүүхдээс яагаад гэдгийг нь асуу.
Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (тохируулах тоглоомыг тоглох): Мөнх бус байдалд бидний авдаг зарим адислалуудыг төлөөлсөн үгнүүдийг бэлтгэ (бие махбод, гэр бүлүүд, сайн муугийн хоорондох сонголт, суралцах боломж, эрүүл мэнд болон өвчин, аз жаргал болон гуниг, зовлон гэх мэт). Цаасуудыг самбар дээр цааш харуулан тавь. Хүүхдүүдээс хоёр цаасыг эргүүлж хоорондоо таарч байгаа эсэхийг шалгахыг хүс. Хоорондоо тохирсон бол яагаад энэ нь адислал болохыг асуу.
Гуравдахь долоо хоног: Би бие махбодыг өвлөж, соригдохоор дэлхийд ирсэн.
Сургаалыг таньж мэд (үзүүлэнг үзэх нь): “Би ________ өвлөж, соригдохоор дэлхий рүү ирсэн” гэж бич. Нэг хүүхдийг самбарын өмнө гарч ирээд самбар дээр эсвэл том цаасан дээр өөрийнхөө бие махбодыг зурахыг хүс. Зурсан зүйл нь юу болохыг хүүхдүүдээс асуу (бие махбод). Хоосон зайг бөглөж, хүүхдүүдтэй хамт өгүүлбэрийг хэл.
Ойлголт болон хэрэгжүүлэлтийг урамшуулан дэмж (бие бялдрын үйл ажиллагаанд оролцох нь): Биеийн хэсгүүдийн зургийг харуулсан цаасан хүрд бэлтгэ (доорх жишээг үз). Бидний бие махбодын хийж чадах хэдэн зүйлсийн тухай ярилц. Тэдгээрийг тантай хамт хийхийг хүүхдүүдээс хүс (хуруугаа хөдөлгөх, хөлөө товших, эргэх гэх мэт). Бидний дэлхийд ирсэн зорилгуудын нэг нь бие махбодоо Тэнгэрлэг Эцэгийн сургаалыг дуулгавартай дагахад ашиглах эсэхээ харуулахын тулд соригдох гэдгийг тайлбарла. Хүүхдүүдээс аль нэг хэсэг буюу биеийн эрхтэн рүү зааж, үүнийг Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагахад хэрхэн ашиглаж болохыг хэлэхийг хүс. (Хэрэв та цаасан хүрд хийх боломжгүй бол биеийнхээ өөр өөр хэсэг рүү зааж, хүүхдүүдээс Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагахад биеийн энэ хэсгийг хэрхэн ашиглаж болохыг асуу). Хүүхдүүдийг “I Have Two Ears” (ХДН, 269) дууллыг дуулахыг урь.
Дөрөвдэх долоо хоног: Хэрэв би зарлигуудыг дагах юм бол Тэнгэрлэг Эцэгтэй дахин хамт амьдарч чадна.
Сургаалыг таньж мэд (дууллыг дуулах нь): “Хэрэв ______________ дагах юм бол Тэнгэрлэг Эцэгтэй эргээд хамт амьдарч чадна” гэж самбар дээр бич. “Зарлигуудыг дагацгаая” (ХДН, 146) дууллыг аял. Дууг санасан үедээ босоод хамт аялахыг хүүхдүүдээс хүс. “Тэнгэрлэг Эцэгтэй эргээд хамт амьдрахын тулд бид юу хийх ёстой вэ?” гэж асуу. Самбарын аль нэг хэсэгт “зарлигууд” гэж бич. Хүүхдүүдийг тантай хамт дуулахыг урь.
Ойлголтыг урамшуулан дэмж (зарлигуудын тухай ярилцах нь): Цөөхөн хэдэн хүүхдүүдээс гэр бүлээ аюулгүй байлгахын тулд аав ээжийнх нь гаргасан зарим гэр бүлийн дүрмээсээ хуваалцахыг хүс. “Дүрмүүдийг дуулгавартай дагах үед юу тохиолддог вэ?” гэж асуу. Тэдний санал зөвлөмжийг самбар дээр бич. Эцэг эхчүүд дүрэм журам гаргаснаар хайраа харуулдаг гэдгийг тайлбарла. “Бид Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дуулгавартай дагасан үед юу тохиолдох вэ” гэж асуу. Самбар дээр хүүхдүүдийн хариултыг бич. Эцэг эхийнхээ гаргасан дүрэм журмыг дуулгавартай дагаснаар бид хамгаалагддагын адил Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дуулгавартай дагах нь биднийг аюулгүй байлгадаг гэдгийг тайлбарла. Хэрэв бид зарлигуудыг дагавал Түүнтэй дахин хамт амьдрах боломжтой болно гэдгийг гэрчил.
Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (судар унших): Хүүхэд бүрт харандаа болон дөрөв хуваасан цаас тус бүр дээр дараах судруудыг нэг нэгээр нь бичээд өг: С ба Г 1:37, С ба Г 10:5, С ба Г 59:9–10, С ба Г 119:4. Хүүхдүүдээс судар бүрийг хамтдаа уншиж, судар дээр гарч байгаа зарлигуудын тухай ярилцаж, цаасан дээрээ зарлигуудын тухай зураг зурахыг хүс. Тэднийг дууссаны дараа зарлигуудыг дагах нь хэрхэн Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрахад нь тэдэнд туслах талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс.