Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд заах нь
“Бүх хүүхдүүд чинь Их Эзэнээр сургагдах болно; мөн хүүхдүүдийн чинь амар амгалан агуу байх болно” (3 Нифай 22:13) гэж Аврагч заасан билээ.
Хүүхдийн Хэсгийн удирдагчид бүх хүүхдүүдэд түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ч гэсэн Есүс Христийн сайн мэдээг заах чухал үүрэг хариуцлагатай юм. Хүүхдийн Хэсэг нь хүүхэд бүрийг халуун дотноор угтан, хайрлах, арчлах, хамруулах газар мөн. Ийм уур амьсгалд хүүхдүүд Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христийн хайрыг ойлгож, мэдрэхэд хялбар бөгөөд Ариун сүнсний нөлөөг илүүтэй мэдэрдэг.
Хүүхэд бүр Бурханд үнэ цэнэтэй. Хүүхэд бүрд хайр, хүндлэл, дэмжлэг хэрэгтэй.
Хүүхдийн Хэсгийнхээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээг хангахад бусдын зөвлөмжийг ав.
-
Хүүхдийн эцэг эхтэй зөвлөлд. Эцэг эхчүүд хүүхдээ хэнээс ч илүү мэддэг. Хүүхдийнхээ хэрэгцээ, анхаарлыг нь татах, суралцах сайн аргаар хэрхэн хангахыг тэд та нарт заах болно. Жишээ нь, зарим хүүхдүүд зааж байгаа зүйлийг дуу хөгжмөөр, бусад нь түүх, зураг, судар эсвэл хөдөлгөөнөөр илүү сайн сурдаг. Хүүхэд бүрд сайн суралцах арга замуудыг эзэмшүүлэхэд чиглэсэн олон янзын заах арга зүйг ашигла.
-
Хүүхдийн Хэсгийн бусад удирдагчид, багш нартай зөвлө. Хүүхэд бүр Есүс Христийн сайн мэдээнд суралцаж, хайрыг мэдрэх арга замуудыг олохын төлөө залбир, хамтран ажилла.
-
Тойргийн зөвлөлтэй зөвлөлд. Санваартны болон бусад туслах бүлгүүдийн удирдагчид онцгой анхаарал шаардлагатай хүүхдүүдэд хэрхэн туслах талаар янз бүрийн санааг мэддэг байж болно. Нэг тойрогт дээд пристийн бүлэг зожиг зантай хүүхдэд туслан анхаарал тавьж, долоо хоног бүр дэргэд нь суух “Хүүхдийн Хэсгийн өвөөг” санал болгосон байна. (Тэр хүн долоо хоног бүр ирж хичээл дээр сууж болно.) Энэ нь хөвгүүн хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж, хайрыг мэдрэхэд тусална.
Ахлагч М.Расселл Баллард, “Эрхэм үнэт хүүхдүүдтэй ажиллах хүмүүст ариун, уужим сэтгэлтэй үйлчлэгч байх үүрэг хариуцлага оногдуулсан нь ойлгомжтой. Бурхан өнөөгийн хүүхдүүдийг хайраар, итгэлийн гал дөлөөр, тэд хэн бэ гэдгээ мэдэх ойлголтоор дүүрэн байлгахын тулд биднийг томилсон юм” (“Great Shall Be the Peace of Thy Children,” Ensign, 1994 оны 4-р сар, 60) гэж заажээ.