Аравдугаар сар
Би Бурханы бүх хүүхдүүдтэй сайн мэдээг хуваалцана
“Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, Тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” (Maтай 5:16).
Энд дурдсан санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.
Нэгдэх долоо хоног: Сайн мэдээний дагуу амьдрах нь надад яг одоо номлогч болоход тусална
Сургаалыг таньж мэд, ойлголтыг урамшуулан дэмж (түүх сонсох нь): Номлогчдийн зургийг үзүүл. Номлогчид юу хийдгийг хүүхдүүдээс асуу. Дараах түүхийг хуваалц эсвэл Friend эсвэл Лиахонагаас нэг түүх хуваалц: “Нэгэн өдөр хоёр номлогч нэг айлын хаалгыг тогшжээ. Хатагтай Жеймс хаалгыг онгойлгожээ. Номлогчид түүнд өөрсдийгөө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс явж байгаа гэдгээ хэлжээ. Хатагтай Жеймс номлогч нарыг гэртээ оруулж, Сүмийн талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаагаа хэлжээ. … Хатагтай Жеймс номлогч нарт Сүмийн гишүүн гэр бүлтэй хөрш байснаа хэлжээ. Тэр тухайн гэр бүл дэх хүүхдүүд үргэлж эелдэг байдаг байсан бөгөөд хүн бүртэй ялгаварлалгүй тоглож, бусад хүмүүсийн эд хогшилд хүндэтгэлтэй ханддаг байсан гэж хэлжээ. Хатагтай Жеймс тэдгээр хүүхдүүдэд тийм сайхан зан авиртай болохыг заасан сүмийн талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаагаа хэлжээ” (Хүүхдийн хэсэг 2, 52). “Хатагтай Жеймсийн хөрш хүүхдүүд нь ямар хүүхдүүд байсан бэ” гэж асуу. Бид сайн мэдээний дагуу амьдрах бүртээ номлогч болдог гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийг тантай хамт “Сайн мэдээний дагуу амьдрах нь надад яг одоо номлогч болоход тусална” гэж хэлэхийг урьж, яг одоо гэдэг үгийг онцол.
Хоёрдахь долоо хоног: Сайн мэдээний дагуу амьдрах нь надад яг одоо номлогч болоход тусална
Ойлголтыг урамшуулан дэмж (дуулал дуулж, сайн мэдээний жишгүүдийн талаар ярилц): “Миний сайн мэдээний жишгүүд” номны жишиг бүрийг бичсэн 13 карт бэлтгэ (“Хуваалцах цаг: Зарлигуудыг дагацгаая”, Friend, 2006 оны 6-р сар, 36-г үз). Зарим картуудыг хүүхдүүдэд өгч, хүн бүр “I Want to Be a Missionary Now” (ХДН, 168) дууллыг дуулах зуур картаа бусад хүүхдүүд рүү дамжуулахыг хүс. Дуулж дууссаны дараа карт барьж байгаа хүүхэд бүрийг картан дээрх жишгээ чангаар уншиж, энэ жишгийн дагуу амьдрах нь түүнд яг одоо номлогч болоход нь хэрхэн туслах талаар хуваалцахыг хүс. Өөр картуудыг ашиглаж давт.
Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (зорилго тавих нь): Хүүхэд нэг бүрээс ирэх долоо хоногт илүү сайн дагах сайн мэдээний жишгийг сонгохыг хүс. Тэднийг сонгосон жишгээ цаасан дээр зурж эсвэл бичиж, өдөр бүр сануулга болгон харахыг дэмж. Тэднийг дараагийн долоо хоногт Хүүхдийн хэсэг дээр туршлагаа хуваалцахыг урь.
Гуравдахь долоо хоног: Би сайн мэдээг гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцаж чадна.
Сургаалыг таньж мэд (түүх сонсох нь): Хүүхдийн хэсгийн хичээлийн өмнө 2000 оны ерөнхий чуулганаар Ахлагч Роберт С.Өүкс ахын өгсөн “Sharing the Gospel” (Ensign, 2000 оны 11-р сар, 81–82-г үз) яриаг унш. Хүүхдүүдэд жүржийн шүүсний талаарх түүхийг ярьж өг. Сайн мэдээ бол жүржийн шүүснээс илүү амттай бөгөөд үүнийг бид бусадтай хуваалцах ёстой гэдгийг тайлбарла. Хүүхдүүдээр “Би сайн мэдээг гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцаж чадна” гэж хэлүүл.
Ойлголтыг урамшуулан дэмж (зочин яриа өгөгчийг сонсох): Хүүхдүүд бусадтай сайн мэдээг хуваалцаж болох арга замуудын тухай (жишээлбэл, сайн үлгэр жишээ үзүүлж, найзуудаа Хүүхдийн хэсэгт урьж, гэрчлэлээ хуваалцах) мөн сайн мэдээг хуваалцах тэдний хичээл зүтгэл Тэнгэрлэг Эцэг болон номлогч нарт хэрхэн тусалдаг тухай ярихыг номлогч эсвэл буцаж ирсэн номлогчоос хүс.
Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (Түүх сонсож, санаагаа хуваалцах нь): Хүүхдүүдэд тэд яг одоо номлогч болж чадна гэдгийг сануул. Та эсвэл таны таньдаг хэн нэгэн сайн мэдээг хуваалцаж байсан үеийг хуваалц. Хүүхдүүдээс нэг нэгээрээ босч, “Би сайн мэдээг хуваалцаж чадна” гэх өгүүлбэрийн үгийг нэг нэгээр нь хэлэхийг хүс. “Сайн мэдээ” гэж хэлсэн хүүхдээс сайн мэдээг гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцаж болох арга замын тухай бодохыг хүс. Цаг байвал үргэлжлүүлэн хий.
Дөрөвдэх долоо хоног: Би сайн мэдээг хуваалцах үед миний гэрчлэл хүчирхэгждэг.
Сургаалыг таньж мэд (үзүүлэнт хичээлийг үзэх нь): Цэвэрхэн шилийг усаар дүүргэ. Биднийг сайн мэдээг хуваалцах бүрт бидний гэрчлэл хүчтэй болдог гэдгийг тайлбарла. Шилэн дотор будаг оруулагч дусаа. Жишээ бүр дээр адил өнгийн будаг оруулагчийг усан дээр дусааж, сайн мэдээг хэрхэн хуваалцах хэдэн жишээг өг. Будаг оруулагчийг дусаах бүрт усны өнгө нь тодорч байгаагийн адил биднийг сайн мэдээг хуваалцах бүрт бидний гэрчлэл хүчирхэг болдог гэдгийг онцолж тайлбарла.
Ойлголтыг урамшуулан дэмж (гэрчлэлийн тухай ярилцах нь): Дараах зүйлийг сагсанд хий: Есүс Христийн зураг, Иосеф Смитийн зураг, одоогийн бошиглогчийн зураг, Мормоны Ном, “үнэн Сүм” гэж бичсэн цаас. Самбар дээргэрчлэл гэж бичээд хүүхдүүдээс гэрчлэл гэж юу болохыг асуу. Тэдний хариултуудыг ярилц. Дараах түүхийг ярьж өг: “Бяцхан охин өөрийнхөө мэдрэмжинд итгэлтэй биш байсан учраас гэрчлэлээ хуваалцахаас айжээ. Гэсэн ч тэр гэрчлэлээ хуваалцах нь чухал гэдгийг мэдэж байсан бөгөөд нэг өдөр зоригтойгоор босч зогсоод гэрчлэлээ хуваалцаж, итгэдэг таван зүйлээ гэрчилжээ. Тэр дууссаныхаа дараа сайхан мэдрэмжийг мэдэрч, түүний гэрчлэл хүчирхэг болсныг мэджээ.” Сагсанд байгаа зүйлсийг гаргах бүртээ уг охины гэрчилсэн таван зүйлийг хэлэхийг хүүхдүүдээс хүс. Сагснаас гаргасан зүйл бүрийн тухай ярилцаж, тэдгээрийг самбарын өмнө тавь.
Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (жишээ хуваалцах нь): Хэрхэн сайн мэдээг хуваалцаж болох жишээг хуваалцах боломжийг хүүхэд нэг бүрт олго. Хүүхэд ямар нэгэн зүйл хэлэх бүрт сайн мэдээг хуваалцах нь гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг гэдгийг харуулахын тулд будаг оруулагчийг усанд дусаа. (Хэрэв танайд томоохон Хүүхдийн хэсэг байдаг бол хүүхдүүдийг бүлэг болгон хувааж болох ба ингэснээр хүүхэд бүр хичээлд оролцох боломжтой болно.)