“Сүнсээр заалгаж суралцах: ‘Ариун Сүнсний хүчээр,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Сүнсээр заалгаж суралцах,” Мормоны Номын багшийн гарын авлага
Оршил
Сүнсээр заалгаж суралцах
“Ариун Сүнсний хүчээр”
Мормоны Номд бошиглогчид Ариун Сүнсний үүргийг онцлон тэмдэглэсэн байдаг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр танаас Өөрсдийг нь таньж мэдэн, “Ариун Сүнсний хүчээр” (Моронай 10:5) үнэнийг мэдэж авахыг хүсдэг. Энэ хичээл нь таны сүнслэг өсөлт хөгжил, ахиц дэвшилд чухал ач холбогдолтой Ариун Сүнсний гол үүргийг таньж мэдэхэд тусална.
Сүнслэг харилцаа
Дэлхийд бий болсон олон төрлийн харилцааны хэрэгслийн тухай болон тэдгээр нь таны амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар бод. Дэлхий дахинд харилцаа холбоог ихээхэн өргөжүүлсэн нэг чухал хэрэгсэл бол ухаалаг утас юм.
-
Хүмүүс байнгын холбоотой байхад ухаалаг утас ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ?
-
Энэ нь мэдлэг олж авах, ертөнцийн талаар илүү ихийг ойлгоход нь хүнд хэрхэн тусалж чадах вэ?
Ямар нэг биет харилцааны хэрэгслээс илүүтэйгээр, бидний мөнх бус амьдралын замд сүнслэг харилцаа холбоо ямар чухал болохыг Тэнгэрлэг Эцэг төгс мэдэж байсан. Түүнтэй холбоотой байж, одоогийн аз жаргал, ирээдүйн авралд тань хэрэгтэй бүхнийг ойлгоход тань туслах Ариун Сүнсийг Тэр бидэнд өгсөн.
Амьдралдаа Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн мөчүүдээ мөн Түүний нөлөө таны амьдралыг хэрхэн адисалсан тухай бод. Ариун Сүнсээр заалгасан эсэх эсвэл Түүний нөлөөг бүхэлд нь мэдэрсэн эсэхдээ та эргэлздэг байж болох юм. Ариун Сүнсний амин чухал үүргийг судалж, таних явцдаа Түүний нөлөө таны амьдралыг хэрхэн адислахыг бодож, дараах асуултуудыг тунгаан бод.
-
Ариун Сүнсний үүргийг би хэр сайн ойлгосон бэ?
-
Ариун Сүнсний нөлөөг амьдралдаа хэрхэн илүү сайн урих вэ?
-
Өнөөг хүртэл амьдралдаа би Ариун Сүнсийг хэрхэн таньж, мэдэрсэн бэ?
Ариун Сүнсний хоёр үүрэг
Ариун Сүнс олон зорилготой, мөн төрөл бүрийн үүрэг гүйцэтгэдэг. Дараах судруудыг уншаад Ариун Сүнсний хоёр чухал үүргийг олж мэдээрэй.
-
Үүрэг 1: 2 Нифай 26:12–13; 3 Нифай 28:11
-
Үүрэг 2: 1 Нифай 10:19; Моронай 10:4–5
-
Та юу олж мэдсэн бэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күкийн хэлсэн дараах мэдэгдлийг унш.
Ариун Сүнс бүх үнэнийг, ялангуяа Аврагчийг илчилдэг илчлэгч бөгөөд гэрчлэгч юм. Ариун Сүнсгүйгээр бид Есүс бол Христ гэдгийг үнэхээр мэдэж чадахгүй. Түүний хамгийн чухал үүрэг бол Эцэг мөн Хүүг мөн Тэдний нэр, алдар сууг гэрчлэх явдал юм. (Квинтин Л.Күк, “Бошиглогчдод үргэлжлэн ирсээр буй илчлэлт ба бидний амьдралыг удирдан чиглүүлэх хувийн илчлэлтийн адислал,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 118)
-
Судалсан судрын эшлэлүүд, ахлагч Күкийн хэлсэн үгээс та ямар үнэнийг олж тодорхойлж болох вэ?
Таны олж мэдсэн байж болох нэг чухал үнэн бол Ариун Сүнс үнэнийг зааж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг гэрчилдэг гэсэн үнэн юм.
Энэ болон үүнтэй төстэй үнэнийг судар дээрээ эсвэл судлах тэмдэглэлдээ тэмдэглэж аваарай. Үнэнийг тогтмол тэмдэглэж авах нь таны сүнслэг ой санамжийг хүчирхэгжүүлж, шаардлагатай үед Ариун Сүнс тэднийг санаанд тань авчрах боломжтой болно (Иохан 14:26-г үзнэ үү.)
-
Ариун Сүнсний дээрх хоёр үүргийг ойлгосноор таны амьдралд ямар тустай вэ?
Ариун Сүнстэй холбоотой, мөн таны амьдралд Ариун Сүнс нөлөөлснийг хэрхэн анзаарсан тухайгаа чимээгүй тунгаан бодоорой.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү ойр болоход тань Ариун Сүнс хэрхэн тусалсан бэ?
-
Ариун Сүнс үнэний тухай гэрчилж байгааг та хэзээ мэдэрсэн бэ?
-
Ариун Сүнсийг мэдрээгүй гэж бодож байгаа бол та юу хийх ёстой вэ?
Ариун Сүнсийг мэдэрч, урих
Ариун Сүнс бидэнтэй олон арга замаар харилцана. Сүнс таны оюун ухааныг гэгээрүүлж, амар амгалан, баяр баясгаланг мэдрэхэд тусалж, зөв зүйлийг хийхэд чиглүүлнэ (Сургаал ба Гэрээ 11:12–13; Галат 5:22–23-ыг үзнэ үү). Судруудад Түүний нөлөөг ихэвчлэн бидний “мэдрэх” “намуухан зөөлөн дуугаар” дүрсэлдэг ( 1 Нифай 17:45-ыг үзнэ үү).
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд Ариун Сүнсний бидэнтэй харилцах арга замуудын заримыг ийн хуваалцсан.
Өөрийн туршлага дээр үндэслэн хэлэхэд, Сүнс бидэнтэй ихэвчлэн мэдрэмжээр харилцдаг. Та үүнийг таныг өдөөдөг танил, ойлгомжтой үгсээс мэдэрдэг. …
… Сүнс бидэнтэй бидний мэдрэх үгээр ярьдаг. Эдгээр мэдрэмж ямар нэгэн зүйлийг хэл, хий мөн тодорхой байдлаар хариу үйлд хэмээн зөөлөн нудардаг. Хэрэв бид шүтэн бишрэхдээ хайнга, хэнэггүй байж, дэлхийн зүйлд татагдах юм бол мэдрэх чадвар маань буурсан байхыг олж мэднэ. (Роналд А.Расбанд, “Ариун Сүнс биднийг хөтлөг,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 82)
-
Та Ариун Сүнсний нөлөөг ямар ямар арга замаар мэдэрсэн бэ?
-
Ариун Сүнсийг мэдэрснээ таних нь таны амьдралд хэрхэн адислал болох вэ?
Судруудад Ариун Сүнсний нөлөөг хичээнгүйлэн эрэлхийлсэн хүмүүсийн олон жишээ байдаг. Мормоны Номын Нифай мөн Мозаягийн хөвгүүд тэдний жишээ юм.
1 Нифай 2:16–17, Алма 17:2–3 бүлгүүдийг уншихдаа Ариун Сүнсийг урьсан зөв үйлдлийг эрэлхийл.
-
Эдгээр шүлэг дээр үндэслэн, мөн таны бодлоор Ариун Сүнсийг амьдралдаа урих ямар ямар арга зам байдаг вэ?