“Иаков 2:22–35: Ариун явдлын хууль,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Иаков 2:22–35,” Мормоны Номын багшийн гарын авлага
Иаков 2:22–35
Ариун явдлын хууль
Дэлхий ертөнц бэлгийн харьцааны цэвэр байдлын жишгүүдээс холдсон ч бэлгийн харьцааны ариун байдлын тухай Их Эзэний жишиг өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн. Иаков Их Эзэнээс даалгавраа авсныхаа дараа хүмүүст ариун явдлын хуулийн талаар заасан. Иаковын сургаал өнөөдрийг хүртэл хамаатай хэвээр байна. Энэ хичээл Их Эзэний адилаар ариун явдалд баясахад тань тусална.
Иаковын анхааруулга
-
Их Эзэний жишиг, дэлхийн жишиг хоёрын талаар энэ диаграммд юу харуулж байгааг та хэрхэн тайлбарлах вэ?
-
Та дэлхийн жишгүүд ямар арга замаар Их Эзэний жишгээс холдож байгааг харж байна вэ?
Ерөнхийлөгч Рассэлл M.Нэлсон дэлхий Их Эзэний жишгээс холдож буй нэг арга замын талаар ийн хуваалцсан.
Дэлхий нийтээрээ Бурханы ариун явдлын хууль одоо хуучирсан гэж үзэж байгаа цагт ариун явдлаар амьдрахад итгэл шаардагддаг. (Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 106)
-
Үүний ямар жишээг та харсан бэ?
Их Эзэний ариун явдлын хууль тодорхой бөгөөд өөрчлөгдөхгүй. “Ариун явдал бол бэлгийн харьцааны цэвэр ариун байдал юм. Цэвэр ариун хүмүүсийн бодол санаа, үг хэллэг, үйлдэл нь ёс суртахууны хувьд цэвэр ариун байдаг. Ариун явдал гэдэг нь гэрлэлтээс өмнө ямар нэгэн бэлгийн харьцаанд орохгүй байхыг хэлнэ. Энэ нь мөн гэрлэсэн эхнэр, нөхөртөө чин үнэнч байхыг хэлнэ” (Сайн мэдээний сэдвүүд, “Ариун явдал”).
Иаков 2-ыг судалж байхдаа, ариун явдлын талаар Аврагчийн ямар бодолтой байдгийг мэдэж ав.
Иаков өөрийн хүмүүст хайртай байв. Их Эзэний хүчээр Иаков хүмүүсийн бодол санаа, зүрх сэтгэлийн хорон мууг мэддэг байсан (Иаков 1:15; 2:5–6-г үзнэ үү). Тэд “Бурханд ч жигшүүрт болох тэр нүгэлд … замнаж эхэлж” (Иаков 2:5) байсныг тэр мэдсэн байв. Иаков нифайчуудад бардамналын нүглийн талаар анхааруулсныхаа дараа (Иаков 2:12–21) өөрийн хүмүүсийн бодсоноос ч “илүү хүнд [буюу илүү ноцтой] гэмт хэргийн” (Иаков 2:22) талаар нифайчуудад анхааруулсан.
Иаков 2:22–24-ийг уншаад, Иаков энэ илүү ноцтой нүглийг хэрхэн тайлбарласныг олж мэд. (Садар самуун явдал гэдэг нь хэн нэгэн хүн эхнэр, нөхрөөсөө өөр хүнтэй бэлгийн харьцаанд орохыг хэлнэ.)
ChurchofJesusChrist.org
-
Ариун явдлын хуулийг дагахад бидний бодол санаа ямар үүрэг гүйцэтгэдэг вэ (Матай 5:28-ыг үзнэ үү)?
Их Эзэн ариун явдалд баясдаг
Лихайг Иерусалимыг орхин явахаас өмнө Их Эзэн олон эхнэр авч ариун явдлын хуулийг зөрчих явдлыг буруушаасан ч нифайчуудын зарим эр зөрчсөн юм (Иаков 2:34). Ариун явдлын хуулийг мөрдөхдөө уруу таталтыг эсэргүүцэхийн тулд амьдралдаа юу хийж буйгаа эргэцүүлэн бод.
Иаков 2:25–28-ыг уншаад, Иаков нифайчуудад бэлгийн харьцааны нүгэл үйлдэх уруу таталтыг эсэргүүцэхэд нь туслахаар юу заасныг хайж ол.
-
Их Эзэн ариун явдлын талаар ямар бодолтой байдаг вэ?
Иаков эрчүүдтэй ярьж байсан бөгөөд тэдний дийлэнх нь ариун явдлын хуулийг зөрчихөд эмэгтэйчүүдийг ятгадаг байв. Тиймээс тэрээр Их Эзэн эмэгтэйчүүдийн ариун явдалд баясдаг тухай ярьсан. Их Эзэн эрэгтэй, эмэгтэй ялгаагүй бүх хүүхдийнхээ ариун явдалд баясдаг.
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (2022) товхимол дахь Таны бие махбод бол ариун нандин юм хэсгийг дотроо уншиж, ариун явдлын хуулийн дагуу амьдрах нь яагаад баясах зүйл болохыг олж мэд.
ChurchofJesusChrist.org
Иаков 2:31–35-ыг уншаад, нифайчуудын ёс суртахуунгүй сонголт тэдний гэр бүлд хэрхэн нөлөөлснийг олж мэд.
Ариун сүмийн зөвшөөрлийн ярилцлагын нэг асуулт нь “Та ариун явдлын хуулийг дагаж мөрддөг үү?” гэсэн асуулт юм.
-
Бишопынхоо энэ асуултад хариулах талаар бодоход танд ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?
-
Их Эзэнийг ариун явдлаараа баясгахын тулд та юу хийж чадах вэ?
Ариун явдлын хуулийн дагуу амьдрахын тулд юу хийдгээ мөн энэ нь таны амьдралд хэрхэн эерэг байдлаар нөлөөлж буйг эргэцүүлэн бод. Хэрэв та ариун явдлын хуулийг зөрчсөн бол бишоптойгоо ярилц. Тэр наманчлахад тань тусалж чадна. Аврагч таныг уучлахыг хүсдэг. Өршөөл, амар амгалан, эдгэрэл, ариун явдлын хуулийн дагуу амьдрах хүчийг та Түүнээс олж чадна.
Олон эхнэртэй гэрлэх тухай Иаковын сургаал
Иаков өөрийн хүмүүст нэг дор нэгээс олон эхнэр/нөхөртэй байж болохгүй гэж сургасныхаа дараа (Иаков 2:27-г үзнэ үү) Их Эзэн олон удаагийн гэрлэлтийг зөвшөөрөх нөхцөлийг тайлбарласан (Иаков 2:30-ийг үзнэ үү).
-
30-р шүлэг-т Иаков олон эхнэртэй гэрлэх талаар юу заасан бэ?
Их Эзэн өөр хэн нэгнээр бус зөвхөн Өөрийн бошиглогч буюу Сүмийн ерөнхийлөгчөөр дамжуулан зарлигласан бол олон эхнэртэй гэрлэлтийг зөвшөөрдөг (Сургаал ба Гэрээ 132:45–48-ыг үзнэ үү). Дэлхийн түүхийн тодорхой цаг үеүдэд Их Эзэн Өөрийн хүмүүст олон эхнэр/нөхөртэй гэрлэхийг зарлиглаж байсан. Жишээлбэл: Абрахам, Сара, Хагар нар олон эхнэртэй байх ёсыг хэрэгжүүлсэн (Эхлэл 16:1–3, Сургаал ба Гэрээ 132:34–35-ыг үзнэ үү). Абрахамын ач хүү Иаков ч мөн олон эхнэртэй байсан (Эхлэл 29–30; Сургаал ба Гэрээ 132:37-г үзнэ үү). Бошиглогч Иосеф Смитийн үеэс эхлэн сэргээгдсэн Сүмийн эхэн үед үүнийг хэсэг хугацаанд хэрэгжүүлсэн. Сүмийн гишүүд олон эхнэртэй байх ёсыг халсан (Албан тунхаг 1-ийг үзнэ үү).