Семинар
Инос: Есүс Христэд итгэх итгэл нүглийн өршөөлийг авчирч чадна


“Инос: Есүс Христэд итгэх итгэл нүглийн өршөөлийг авчирч чадна,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Инос,” Мормоны Номын багшийн гарын авлага

Инос

Есүс Христэд итгэх итгэл нүглийн өршөөлийг авчирч чадна

Инос залбирч байгаа нь

Та нарын нүглийг Их Эзэн уучилсан эсэхийг мэдэхийг хүсэж байсан уу? Иаковын хүү, Лихайн ач хүү Инос нүглийнхээ өршөөлийн төлөө “хүчит залбирлаар” (Инос 1:4) Бурханд залбирсан. Энэ хичээл танд Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж, гэм нүглээ наманчлахад туслах зорилготой.

Таны хувьд өршөөл ямар утгатай болохыг тунгаах

Наманчлал, уучлалын талаар танаас асуудаг найз бий хэмээн төсөөлж үз. Дараах асуултуудад та хэрхэн хариулахаа эргэцүүлэн бод.

  • Ямар нэг зүйлийн төлөө өршөөгдөх шаардлагатай эсэхээ хэрхэн мэдэх вэ?

  • Нүглийн өршөөл, уучлалыг хэрхэн хүлээн авах вэ?

  • Хэн нэгэн наманчлахыг оролдсоныхоо дараа уучлагдсан эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Найздаа юу хэлж болохыг тунгаан бод. Та өршөөл эрэлхийлэх туршлага мөн мэдлэгийнхээ талаар, юуг илүү сайн мэдэхийг хүсэж байгаагаа бодож үз.

Энэ хичээлээр Иносын түүхийг судалж байхдаа нүглийнхээ өршөөлийг олж авахын тулд түүний юу хийснийг мөн үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг эрэлхийл.

Өршөөл нь Бурхан та хоёрын хоорондын гүн гүнзгий харилцаанаас эхэлдэг

Иаковын хүү, Лихайн ач хүү Инос нүглийнхээ өршөөлийг хүсэн “хүчит залбирлаар” Бурханд залбирсан.

Инос 1:1–8-ыг унших явцдаа хэрхэн өршөөл эрж, олж авахыг илүү сайн ойлгоход туслах үг, хэллэгийг тэмдэглэ.

Чухал өгүүлбэрүүдийг тунгаан бодоход цаг гаргах нь судар судлахад тустай ур чадвар юм. Энэ нь Ариун Сүнс танд илүү их ойлголт өгөх боломжийг олгодог. Та тунгаан бодохын тулд энэ хэллэг ямар утгатай болохыг бодож, илүү сайн ойлгохыг хүссэн үгээ Судрын удирдамжаас хайж болно. Инос яагаад тухайн үг хэллэгийг ашигласныг мөн танд үүнтэй төстэй зүйл тохиолдсон эсэх талаар та бодож болох юм.

Дараах үг хэллэгүүдээс эсвэл өөрийн тодорхойлсон бусад үг хэллэгээс цөөн хэдэн үг сонгоод, тэдгээрээс юу сурч мэдэж болохыг тунгаан бодох цаг гарга.

  • “Бурханы өмнө өөртэйгөө тэмцэлдсэн” (2-р шүлэг)

  • “Зүрх сэтгэлд минь гүнзгий шингэсэн” (3-р шүлэг)

  • “Бодгаль минь өлссөн байв” (4-р шүлэг)

  • “Хүчит залбирлаар мөн гуйлтаар” (4-р шүлэг)

  • “Нүглүүд чинь өршөөгдсөн” (5-р шүлэг)

  • “Миний гэм зайлуулагдсан бөлгөө” (6-р шүлэг)

  • “Их Эзэн, энэ хэрхэн бүтэв?” (7-р шүлэг)

  • “Христэд итгэлтэйн чинь учир буюу” (8-р шүлэг)

  1. Дараах асуултуудад хариул.

  • Ямар үг хэллэг та нарт онцгой санагдсан бэ? Яагаад?

  • Та эдгээр үг хэллэгийг тунгаан бодсоноор юу сурч мэдсэн бэ?

  • Иносын туршлагаар дамжуулан Бурхан танд юу зааж байна гэж та бодож байна вэ?

Иносын жишээнээс суралцагчид бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх аваас бидний нүгэл уучлагдаж, бид цэвэр болж чадна гэсэн нэгэн чухал зарчимд суралцана. Та энэ зарчмыг судлах тэмдэглэлдээ бичихийг хүсэж болох юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг унш.

Бид нэгэнт чин сэтгэлээсээ наманчилсан бол Христ бидний гэм нүглийн ачааг авч хаях болно. Бид өршөөгдөж, цэвэр ариун болсон гэдгээ өөрсдөө мэдэж авах болно. Ариун Сүнс бол Ариусгагч бөгөөд Тэрээр бидэнд үүнийг батлах болно. Өршөөлийн талаарх өөр ямар ч гэрчлэл илүү агуу байж чадахгүй. (Dieter F. Uchtdorf, “Point of Safe Return,” Liahona, May 2007, 101)

  • Таны бодлоор хэн нэгэн хүн наманчлахгүйгээр, мөн Есүс Христэд итгэх итгэлээ харуулахгүйгээр уучлал гуйхыг оролдвол юу болох вэ? Яагаад?

  • Инос наманчилж, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн хэрэгжүүлэхийг ямар ямар арга замаар оролдсон бэ?

  • Таны бодлоор цэвэр болно гэдэг нь юу гэсэн үг вэ?

Хичээлийн эхэнд тухайн нөхцөл байдалд ямар асуултуудад Иносын түүхийг ашиглан хариулж болохыг харах нь ашигтай байж болох юм.

Өнөөдөр бид Иносын адил туршлагыг олж болох юм.

Ихэнх хүн Иносын адилаар өршөөлийг шууд эсвэл гайхалтай байдлаар хүлээж авахгүй. Гэвч бид Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэн, Иносын адил наманчлахыг эрэлхийлбээс өршөөлийг хүлээн авч, цэвэр болж чадна.

Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж, наманчлах хичээл зүтгэлийнхээ талаар тунгаан бод. Тунгаан бодохдоо та дараах зүйлийг анхаарч үзээрэй.

  • Есүс Христийн тухай мөн Түүний таныг өршөөн уучилж, туслах хүслийн талаар юу мэддэгээ тунгаан бод. Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлэн, наманчлахын тулд юу хийхийг Тэр танаас хүсдэг гэж та бодож байна вэ?

  • Та хамгийн сүүлд хэзээ Есүс Христэд итгэж, наманчилсан талаараа бодож үз. Энэ явдал саяхан тохиосон уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?

  • Есүс Христэд илүү итгэлтэй залбирах цагаа төлөвлөх талаар бодож үз. Та залбиралдаа ердийнхөөсөө өөрөөр хэрхэн хандаж болох вэ? Иносын адилаар Их Эзэний өршөөлийг хүсэж буйгаа та хэрхэн харуулж чадах вэ?