Семинар
Мормоны үгс: “Мэргэн зорилгын учир”


“Мормоны үгс: ‘Мэргэн зорилгын учир,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мормоны үгс,” Мормоны Номын багшийн гарын авлага

Мормоны үгс

“Мэргэн зорилгын учир”

Алтан ялтаснууд дээр бичиж буй эр

Та хэзээ нэгэн цагт өөр хэн нэгний урьдчилсан бэлтгэлээр адислагдаж байсан уу? Тэдний бэлтгэл таны туршлагад хэрхэн нөлөөлсөн бэ? Мормон нифайчуудын цэдгүүдийн зарим хэсгийг аль хэдийн хураангуйллыг хийснийхээ дараа Нифайн бага ялтаснуудыг олж нээсэн. Их Эзэний хүслээр бага ялтаснуудыг “мэргэн зорилгын учир” оруулахдаа Мормон Их Эзэний Сүнсний хүслээр чиглүүлэгдсэн билээ (Мормоны үгс 1:3–7-г үзнэ үү) Энэ хичээл суралцагчдад Их Эзэн бүх зүйлийг мэддэг бөгөөд Түүний ажил биелнэ гэдэгт итгэлтэй байхад тусалж чадна.

Бурханы талаарх итгэл

Дараах мэдэгдэл тус бүрээр өөрийн итгэлийн түвшинг 0–5 оноог ашиглан, чин үнэнээр үнэлэхэд хэдэн хормыг зарцуулна уу (0 = Би итгэдэггүй, 5 = Би чин сэтгэлээсээ итгэдэг).

  • Би Бурханд итгэдэг.

  • Тэр бүх зүйлийг мэддэг, Түүнд бүх хүч чадал бий гэдэгт би итгэдэг.

  • Бурхан надад зориулан намайг амьдралдаа амжилттай байх арга замыг бэлддэг гэдэгт би итгэдэг.

  • Надад Ариун Сүнсээр дамжуулан өгдөг Түүний зөвлөгөө, өдөөлтөд найдаж чадна гэж би мэдэрч байна.

Асуултуудынхаа заримыг самбарт бичих нь тустай байж болох юм.

Өнөөдөр судлах явцдаа Бурханд, мөн Түүний хүч чадалд болон Тэрээр ажлаа хэрхэн гүйцэлдүүлдэгт итгэх итгэл, итгэлийг тань нэмэгдүүлж эсвэл тайвшруулж болох үнэнүүдийг олж мэд.

Мормоны ялтаснуудын хураангуйлал

Алтан ялтаснууд дээр бичиж буй Мормон

Лихайн гэр бүлийг Иерусалимаас гарснаас хойш бараг 1000 жилийн дараа амьдарч байсан бошиглогч Мормоны амьдралыг ямархуу байх байсныг төсөөлж үз. Тэрээр нифайчуудын цэдгүүдийн сүүлийн хадгалагчдын нэг байсан бөгөөд нифайчуудын мянган жилийн түүхийг нэг багц ялтаст хураангуйлахаар ажилласан. Аль үйл явдлыг оруулах, алийг нь үлдээхийг та хэрхэн шийдэх байсан бэ?

Нифайчуудын ялтаснуудын хураангуйлал дээр ажилласаар хаан Бенжамины үед хүрэхдээ Мормон чухал нээлт хийсэн. Тэрээр Мормоны үгс нэртэй номд өөрийн туршлагын тухай товч тайлбарыг оруулсан.

Мормоны үгс 1:3–6-г уншаад, Мормон юу олж мэдсэнийг мөн үүний улмаас юу хийснийг олж мэд.

“Эдгээр ялтсууд” (Мормоны үгс 1:3–6) гэсэн нь Нифайд хийхийг зарлигласан бага ялтаснууд болохыг мэдэх нь тустай байж болох юм (1 Нифай 9:2–4-ийг үзнэ үү). Нифайн том ялтаснуудад Мормоны аль хэдийн хураангуйлсан бага ялтаснуудтай ижил цаг үеийн үйл явдлын ихэнхийг дурдсан ч тохиосон сүнслэг үйл явдлуудад голчлон төвлөрчээ. Хэрэв та эдгээр цэдгийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Мормоны Номын эхлэл болох “Мормоны Номын тухай товч тайлбар”-ыг унш.

Мормон, Нифай хоёр хоёулаа бага ялтаснуудын талаар Их Эзэнээс тусгай өдөөлт хүлээн авсан. 1 Нифай 9:5–6 болон Мормоны үгс 1:7–8-ыг уншаад, эдгээр хоёр бошиглогчийн туулж өнгөрүүлсэн зүйлийн ижил төстэй байдлыг олж мэд.

  • Аль үг, хэллэг та нарт онцгой санагдсан бэ?

  • Эдгээр шүлэг Нифай, Мормон хоёрын тухай бидэнд юу хэлж байна вэ?

  • Тэдний үг бидэнд Их Эзэний тухай ямар үнэнийг зааж чадах вэ?

Та бусад үнэний дунд Их Эзэн бүхнийг мэддэг, бүх хүч чадлыг эзэмшдэг, ажлыг нь гүйцэлдүүлэх арга замыг бэлтгэдэг гэсэн үнэнийг анзаарсан байж болох юм.

дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудын хоёрт нь хариул.

  • Их Эзэн бүхнийг мэддэг бөгөөд Түүнд бүх хүч чадал бий гэдгийг мэдэх нь та нарын хувьд яагаад чухал вэ?

  • Энэ мэдлэг таны амьдралд хэрхэн тусалж болох вэ?

  • Эдгээр үнэнийг ойлгох нь Их Эзэний өдөөлтийг дагах хүсэлд тань хэрхэн нөлөөлж болох вэ?

Их Эзэн замыг бэлтгэсэн

Их Эзэний урьдчилж мэдэх чадвар, хүч чадлын нотлох баримтыг Нифайд бага ялтаснуудыг бэлтгэхийг тушааж, Мормоныг эдгээр цэдгийг хураангуйлалдаа оруулахыг өдөөснөөс харж болно.

Хэдэн зуун жилийн дараа Иосеф Смит Мормоны Номын ялтаснуудыг хөрвүүлэхдээ Нифайн том ялтаснуудын Мормоны товчлолоор эхэлсэн. Иосефт бичээчээр тусалж байсан Мартин Харрис хөрвүүлсэн хуудаснуудыг эхнэртээ болон гэр бүлийн бусад гишүүндээ үзүүлэхийг удаа дараа хүссэн. Хэдийгээр Их Эзэн Мартины хүсэлтийг няцаасан ч Иосеф Их Эзэнээс зөвшөөрөл хүссэн хэвээр байв. Эцэст нь, 116 гар бичмэл хуудсыг Нью-Йоркийн Палмира дахь гэр лүүгээ авч явахыг хатуу заавар, сэрэмжлүүлэгтэйгээр Мартинд зөвшөөрөв. Тэрээр гар бичмэлийг хоёр долоо хоногийн дотор Пеннсильвани муж улсын Хармонид Иосефт буцаан өгөх үүрэг хүлээсэн.

    ChurchofJesusChrist.org  Та Иосеф, Мартин хоёрт тохиолдсон зүйлийг дүрсэлсэн дараах зүйлийг уншиж болно. (Мөн Гэгээнтнүүд: Хожмын өдрүүд дэх Есүс Христийн Сүмийн түүх, боть 1, Үнэний жишиг, 1815–1846 (2018), 51–53-ыг үзнэ үү.)

13:34
  1. Иосефын эхнэр Эмма анхны хүүхдээ төрүүлсэн бөгөөд уг хүүхэд хэдхэн цагийн дараа нас баржээ. Иосеф хоёр долоо хоног Эммаг асраад, дараа нь Мартиныг Хармони руу буцаж ирээгүй байхад Палмира руу явав.

  2. Мартин Мормоны Номын гар бичмэлийг алдсанаа хүлээв. Их Эзэн Иосефыг шийтгэсэн бөгөөд хөрвүүлэх ажлаа үргэлжлүүлэхийг түүнд зөвшөөрсөнгүй.

  3. Иосефыг чин сэтгэлээсээ наманчилж, өршөөл хүссэний дараа Их Эзэн Иосефт ялтаснуудыг үргэлжлүүлэн хөрвүүлэхийг зөвшөөрөв. Харин алдагдсан хэсгийг дахин орчуулахгүй байхыг зааварлажээ.

  4. Сатаны нөлөөн доор ёс бус хүмүүс гар бичмэлийг хулгайлсан болохыг Их Эзэн илчилсэн. Тэд үгсийг өөрчилж, Иосеф зөвхөн хөрвүүлж буй дүр эсгэж, улмаар Их Эзэний ажлыг устгасан мэт харагдуулахыг зорьсон (Сургаал ба Гэрээ 10:10–19, 29–33-ыг үзнэ үү).

  5. Их Эзэн Иосефт Нифайн цэдгийг бага ялтаснууд дээр хөрвүүлэхийг тушаасан бөгөөд Мормон үүнийг хураангуйлалдаа оруулан, алдагдсан хэсэг дэх цаг хугацаа болон үйл явдлын ихэнхийг дурдсан байсан. Их Эзэн “Миний мэргэн ухаан чөтгөрийн заль мэхээс илүү агуу” (Сургаал ба Гэрээ 10:43) хэмээн Иосефт хэлсэн.

  1. Дараах асуултуудын дор хаяж хоёрт нь хариул.

  • Сүмийн түүхээс авсан энэ жишээ танд Их Эзэний мэдлэг, чиглүүлэгч мутрын талаар юу зааж байна вэ?

  • Их Эзэн амьдралын тань замыг бэлтгэж чадахыг энэ үйл явдал хэрхэн танд баталгаажуулах вэ?

  • Сүнслэг өдөөлтөд хариулах нь Их Эзэний ажлыг гүйцэлдүүлэхэд хэзээ танд эсвэл таны таних хэн нэгэнд тусалсан бэ?

  • Өнөөдөр таны сурч мэдсэн үнэнүүд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлөх вэ?

Өдөөлтийг дагах

Мормон Их Эзэн бүх зүйлийг мэддэг гэдэгт итгэж мөн бага ялтаснуудыг оруулахын тулд сүнслэг өдөөлтийг дагасны ачаар та нар энэ жил Мормоны Номоос (1 НифайОмнаи) эдгээр бичвэрийг судлах боломжтой болсон.

Та Нифайн нэгэн адил өөрийн ариун нандин туршлагуудыг тэмдэглэхийн тулд судлах тэмдэглэлдээ “бага ялтаснууд” гэсэн хэсэг үүсгэхийг хүсэж болно. Та Бурханы тухай юу мэддэгээ, мөн итгэдэг зүйлсээ болон Түүний ажлыг гүйцэлдүүлэхийн тулд итгэлээр ажиллахад Тэрээр танд хэрхэн туслах талаар тунгаан бодож, бичиж тэмдэглэж болох юм.