“Моронай 10:1–7: Мормоны Номын тухай өөрийн гэрчлэлийг хүлээн авах нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Моронай 10:1-7,” Мормоны Номын багшийн гарын авлага
Моронай 10:1–7
Мормоны Номын тухай өөрийн гэрчлэлийг хүлээн авах нь
Та Сүнсний хүчний дагуу Мормоны Ном үнэн гэсэн сэтгэгдэл эсвэл мэдрэмжийг мэдэрч байсан уу? Хэрэв тийм бол ямар туршлага, үйлдлүүд танд үүнийг олж авахад тусалсан бэ? Моронай сүүлчийн бичээснүүдийнхээ заримд нь Бурхан бол бүх үнэний эх сурвалж гэдгийг онцолсон байдаг. Бид Бурханаар дамжуулан Мормоны Номын үнэн байдал, Есүс Христийн бодит байдал болон “бүх зүйлийн үнэн”-ий тухай хувийн гэрчлэлийг “Ариун Сүнсний хүчээр” хүлээн авч чадна (Моронай 10:5). Энэ хичээл Мормоны Ном үнэн гэдгийг мэдэхэд тань туслах болно.
Мормоны Номын гэрчлэл
Таныг Мормоны Номоос анх судалж эхлэх үедээ дараах мэдэгдлүүдийн аль нь танд хамгийн их хамаарч байсныг бод.
-
Мормоны Номыг үнэн эсэхийг би мэдэхгүй байна.
-
Мормоны Ном үнэн гэж надад хэлсэн бусад хүмүүст би итгэдэг.
-
Мормоны Ном үнэн гэдэг сэтгэгдлийг би Ариун Сүнснээс мэдэрсэн.
Мормоны Номын талаарх гэрчлэлээ одоо бясалган бод. Суралцах явцдаа гэрчлэлээ олж авах, гүнзгийрүүлэх эсвэл бат бөх хэвээр үлдээхийн тулд Их Эзэний танаас хийхийг хүсэх дараагийн алхмуудын талаар бод.
Моронайн сургамж
Моронай эцгийнхээ зарим сургаалыг цэдэглэснийхээ дараа хэн ч Мормоны Ном үнэн гэдгийг хэрхэн өөрөө мэдэж болохыг заасан.
Моронай 10:3–5-ыг уншаад, Мормоны Номын үнэнийг бид хэрхэн мэдэж болох талаар Моронай юу хэлснийг тодруул.
Мормоны Номыг унших
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Мормоны Номыг судалснаар бидний хүлээн авч болох зарим адислалын талаар тайлбарласан. Та эдгээр адислалын талаар судалж байхдаа өөрөө хэрхэн хүлээн авсан байж болох талаараа бод.
Та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно гэдгийг би амлаж байна. Та нарыг судалж байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох үед тэнгэрийн цонх нээгдэн, та нар асуултуудынхаа хариултыг болон хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг би амлая. (Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 58)
-
Ерөнхийлөгч Нэлсоны Мормоны Номыг судалдаг хүмүүст амласан адислалуудын аль нэгийг та хүлээн авч үзсэн үү?
Мормоны Номыг уншсанаар ирдэг адислалуудыг таньж мэдэх нь энэ номыг үнэн бөгөөд Бурханаас ирдэг гэдгийг баталж чадна.
Их Эзэний нигүүлслийг тунгаан бод
-
Хүмүүс Их Эзэний нигүүлслийг хүртдэг судрын ямар жишээнүүд байдаг вэ? Нифай (2 Нифай 4:20–25), Залуу Алма (Алма 36:17–21), эсвэл Аврагчийн айлчлалын үеэр түүний эдгээсэн нифайчууд (3 Нифай 17:6–9) зэрэг цөөн хэдэн жишээг олж болно.
-
Таны амьдрал эсвэл таньдаг хэн нэгний амьдрал дахь Их Эзэний нигүүлслийн зарим жишээ юу вэ?
-
Их Эзэний нигүүлслийн талаар тунгаан бодох нь яагаад Ариун Сүнсээр дамжуулан Мормоны Номын талаарх гэрчлэлийг хүлээн авахад тусалж чадна гэж та бодож байна вэ?
Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр Бурханаас асуу
-
Чин сэтгэлтэйгээр Бурханаас асуух гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ? Үнэн хүсэлтэйгээр үү? Христэд итгэлтэй байж (Моронай 10:4) уу? Хэрэв танд үүнд хариулахад тусламж хэрэгтэй бол Иосеф Смит—Түүх 1:10–17-г уншаад, залуу Иосеф Смит хэрхэн чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр, Христэд итгэлтэйгээр залбирсныг олж мэд. (Тэмдэглэл: Үнэн хүсэлтэйгээр гэсэн үг хэллэг нь та залбирлынхаа хариуг хүлээн авмагцаа хүлээн авсан илчлэлийнхээ дагуу чин сэтгэлээсээ үйлдэх болно гэсэн үг юм.)
-
Үүнийг хийх нь Ариун Сүнсээр дамжуулан Мормоны Номын талаар гэрчлэлийг хүлээн авахад бидэнд хэрхэн туслах вэ?
Мормоны Номын талаарх миний хувийн гэрчлэл
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Моронайн амлалтыг хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцсан. Дараах мэдэгдлийг унш эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Амьд Гэрчлэл” видеог 13:51-ээс 14:31 секунд хүртэл үзнэ үү.
Та бүхнийг энэхүү амлалтыг нотолсон эсвэл удахгүй нотолно гэдэгт би итгэж байна. Хариулт нь ганц удаагийн хүчтэй сүнслэг туршлагаар ирэхгүй. Эхний удаа хариулт минь нам гүмхэн ирсэн. Харин Мормоны Номыг уншиж, залбирах бүрд улам илүү хүчтэй мэдрэгдэх болсон юм.
Би өнгөрсөн үйл явдлуудад найдаж амьдардаггүй. Би Мормоны Номын тухай амьд гэрчлэлээ байнга бат бөх байлгаж, бэхжүүлэхийн тулд Моронайн амлалтыг олонтоо хүлээн авдаг. Гэрчлэлээс ирдэг адислал бол байнгын эрх мэт дархлагдсан зүйл гэж би боддоггүй. (Хэнри Б.Айринг, “Амьд гэрчлэл,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган)
Моронай 10:3–5-д заасан зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд юу хийж болохоо судлах тэмдэглэлдээ бич. Та хэрхэн Мормоны Номыг үргэлжлүүлэн судалж, Их Эзэний нигүүлслийн талаар тунгаан бодож, Ариун Сүнсээр дамжуулан гэрчлэхийг Бурханаас асуух талаар бод. Та хаана, хэзээ эдгээрийг хийх вэ? Их Эзэн таны залбиралд хэрхэн хариулж болох вэ?